Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-03-21
Дугаар 132
Хэргийн индекс 128/2017/0613/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч "Б" ХХК
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“Б” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Л.Атарцэцэг

Шүүгчид:                   Х.Батсүрэн

                                    П.Соёл-Эрдэнэ

                                    Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаалын “...2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн а/46 дугаар...” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0842 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2018/0022 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Н.Баянсайхан, түүний өмгөөлөгч Р.Болдбаатар нар.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Баянсайханы хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0842 дугаар шийдвэрээр: Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 48 дугаар зүйлийн 48.2.1-д заасныг баримтлан “Б” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаалын “...2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн а/46 дугаар...” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

  2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2018/0022 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0842 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол  

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Баянсайханы гомдол ... Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “...Сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч буй агентлагийн дарга буюу Ашигт малтмал газрын тосны газрын дарга ашигт малтмалын ашиглалтын 2299А дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг даалгасан 2016 оны а/46 дугаар тушаалаа хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан” гэж заасантай нийцсэн гэж дүгнэн хариуцагчийн гаргасан тушаалыг хуульд нийцсэн” гэж дүгнэснийг зөв гэж тайлбарлан шийдвэрийг хэвээр үлдээж шийдсэн нь үндэслэлгүй.

4. Учир нь хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Уул уурхайн сайдын томилсон ажлын хэсгийн дүгнэлт болон сайдын тушаалд илэрсэн гэх зөрчлүүдийг шууд тогтоож, хүчингүй болгох үүрэг өгөөгүй, ... дүгнэлтэд дурдсан тусгай зөвшөөрлүүдийг эрх бүхий байгууллагад шилжүүлэн шалгуулах, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүчингүй болгох гэж тушаалд дурдсан байгаа боловч хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий тушаалыг гаргахдаа тайлант хугацааны сүүлийн өдрөөр огноолон тушаалаа хэлбэрийн төдий гаргасан болохоос бус Захиргааны ерөнхий хууль, Уул уурхайн сайдын тушаал, ажлын хэсгийн дүгнэлтэд заасан арга хэмжээг аваагүй буюу ямар хуулийг хэрхэн зөрчсөнийг яаж тогтооосон нь тодорхойгүй зүйлийг хийсвэр байдлаар дүгнэж шийдсэнийг шүүхүүд анхаарч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй.

5. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн тушаалд Ашигт малтмалын тухай хуульд заасан яг ямар үндэслэлээр маргаан бүхий тусгай зөвшөөрлийн эрхийг цуцлаж байгаа нь тодорхойгүй эрх зүйн үндэслэлийн хувьд шийдвэр нь үндэслэл бүхий байх, бодит нөхцөлд тохирсон байх шаардлагыг хангаагүй ба Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” тусгай зарчмуудыг баримтлах гэж зааж өгсөн байхад уг ажиллагааг хийгээгүй, өмнө нь гаргасан тушаалаар тусгай зөвшөөрлийн эрх сэргэж байгаа компанийн зүгээс бэлтгэл ажлуудыг хийсэн, хөрөнгө мөнгө гаргасан байхад түүнийг нь хүчингүй болгосноос үүдээд хөрөнгө оруулалтын хувьд шууд үр дагавар үүсч байгаа байдлыг анхаараагүй, нэхэмжлэгчийн эрх нэн тэргүүнд хөндөгдөж, зөрчигдөж байхад уг байдлыг ач холбогдолгүй гэх байдлаар хуулийг буруу тайлбарласан.

6. Хэрэв мэдэгдэх, сонсгох ажиллагааг хуулийн дагуу хийсэн тохиолдолд бодит байдал дээр ач холбогдол бүхий арга хэмжээг авч хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан ба хариуцагч байгууллагыг уг үүргээс нь хууль бус байдлаар чөлөөлөх үндэслэлгүй байхад боломжтой мэтээр тайлбарласан.

7. Иймд, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 842 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2018/0022 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгуулах энэхүү гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            8. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай, Ашигт малтмалын тухай, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            9. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаалаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр тушаалыг үндэслэн, Ашигт малтмалын газар (тухайн үеийн нэрээр)-ын даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн а/46 дугаар тушаалыг хүчингүй болгосон, нэхэмжлэгчээс “... манай компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээсэн шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, ... тусгай зөвшөөрөл зохих журмын дагуу сэргээгдсэн, ... сонсох ажиллагаа хийгээгүй, ... эрх зөрчсөн” гэж, хариуцагчаас “...а/46 дугаар тушаалаар ... 2009 онд цуцалсан ... тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн нь ... хууль зөрчсөн нь /шалгалтаар/ тогтоогдсон, ... сайдын шийдвэрийг биелүүлэх үүргийн хүрээнд гаргасан шийдвэр ... хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

            10. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “Б” ХХК нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Сонсголонд байрлах 73 гектар хайрганы уурхайн эдэлбэр талбайд 2299А дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 262 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2009 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 6/1017 дугаар “Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл цуцлах тухай дүгнэлт”-ийг тус тус үндэслэн, “Б” ХХК-ийн эзэмшлийн 2299А ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан, талууд эдгээр үйл баримттай маргаагүй байна.

            11. Түүнчлэн, “Б” ХХК-иас Ашигт малтмалын газарт хандан “2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 95/04 дүгээр албан бичгээр ... 2299А тусгай зөвшөөрлийн дагуу ... олборлолтын үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд явуулж байсан, ... өмнө олборлолт явагдаж нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон хэсэг манай тусгай зөвшөөрлийн талбайд орж байгаа байдлыг нягтлан шалгалгүй ... /2009 онд/ тусгай зөвшөөрлийг цуцалсан, ... манай компани ... техникийн нөхөн сэргээлтийг хийж ... хүлээлгэн өгсөн. Иймд ... 2299А тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж өгнө үү гэх хүсэлт гаргасан”-ыг үндэслэн, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсийн дарга Т.Батболд, ахлах мэргэжилтэн Ц.Ганбат нар “хяналт шалгалт хийж”, 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “Хяналт шинжилгээ хийсэн дүгнэлт” гаргасан, уг дүгнэлтдээ “... /2009 онд/ БОХГ, МХЕГ-аас хяналт шалгалтыг хуулийн дагуу явуулаагүй... байна, ... компанид хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах... гомдол гаргах боломжийг олгоогүй ... тусгай зөвшөөрлийг цуцалсан байна, ... “Б” ХХК нь ... тусгай зөвшөөрлийн талбайд ухагдаж, эвдэгдсэн газарт техникийн нөхөн сэргээлт хийсэн ... нь баримтаар тогтоогдсон...” гэх зэрэг үндэслэл дурдаж, ““Б” ХХК-ийн 2299А тусгай зөвшөөрлийг сэргээх хууль зүйн үндэслэлтэй” гэх дүгнэлт гаргасан, уг дүгнэлт болон Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.16, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсгийг тус тус үндэслэн, Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр а/46 дугаар тушаал гаргаж, “.. “Б” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын 229А дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж” шийдвэрлэсэн, талууд мөн эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

            12. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 28 дугаар тушаалаар “... /Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн/ тусгай зөвшөөрлийн бүртгэлд орсон өөрчлөлтөд хяналт шалгалт хийх үүрэг бүхий” Ажлын хэсгийг байгуулж, хяналт шалгалтын удирдамжийг баталсан, хяналт шалгалтын ажлын тайланг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор танилцуулахыг үүрэг болгосон, уг тушаалын дагуу хяналт шалгалт хийгдэж, хяналт шалгалтын ажлын тайланд “... шүүхийн шийдвэргүйгээр тусгай зөвшөөрлийг сэргээсэн” захиргааны актуудыг “хууль хяналтын байгууллагаар шалгуулах шаардлагатай” гэх дүгнэлт гаргасан, уг тайланд “Б” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын 229А дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн захиргааны акттай холбоотой асуудал дурдагдсан, мөн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” тушаалаар “... Ажлын хэсгийн хяналт шалгалт хийсэн тухай дүгнэлтэд дурдсан тусгай зөвшөөрлүүдийг эрх бүхий байгууллагад шилжүүлэн шалгуулах, хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох...”-ыг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга /Б.Баатарцогт/-д даалгажээ.

            13. Хэргийн оролцогчдоос Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлд холбогдуулж маргасан, маргаан бүхий актаар “... “Б” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын 2299А дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн” захиргааны актыг хүчингүй болгосон тул эрх сэргээсэн актын үндэслэлд зайлшгүй дүгнэлт хийсний үндсэн дээр маргаан бүхий акт “хууль зөрчсөн эсэх”, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд дүгнэлт хийх боломжтой, анхан болон давж заалдах шатны шүүх уг асуудлаар зөв дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байна.

14. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан /бол тусгай зөвшөөрлийг цуцлах/”-аар, 56.5-д “... /энэ үндэслэлээр/ тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах”-аар, мөн хуулийн 20 дугаар зүйл (2017 оны 11 дүгээр сарын  10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан)-ийн 20.1-д “... тусгай зөвшөөрөл ... цуцлагдсан бол ... сонгон шалгаруулалт явуулж, тусгай зөвшөөрлийг шинээр олгох”-оор тусгайлан заасан байх тул “Б” ХХК-ийн 2299А тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 262 дугаар шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянан шалгах, 2009 онд цуцлагдсан тусгай зөвшөөрлийг сэргээх талаар дүгнэлт, шийдвэр гаргах эрх Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик мэдээллийн хэлтсийн дарга Т.Батболд, ахлах мэргэжилтэн Ц.Ганбат, Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа нарт олгогдоогүй, хуулиар өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж гаргасан Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн а/46 дугаар тушаалыг хууль бус гэж үзнэ.

15. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “... /агентлаг нь/ хууль тогтоомж, ... сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах”-аар, 8 дугаар зүйлийн 8.4-т заасан “агентлагийн дарга ... хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргах”-аар заасан байх тул Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангаж, Ашигт малтмалын газрын даргын “хууль зөрчсөн” 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн а/46 дугаар тушаалыг хүчингүй болгосон маргаан бүхий захиргааны акт дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... хариуцагчийн тушаалд Ашигт малтмалын тухай хуульд заасан яг ямар үндэслэлээр маргаан бүхий тусгай зөвшөөрлийн эрхийг цуцлаж байгаа нь тодорхойгүй эрх зүйн үндэслэлийн хувьд шийдвэр нь үндэслэл бүхий байх, бодит нөхцөлд тохирсон байх шаардлагыг хангаагүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

16. Түүнчлэн, Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн а/46 дугаар тушаал нь дээрх байдлаар “хууль бус” болох нь тогтоогдож байх тул уг  тушаалын дагуу нэхэмжлэгч “Б” ХХК-нд олгогдсон эрхийг “хууль ёсны” гэж дүгнэх боломжгүй,  хууль ёсоор үүсээгүй эрхийг шүүх хамгаалах үндэслэлгүй, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын маргаан бүхий 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаалаар Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн а/46 дугаар тушаалыг хүчингүй болгосон нь нэхэмжлэгч “Б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “... Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” тусгай зарчмуудыг баримтлах гэж зааж өгсөн байхад уг ажиллагааг хийгээгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авахгүй.

17. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “...захиргааны акт...-ыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг хариуцагч хэрхэн биелүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй тул хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа уг хуульд заасан “сонсох ажиллагаа” явуулаагүй гэж дүгнэх үндэслэлтэй, гэвч захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагааны явцад гаргасан уг зөрчил нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна.

18. Эдгээр үндэслэлээр, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0842 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2018/0022 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Н.Баянсайханы гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.АТАРЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА