Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-06-18
Дугаар 262
Хэргийн индекс 128/2017/0334/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч Т.Б
Хариуцагч Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Б.Э
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол:

Т.Б-н нэхэмжлэлтэй,

Багануур дүүргийн Худалдан авах

ажиллагааны албаны даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:              Танхимын тэргүүн М.Батсуурь,  

Шүүгчид:                 Х.Батсүрэн

                                  Б.Мөнхтуяа

                                  Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:       П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Худалдан авах ажиллагааны албаны даргын 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 тоот Т.Б-г ажлаас чөлөөлөх тухай тушаал болон  Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын орлон гүйцэтгэгчийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 тоот Б.Э-г ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгуулах, Сургалт олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулах болон нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0078 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2018/0240 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К, түүний өмгөөлөгч Э.Э нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0078 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2018/0240 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0078 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э-н гомдлын агуулгад: Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг буруу тайлбарласан байхад давж заалдах шатны шүүхээс түүнийг зөвтгөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд шийдвэр гаргахдаа “ахлах мэргэжилтэн”-ий чиг үүрэг "Худалдан авах ажиллагааны алба’’-ны “чиг үүрэг”-ээс бүр мөсөн хасагдсан эсэхэд дүгнэлт хийгээгүйн зэрэгцээ ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хуульд байхгүй үндэслэлээр “үндсэн үүрэг" болон “хавсран хэрэгжүүлж байсан чиг үүрэг” гэсэн 2 томьёоллоор тодорхойлж өгсөн нь шийдвэр нь үндэслэлгүй болох үндэс болсон, нэхэмжлэгчийн хэрэгжүүлж байсан чиг үүрэг хасагдаагүй, хэвээр хадгалагдаж үлдсэн байхад бусад баталгаагаар хангасангүй.

5. Гуравдагч этгээд нь ТҮ-4 гэсэн орон тоонд төрийн албаны шалгалт өгсөн байхад төрийн албаны ТҮ-5 ангиллын албан тушаалд томилж, хууль зөрчсөн, маргаан бүхий албан тушаалд томилогдохдоо төрийн албаны шалгалт өгөөгүй, шүүхийн шийдвэрийн дагуу Хөдөлмөр, халамжийн газарт ажиллах байсан.

6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, Т.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8. Багануур дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/04 дүгээр захирамжаар Худалдан авах ажиллагааны албаны чиг үүргийн давхардлыг арилгах, орон тоо, цалин хөлс, урсгал зардлыг бууруулах зорилгоор албаны бүтцийг өөрчлөн, 6 орон тоог 4 орон тоотой байхаар тогтоосон бөгөөд нэхэмжлэгчийн тухайд ахлах мэргэжилтний орон тоонд ажиллаж байсан, шинэчилсэн бүтцээр уг орон тоог хассан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдсон байна.

9. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт зааснаар төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо нь цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авахаар зохицуулжээ.

10. Тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн эрхэлж байсан “ахлах мэргэжилтэн”-ий ажлын байр хасагдсан байх боловч хэрэгжүүлж байсан чиг үүрэг нь тухайн байгууллагад хэвээр үлдсэн байна. Тухайлбал, худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах үйл ажиллагаанд хяналт тавих, гүйцэтгэлийг зохион байгуулах, даргын эзгүйд орлох, бусад мэргэжилтний үйл ажиллагааг удирдах ахлах мэргэжилтний чиг үүргийг “даргын албан тушаалын чиг үүрэгтэй давхардсан” гэж үзэж, Худалдан авах албаны даргын эрхлэх чиг үүрэгт шилжүүлсэн, энэ байдал нь захиргааны байгууллагын “төсөв хэмнэх, чиг үүргийн давхардлыг арилгах” зорилгод нийцжээ.

11. Харин “ахлах мэргэжилтэн”-ий албан тушаалын тодорхойлолтод заасан 45%-ийн гол үйл ажиллагаа болох худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг тухайн байгууллагад хэвээр үлдсэн, хариуцагчаас энэхүү ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд хийгдэх чиг үүргийг ямар албан тушаалд шилжүүлсэн талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй атлаа нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллуулах боломжоор хангаагүй, төрийн албан хаагчийн нэмэлт баталгааг эдлүүлэх, хуульд заасан хэд хэдэн сонголтоос хамгийн эхэнд эерэг үр дагавартай шийдвэрийг хэрэгжүүлэх боломжийг эхлээд судлах, тухайлбал эхний ээлжинд өөр ажилд шилжүүлэн ажиллуулах ямар нөхцөл байгааг судалж, хэрэв боломжгүй бол тэтгэлэг олгох зохицуулалттай байна. Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх заалтад зааснаар албан тушаалын гол чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн бол захиргааны байгууллага нь тухайн байгууллагад ажиллаж байгаа адил чиг үүрэг бүхий албан тушаалыг эрхэлж байгаа албан тушаалтнаас сонгон шалгаруулж, маргаан бүхий албан тушаалд хэн ажиллахыг шийдэх үүрэгтэй болно.

12. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд мэргэжил, мэргэшлийн дагуу өөр албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд эсхүл тэтгэлэг олгох үүргийг захиргааны байгууллага хүлээж байна. Хуулийн энэхүү заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан үзэхэд нэхэмжлэгчийн тухайд тухайн байгууллагад урьд нь гуравдагч этгээдийн хэрэгжүүлж байсан архив, бичиг хэрэг, сургалтын ажлыг хэрэгжүүлж байсны хувьд уг ажилд шилжихийг хүсэх эрхтэй, захиргааны байгууллагаас яагаад уг албан тушаалд шилжүүлэх боломжгүй тухайгаа нотлох үүрэгтэй байна.

13. Төрийн албаны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4 дэх хэсэгт “иргэд хуульд заасан болзол журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх”, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “...энэ хуулийн ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан албан хаагч ... төрийн албан тушаал эрхлэх эрхтэй” гэж тус тус заасан байна. Гуравдагч этгээд А.Э-г 2016 оны 2 дугаар 22-ны өдөр Худалдан авах ажиллагааны албанд архив, бичиг хэрэг, сургалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилох үед тэрээр тухайн албан тушаалд төрийн албаны шалгалт өгөөгүй, хожим 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нөөцөөс нэр дэвшүүлсэн байгаа нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй, өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлсэн этгээдийг төрийн жинхэнэ албан тушаалд томилох зарчмын дагуу гуравдагч этгээдийг ажилд томилоогүй, “хүн бүр төрийн албанд орох адил нөхцөлтэй” байх зохицуулалтыг зөрчжээ.

14. Эндээс үзэхэд Худалдан авах ажиллагааны албаны бүтэц өөрчлөгдөх 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гуравдагч этгээд А.Э нь төрийн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй буюу төрийн албаны нөөцөөс нэр дэвшүүлээгүй байсан тул түүнийг “төрийн жинхэнэ албан хаагч” гэж үзэхгүй, захиргааны байгууллага нь ийнхүү төрийн албанд томилогдох ерөнхий шаардлага хангаагүй иргэнийг үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн буюу төрийн алба эрхлэх ерөнхий шаардлагыг хангасан нэхэмжлэгчийг маргаан бүхий сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилох бүрэн боломжтой байжээ.

15. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8, Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын 6.3 дахь хэсэгт “нөөцөд байгаа иргэн мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын зэрэглэлтэйгээ адил зэрэглэлийн төрийн жинхэнэ албаны өөр албан тушаалд томилогдон ажиллаж болно” гэж заасан байна. Гуравдагч этгээдийн тухайд анх Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын архитектур, газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний орон тоонд төрийн албаны шалгалт өгч, “ТЗ-4” гэсэн төрийн захиргааны албан тушаалын зэрэглэлээр төрийн албаны нөөцөд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр бүртгэгдсэн байна. Гэтэл одоо маргаж буй сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаал нь “ТЗ-5” гэсэн албан тушаалын зэрэглэлтэй байгаа нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй буюу гуравдагч этгээдийн шалгалт өгсөн албан тушаалын зэрэглэлээс өөр байх тул гуравдагч этгээдийг маргаан бүхий албан тушаалд томилогдох урьдчилсан нөхцөлийг хангаагүй гэж үзэв.

16. Түүнчлэн гуравдагч этгээдийн анх томилогдсон “архив, бичиг хэрэг, сургалт хариуцсан” мэргэжилтний албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод зааснаар уг ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлагыг “эдийн засагч, эрх зүйч” гэсэн, гуравдагч этгээдээс энэ шаардлагыг хэрхэн хангасан нь тодорхойгүй байхад түүнийг ажилд томилсон, харин нэхэмжлэгчийн тухайд архив, бичиг хэрэг, сургалтын ажлыг гуравдагч этгээдээс өмнө эрхэлж байсан, одоогийн сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд “мэргэжил харгалзахгүй” гэсэн байх тул нэхэмжлэгчийн эрх түрүүлж хамгаалагдах байна. 

17. Иймээс дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн б/02 дугаар “А.Э-г ажилд томилох” тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

18. Маргаан бүхий 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн ба уг тушаал нь захиргааны байгууллагын албан тушаалын чиг үүргийн давхардлыг арилгах зорилгод нийцсэн /энэ утгаараа нэхэмжлэгчээс ахлах мэргэжилтний албан тушаалд томилогдох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй/ учраас уг тушаал нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн тохиолдолд ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгох үүрэг захиргааны байгууллагад үүсэх ба энэ тохиолдолд нэхэмжлэгчийг ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн тушаал хууль зөрчөөгүй, зөвхөн үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ буруу хэрэгжүүлсэн тул нэхэмжлэгчийн “цалин гаргуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

19. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0078 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2018/0240 дүгээр магадлалын “тогтоох” хэсгийн 1 заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон нэхэмжлэгч Т.Б-н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Худалдан авах ажиллагааны албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 тоот “А.Э-г ажилд томилох” тухай тушаалыг хүчингүй болгож, Т.Б-г сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагч Худалдан авах ажиллагааны албаны даргад даалгасугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                              М.БАТСУУРЬ 

ШҮҮГЧ                                                                                      П.СОЁЛ-ЭРДЭНЭ