Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-04-02
Дугаар 149
Хэргийн индекс 111/2017/0016/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Ж.Г
Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Ж.Г-ийн  нэхэмжлэлтэй,

Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                М.Батсуурь

Шүүгчид:                   Л.Атарцэцэг

                                    П.Соёл-Эрдэнэ

                                    Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Б/129 дугаартай захирамжийг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Бууцагаан сумын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, тухайн цалинтай холбоотой нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах”

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 111/ШШ2017/0028 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0857 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: Ж.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал нар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 111/ШШ2017/0028 дугаар шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2, 78 дугаар зүйлийн 78.1, 78.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Б/129 дугаартай “Ж.Г-ийн  ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, Ж.Г-ийн  урьд эрхэлж байсан ажил буюу Баянхонгор аймгийн Бууцагаан сумын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Г-ийн  ажилгүй байсан 7 /долоо/ cap 3 /гурав/ хоногийн цалин 5140570 /таван сая нэг зуун дөчин мянга таван зуун дал/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, Ж.Г-ийн  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0857 дугаар магадлалаар: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол  

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбатын гомдол: ... Сумын Засаг дарга нь эзэмшиж, ашиглаж захиран зарцуулах эрхтэй хэдий ч эд хөрөнгийн ашиглалт хадгалалт, хамгаалалтад хяналт тавих үүргийг сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтод тодорхойлж өгсөн байхад хариуцагчийг буруутгасан нь үндэслэлгүй байна.

4. Шүүхээс Бууцагаан сумын сургуулийн шинэ байр 2014 онд ашиглалтад орсноос хойш сургуулийн хичээлийн хуучин байрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, түүний хадгалалт, хамгаалалт, түүнд хяналт тавих эрх, үүрэг нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нарт шилжиж, дээрх байгууллагууд уг эрх, үүргээ хэрэгжүүлж байхад дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд сургуулийн эзэмшлээс албан ёсоор хүлээж авсан хүлээлцсэн баримт байхгүйг шүүх хурал хэлэлцээгүй.

5. Хэргийн материалд Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сургуулийн хуучин барилгыг ашигласны улмаас хохирол учирсан гэх нотлох баримт авагдаагүй байна. Уг асуудлыг цагдаагийн байгууллага шалгах явцад 3.2 сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон.

6. Тус сургууль нь өнөөг хүртэл сургуулийн эзэмшилд байгаа ба шинээр томилогдсон сургуулийн захирал нь сургуулийг засварлан ажилчдын орон сууцны зориулалтаар ашиглаж байна.

7. Давж заалдах шатны шүүх хурал хариуцагчийг биечлэн оролцох боломжоор хангаагүй.

8. Нэхэмжлэгч нь төрийн үйлчилгээний албан хаагч бөгөөд үр дүнгийн гэрээ байгуулж ажилласан боловч сунгагдаагүй, ажлаас чөлөөлсөн үндэслэл нь үр дүнгийн гэрээний биелэлттэй холбоотой биш төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан хөдөлмөрийн сахилгын зөрчил байхад анхан шатны шүүх хариуцагчийг Төрийн албаны тухай хууль, Боловсролын тухай хуулийг баримтлалгүй нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөнд буруутгаж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

9. Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгөх эсвэл хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            10. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            11. Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Б/129 дугаартай захирамжаар “... сургуулийн хуучин хичээлийн байрны хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж ажиллаагүй, хайхрамжгүй хандсанаас их хэмжээний хохирол учирсан нь тогтоогдсон” гэх үндэслэлээр Бууцагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ж.Г-ийг  үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, хэрэгт авагдсан баримтуудаар, Бууцагаан сумын сургуулийн хуучин хичээлийн байрны хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж ажиллаагүй гэж Ж.Г-ийг  буруутгах үндэслэлгүй болох нь тогтоогдсон, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д “... иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг ..., сум...-ын өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна”, 78 дугаар зүйлийн 78.1-д “... /Засаг дарга нь/ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах /эрхтэй/” гэж тус тус заасан байхад Ж.Г-ийг  сумын ашиглагдахаа больсон хуучин байрны хадгалалт, хамгаалалт, түүнд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлгүй, уг чиг үүрэг нь Баянхонгор аймгийн болон Бууцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нарт байна гэж үзсэн шүүхүүдийн дүгнэлт зөв байна.

            12. Өөрөөр хэлбэл, Бууцагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ж.Г нь тухайн сургуулийн хувьд эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хариуцах үүрэгтэй, харин сургуулийн зорилгоор цаашид ашиглахаа больсон хуучин сургуулийн байрны ашиглалт хадгалалт, хамгаалалтад хяналт тавих үүрэггүй тул хуулиар олгогдоогүй эрх, үүргийг хэрэгжүүлэхийг шаардах, ийнхүү хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр Ж.Гт хариуцлага хүлээлгэж, үүрэгт ажлаас чөлөөлсөн маргаан бүхий Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Б/129 дугаартай захирамж хууль зөрчсөн, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...   хуучин сургуулийн байрны ашиглалт хадгалалт, хамгаалалтад хяналт тавих үүргийг сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтод тодорхойлж өгсөн, ... сургуулийн эзэмшлээс албан ёсоор хүлээж авсан хүлээлцсэн баримт байхгүй” гэх зэргээр гаргасан хяналтын гомдлыг хүлээж авах боломжгүй.

13. Түүнчлэн, давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13.30 цагт товлон зарлаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбатад 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “шүүх хуралдааныг хойшлуулах” хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд “хүсэлтийг хангахгүй орхиж” шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “...хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг ... шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ” гэснийг зөрчөөгүй, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн “заавал хангаж шийдвэрлэх ёстой” гэж хяналтын шатны шүүх дүгнэх боломжгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...давж заалдах шатны шүүх хурал хариуцагчийг биечлэн оролцох боломжоор хангаагүй” гэх гомдлоор “... шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгох эсвэл хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах” үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 111/ШШ2017/0028 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0857 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбатын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА