Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-06-20
Дугаар 272
Хэргийн индекс 128/2017/0724/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч Н.М
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Б.Х, Н.С, Х.Н
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

  Н.М-н нэхэмжлэлтэй,

Сүхбаатар дүүргийн Засаг дарга

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар,

Нийслэлийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:              Л.Атарцэцэг

Шүүгчид:                             Г.Банзрагч

                                              Б.Мөнхтуяа

                                              Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                   П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” дугаар 495 тоот захирамжийн Б.Х, Н.С, Х.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ....... дугаар газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгуулах, газар ашиглах гэрчилгээ олгох үндэслэл болсон АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1977 оны 9 дүгээр сарын 02-ны 63 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Б.Х-н нэр дээр бүртгэсэн 2007 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ............ дугаартай бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулах тухай, 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0080 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2018/0210 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Н.М, түүний өмгөөлөгч М.М, гуравдагч этгээд Б.Х нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0080 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” дугаар 495 тоот захирамжийн Б.Х, Н.С, Х.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” дугаар 495 тоот захирамжийн Б.Х, Н.С, Х.Н нарт холбогдох хэсгийн 139 м.кв хэмжээтэй газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэлийн үлдэх шаардлагууд болох “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 010400864 дугаар газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгуулах, газар ашиглах гэрчилгээ олгох үндэслэл болсон АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1977 оны 9 дүгээр сарын 02-ны 63 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Б.Х-н нэр дээр бүртгэсэн 2007 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Г-2203003679 дугаартай бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2018/0210 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0080 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч Н.М-н гомдлын агуулгад: Хэргийн үйл баримтын хувьд анхнаасаа нэхэмжлэгч Н.М миний бие буюу түүний аавын нэр дээр байсан газрын зарим хэсгийг гуравдагч этгээд Хоролсүрэн гэгч нь 2002 оноос өмнө Газрын тухай хууль батлагдахаас өмнө хашааны бичиг гэх хууль бус баримт бүрдүүлж эзэмшиж, өмчилж авсан нь хууль бус.

4. Нэхэмжлэгчийн эцэг Ч Ж С болон Х нарт хувааж худалдсан нь нотлогдож байна гэж гэрчийн мэдүүлгийг шүүх үнэлэхдээ уг мэдүүлэг нь давхар өөр баримтаар нотлогдох ёстой байхад ганц хүний зөрүүтэй мэдүүлгээр хэргийн нөхцөл байдлыг шууд ингэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд гуравдагч этгээд газрыг худалдан авсан гэх баримт хэрэгт байхгүй. Харин амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх гэсэн ганц баримт нэхэмжлэгчийн аав Ц Ж С байдаг ба уг газрыг 2004 оны 3 дугаар сарын 17-нд нэхэмжлэгч рүү шилжүүлсэн. Мөн гэрч Ж Ё В нь хашааг эзэмшиж байсан гэдгийг нотлох баримт хэрэгт байдаггүй.

5. Мөн гуравдагч этгээдийн хувьд 310 м.кв эсхүл 162 м.кв газартай гэх зөрүүтэй талбайн хэмжээ байгааг шүүх огт анхаарч үзээгүй. 1998 онд гуравдагч этгээд өргөдөл гаргах үед Х-д газар эзэмших эрх олгосон, баталгаажуулсан шийдвэр, баримт бичиг ерөөсөө байгаагүй байхад хүсэлтээр нь шууд газар эзэмшүүлсэн. Мөн тухайн хаягт нь өөр хүн амьдарч газар эзэмшиж байхад захирамж гаргасан төрийн байгууллагаас эрх нь хөндөгдөж буй хүнийг дуудаж асууж, тодруулах зүйл ерөөсөө хийгээгүй.

6. Нэхэмжлэгч миний эцэг нь 3 тал хашаа 4 өрөө сууцны даатгалыг 2000 он хүртэл төлсөн байдаг. Шүүх үүнийг хэрэгт ач холбогдолтой талаас нь огт авч үзээгүй. Гуравдагч этгээд нь 2 өрөө байшин 2 амбаар газартай нь авсан гэдэг. Гэтэл 2 өрөө байшин нь бүхлээрээ М-н өмчлөлд бүртгэгдсэн байгаад байдаг. Ийм маргаантай асуудлыг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай байтал шүүх үүнд дүгнэлт өгөөгүй.

7. Сүхбаатар дүүргийн 12-р хорооны бүртгэл нь ч мөн 6-р гудамжны 227 тоот гээд нэг л яваад байдаг. 227а, 2276 гээд 2 хуваагаад кадастр бүртгэж байгаа бол энэ талаар мэдэгдэж, санал авах ёстой байсан. Сүхбаатар дүүргийн Засаг даргаас тайлбар авах гэсэн боловч төлөөлөгч нь Хорооны Засаг даргын эрх хэмжээний асуудал бид мэдэхгүй гэсэн тайлбар өгдөг. Шүүхээс Сүхбаатар дүүргийн 12-р хорооны Засаг даргаас энэ талаар тодруулах ажиллагааг дутуу хийсэн.

