Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-06-18
Дугаар 269
Хэргийн индекс 123/2017/0032/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Л.П
Хариуцагч Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Л.П-ын нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Баянцогт сумын

иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                М.Батсуурь

Шүүгчид:                   Л.Атарцэцэг

                                    Б.Мөнхтуяа

                                    Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 сарын 25-ны өдрийн 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах”

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 123/ШШ2018/0002 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0187 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нар.

Хариуцагч Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Од-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 123/ШШ2018/0002 дугаар шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Л.П-ыг  урьд эрхэлж байсан Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т тус тус заасныг баримтлан Л.П-ын ажилгүй байсан 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нийт  6.742.160 /зургаан сая долоон зуун дөчин хоёр мянга нэг зуун жаран/ төгрөгөөс ээлжийн амралтын олговор болох 494075 /дөрвөн зуун ерөн дөрвөн мянга далан таван/ төгрөгийг хасч, хариуцагч Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас гаргуулан Л.П-т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

  2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0187 дугаар магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 123/ШШ2018/0002 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагч Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Од-Эрдэнэ гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн ундэслэлд: хариуцагч талаас Л.П-ыг  Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид “Хурал” гэх/-ын нарийн бичгийн даргын хувьд Монгал Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу Хурлын төсвийн захирагч бөгөөд албан үүргийнхээ дагуу хөрөнгийг захиран зарцуулахдаа санхүүгийн ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан тул уг албан тушаалыг хэрэгжүүлэх ёс зүйн шаардлага хангахгүй гэж үзсэн юм.

4. Тухайлбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурал төсөвтэй байх бөгөөд түүнийг Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн Хурлын нарийн бичгийн дарга захиран зарцуулна” гэж заасан байдаг.

5. Хуулийн энэ заалтын дагуу Хурлын нарийн бичгийн дарга нь Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэж хөрөнгө захиран зарцуулах эрх үүсэх ёстой.

6. Нэхэмжлэгч Л.П албан үүргээ гүйцэтгэж байхдаа сумын иргэн Д.Сүхбаатарын хандив болгож өгсөн 10 хонийг сумын Хурлын дансанд бүртгэж аваагүй, Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэргүйгээр бусдад шилжүүлсэн санхүүгийн зөрчил гаргасан юм.

7. Үүнийгээ нэхэмжлэгч анхан шатны шүүхэд “сумын хэсгийн төлөөлөгч Г.Гантүшигт өөрийн хүнсэндээ хэрэглэх” гэж өгсөн хэмээн тайлбарласныг анхан шатны шүүх дүгнэхдээ “Л.П-ын зөвшөөрлөөр Гантүшиг хүнсэндээ авч хэрэглэсэн нь тогтоогдож, Л.П нь аав О.Лувсангаараа дамжуулж авсан байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэжээ.

8. Энэ дүгнэлтээс үзвэл анхан шатны шүүх хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарын үндэслэл, түүний агуулгыг зөв, зохистой ойлгоогүй, эсхүл санаатайгаар буруу тайлбарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ илтэд үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

9. Тодруулбал, хариуцагч нь иргэнээс хандивт өгсөн 10 хонийг Л.П-ыг  хууль бусаар захиран зарцуулсан нь санхүүгийн зерчил, хандиваар цугларсан 1,2 сая төгрөгийн заримыг баримтгүйгээр захиран зарцуулсан, сумын ажилтнуудыг сургалтанд явуулахад зарцуулсан бензин шатахууны санхүүгийн баримтыг үйлдээгүй санхүүгийн зөрчил гаргасан гэж маргаж байгаа.

10. Гэтэл анхан шатны шүүх нь сумын иргэд, байгууллагуудаас хандивт ирүүлсэн 1,290,000 төгрөгөөс 556,780 төгрөгийн зарцуулалт нь тодорхой, бусад нь тодорхойгүй, зарцуулсан баримт байхгүй, үүнийгээ шүүхэд тайлбарлаж чадахгүй байгаа зэрэг Л.П-ын үйлдэл, үйл баримтад огт дүгнэлт өгөөгүй орхигдуулсан байна.

11. Хариуцагчаас энэхүү санхүүгийн зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэж байгаа бөгөөд ийм зөрчил гаргасан төсвийн хөрөнгө захиран зарцуулах эрх, үүрэг бүхий хүн уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах ёс зүйн болоод хууль зүйн үндэслэл байхгүй юм.

12. Түүний гаргасан санхүүгийн хоёр дахь зөрчил бол хандивт өгсөн 10 хонийг хууль бусаар захиран зарцуулсан явдал юм.

13. Тухайлбал, сумын Засаг дарга, аймгийн цагдаагийн газрын дарга, хэсгийн төлөөлөгч нарын 2016 онд хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний 3.1.6-д “Сумын Засаг дарга ... цагдаагийн албан хаагчдад тодорхой хэмжээний бог, бод малыг хүнсний хэрэгцээнд дэмжлэг болгон олгож байна” гэж заасан байдаг.

14. Энэ нь дээрх гэрээгээр сумын Засаг даргын хүлээх үүрэг тул сумын Засаг даргын албан ёсоор гаргасан “хэзээ, хэдэн бог, бод малыг ямар хөрөнгөөс гаргаж, хэнд хэрхэн өгөх, ингэж өгөхдөө Цагдаагийн байгууллагатайгаа хэрхэн харьцах зэргийг шийдвэрлэсэн шийдвэр байх ёстой.

15. Учир нь сумын Засаг дарга нь нутгийн захиргааны байгууллага, сумын иргэдийн Төлеөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага гэсэн 2 тусдаа байгууллага бөгөөд эдгээр нь Төсвийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу тус тусдаа төсөвтэй, уг хөрөнгийг захиран зарцуулагч нь тусдаа, байгууллагын хөрөнгөд эд зүйлийг бүртгэн авах, захиран зарцуулах нь тусдаа этгээдүүд юм.

16. Иймд Сумын Засаг даргын хүлээсэн үүргийг Л.П гүйцэтгэснийг зөвтгөж байгаа анхан шатны шүүхийн дүгнэлт илтэд хууль зүйн үндэслэлгүй болно.

17. Нөгөө талаас Төв аймгийн Засаг дарга, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас хамтран явуулсан “Одонт туг” аялалын журамд “Одон тугийн сан”-д сан үүсгэх арга хэмжээг зохион байгуулах /Малчин тариаланч-өрх бүр нэг охин төл мал санд дансалж, түүнийхээ ашиг орлогоор нь санд дэмжлэг үзүүлэх хуримтлал үүсгэн иргэддээ тусалж дэмжих нөөц бүрдүүлэх боломжийг эрж хайх/ гэж зорилгоо тодорхойлжээ.

18. Уг журмын дагуу “Одонт туг” аялалын хандиваар цугларсан малыг сангийн дансанд бүртгэж авах ёстой байгаа ба цугларсан малыг иргэддээ туслах нөөц бүрдүүлэх зориулалтаар л захиран зарцуулах ёстой байсан юм.

19. Ийнхүү Л.П хандиваар цугларсан малыг зориулалт бусаар зарцуулсан байхад анхан шатны шүүх хандиваар цугларсан хонийг цагдаагийн хүнсэнд өгсөн байна гэж илтэд худал дүгнэлт өгсөн байна.

20. Эдгээр хонийг “хүнсний зориулалтаар” цагдаа ашиглаагүй гэдгийг Л.П няцаагаагүй болно.

21. Шүүх хуралдаан дээр гэрч Х.Хурцгэрэл “...анх үхэр авах гэж О.Лувсан гуайнд очсон.7 цагийн үед гэрт нь цагдаа ирсэн. О.Лувсан гуай хонь авч ирэх гээд явсан. Хонийг авчрахаар нь цагдаагаас худалдан аваад шөнө нь нядлаал аваал явсан. мөнгийг цагдаад өгсөн” гэх агуулагатай мэдүүлгийг өгсөн.

22. Гэрч Х.Хурцгэрэлийг нэхэмжлэгч Л.П өөрөө шүүхэд ирүүлж, мэдүүлэг өгүүлсэн бөгөөд уг мэдүүлгийг нэхэмжлэгч мөн л няцааж чадаагүй юм.

23. Гэрч Х.Хурцгэрэлийн энэ мэдүүлгээс нь харвал иргэнээс хандивт өгсөн 10 хонь сумын Засаг дарга, аймгийн цагдаагийн газрын дарга, хэсгийн төлөөлөгч нарын 2016 онд хамтран ажиллах гурвалсан гэрээнд заасан “цагдаагийн байгууллагын хүнсэнд хэрэглэх зориулалт”-аар зарцуулагдаагүй гэдэг нь нотлогдсон юм.

24. Гэтэл анхан шатны шүүх гэрч Х.Хурцгэрэлийн энэ мэдүүлгийг яагаад үнэлээгүй талаараа шийдвэрээ дүгнээгүй атлаа гэрч Г.Гантүшигийн зөрүүтэй мэдүүлэг болох “би хүнсэндээ хэрэглэсэн” гэх мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлжээ. Ийнхүү анхан шатны шүүх зөрүүтэй мэдүүлгийг нэгийг нь үнэн зөв гэж дүгнэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хууль бус болно.

25. Нөгөө талаас иргэн Д.Сүхбаатар сумынхаа иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, иргэдээ малжуулах зорилгоор итгэж өгсөн /тэрээр энэ хандивыг өгөхдөө “Одонт туг” аялалын журамтай танилцсан байж таарна/ хандивын малыг Л.П нь бие даан шийдвэр гаргаж, ингэхдээ ганцхан 10 хонийг “хүнсний хэрэгцээндээ хэрэглэх” гэж өгсөн гэдэг нь шударга ёс болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т заасан захиргааны байгууллага, албан тушаалтан үйл ажиллагаанд баримтлах “хууль ёсны итгэлийг хамгаалах” тусгай зарчимд хэрхэн нийцнэ гэж анхан шатны шүүх үзсэн юм бол.

26. Мөн иргэдээс итгэж өгсөн мөнгөн хөрөнгийг хэрхэн, хэнд зарцуулсан баримтгүй, үүнийгээ буцаан иргэдэд тайлбарлаж чадахгүй нөхцөл байдалд орсныг зөвтгөх ямар хууль зүйн үндэслэл байгаа нь шүүхийн шийдвэрт тусгаагүй байна.

27. Эдгээр санхүүгийн зөрчил нь Л.П-ыг  төсөв захиран зарцуулах эрх бүхий албан тушаалыг хэрэгжүүлэх боломжгүйг хангалттай нотлох баримт гэж үзэж байгаа бөгөөд энэхүү үндэслэл нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх хууль зүйн үндэслэл гэж үзэж байна.

28. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн үндэслэлд: магадлалд “малчин Д.Сүхбаатарын хандиваар өгсөн 10 хонийг холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэлгүйгээр сумын хэсгийн төлөөлөгч Г.Гантүшигийн хувийн хэрэгцээнд өгсөн болох нь тогтоогдсон” гэж дүгнэсэн атлаа Л.П-т Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасны дагуу “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэдэгт хамруулж ажлаас чөлөөлсөн нь буруу, сахилгын шийтгэл ногдуулах ёстой гэжээ.

29. Нөгөө талаас иргэнээс хандиваар өгсөн 10 хонийг Г.Гантүшигийн хувийн хэрэгцээнд авсан гэж шүүх дүгнэж байгаа боловч үүнийг “хувийн хэрэгцээний зориулалтаар олгох, бусдад шилжүүлэх эд хөрөнгө биш, Г.Гантүшиг хонийг шууд газар дээр нь малын ченжид худалдан мөнгийг нь авсан худалдан борлуулах зорилготой байсан” гэдэг нь нотлогдож байгаа гэдгийг шүүхүүд анхаараагүй, мөн уг хонь худалдан борлуулсан мөнгийг дан ганц Г.Гантүшиг өөртөө авсан гэдэг нь нотлогдохгүй байхад ийм дүгнэлт хийж байгаа нь илтэд хууль бус юм.

30. Иргэн Д.Сүхбаатараас хандивт өгсөн хонийг хэрхэн зарцуулж, хэн нэг албан тушаалтны эрх мэдлийн хүрээнд дуусаагүйгээр тайлбарлахыг шаардсаар байгаа бөгөөд Хурлаас “Г.Гантүшигийн хувийн хэрэгцээнд өгсөн нь сахилгын шийтгэл оногдуулах хэмжээний зөрчил юм байна” гэж тайлбарлах хэмжээнд хүрээд байна. Үүнийг иргэнд хэрхэн ойлгогдож, хүлээн авах талаар шүүхүүд бодсонгүй.

31. Аливаа этгээдээс гаргасан зөрчлийн учруулсан хор, уршиг, нийгэмд нөлөөлөх нөлөөлөл, түүний үр дагаврыг харгалзан үзсэний үндсэн дээр түүнд нь тохирсон хариуцлага хүлээлгэдэг нь эрх зүйн зарчим билээ.

32. Хариуцагч нь Я.Пүрэвбаатарын гаргасан санхүүгийн 3 удаагийн зөрчлийг: нийтийн өмчийн хөрөнгийг хууль бусаар ашигласан нь нийгмийн хор аюулыг хамгийн хүнд хэлбэр гэж үзсэн бөгөөд үүний үр дагавар нь иргэдээс төрийн байгууллагад итгэх итгэлийг алдагдуулсан нь төр, иргэн хоорондын харьцаанд хор хохирол учирч, төрийн үйл ажиллагаа болон орон нутгийн хөгжилд иргэдээс дэмжлэг үзүүлэх оролцоог эрс багасгасан хортой үр дагавар бий болгож байгаа үйлдэл юм.

33. Одоо иргэд манай байгууллагад хандаж, орон нутгийн хөгжлийн төлөө итгэж, хандив өргөхгүй гэдэг нь тодорхой болж байгаа ба цаашид иргэдээс бусдадаа дэмжлэг үзүүлэхгүй болж байгаад нийгмийн хор аюулын хэмжээ их гэж үзэх үр дагавар мөн билээ.

34 Нэхэмжлэгч Д.Пүрэвбаатар өөрийн энэ хууль зөрчсөн үйлдлийн бурууг хүлээхгүй, учруулсан хор уршигтаа уучлал гуйж чадахгүй байгаа атлаа, манай байгууллагыг өөрийг нь халах ёсгүй байсан, хөдөлмөрлөх эрхийг нь ноцтой мэтээр ярьж байгаа нь түүнийг цаашид төрийн алба хашихад ёс зүйн шаардлага хангана гэж үзэх боломжгүй гэдэг нь харагдаж байна.

35. Гэтэл магадлалд дээрх дүгнэлт хийхдээ яагаад хуулийн энэ заалтыг хэрэглэх ёстой, ямар хууль зүйн үндэслэлээр Л.П-ын гаргасан санхүүгийн 3 удаагийн зөрчиlд “сахилгын шийтгэл оногдуулах ёстой” яагаад ажлаас халах ёсгүй байсан гэдэгт дүгнэлт огт хийгээгүй байна.

36. Ийм үндэслэл заахгүйгээр шүүх өөрөө ямар шийтгэл оногдуулахыг шууд зааж байгаа нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын бүрэн эрхэд халдсан гэж үзэхээр байна.

37. Мөн магадлалд иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг шалгах ажиллагаа хийлгүйгээр, уг асуудлыг хэлэлцэх хуралдааныг товлохгүйгээр иргэн Д.Сүхбаатараас ирүүлсэн гомдлыг хэлэлцэн, ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй гэжээ.

38. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэн Д.Сүхбаатараас ирүүлсэн гомдлыг хүлээн аваад шалгах ажиллагаа явуулсан болох нь хэсгийн төлөөлөгч Г.Гантүшиг, бусад иргэдээс авсан тайлбар /хавтаст хэрэгт авагдсан/-аар нотлогдож байгаа ба нэхэмжлэгч Л.П өөрөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын хувьд, уг хуралдаанд өөрөө оролцсон учраас мэдэж, асуудлыг хэлэлцэхэд оролцсон байхад ийнхүү дүгнэж байгаа нь илтэд хууль бус байна.

