Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-05-28
Дугаар 240
Хэргийн индекс 123/2017/0044/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч "Э ц" ХХК
Хариуцагч Төв аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“Э ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Л.Атарцэцэг

Шүүгчид:                   Х.Батсүрэн

                                    Б.Мөнхтуяа

                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 212 тоот саналыг хүчингүй болгуулах”

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 123/ШШ2017/0046 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0177 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир нар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очирын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 123/ШШ2017/0046 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 2, 3, Зургаадугаар зүйлийн 3, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2.з, 20 дугаар зүйлийн 20.1.7, 22 дугаар зүйлийн 22.1.12, 30 дугаар зүйлийн 30.1, 30.13 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э ц” ХХК-ийн “Төв аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 212 тоот саналыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

  2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0177 дугаар магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 123/ШШ2017/0046 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгээс “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, 3, Зургаадугаар зүйлийн 3, Монгол Улсын засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2.з, 20 дугаар зүйлийн 20.1.7 ” гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э ц” ХХК-ийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очирын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир гомдолдоо: ... Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь Төв аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 212 тоот “хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг зөрчиж хуульд заасан үндэслэлээр гараагүй гэж маргаж байна.

4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Ашигт малтмалын тухай хуулийн   19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно” заасны “зөвхөн хуульд заасан үндэслэлээр” гэдгийг энэ хуульд буюу эсхүл Ашигт малтмалын тухай хуулийн 19.1.4-т буюу “ашигт малтмал эрэх, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж   ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхацсан тохиолдолд л татгалзсан хариу  өгч болно” үзэх нь учир дутагдалтай байна гэжээ.

5. Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны 04 тоот “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 10-д “хуулийн 19 дүгээр зуйлийн 19.5-д заасан “...татгалзсан хариу өгч болно” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн   захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэж тайлбарлажээ.

6. Шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг зохицуулалтын хэм хэмжээ, зорилго, агуулгаас өөрөөр тайлбарлаж “зөвхөн хуульд заасан үндэслэл” гэдэг хатуу зохицуулалтыг хуульд нэрлэн заагаагүй үндэслэлээр татгалзсан хариу өгч болохоор дэлгэрүүлж тайлбарлаж тухайн тохиолдолд хэрэглэсэн байна.

7. Гэтэл Төв аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 212 тоот санал нь татгалзалын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Газрын тухай хуулийн 6 дугаар зүйл 6.2, хуульд өөрөөр заагаагүй бол дараах газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана, 6.2.1 бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар” гэж заасан заалт.

8. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-д “Зуслан, намаржаа болон   отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно” гэж заасан заалт.

9. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7 Өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно. Усны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Усны сан бүхий газрыг төрийн байгууллагын зохицуулалттайгаар нийтээр  ашиглана” гэж заасан үндэслэлээр татгалзжээ.

10. Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.6-д “ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг” гэж тодорхойлсон үйл ажиллагаа.

11. Гэтэл Төв аймгийн Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасан дээрх үйл ажиллагаа явуулахад дараах нөхцөл шууд саад болно гэж үзжээ. Үүнд: Тухайн үйл ажиллагаа явуулах талбайд бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар байгаа, тухайн үйл ажиллагаа явуулах талбайд малчдын өвөлжөө, хаваржаа байгаа.

12. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасныг Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 сарын 26-ны “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 09 тоот тогтоолын 10-д хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “...татгалзсан хариу өгч болно” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шййдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэж заасан.

13. Гэтэл аймгийн Засаг дарга Ашигт малтмалын тухай болон бусад хуулиар хориглосон, язгаарласан бус өөр үндэслэлээр татгалзсан санал хүргүүлсэн. Үүнийг  анхан болон давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

14. Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрт Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 22.1.12-д ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум, дүүргийн Хурлын саналыг авч Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хзлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах” мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 30.1.13-д харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх” гэж заасныг үндэслэж гаргасныг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн.

15. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ”. Иймд тухайн асуудлыг холбогдох хуулиудаар дараах байдлаар ялгаатай зохицуулсан байна.

16. Үүнд: Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тухайн Аймгийн Засаг дарга Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх. Ашигт малтмалын тухай хуулиар Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч өөрөө шийдвэрлэн хариу өгөх.

17. Маргааны үйл баримт нь Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагаа бөгөөд тус харилцааг нарийвчлан зохицуулсан талаар Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлсон.

