Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-06-13
Дугаар 260
Хэргийн индекс 125/2017/0044/З
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гочоогийн Банзрагч
Нэхэмжлэгч "Э" ХК
Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“Э” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:        Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:          Л.Атарцэцэг

                         Д.Мөнхтуяа

                         Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/274 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0220 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б, өмгөөлөгч Д.Х нар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0220 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/274 дүгээр захирамжийг хүчингүй болгосон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/274 дүгээр захирамжийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь, Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/274 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө ... хүчингүй болгоно” гэснийг баримталж, урьд гаргасан 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 46 дугаар захирамжийн 3 дахь заалтыг хүчингүй болгосон. Ингэхдээ Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 46 дугаар захирамжийн 3 дахь заалтаар Жаргалант сумын Наран багийн нутаг Усны аж ахуйн албан контор, хашааны 1 га газрыг “Э” ХК-д үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн нь анхнаасаа Газрын тухай хууль, тогтоомжид нийцээгүй гэж үзсэн байдаг. Ийм байхад давж заалдах шатны шүүхийн магадлалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байдлыг үгүйсгэлээ.

4. Хариуцагчаас нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн хууль бус захирамжаа хүчингүй болгож, зөвтгөснөөс бус нэхэмжлэгчид олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй байна. Ийм байхад давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/274 дүгээр захирамжийг газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захиргааны акт гэж дүгнэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

5. Хариуцагчаас нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн хууль бус захирамжаа хүчингүй болгосон тул анх газар эзэмшүүлсэн процедур нь хуульд нийцсэн эсэх нь энэхүү маргааны зүйл юм. Энэ тохиолдолд Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 46 дугаар захирамжийн 3 дахь заалтаар Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт, хуучнаар Усны аж ахуйн албан контор, хашааны 1 га газрыг “Э” ХК-д үйлдвэрлэлийн зориулалттай эзэмшүүлсэн нь газар эзэмшүүлэхэд тавигдах хуулиар тогтоосон зарчим, шаардлагад нийцсэн эсэхийг давж заалдах шатны шүүх хянан үзээгүйд гомдолтой байна.

6. Учир нь, Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт, хуучнаар Усны аж ахуйн албан контор, хашааны 1 га газрыг “Э” ХК-д үйлдвэрлэлийн зориулалттай эзэмшүүлсэн Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 46 дугаар захирамжийн 3 дахь заалт нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33.1.2-т заасан шаардлагыг зөрчсөн байдаг. Тодруулбал, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны 6/3 дугаар тогтоолоор аймгийн 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталжээ. Аймгийн 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгжид үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээнд Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт, хуучнаар Усны аж ахуйн албан контор, хашааны 1 га газар тусгагдаагүй байна.

7. Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт, хуучнаар Усны аж ахуйн албан контор, хашааны 1 га газрыг “Э” ХК-д үйлдвэрлэлийн зориулалттай эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлээгүй, зөвхөн нэг аж ахуйн нэгжид давуу эрх олгожээ. Ховд аймгийн Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 70 дугаар захирамжийн 33-37 дахь заалтаар иргэн О.Э, Б.О, Э.У, Э.П, Э.Ц нарт өмчлүүлсэн Жаргалант сумын Наран багийн 22-15 тоот 1800 м.кв газартай давхцуулан “Э” ХК-д газар эзэмшүүлжээ.

8. Ховд аймгийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр А/274 дүгээр захирамж гарган урьд гаргасан 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 46 дугаар захирамжийн 3 дахь заалтыг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.

9. Газар эзэмших эрх нь хууль, журмын дагуу үүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол шүүхээр хамгаалагдах учиртай. Хууль бусаар давуу эрх эдэлж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, бусдын эзэмшиж буй газартай давхцсан, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар шалгараагүй этгээдийн эрх хамгаалагдахгүй. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2019/0220 дугаар магадлалыг хүчингүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

11. Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 1.1. /актад бичсэнээр/, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2.3 /актад бичсэнээр/, 12.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож” шийдвэрлэсэн нь хууль бус талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

12. Учир нь, “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” үндэслэлийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлээр зохицуулсан байтал хариуцагчаас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 1.1, мөн маргаан бүхий актыг гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээгүй байсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зүйл, заалтыг үндэслэсэн нь хууль бус. Тодруулбал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр /газар эзэмшигчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас/ “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тухай ойлголт нь хууль ёсны дагуу газар эзэмших эрх нь үүссэн газар эзэмшигчийн хувьд хэрэглэгдэх үндэслэл юм. Харин Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэсэн нь захиргааны акт анхнаасаа хууль бус гарсан тохиолдолд хэрэглэгдэнэ.

13. Хэдийгээр хариуцагчаас маргаан бүхий актыг анхнаасаа гаргахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан шаардлагыг зөрчсөн тул хуульд заасан эрхийнхээ хүрээнд хууль бус шийдвэрээ хүчингүй болгосон гэж маргаж, гомдол гаргаж байгаа боловч /Тодорхойлох хэсгийн 6-8/ маргаан бүхий актад Газрын тухай хуулийн эдгээр зүйл, заалтыг заагаагүйгээс гадна актын нэршил нь “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” гэсэн байна. Иймд “хариуцагчаас нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн хууль бус захирамжаа хүчингүй болгож, зөвтгөснөөс бус нэхэмжлэгчид олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй” гэх гомдол үндэслэлгүй /Тодорхойлох хэсгийн 4-т/.

14. Түүнчлэн, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг “захиргаа хууль зөрчсөн л бол гаргасан шийдвэр болгоноо хүчингүй болгоно” гэж ойлгохгүй, өөрөөр хэлбэл, захиргаа уг зохицуулалтыг өөрийн буруутай үйл ажиллагааныхаа төлөө газар эзэмшигчийг буруутгаж, түүний эрх зүйн байдлыг дордуулах байдлаар хэрэглэх учиргүй, харин ч эсрэгээрээ гаргасан шийдвэр нь газрын тухай хууль тогтоомжийг зөрчиж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол түүнийгээ хүчингүй болгож, эрх нь зөрчигдсөн этгээдийн эрхийг нь сэргээхэд чиглэгдэнэ гэж тайлбарлахаар байна. Иймээс “хууль бусаар газар эзэмших эрх олж авсан нэхэмжлэгчийн эрхийг хүчингүй болгосон маргаан бүхий акт хууль ёсны байхад давж заалдах шатны шүүх түүнийг үгүйсгэлээ” гэсэн утгатай уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 3, 9-д заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

15. Нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай давхцалтай байж болзошгүй нэр бүхий иргэдийн газар эзэмших эрхийнхээ талаарх шүүхэд маргах эрхийг энэхүү тогтоол хязгаарлахгүй болохыг дурдаж байна.

16. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0220 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                  Г.БАНЗРАГЧ