39. Шүүхүүд Л.П-ын гаргасан санхүүгийн зөрчил нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийи 16 дугаар зүйлийн 16.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурал төсөвтэй байх бөгөөд түүнийг Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн Хурлын нарийн бичгийн дарга захиран зарцуулна” гэсэнд хэрхэн нийцэж байгаа талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй тул шүүхийн шийдвэр хуульд үндэслэсэн байх зарчимд нийцээгүй байна.

40. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасныг хэрэглээгүй, нотлох баримтын заримыг үнэлээгүй, ийнхүү үнэлээгүй үндэслэлээ тайлбарлаагүй, заримыг нь буруу үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 123/ШШ2017/0002 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0187 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            41. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

          42. Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 сарын 25-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор тус  Хурлын нарийн бичгийн дарга Л.П-ыг  “... иргэдээс удаа дараа гомдол хүсэлт ирсэн, аймгийн хэмжээнд аялсан Одонт тугны хандивын хөрөнгө тооцоо, данс, баримт байхгүй, иргэдийн хандиваар өгсөн хонинуудыг өөрийн төрсөн ааваар дамжуулан авсан, ... төрийн албан хаагчийн хувьд ёс зүйн болон эрхэмлэх зарчмыг баримтлаагүй, байгууллагын нууцыг задруулах зэрэг үнэнч байдлыг эрхэмлээгүй үйлдэл гаргаж байсан, ... ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үүргээ хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвар, туршлагагүй, ажлын цаг ашиглалт муу, бүтээмжгүй, ажлын цагаар архи ууж, согтуурхаж сахилгын зөрчил гаргасан, мөн сургалт семинарт явах шатахуун болон бусад албаны үйл ажиллагаанд зарцуулагдах бэлэн мөнгийг ил тод зарцуулаагүй, баримтгүй ашиглан завших мэт байдал илэрсэн зэрэг зөрчлүүдийг гаргасан” гэх зэрэг “зөрчил” дурдан, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.3, 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 25 дугаар зүйлийн 25.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 17 дугаар зүйлийн 17.5-д заасныг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

43. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Д.Пүрэвбаатар нь Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын сул орон тоонд Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь Салбар зөвлөлөөс зарлагдсан сонгон шалгаруулалтад орж, тэнцсэн, тус зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 44, 217 дугаар тогтоолоор тус тус Д.Пүрэвбаатарыг уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн, Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр захирамжаар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогджээ.

44. Төрийн албаны тухай (2002) хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-т “...сум ... /-ын/ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын … ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал ... /нь төрийн захиргааны албан тушаалд хамаарах/”-аар заасны дагуу Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Пүрэвбаатар нь төрийн жинхэнэ албан хаагч байх тул төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаахтай холбогдсон болон түүнийг албан тушаалд томилох, чөлөөлөх харилцаа нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах юм.

45. Маргаан бүхий Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 сарын 25-ны өдрийн 29 дүгээр тогтоолын үндэслэл болсон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т “...иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу судлан шийдвэрлэх ... /Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрх/”, 20.3-т “...Хурлын Тэргүүлэгчид ажлын албатай байх бөгөөд түүний орон тоо, цалингийн санг Төсвийн тухай хуулийн 10.1.2-т заасан тухайн жилийн төсвийн хязгаарт багтаан Тэргүүлэгчид өөрөө тогтооно” 25 дугаар зүйлийн 25.1-д “...Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэсэн хуулийн заалтууд нь төрийн жинхэнэ албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх харилцаанд хамааралгүй.

46. Төрийн албаны тухай (2002) хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д “... /төрийн жинхэнэ албан хаагч/ төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх... /үүрэгтэй/”, 25 дугаар зүйлийн 25.1.1-д “... удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн ... /бол төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах/”-аар заасан, тухайн тохиолдолд, маргаан бүхий захиргааны актад дурьдсан Л.П-ын гаргасан гэх зөрчлүүд нь “хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан зөрчил нь дахин үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэлд дурдагдсан нь үндэслэлгүй” талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

47. Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ”, 19.З-т “төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно” гэж тус тус заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 1.1-д “байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга... төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулж, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх”, 1.5-д “...гэрээг дүгнэж өгсөн үнэлгээ нь ...төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн ... болох”-оор тус тус зааснаас үзэхэд, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнг “Үр дүнгийн гэрээ”-г дүгнэснээр үнэлэх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “...албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх нөхцөл байдал нь сахилгын зөрчил гаргасан үйл баримттай холбогдохгүй, албан тушаалтан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, энэ нь үр дүнгийн гэрээний биелэлтээр “хангалтгүй” гэж дүгнэгдвэл хамаарахаар байна.

48. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Д.Пүрэвбаатарын 2016 оны үйл ажиллагааны үр дүн, гэрээний биелэлтийг 2016 оны 12 дугаар сарын 20-ний өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Од-Эрдэнэ үнэлж дүгнэн, “70.2” оноогоор “хангалттай” үнэлгээ авсан, Д.Пүрэвбаатарын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг өөр байдлаар үнэлж дүгнэсэн баримт хэрэгт авагдаагүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан үндэслэлээр Д.Пүрэвбаатарыг үүрэгт ажлаас чөлөөлсөн маргаан бүхий захиргааны актыг үндэслэлгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтүүд зөв байна.  

49. Хариуцагчаас “... /актад дурдсан/ зөрчил гаргасан нь тогтоогдсон” гэх боловч, төрийн жинхэнэ албан хаагч сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд түүнд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар тус хуульд заасан, тухайн тохиолдолд Д.Пүрэвбаатарт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг баримталж, сахилгын шийтгэл ногдуулаагүй, түүнчлэн, төрийн жинхэнэ албан хаагч “сахилгын зөрчил гаргасан эсэх” зохих журмын дагуу шалгагдаж, тогтоогдсон байхыг шаарддаг тул зөвхөн хариуцагчийн тайлбарыг үндэслэн “сахилгын зөрчил гаргасан” гэж үзэх боломжгүй.

50. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “... албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 17 дугаар зүйлийн 17.5-д “... албан тушаалтан ... биечлэн, эсхүл бусад этгээдээр зуучлуулан хандив хүсэх, хандив цуглуулахад оролцох, хүлээн авахыг хориглоно” гэж заасан, тухайн тохиолдолд, нэхэмжлэгч Д.Пүрэвбаатар нь албан үүргээ гүйцэтгэхдээ өөрт болон хамаарал бүхий этгээдэд холбогдуулан аливаа шийдвэр гаргасан, эсхүл хувийн ашиг сонирхлын үүднээс бусдаас бэлэг, хандив тусламж авсан талаар эрх бүхий этгээдээс шалган тогтоогдсон зүйл байхгүй, талууд уг үйл баримттай маргаагүй байна.

51. Түүнчлэн, хариуцагчаас “... Д.Пүрэвбаатар нь санхүүгийн зөрчил гаргасан”, “шүүхүүд ... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16.1-д /аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурал төсөвтэй байх бөгөөд түүнийг Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн Хурлын нарийн бичгийн дарга захиран зарцуулна/ заасныг хэрэглээгүй” гэх боловч, Д.Пүрэвбаатарыг үүрэгт ажлаас чөлөөлөхдөө маргаан бүхий актад “Төсвийн тухай хууль зөрчсөн” гэх үндэслэл заагаагүй, төсөв захиран зарцуулах эрх бүхий этгээд Төсвийн тухай хуулиар нарийвчлан тодорхойлогдсон ямар зөрчил гаргасан, уг зөрчил нь аудитын болон бусад эрх бүхий байгууллагаар хэрхэн шалгагдаж, тогтоогдсон талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ үндэслэлээр гаргасан гомдол үндэслэлгүй.

52. Эдгээр үндэслэлээр,  хариуцагчийн “... шүүх нотлох баримтыг үнэлэхдээ илтэд үндэслэлгүй дүгнэлт хийсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 123/ШШ2018/0002 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0187 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА