Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-03-05
Дугаар 94
Хэргийн индекс 128/2016/0248/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч "М" ХХК
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд "Ай ...." ХХК
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“М” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын

Кадастрын хэлтэст холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                М.Батсуурь

Шүүгчид:                   Г.Банзрагч

                                    П.Соёл-Эрдэнэ

                                    Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 дугаар мэдэгдлийг хүчингүй болгох, Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг, Алтай нэртэй газарт 3169,31 га талбайд хамгийн түрүүнд өргөдөл гаргасныг тогтоож, NE-...... дугаар бүртгэлтэй өргөдлийг сэргээж, тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг дахин шийдвэрлэхийг хариуцагчид даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0749 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0009 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Баярсайхан, Н.Шажинбат

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Дашдаржаа,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Мөнх-Эрдэнэ нар, 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Шажинбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0749 дүгээр шийдвэрээр: 1. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн “Ашигт малтмалын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 дугаар мэдэгдлийг хүчингүй болгох, Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг, Алтай нэртэй газарт 3169,31 га талбайд хамгийн түрүүнд өргөдөл гаргасныг тогтоож, NE-...... дугаар бүртгэлтэй өргөдлийг сэргээж, тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг дахин шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

  2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0009 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0749 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Шажинбатын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Шажинбатын гомдол: ... Захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхүүд нь Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн заалтуудыг анхаарч үзэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4. Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг, Алтай нэртэй газарт 3169.31 гектор талбайд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж, бүртгүүлсэн этгээд болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тухайд:

5. Анхан шатны шүүхийн 749 дүгээр шийдвэрийн 19 дэх хуудас, Үндэслэх хэсгийн 2-т “нэхэмжлэгчийг Говь-Алтай аймгийн Алтай сумын Алтай нэртэй газарт 3169.31 га талбайд хамгийн түрүүнд өргөдөл гаргасан гэдэгтэй хариуцагч маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг болно” хэмээн дүгнэсэн боловч нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүхийн 09 дүгээр магадлалд “нэхэмжлэгч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан болохыг тогтоолгох шаардлага гаргасан боловч энэхүү нөхцөл байдлыг хэн ч үгүйсгээгүй, захиргааны байгууллага өргөдлийг авч бүртгэсэн нь баримтаар батлагдаж байгаа, хариуцагч энэ талаар маргаагүй тул шүүхээс тогтоох шаардлагагүй” хэмээн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

6. Анхан, давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэлийн уг шаардлагыг шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 17.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” хэмээн тодорхой заасан байх бөгөөд хуулийн шаардлага хангасан өргөдлийн хувьд хамгийн түрүүнд бүртгэгдсэн бол тусгай зөвшөөрлийг түүнд олгох эрх зүйн үр дагавартай байхаар хуульчилан заасан байна.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй, 52.5.3 дахь хэсэгт нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг тогтоохоор заасан байх бөгөөд шүүх нэхэмжлэлийн уг шаардлагыг хариуцагч маргадаггүй гэх үндэслэлэээр хангахаас татгалзсан нь хууль бус байна.

8. Нэхэмжлэгчийн хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээд болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан эрх зүйн үр дагаварт хүргэнэ, хуульд заасан уг үр дагавар нь нэхэмжлэлийн бусад шаардлагын эрх зүйн үндэслэл болох шалтгаантай байхад анхаарч үзэлгүйгээр хуулийн уг заалтыг буруу тайлбарлан хуулиар олгосон нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

9. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтэст М ХХК-ийн NЕ-025216 дугаар бүртгэлтэй  өргөдлийн дагуу Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг, Алтай нэртэй газарт 3169.31 гектор талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг дахин шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тухайд:

10. Анхан шатны шүүхийн 749 дүгээр шийдвэрийн Үндэслэх хэсэгт “орон нутгийн өөрөө удирдах онцгой эрх бүхий Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн саналаар тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байх тул өргөдлийг сэргээж дахин шийдвэрлэхийг даалгах үндэслэлгүй байна” хэмээн дүгнэж дахин шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

11. Давж заалдах шатны шүүхийн 09 дүгээр магадлалд “Засаг даргын дэмжсэн санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т ...Засаг дарга ... сум, ... аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн саналыг авч ... төрийн захиргааны байгууллагад хариу өгөх гэж заасны дагуу гаргасан санал биш бодит нөхцөл байдал нь нэхэмжлэгчид эерэгээр өөрчлөгдсөн гэх үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байна” хэмээн үндэслэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

12. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших, сум, дүүргийн ИТХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” хэмээн заасан байх бөгөөд уг заалтын дагуу Говь-Алтай аймгийн Засаг дарга нь Алтай сумын ИТХ-ын саналыг авалгүйгээр дан ганц  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн саналыг үндэслэн 2015.04.01-ний өдөр дэмжихгүй санал ирүүлсэн.

13. Нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргын санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж гомдол гаргасны дагуу Говь-Алтай аймгийн засаг дарга нь 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих” тухай санал ирүүлсэн.

14. Гэтэл анхан, давж заалдах шатны шүүхүүд нь аймгийн Засаг даргын зөвшөөрсөн саналыг Ашигт малтмалын тухай хуулийн 19.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байх бөгөөд аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгчийн гомдлыг шийдвэрлэхдээ сумын болон аймгийн ИТХ-ын саналыг авалгүйгээр хариу өгсөн нь нэхэмжлэгчээс хамаарах асуудал биш, захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагаанд нэхэмжлэгчийг буруутгаж буй нь үндэслэлгүй байна.

15. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 19.4, 19.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 (е), 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь хэсэгт заасны дагуу харьяалах нутаг дэвсгэрт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөлд аймгийн Засаг дарга санал өгөхөөр хуульчилсан, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Засаг даргын захирамж хууль тогтоомжинд нийцээгүй бол өөрөө хүчингүй болгох буюу өөрчлөх” эрхийг олгосоны дагуу аймгийн ИТХ-ын саналд үндэслэн өмнө өгсөн дэмжихгүй саналаа өөрчлөх, хүчингүй болгох эрхийг аймгийн Засаг дарга эдлэнэ. 

16. Ийм байхад анхан, давж заалдах шатны шүүх аймгийн Засаг даргын дэмжсэн санал нь аймаг, сумын ИТХ-ын саналд үндэслээгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй, үндэслэлгүй гаргасан дэмжихгүй саналаа өөрчлөх, хүчингүй болгох Засаг даргын бүрэн эрхэд халдсан, нэхэмжлэгч аж ахуй нэгжийг төрийн захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлаар буруутган нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзсан нь үндэслэлгүй.

17. Түүнчлэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь М ХХК-ийн хамгийн түрүүнд гаргасан өргөдөлд өгсөн Засаг даргын саналыг хуульд нийцсэн гэж үзээд татгалзах шийдвэр гаргасан мөртлөө дахин уг талбарт 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өргөдөл хүлээн авч шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн үйл ажиллагаа болсон тул дахин захиргааны акт гаргах ажиллагааг явуулахыг хариуцагчид даалгах нь хуульд нийцнэ.

18. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийн өргөдлийг шийдвэрлэх үеийн бодит нөхцөл байдал өөрчлөгдөж аймгийн Засаг дарга дэмжсэн санал өгсөн байхад уг саналыг хүлээн авч шийдвэрлэхгүй байх нь зөв гэж шүүхүүд хуулийг тайлбарлан хэрэглэсэн нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

19. Иймд, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 749 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 09 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

20. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            21. Нэхэмжлэгч “М” ХХК нь Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт, “Алтай” нэртэй, 3169,31 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмалын газар (тухайн үеийн нэрээр)-ын Кадастрын хэлтэс 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр бүртгэсэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “... тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг ...-ийн Засаг даргад бичгээр мэдэгдэх”-ээр, 19.4-т “...аймаг ... -ийн Засаг дарга ... мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх”-өөр тус тус заасан (2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсон)-ы дагуу тус хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 6/1219 дүгээр албан бичгээр Говь-Алтай аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 53 дугаартай албан бичгээр “... тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” гэх санал ирүүлсэн, үүнийг үндэслэн, мөн газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэрээр “... хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж”, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 6/3700 дугаар албан бичгээр уг шийдвэрийг “М” ХХК-нд мэдэгджээ.

            22. Нэхэмжлэгч  “М” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэртэй маргаагүй, уг шийдвэр нь “хууль бус болох” талаар захиргааны байгууллага, албан тушаалтан, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж байгаагүй, нэхэмжлэгчээс “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, ийнхүү татгалзсаныг анхан шатны шүүхийн шийдвэрээр баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

            23. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (2002)-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргах”-аар, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “... /30 хоногийн/ хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах”-аар тус тус заасан, уг хугацаанд гомдол, нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд тухайн захиргааны акт хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

24. Нэхэмжлэгч “М” ХХК нь Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 53 дугаартай “санал”-ын талаар тухайн үед, дээрх зохицуулалтын дагуу, “30 хоног”-ийн хугацаанд Засаг даргад өөрт нь эсхүл шүүхэд гомдол гаргаагүй, нэхэмжлэгч уг үйл баримттай маргаагүй байх тул “...гомдол гаргасны дагуу Говь-Алтай аймгийн засаг дарга нь 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 290 дугаар албан бичгээр ... хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн”-ийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002) хуульд заасан журамд нийцсэн гэж үзэхгүй юм.

            25. “М” ХХК-иас 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Ашигт малтмалын газрын даргад хандаж “... манай компани Говь-Алтай аймгийн Засаг дарга.../-тай/ уулзаж ... дэмжлэг авсан... /тул/ Кадастрын хэлтэс ... аймгийн Засаг даргын Тамгын газраас ... холбогдох бичиг баримт.../-ыг/ авч шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 дугаар албан бичгээр “... 2015 оны ... 378 дугаар шийдвэрээр /танай/ өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан...,  өргөдлийн бүртгэлээс хасагдсан ... өргөдөлд өгсөн Засаг даргын саналыг хүлээн авч тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” гэх хариу өгсөнийг нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... хамгийн түрүүнд өргөдөл гаргасан /манай компани/... хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрхтэй... /байхад/ тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль бус” гэж маргажээ.

            26. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 дугаар албан бичгээр “... 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн” гэх үндэслэлээр, “тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” болохыг мэдэгдсэн нь хариуцагчийг Ашигт малтмалын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл хууль зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэлгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

            27. “М” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл дээрх байдлаар шийдвэрлэгдэж дууссаны дараа буюу 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Ай Ай Жэй Эй Эй” ХХК-иас маргааны үйл баримтад холбогдох дээрх талбайд мөн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан, уг өргөдөлд Говь-Алтай аймгийн Засаг дарга 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй” гэсэн санал өгсөн, уг саналыг үндэслэн тус компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос мөн татгалзсан, маргаан бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд “... Алтай сумын нутаг, Алтай талбайд ...хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй”-ээр шийдвэрлэсэн, эдгээр шийдвэрүүд хүчин төгөлдөр байгаа, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 290 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчид өгсөн, “... тус компанийн хүсэлтийн дагуу дэмжиж байна” гэх санал нь зохих журмын дагуу Алтай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцэгдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байхад шүүхээс “М” ХХК-нд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах боломжгүй, уг асуудлаар шүүхүүд мөн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

28. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “аймаг... /-ийн/ Засаг дарга ... тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх”-өөр, 19.5-д “...Засаг дарга ... хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болох”-оор тус тус заасан, тухайн тохиолдолд, Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт, “Өндөр” нэртэй, 3169 га талбай нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талаар Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Х/02 дугаар тогтоол хүчин төгөлдөр байна.

            29. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “М” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл авах “давуу эрх” нь зөвхөн түрүүлж өргөдөл гаргаснаар шууд үүсэхгүй, хүсэлт гаргаж буй Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг, “Алтай” нэртэй, 3169.31 га талбай нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой болох нь тогтоогдсон, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар зохих журмын дагуу хэлэлцэгдэн, дэмжигдэж, Засаг даргын санал хуульд заасан журмын дагуу авагдсанаар үүсэх бөгөөд, тухайн тохиолдолд, уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой болох нь тогтоогдоогүй, энэ тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгчид олгохыг даалгах боломжгүй талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  хяналтын журмаар гаргасан “...хамгийн түрүүнд бүртгэгдсэн бол тусгай зөвшөөрлийг түүнд олгох эрх зүйн үр дагавартай байхаар хуульчилан заасан, ... шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, ... аймгийн Засаг даргын дэмжсэн санал нь аймаг, сумын ИТХ-ын саналд үндэслээгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй, үндэслэлгүй гаргасан дэмжихгүй саналаа өөрчлөх, хүчингүй болгох Засаг даргын бүрэн эрхэд халдсан” гомдлын үндэслэлүүдийг хүлээж авах боломжгүй. 

            30. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-т “...нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг” тодорхойлох шаардлагыг хуульчилсан, нэхэмжлэгчээс “...Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан эрх зүйн үр дагаварт хүргэнэ” гэх боловч, “М” ХХК-нд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой болох нь дээрх байдлаар тогтоогдоогүй, түүнчлэн, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийдвэр хүчин төгөлдөр байхад нэхэмжлэгч “М” ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл”-ийн дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэстэй үүссэн эрх зүйн харилцаа “...дуусаагүй, үргэлжилж байгаа” гэж шүүх дүгнэх боломжгүй, уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр зөв байх тул  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх нэхэмжлэлийн уг шаардлагыг ... хангахаас татгалзсан нь хууль бус, ... хуулийн уг заалтыг буруу тайлбарлан хуулиар олгосон нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн дүгнэлт хийсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

            31. Эдгээр үндэслэлээр, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0749 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0009 дүгээр магадлалыг магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Шажинбатын гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА