Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-06-11
Дугаар 255
Хэргийн индекс 128/2017/0643/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн
Нэхэмжлэгч Н.Г
Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монгол Улсын Сангийн яам
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Н.Г-ийн нэхэмжлэлтэй,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,

Монгол Улсын Сангийн яаманд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Д.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

                                                    Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                           Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:             Г.Гантогтох    

Нэхэмжлэлийн шаардлага: “Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хуулийн дагуу гадаадад эмчлүүлсний зардлыг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, миний гадаад улсад эмчлүүлсний зардлын 60 хувь болох 33,279,700 /Гучин гурван сая хоёр зуун далан есөн мянга долоон зуун/ төгрөгийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Засгийн газрын нөөц сангаас гаргуулан олгохыг хариуцагч Сангийн яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тус тус даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0941  дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0185 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:   

Нэхэмжлэгч Н.Г, түүний өмгөөлөгч О.М нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0941  дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.3.7, 8.7, 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хуулийн дагуу гадаадад эмчлүүлсний зардлыг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний зардлын 60 хувь болох 33,279,700 төгрөгөөс үлдэгдэл 22,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Г-д олгохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад, гадаад улсад эмчлүүлсний зардлын 22,500,000 төгрөгийг төсөвт оруулахыг хариуцагч Сангийн яаманд тус тус даалгасан байна.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0185 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0941 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаажээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол    

3. Иргэн Н.Г-ийн нэхэмжлэлтэй Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Сангийн яаманд холбогдох захиргааны хэрэгт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №185 тоот магадлалыг нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

4. Магадлалын хянах хэсэгт “...Учир нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн маргаж буй тусгай сангийн хөрөнгийн зарцуулах шийдвэр гаргах эрх хариуцагчаар тодорхойлогдсон Сангийн яаманд олгогдсон эсэх, эсхүл Засгийн газарт хадгалагдаж буй эсэхийг тогтоолгүйгээр нэхэмжлэгчийн гадаад улсад эмчлүүлсний зардлын 22.500.000 төгрөгийг төсөвт оруулахыг хариуцагч Сангийн яаманд даалгаж шийдвэрлэх боломжгүй юм” гэсэн байна.

5. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, гүйцэтгэх ажил, үйлчилгээний онцлог, зарцуулах хөрөнгийн хэмжээг харгалзан санхүүжилтийн хэлбэрийг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно”, 30 дугаар зүйлийн 30.5-т “Засгийн газрын нөөц сан, Эрсдэлийн сангийн зарцуулалтын тайланг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төсвийн тухай хуулийн 54.4-т заасан тайланд тусгаж Засгийн газар болон Улсын Их Хуралд тайлагнана”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийн зарцуулалтын явцад санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина” гэж Сангийн яамны эрх, үүргийг хуульчилсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Сангийн яам хариуцагчийн хувьд оролцох жинхэнэ хариуцагч байна.

6. Дээрх хуулийн зохицуулалтад Сангийн яам нь Засгийн газрын нөөц сангийн зарцуулалтыг гүйцэтгэж түүний тайланг Засгийн газар болон Улсын Их хуралд тайлагнахаар зааснаас шүүхийн дүгнэсэн Засгийн газар зарцуулан Улсын Их хуралд тайлагнахаар зохицуулаагүй байна. Нэхэмжлэгч талын хууль зүйн үндэслэлийг шүүх явцуу байдлаар дүгнэсэнд гомдолтой байна.

7. Мөн магадлалын хянах хэсэгт “...Шүүх нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу гадаад улсад эмчлүүлэх санхүүжилт шаардлагатай, эсхүл Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагчийн хувьд баталгаагаар хангагдах ёстой гэж маргаж байгаа эсэхийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна. ...Гэтэл нэхэмжлэгч нь иргэнд санхүүгийн дэмжлэг олгох маргаж байгаа нь ойлгомжгүй байна” нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагыг буруу тодорхойлсон байна.

8. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-т “...гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах” гэж заасан баталгаагаар хангуулах гэж тодорхойлсон. Тус хуулийн заалтын урьдчилсан нөхцөл болох “гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан” гэх нөхцөлийг Эрүүл мэндийн сайдын 2013 оны 313 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гадаад улсад зайлшгүй эмчлүүлэх өвчний жагсаалт”-д заасны дагуу тодорхойлсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тархины баруун чамархай, дух, суурь хэсгийг хамарсан хавдрыг зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн нь Эрүүл мэндийн сайдын жагсаалтад багтаж байгаа тул тухайн зардлын 60 хувийг гаргуулахаар, уг баталгааг эдлэх эрхтэй субъектийн хувьд шаардсан болно.

9. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагыг буруу, хууль зүйн үндэслэлгүй тодорхойлсноор нэхэмжлэгчид хохиролтой нөхцөл байдлыг үүсгэх эрх зүйн үндэслэлийг бий болгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна.

10. Монгол улсын иргэн бүрд үйлчлэх Засгийн газрын 2011 оны 226 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам”-д заасны дагуу холбогдох эмчилгээний зардлын 5 хувь олгох нь иргэдэд хамаарах бөгөөд нэхэмжлэгч энэхүү санхүүжилт олгох журмыг үндэслэлээ болгоогүй болно. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-т заасан төрийн албан хаагчийн баталгаа нь тусгайлан зохицуулсан хуулийн хэм хэмжээ байх бөгөөд дээрх журмаас үйлчилж буй субъект болох төрийн жинхэнэ албан хаагч гэдгээр ялгаатай байна.

11. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №185 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-т заасантай нийцэхгүй байна.

13. Нэхэмжлэгч Н.Г нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д заасныг үндэслэн гадаад улсад эмчлүүлсний зардлын 60 хувь болох 33,279,700 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулан олгохыг хариуцагч Сангийн яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тус тус даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад давж заалдах шатны шүүхээс “...Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу гадаад улсад эмчлүүлэх санхүүжилт шаардлагатай, эсхүл Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагчийн хувьд баталгаагаар хангагдах ёстой гэж маргаж байгаа эсэхийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой”, нэхэмжлэгч иргэнд санхүүгийн дэмжлэг олгох асуудлыг зохицуулсан журмыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож байгаа атлаа Төрийн албаны тухай хуульд заасан баталгаагаар хангаагүй гэж маргаж байгаа нь ойлгомжгүй байна” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай юм.   

14. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах” гэж төрийн албан хаагчийн баталгааг зааж өгсөн. Үүнтэй холбоотойгоор Шастины улсын гуравдугаар төв эмнэлгийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн комиссын шийдвэр, гадаад улсад хийгдсэн хагалгаа эмчилгээний төлбөрийн баримтууд болон нэхэмжлэгчээс хариуцагч нарт хандаж байсан өргөдөл хүсэлтүүд, тэдгээр өгсөн хариу албан тоотууд хэрэгт авагдсан байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

15. Харин “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь Н.Г-ийн өргөдлийн дагуу эмчилгээний төлбөрийн тодорхой хэсгийг өөрсдийн бололцооны дагуу олгосон, гадаадад эмчлүүлсэн эмчилгээний зардлыг жил бүрийн төсөвт тусгуулахаар саналаа удаа дараа явуулсан боловч Сангийн яамнаас тус зардлыг нэмж батлаагүй...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг Н.Г-ийн гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзэхээргүй байна” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

16. Хариуцагч Сангийн яамны төлөөлөгчөөс “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д заасныг хэрэгжүүлэх журам байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй” гэж маргаж байгаа нь магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцахаар хуульд тусгайлан заасан төрийн албан хаагчийн баталгааг эдлүүлэхгүй орхигдуулах үндэслэл биш бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2.1/-д “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах” нь Төрийн захиргааны төв болон түүний харъяа байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг байх тул хариуцагчаас дээрх чиг үүргээ хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй.

17. Нэгэнт Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д зааснаар нэхэмжлэгч Н.Г-д гадаадад эмчлүүлсний зардлын тодорхой хувийг авах эрх үүссэн тухайн тохиолдолд хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нэхэмжлэгчийн гадаадад эмчлүүлсний зардлыг төсөвт тусгуулахаар гаргаж байсан саналуудыг шийдвэрлэхгүй байгаа Сангийн яамны үйлдэл хууль бус байхад давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэгчийн гадаад улсад эмчлүүлсний зардлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төсөвт тусгахыг хариуцагч Сангийн яаманд даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан  “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ... дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчсөн” гэж үзсэн нь буруу юм.

18. Нөгөөтэйгүүр, Төрийн албаны тухай хуульд тусгайлан заасан гадаадад эмчлүүлсний зардлын тодорхой хувийг авах төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 226 дугаар тогтоолоор батлагдсан “Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам”-аар зохицуулсан эрх зүйн харилцаатай адилтган хэрэглэх боломжгүй байна.

19. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0185 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0941 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                 Х.БАТСҮРЭН