8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч газраа тухайн үед 352 м.кв хэмжээтэй болохоо хүлээн зөвшөөрсөн мэдсэн атлаа шүүхэд хандаагүй нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэжээ. Энэ дүгнэлт нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь газрын үлдсэн хэсгийг Х өмчилж авсан гэдгийг тухайн үед мэдээгүй. Тэгэхээр 2006, 2010 онуудад маргаан бүхий актыг шууд мэдсэн гэж шүүхээс дүгнэлт хийж хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Маргаан бүхий актыг мэдсэн гэдэг хугацааны талаар нотлох баримт байхгүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч хэлэхдээ 2006 онд аав нь худалдсан юм байна гэж ойлгосон талаар хэлсэн. Аав нь энэ талаар мэдээгүй байсан.

9. 2016 оны 10 сараас газрын нэг хэсгийг гуравдагч этгээд Х зөвшөөрөлгүй өмчилж авсан гэдгийг олж мэдээд эхлээд газрын албанд удаа дараа хандаж хувийн хэрэгтэйгээ танилцаж, баримт гаргуулахаар яваад дараа нь дээд шатны байгууллагад нь хандсаны дараа ийнхүү шүүхэд хандсан учраас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй.

10. 1-р хавтаст хэргийн 39-р талд байгаа хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэлд Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ш-н олгосон итгэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4.1-д заасан шаардлагыг хангахгүй байна. Засаг дарга өөрөө итгэмжлэл олгоогүй бол итгэмжлэл олгож байгаа этгээд Засаг даргыг төлөөлөх эрхтэй гэдгээ шүүхэд нотлох ёстой. Шүүх процессын энэхүү алдааг анхаараагүй байгаа нь буруу юм.

11. 1-р хавтаст хэргийн 46 дахь талд байгаа ОӨУБЕГ-ын даргын тушаалаар олгосон итгэмжлэлд Дэд дарга Д.Д гарын үсэг зурсан нь мөн шаардлага хангахгүй. Уг хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь дарга бол дарга гарын үсэг зурах ёстой. Дэд даргад ийм эрх олгосон баримт, итгэмжлэл хэрэгт байхгүй байна. Даргын тушаал дээр дэд дарга гарын үсэг зурж болохгүй. Үүнийг хариуцагчийг хууль ёсоор төлөөлөх этгээдүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож тайлбар гаргаж мэтгэлцсэн гэж үзэхгүй. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнийг зөвтгөх, засах боломжгүй гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах гомдол гаргасан.

12. Мөн 1-р хавтаст хэргийн 94-р талд байгаа гуравдагч этгээдийн тайлбарт гуравдагч этгээд өөрөө гарын үсэг зураагүй байгаа нь алдаатай байна.

13. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

14. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

15. Маргааны үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эзэмшил газар хоорондоо давхцаагүй, харин нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа 162 мкв газар бүхэлдээ нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт хамаарах агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж маргасан байна.

16. Газрын тухай хуулийн 31 дүгээр дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзэмшихээр хүсч буй газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлагатай. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн “маргаан бүхий газар бүхэлдээ манай эцгийн эзэмшилд байсан” гэх тайлбар нь гэрч Ж Ё В-н мэдүүлгээр няцаагдсан, бодит байдалд 1988 оноос хойш гуравдагч этгээд маргаан бүхий газрыг эзэмшиж байжээ.

17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд маргах эрхтэй ба нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийг маргаан бүхий газрыг бодитоор эзэмшиж байгааг мэдсэн атлаа тухайн цаг хугацаанд маргаагүй, “аавыг гуравдагч этгээдэд газраа худалдсан гэж бодож буруу ойлгож байсан” гэх агуулгаар маргаж байгаа нь нэхэмжлэгчид өөрт нь хамааралтай болохоос захиргааны байгууллагыг буруутгах хуулийн үндэслэл болохгүй. Нэхэмжлэгчийн тухайд 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдөр газар өмчлөх эрхийн гэрчилгээ авах үедээ өөрийн газрын хэмжээ бага байгааг болон хашааны хаягийг “227; 227б” болгон хуваасан үйл баримтыг мэдсэн, шүүхэд маргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

18. Нэхэмжлэгчийн гомдлын “гэрчийн мэдүүлгийг шүүх үнэлэхдээ давхар өөр баримтаар нотлох ёстой байхад ганц хүний зөрүүтэй мэдүүлгээр хэргийн нөхцөл байдлыг шууд дүгнэсэн нь үндэслэлгүй” тухай гомдлыг хангах боломжгүй, гэрчийн мэдүүлгээс гадна хорооны Засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбараар маргаан бүхий газарт гуравдагч этгээд бодитоор амьдарч байсан болох нь тогтоогдсон тул шүүхээс нотлох баримтыг хэрэгт хамааралтай, бодит байдалд нийцсэн талаас нь зөв үнэлсэн байна.

19. Газрын тухай хууль 2002 оны 6 дугаар сарын 7-ны өдөр батлагдаж, 2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн бөгөөд хуулийн шаардлагад нийцүүлэн газар эзэмшиж, ашиглаж байсан иргэдэд газрын гэрээ, гэрчилгээг шинэчлэн олгож байсан газрын даатгал төлж байсан байдал нь дангаараа газар эзэмших эрхийг үүсгэх үндэслэл болохгүй, хуулийн өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох баримтыг бүрдүүлэх үүрэгтэй, цаг хугацааны хувьд нэхэмжлэгч нь газар өмчлүүлэх тухай шийдвэр гарсан 2004 оны 03 дугаар сарын 24-ний өдөр “352 мкв” газрын хэмжээтэй маргаагүй, зөвшөөрч байсан тул нэхэмжлэгчийн  “амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх гэсэн ганц баримт нэхэмжлэгчийн аав Ц Ж С байдаг, тэрээр 3 тал хашаа, 4 өрөө сууцны даатгалыг 2000 он хүртэл төлсөн, гуравдагч этгээдээс төлөөгүй” тухай гомдлыг хангах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эцэг нь Ж Ё В-с хашаа, байшин худалдан авах замаар анх газар эзэмших эрх үүссэн, тухайн үед Ж Ё В нь 300 мкв эзэмших эрхтэй байсан, одоо нэхэмжлэгч 352 мкв газар эзэмшиж байгаа тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзлээ. 

20. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10 дахь хэсэгт зааснаар иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болохоор зохицуулсан. Маргаан бүхий газар дээр байрлах залгаа, үргэлжилсэн үл хөдлөх хөрөнгийн зүүн талын хоёр өрөөнд гуравдагч этгээд амьдарч байсан болох нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбараар, гуравдагч этгээд уг хоёр өрөөг Ж Ё В-с худалдан авсан болох нь гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдсон, нөгөө талаас нэхэмжлэгч нь өөрийн амьдран суух өрөөнд хамааралгүй хэсгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн үндэслэл тодорхойгүй боловч уг 2 өрөөний улсын бүртгэлийн асуудал нь энэхүү газрын маргаанд шууд хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй учир нэхэмжлэгчийн “гуравдагч этгээд нь 2 өрөө байшин 2 амбаар газартай нь авсан гэдэг. Гэтэл 2 өрөө байшин нь бүхлээрээ Н.М-н өмчлөлд бүртгэгдсэн байгаад байдаг. Ийм маргаантай асуудлыг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай” тухай гомдол нь маргааны үйл баримтад шууд хамааралгүй байна.

21. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 495 дугаар захирамжаар гуравдагч этгээдийн газрын хэмжээг “301” гэж заасан нь бодит байдалтай нийцээгүй, бодит байдалд гуравдагч этгээд 162 мкв газар өмчлөх эрхтэй болох нь газар өмчлөх гэрчилгээ, шүүхийн үзлэгээр тогтоогдсон, энэ асуудлаар хариуцагч, гуравдагч этгээд хэн аль нь маргаагүй, зөвшөөрсөн байна. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага засах эрхтэй” гэж заажээ. Иймээс дээрх  газрын хэмжээг буруу заасан алдааг захиргааны “илэрхий алдаа” гэж үзэх болохоор байна. Нэгэнт илэрхий алдаатай захиргааны актыг маргаан бүхий буюу хүчингүй болгуулах захиргааны актад тооцохгүй ба уг захирамжид өөрчлөлт оруулж, газрын хэмжээг зөвтгөх бүрэн боломжтой тул нэхэмжлэгчийн “зөрүүтэй талбайн хэмжээ байгааг шүүх огт анхаарч үзээгүй” тухай гомдол үндэслэлгүй, ийнхүү зөвтгөснөөр нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээнд нөлөөлөхгүй тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчихгүй юм.

22. Сүхбаатар дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын дэд дарга итгэмжлэл олгосон, гуравдагч этгээдийн тайлбарт өөрөө гарын үсэг зураагүй байдал нь нэхэмжлэгчид хамааралгүй, эдгээр эрх бүхий этгээдээс итгэмжлэлийн асуудлаар, “буруу олгосон” гэж маргаагүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах, хэргийн шийдэлд нөлөөлөх үйл баримт биш байх учир нэхэмжлэгчийн “итгэмжлэл шаардлага хангаагүй, хариуцагчийг хууль ёсоор төлөөлөх эрх олгосон баримт хэрэгт байхгүй” тухай гомдол үндэслэлгүй.

23. Эдгээр үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0080 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2018/0210 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                   Л.АТАРЦЭЦЭГ     

ШҮҮГЧ                                                                                      П.СОЁЛ-ЭРДЭНЭ