18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүх тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д заасныг хэрэглэж маргааныг шийдвэрлэх ёстой байсан.  Гэвч Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22.1.12, 30.1.13-д заасныг буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж маргааныг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны болж чадаагүй бас нэгэн үндэслэл болно.

19. Нотлох баримтыг бодит байдлаас нь өөрөөр авч үзэж үнэлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг зөрчжээ.

20. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт /6-р нүүрэнд/ “Хайгуулийн тусгай зөвшөөрөл хүссэн талбай байрлах Төв аймгийн Өндөрширээт сумын “Их бүс” хэмээх газар нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар тогтоолоор байгалийн унаган төрх, түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалах, хамгаалах, доройтсон орчныг нөхөн сэргээх, ховор ан амьтдыг хадгалан хамгаалах зорилгоор тусгай хамгаалалтад авсан “Уянга-Номгон” хэмээх газар... -тай давхцалтай болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна”. Гэвч нэхэмжлэгч “Э ц” ХХК нь Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн тэлбай нь давхцалтай талаар маргахгүй гэсэн тул давхцлын талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

21. Магадлалын хянавал хэсгийн /6-р нүүрэнд/ “мөн нэхэмжлэгч талаас тусгай зөвшөөрөл хүссэн талбайн давхцалтай холбогдуулан маргаагүй болохыг тус тус тэмдэглэв” гэжээ.

22. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2-д “Нотлох баримт нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл, цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно”, мөн хуулийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж тус тус заасан.

23. Гэвч шүүх нотлох баримт болох өмгөөлөгчийн тайлбарыг бодит байдлаас өөрөөр тогтоож, тайлбарлаж шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэл болгожээ.

24. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний зүгээс анхан болон давж заалдах шатны  шүүхэд давхцалын талаар шалгуулах шаардлагагүй гэдгийг шийдвэр магадлалд тусгаж байгаа шиг “нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь орон нутгийн тусгай хамгаалалтад авсан талбайтай давхацсан болох нь бодит   үнэн” гэх агуулгаар тайлбарлаагүй.

25. Харин дараах үндэслэлээр давхцалын талаар дүгнэх, шийдвэрлэх шаардлагагүй гэж үэсэн тул энэ асуудлаар шүүхэд хүсэлт гаргаагүй болно. Үүнд: Маргаан бүхий захиргааны акт болох нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 212 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход өгч буй татгалзах санал” өөрөө орон нутгийн тусгай хамгаалалтад авсан үндэслэлээр гараагүй. Орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан талаар Ашигт малтмалын газарт өргөдлийн дагуу зураг зүйн шүүлт хийхэд давхцалгүй гэсэн тодорхойлолт хэрэгт авагдсан. Төв аймгийн Өндөр ширээт сум 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр тус талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан бол Ашигт малтмалын тухай хуулийн 14.1-д “эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол дор дурдсан мэдээллийг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж заасны дагуу бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэхгүй.

26. Гэтэл шүүх дээр дурдсан агуулгаар бус нэхэмжлэгч тусгай хамгаалалтад авсан газартай давхцалтай гэх асуудлаар нь шалгуулж маргаагүй тул тусгай хамгаалалтад авсан газартай давхцалтай гэдэг нь нотлогдлоо. Тусгай хамгаалалтад авагдсан газартай давхцалтай тул Засаг даргын татгалзал хуулийн үндэслэлтэй гэж шийдвэрлэжээ.

27. Нэхэмжлэгч нь орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрын зураг, кординат, давхцалыг шалгуулах хүсэлт гаргаагүй нь шууд давхцалтай нь үнэн зөв гэж үзэх зарчим мөрдөн шалгах чиг үүрэг бүхий захиргааны хэргийн шүүхэд үйлчлэхгүй.

28. Шүүх өөрийн хийсэн дээрх дүгнэлтийг өөрийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа бол түүнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан өөрийн үндсэн үүргийн дагуу шалгасны дараа дээрх дүгнэлтэд хүрч түүнийгээ шийдвэрийнхээ үндэслэл болговол хуульд нийцнэ.

