Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-06-11
Дугаар 256
Хэргийн индекс 128/2017/0695/З/
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч Б.Ө
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Х.Ц
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Б.Ө-гийн нэхэмжлэлтэй,

Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:       Танхимын тэргүүн М.Батсуурь   

Шүүгчид:                     Х.Батсүрэн

                                     Д.Мөнхтуяа

                                     П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаар захирамжийн Х.Ц-д холбогдох хэсэг болон газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгуулах тухай.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0124 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0230 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Б.П, гуравдагч этгээд Х.Ц нар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.П-гийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0124 дүгээр шийдвэрээр Газрын тухай хууль /1994 оны/-ийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, Газрын тухай хууль /2002 оны/-ийн 2 дугаар зүйлийн 2.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.5, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.4, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ө-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаар захирамжийн Х.Ц-д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0230 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0124 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

          Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.П хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Магадлалын хянавал хэсэгт “...Ц.Ц-д 2005 онд өмчлүүлсэн нэгж талбарын 18647310792327 дугаартай газар нь Б.Ө-д өмчлүүлсэн нэгж талбарын 18647310794352 дугаартай газар нэг газар болох нь хангалттай баримтаар тогтоогдохгүй байна, ...холбогдох байгууллага, албан тушаалтнаас тодруулж тогтоогоогүй, нэгж талбарын дугаар, заагийн цэгүүд зөрүүтэй, мөн эдгээр 2 кадастрын зургаар байршил өөр байгааг анхаараагүй байхын зэрэгцээ..., 276 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй юм” гэж дүгнэжээ. Иргэн Ц.Ц нь нийслэлийн Засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжаар нэгж талбарын дугаар 18647310792327, талбайн хэмжээ 590.38 м.кв газрыг холбогдох хуулийн дагуу өмчилж авсан. Иргэн Б.Ө нь Ц.Б-с ХХАГ-ээр нэгж талбарын дугаар 18647310794352, талбайн хэмжээ 520 м.кв газрыг хуулийн дагуу өмчлөлдөө шилжүүлж авсан. Дээрх газрын хилийн заагийн цэгүүдийн сүүлийн орны зөрүүг /18647310792327, 18647310794352/ 590 м.кв газраас 520 м.кв газар болж багасгаж гарсан болохыг, мөн хэргийн материалаас тодорхой харагдаж байхад шүүх үүнийг бодитойгоор үнэлж дүгнэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4. Анхан шатны шүүх хуралдаан дээр нэгж талбарын 18647310792327, 18647310794352 дугааруудын зөрүүг хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч /газрын албаны/ нь нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийн программ өөрчлөгдсөнөөр нэгж талбарын зөрүү үүссэн гэж тайлбарласан нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байгааг шүүхээс үнэлээгүй шийдвэрлэсэн.

5. Магадлалын хянавал хэсэгт “...маргаан бүхий актыг хэзээ мэдсэн, шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн эсэх талаар..., дүгнэлт хийх шаардлагатай” гэж дүгнэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “...хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “...биелүүлэх боломжгүй” гэж заасныг зөрчиж тус дүүргийн Засаг дарга нь захирамжаа гаргасан бөгөөд захирамжийн агуулгаас үзвэл “...кадастрын бүртгэлтэй, ...газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй... иргэдэд газар эзэмших гэрчилгээ олгосугай” гэж захирамжилсан байх ба иргэн Ц.Ц-гийн өмчлөлд байгаа газрыг кадастрын бүртгэлгүй, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчиж давхцуулж Б.Ц-д олгосон захирамж нь Захиргааны ерөнхий хуульд заасан “хуульд заасан үндэслэл байгаагүй, биелүүлэх боломжгүй” захиргааны акт учир гарсан цагаасаа эхлэн үйлчлэлгүй бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд нь шүүхэд хэдийд ч хандах эрхтэй гэж үзэж байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0230 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийг “маргааны үйл баримт хангалттай баримтаар тогтоогдохгүй байна, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх талаар нотлох баримт цуглуулах шаардлагатай, захиргааны хэрэг үүсгэхдээ хугацаа алдаж үүсгэсэн, захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжид бичигдсэн нэхэмжлэлийн шаардлага өөр, шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг зөрүүтэй бичсэн” гэх үндэслэлүүдээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.3, 121.3.4-т заасанд нийцэхгүй байна.

7. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Газар эзэмшигч иргэдийн эрхийг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай” 276 дугаар захирамжаар “...газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу иргэнд одоо эзэмшиж байгаа газраа өмчилж авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангуулах зорилгоор..., газар эзэмших эрхийн зөрчилгүй иргэдэд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох”-оор шийдвэрлэсэн, уг захирамжийн үйлчлэлд иргэн Х.Ц хамаарч “Чулуун-Овоот” АОС 7-8 тоот хаяг дахь 497 м.кв газар эзэмшүүлэхээр 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ” олгосон, нэхэмжлэгч Б.Ө-с “миний өмчлөлийн газартай давхацсан” гэх үндэслэлээр уг захирамжийн Х.Ц-д холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

8. Нийслэлийн Засаг даргын 2001 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх тухай” 361 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар “Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Амгалан”-д барих амины орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх”-ийг, 4 дэх заалтаар “хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төслийг хэрэгжүүлэх талбайд зөвшөөрөлгүй буусан гэр хорооллыг нүүлгэн шилжүүлэх байршилтыг тогтоох, талбайг чөлөөлүүлэх, батлагдсан зураг төслийг үндэслэн газар ашиглуулах, эзэмшүүлэх гэрээг байгуулж, газрын бүртгэлд бүртгэх”-ийг тус тус нийслэлийн Хот байгуулалт, газрын харилцааны газарт даалгасан, энэ захирамжийг үндэслэн тус газраас иргэн Ц.Ц-д амины орон сууцны барилгад зориулж 2001 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 0.05 га газар олгож, “барилгын тэг тэнхлэг газар дээр байгуулсан акт” үйлдэж, Ц.Ц-тэй “амины орон сууц барих иргэдийн газар ашиглах гэрээ”-г 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулж, 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12-512 дугаар гэрчилгээгээр 500 м.кв газар эзэмших эрхийг нь баталгаажуулсан, Ц.Ц нь нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжаар 590.38 м.кв газрыг өмчлөн авсан үйл баримт тогтоогдсон байна.

9. Түүнчлэн маргаан бүхий уг газарт нэхэмжлэгч Б.Ө /2000 оноос гэх/, гуравдагч этгээд Х.Ц /2001 оноос гэх/ нар нь тус тус зөвшөөрөлгүй бууж, хэсэгчлэн эзэмшилдээ авсан ба уг газрыг эзэмших эрх бусдад хууль ёсоор үүссэн гэдгийг тухайн үедээ мэдсэн, иргэн Ц.Ц “өмчилсөн” болохыг мөн 2008 онд мэдсэн, газрыг худалдаж авахаар талийгаач Ц.Ц-ийн хүү Ц.Б-тэй /өвлөх эрхийн гэрчилгээгээр уг газрыг өвлөсөн/ аль аль нь уулзаж, ярилцаж байсан, уг газрыг нэхэмжлэгч Б.Ө нь Ц.Б-с 10 сая төгрөгөөр худалдан авч, 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 520 м.кв газрыг өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдсон, уг үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.

10. Гэтэл, давж заалдах шатны шүүх нь хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар буюу Ц.Ц-д өмчлүүлсэн газар, одоогийн Б.Ө-гийн газар “нэг газар” мөн болох нь хангалттай нотлогдоогүй гэж дүгнэж, үүнтэй холбогдуулан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх ...хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчжээ.

11. Үүний зэрэгцээ, гуравдагч этгээд Х.Ц нь Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “...Чулуутын задгайд 2001 онд анх буусан, ...2001-2008 онд хүртэл хугацаанд хашааны эзэн гэх хүн гарч ирээгүй, ...нийслэлийн Засаг даргын 2001 оны 361 дүгээр захирамжийн дагуу Ц.Ц-гийн газар эзэмших бичгийг хүчингүй болгож, Х.Ц-д захирамж гарган өгч, эзэмших эрхийн бичиг олгоно уу” гэж өргөдөл гаргаж байснаас үзвэл Б.Ө-гийн худалдан авч өмчилж буй уг газар нь Ц.Ц-д өмчлүүлсэн буюу “нэг газар” болох нь уг баримтаар эргэлзээгүй тогтоогдсон байхад “хангалттай баримтаар тогтоогдоогүй” гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь хэрэгт авагдсан бөгөөд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн үнэлээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т заасан “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн,...” гэх үндэслэл тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.

12. Мөн, нэхэмжлэгч Б.Ө нь хууль ёсоор өмчлөн авсан 520 м.кв уг газрын 250 м.кв хэсэг газрыг Х.Ц-гийн эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд гаргасныг тус шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 65 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байх бөгөөд үүний дараа Х.Ц-д газар эзэмшүүлэх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нийслэлийн Засаг даргад 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гаргасан гомдлынхоо хариуг 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 03/2887 дугаар албан бичгээр авч, улмаар 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зөрчөөгүй байх тул давж заалдах шатны шүүхээс “...Б.Ө маргаан бүхий актыг хэзээ мэдсэн, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх талаар холбогдох баримтыг цуглуулж, дүгнэлт хийх шаардлагатай” гэж хэргийг буцаасан нь буруу байна.

13. Тодруулбал, гуравдагч этгээд Х.Ц-д маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаар захирамжийн талаар маргах эрх нь нэхэмжлэгч Б.Ө-гийн хувьд “хэлцэл”-ийн үндсэн дээр Ц.Ц-гийн хууль ёсоор өмчилсөн газрыг өмчлөлдөө шилжүүлэн авч, улмаар өмчлөх эрхээ 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэнээр үүсч, энэ үеэс эхлэн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болсон нь тодорхой байхад “...маргаан бүхий актыг Б.Ө хэзээ мэдсэн”-ийг зайлшгүй шалган тогтоовол зохих нөхцөл байдал гэсэн нь үндэслэлгүй юм.

14. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

15. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаар захирамжаар гуравдагч этгээд Х.Ц-д гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн 497 м.кв газар нь нийслэлийн Засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжаар Монгол Улсын иргэн газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу Ц.Ц-д /талийгаач/ өмчлүүлсэн 590 м.кв газарт давхцалтай болох нь тогтоогдсон, бусдын хууль ёсоор өмчилсөн газрыг иргэн Х.Ц нь мэдсээр байж эзэмшихээр хүсэлт гаргасан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн, Баянзүрх дүүргийн Газрын алба нь газар эзэмшүүлэхэд тавигдах хуулийн шаардлагыг зөрчсөн түүний хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэсэн нь мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж заасныг хэрэгжүүлээгүй нь хууль зөрчсөн гэж үзнэ.

16. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хэн аль нь бусдын хууль ёсоор эзэмшиж, өмчилсөн газрыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй, дур мэдэн эзэмшсэн боловч нэхэмжлэгч Б.Ө нь 2014 онд хууль ёсны өмчлөгчөөс нь 520 м.кв газрыг худалдан авч, өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн хууль ёсны өмчлөгчийн хувьд Х.Ц-д 497 м.кв газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаар захирамжийн улмаас түүний газар өмчлөх эрх нь зөрчигдөж байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

17. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шийдвэрийн “тогтоох” хэсэгтээ нэхэмжлэлийн шаардлагыг алдаатай бичсэн байх тул хяналтын шатны шүүх үүнийг зөвтгөж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

18. Давж заалдах шатны шүүх магадлалдаа анхан шатны шүүхийн шийдвэрийн “үндэслэх” болон “тогтоох” хэсэгт “нэхэмжлэлийн  шаардлага”-ыг зөрүүтэй бичсэн болохыг дүгнэсэн боловч шүүхийн шийдвэрт “нөлөөлхүйц” биш уг алдааг өөрийн бүрэн эрхийн хүрээнд “зөвтгөн засах” боломжтой байхад уг алдааг шийдвэрийг хүчингүй болгох нэг үндэслэл болгосон нь буруу болжээ.

19. Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.П-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0230 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0124 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаар захирамжийн Х.Ц-д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай” гэснийг “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өрийн 276 дугаар захирамжийн Х.Ц-д холбогдох хэсэг болон Х.Ц-гийн нэр дээр олгогдсон 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

 ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