29. Төв аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хянан шийдвэрлэсэн 46 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 177 дугаар магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

30. Иймд, Төв аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 46 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 177 дугаар магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

31. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            32. Төв аймгийн Өндөрширээт сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний  өдрийн 22 дугаар тогтоолоор  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.“з”-д заасныг үндэслэн” “Эрдэнэцагаач” ХХК-ийн тус сумын нутаг дэвсгэр, “Их бүс” нэртэй талбайд  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд “дэмжих боломжгүй санал уламжлах”-аар, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар мөн асуудлыг хэлэлцээд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12-т заасныг тус тус үндэслэн “хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих боломжгүй” гэж тус тус шийдвэрлэн, уг хуралдаанаас “...саналыг хуулийн хугацаанд өгөхийг аймгийн Засаг дарга ...-д даалгасан”, Төв аймгийн Засаг дарга 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 212 дугаартай “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ын хуудсаар “уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” санал ирүүлжээ. 

            33. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл (2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцогдсон)-ээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тогтоосон, уг зүйлийн 19.3-т “... /төрийн захиргааны байгууллага/ тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол  ... энэ талаар тухайн аймаг ...-ийн Засаг даргад бичгээр мэдэгдэх...”-ээр, 19.4 т “... аймаг... –ийн Засаг дарга ... мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум... /-ын/ иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон ... аймаг...-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх...”-өөр тус тус зааснаас үзэхэд, Ашигт малтмалын тухай хуульд заасан аймгийн Засаг даргын “санал авах” зохицуулалт нь тухайн сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулах эсэх талаар нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаар дамжуулан тухайн орон нутгийн иргэдийн санал бодлыг харгалзах, үүний үндсэн дээр төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар шийдвэр гаргах агуулгатай байна.

            34. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “...нутгийн өөрөө удирдах ёс нь ... тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн”, 18 дугаар зүйлийн 18.1-д “... сум ... /-ын/ Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй...”, 20 дугаар зүйлийн 20.1.7-д “... /сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь/ нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх /эрхтэй/” гэж тус тус зааснаас үзэхэд, Төв аймгийн Өндөрширээт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид нь сумын эдийн засаг, нийгмийн аливаа асуудлыг бие даан хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй, үүний дотор, тус сумын нутаг дэвсгэр, “Их бүс” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрх мөн багтана.

            35. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т “... /аймгийн Засаг дарга нь/ харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх”-өөр заасан байхад Төв аймгийн Засаг даргын “санал” нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн саналаас хамааралгүй гэж үзэх боломжгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй зөв, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ... 30.1.13-д заасныг буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж маргааныг шийдвэрлэсэн” гэх гомдол үндэслэлгүй байна.   

            36. Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн Жараннэгдүгээр зүйлийн 1-д “Засаг дарга тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх...”-ээр, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.в-д “... /Засаг дарга/ хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн тусгай хэрэгцээний газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах тухай шийдвэр гаргах”-аар, 29.1.3.г-д “.../Засаг дарга/ газар, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, тэдгээрийн биелэлтийг хангах чиглэлээр Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх...”-ээр тус тус заасан байх тул Засаг даргын шийдвэрийн нэг үндэслэл нь тухайн Хурлын шийдвэр мөн гэж үзнэ, иймд, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл (2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцогдсон)-ийн 19.5-д заасан “... аймаг...-ийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж болно” гэсний “...хуульд заасан үндэслэл” нь тухайн Хурлын шийдвэр болох тул Төв аймгийн Өндөрширээт сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний  өдрийн хуралдаан, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаас “дэмжихгүй” шийдвэр гарсан байхад Төв аймгийн Засаг дарга “дэмжсэн санал” гаргах үндэслэлгүй юм.

            37. Иймд, Төв аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 212 дугаартай “уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” гэх санал хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...аймгийн Засаг дарга Ашигт малтмалын тухай болон бусад хуулиар хориглосон, хязгаарласан бус өөр үндэслэлээр татгалзсан санал хүргүүлсэн /байхад/  анхан болон давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй, ...  Засаг дарга ... Хурлын шийдвэрээс хамаарахгүйгээр ... хуульд нийцүүлж татгалзах ёстой” , “... шүүхүүд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5-д ... заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг мөн хүлээж авах боломжгүй байна.  

            38. Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийг тогтоох хэсэгт баримталбал зохих хуулийн заалтуудыг буруу зааж, алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасан “... анхан шатны шүүх ... хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн ... өөрчлөх эрх”-ийн хүрээнд, үндэслэлтэй зөв байх тул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очирын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0177 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Эрдэнэцагаач” ХХК-ийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очирын гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Л.АТАРЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА