Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-05-28
Дугаар 238
Хэргийн индекс 128/2017/0635/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч "М" ХХК
Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын байцаагч Э.Б, Т.З нар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол:

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого,

хяналтын газрын улсын байцаагч

Э.Б, Т.З нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Л.Атарцэцэг

Шүүгчид:                   Х.Батсүрэн

                                    Б.Мөнхтуяа

                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын улсын байцаагчийн 210022543 тоот актын тогтоох хэсгийн 3.1-ийн зарим хэсэг, 3.2, 3.3 дахь хэсгүүдийг бүхэлд нь буюу нийт 1,626,691.04 мянган төгрөгийн нөхөн татвар, алданги торгуулийг хүчингүй болгуулах”,

Нэмэгдүүлсэн шаардлага: “актын 3.1 дэх заалтын зарим хэсгийг хүчингүйд тооцуулах тухай гэсний дараагаар хэрэв олборлосон бохир нүүрснээс чулууны хэсгийг нарийвчлан тогтоох боломжгүй тохиолдолд агаарын бохирдлын төлбөрийг чулуунд ногдуулсан байх тул актыг тогтоох хэсгийн 3.1 дэх хэсгээр тогтоосон нөхөн татвар болон хариуцлагыг илт хууль бусад тооцуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0965 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0193 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Давааням,

Хариуцагч Э.Болормаа, Т.Заяахишиг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тогосмаа, Б.Болдбаатар нар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Давааням, хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын байцаагч Э.Б, Т.З нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0965 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 13.8, 18 дугаар зүйлийн 18.1.1, 231 дүгээр зүйлийн 231.1, 29 дүгээр зүйлийн 29.1.8, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1.1, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай  хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-иас Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Э.Б, Т.З нарт холбогдуулан “Татварын улсын байцаагч 210022543 тоот актын тогтоох хэсгийн 3.1-ийн зарим хэсгийг хүчингүйд тооцуулах, хэрэв олборлосон бохир нүүрснээс чулууны хэсгийг нарийвчлан тогтоох боломжгүй тохиолдолд агаарын бохирдлын төлбөрийг чулуунд ногдуулсан байх тул актыг тогтоох хэсгийн 3.1 дэх хэсгээр тогтоосон нөхөн татвар болон хариуцлагыг илт хууль бусад тооцуулах,” гэсэн шаардлагын зарим хэсгийг ханган, улсын байцаагчдаас дахин шинэ акт гаргах хүртэл улсын байцаагч Э.Б, Т.З нарын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 210022543 тоот актын 3.1 дэх хэсгийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж,  нэхэмжлэгчийн гаргасан “актын 3.2, 3.3 дахь хэсгүүдийг бүхэлд нь буюу нийт 1,626,691.04 мянган төгрөгийн нөхөн татвар, алданги торгуулийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

  2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0193 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний   өдрийн 128/ШШ2017/0965 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 13.8, 231 дүгээр зүйлийн 231.1, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1.1, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын    ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын   Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Э.Болормаа,   Т.Заяахишиг нарын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 210022543 дугаар   актын 3.1, 3.2, 3.3 дахь хэсгийн 493.272.157,8 төгрөгийн торгууль, 729.431.673,2   төгрөгийн алданги, нийт 1.222.703.831 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж, үлдэх “хариуцагч нарын 2016 оны 210022543 дугаар актын 3.1 дэх хэсгийг илт  хууль бус болохыг тогтоолгох, 3.2 дахь хэсгийн 32.577.976,4 төгрөгийн нөхөн  татвар, 938.605,2 төгрөгийн торгууль, 579.635,2 төгрөгийн алдангийг хүчингүй   болгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,    шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг, хариуцагч нарын давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Давааням гомдолдоо: ... Манай компанийн Хөшөөтийн уурхайгаас нүүрс олборлох явцад түүнтэй хамт хаягдал байгалийн чулуу гардаг. Энэхүү чулуу нь Хөшөөтийн ордыг Монгол улсын нөөцөд бүртгүүлэхэд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт болон протоколоор /2 дугаар хавтас 18, 27, 36, 45, 54, 63, 72 хуудас/ 29 хувь гэж тогтоогдсон байдаг. Бид татварын хяналт шалгалт хийгдэх явцад болон ТЕГ-ын маргаан таслах зөвлөлд гомдол гаргах үедээ Уулын ажлын тайлангийн болон улсын нөөцөд бүртгүүлэх ажлын хяналтыг хийсэн, Уул уурхайн яамнаас томилогдон ажиллаж байсан хүнээр хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт /1 хавтас 112-117  хуудас/  гаргуулсан байдаг. Уг шинжээчийн дүгнэлтээр чулуу нь 23 хувь байна гэдгийг тогтоосон байдаг. Мөн манай баяжуулах үйлдвэр ашиглалтанд орсон үеэс буюу 2014 оны 12 сараас, 2017 оны 10 дугаар сарын хоорондох сар бүрийн мэдээгээр ялгаж буй чулуу нь дунджаар 22.3 хувь байна. /2 дугаар хавтас 2-145, 196-222 хуудас/ Иймээс бид анх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд: манай олборлосон нүүрсэнд бидний тооцоогоор 22,3-23 хувийн чулуу байгаа учраас актны тогтоох хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан төлбөрөөс энэхүү хувьд хамаарах төлбөрийг хасч өгнө үү /1 дүгээр хавтас 63 хуудас/ гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Гэтэл хариуцагчидын зүгээс танай уурхай чулуутай, гэхдээ чулууг нь тогтоох ямар боломжгүй гэсэн тайлбарыг хийдэг. /1 дүгээр хавтас 100 хуудас/ Хэрэв үнэхээр тогтоох боломжгүй юм бол нийт дүнд нь татвар ногдуулах нь хууль бус байх ёстой. Хариуцагч чулуунд татвар ногдохгүй гэдгийг /2017 оны 10 дугаар сарын 12-ны урьдчилсан хэлэлцүүлэг/ зөвшөөрдөг бөгөөд үүнийг ч анхан шатны шүүх баталгаажуулсан /2 дугаар хавтас 170 хуудас/ шийдвэр гаргасан байдаг.

4. Хариуцагчийн зүгээс чулууг тогтоох ямар ажиллагаа хийгдээгүй байдаг. Газар дээр нь очиж ажиллахдаа “... тухайн үеийн цаг агаарын байдал цасан шуургатай, хүнд, хүнд байдалд байсан ... чулууг ялгах боломж байгаагүй ...” /1 дүгээр хавтас 176 хуудас/ гэсэн тайлбарыг хийдэг. Бидний зүгээс санаачлага гарган бугдээрээ газар дээр очиж үзлэг хийе, болохгүй бол шинжээч томилуулъя, гэрчүүдийг асууя /1 дүгээр хавтас 109 хуудас/ гэсэн хүсэлтийг шүүхэд тавьсан. Хариуцагчийн зүгээс эдгээрийг зөвшөөрөөгүй бөгөөд тогтоох сонирхолгүй хойрго хандсан байдаг. Мөн энэхүү чулуу гээд байгаа нь хорт бодис агуулаагүй, сайтар нягтаршсан байгалийн чулуу бөгөөд нүүрс биш гэдгийг Геологийн төв лабораторын шинжилгээний хариу дүгнэлт /2 дугаар хавтас 109-111 хуудас/-ээртогтоосон байдаг.

5. Хариуцагч талаас чулууг тогтоох боломжгүй гэдэг үндэслэлээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас албан бичгээр “Чулууг тогтоох боломжгүй гэж мэргэжлийн байгууллага дүгнэсэн учраас” гэж тайлбарладаг. Энэхүү үндэслэсэн албан бичиг /2 дугаар хавтас 95 хуудас/-т “... 2010-2013 онуудад олборлосон нүүрсний хэмжээг одоо нөхөн хянан баталгаажуулах боломжгүй. Тухайн онуудад олборлосон нүүрсний хэмжээг танайх АМГ, МХЕГ-т он тус бүрээр тайлангаа албан ёсоор хүргүүлсэн байна”. Энэхуү албан бичиг нь манай компанийн хүсэлтийн хариу болгон ирүүлсэн байдаг бөгөөд бид тухайн онуудын уулын ажлын тайланг засварлаж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргаж байсан бөгөөд харин энэхүү бичиг нь чулуутай холбоотой болоод чулууг тодорхойлж өгөхийг хүссэн, чулууг тогтоох боломжгүй гэсэн утга бүхий яамны албан бичиг огт биш юм. Иймээс энэхүү бичгийн утга, агуулгыг буруу ойлгон өөрийн үүргээ биелүүлээгүйгээ зөвтгөх үндэслэл болохгүй юм. Газрын гүнд, харагдахгүй байгаа биетийн хэмжээ, жинг тодорхойлж болоод байхад, яагаад газар дээр ил овоолго хэлбэрээр байгаа зүйлийн хэмжээ, жин, түүнд байгаа чулууны хувийг тодорхойлох боломжгүй гэж. Маркшейдерийн хэмжилт хийж, дээж аван шинжилгээ хийн, түүндээ боловсруулалт хийх замаар хялбар аргаар тооцох боломжтой юм. Яг энэ аргаар ч хөндлөнгийн мэргэжлийн шинжээчийг ажиллуулаад нүүрсний овоолгод байгаа чулууг тооцуулж гаргуулахад 23 хувийн чулуутай гэсэн дүгнэлт гаргаж байсныг мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар авахуулсан байдаг билээ. Өөрөөр хэлбэл, 2012, 2013 онуудад олборлосон эрчим хүчний нүүрс өнөөг хүртэл зарагдаагүй тэр хэвээрээ овоолго хэлбэрээр уурхай дээр хадгалагдаж байгаа бөгөөд энэхүү овоолгоос дээж авах байдлаар тэрхүү овоолгод байгаа нүүрсэн дундах чулуутай хэсгийг тодорхойлох бүрэн боломжтой байгаа юм. Ийм ч учраас анхан шатны шүүгчийг болон акт тогтоосон байцаагч нарыг уурхай дээр очиж тэрхүү овоолгод буй чулуулгийг бодитоор байгаа эсэхийг нь хараач ээ, шаардлагатай гэж үзвэл дахин шинжээч томилуулж чулуутай хэсгийг тогтоолгосон дүгнэлтийг дахин гаргуулья гэсэн хүсэлтүүдийг удаа дараа тавьж байсныг дээр дурдсан байгаа билээ.

6. Иймээс хэрэв хариуцагчийн зүгээс дээрх шинжээчийн тооцож гаргасан чулууны агуулага, хувийг зөвшөөрөхгүй, нотлогдохгүй байна, улмаар чулууг тогтоох сонирхол, боломж байхгүй гэж үзэж буй бол актын энэ хэсэг илт хууль бус болох ёстой. Учир нь Агаарын бохирдлын тухай хуулиар нүүрсэнд төлбөр ногдуулах ёстой болохоос түүнтэй хамтад нь олборлогдож буй чулуунд агаарын бохирдлын төлбөр ногдуулах хуульгүй тул актын энэ хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн /2 дугаар хавтас 74 хуудас/ билээ.

7. Бид анхны нэхэмжлэлийн шаардлагаар 23 хувийн чулууг хасаад өгөөчээ, хэрэв хасах гэж байгаа энэ хувь хэмжээ нь үндэслэлгүй болоод хариуцагчаас тогтоох боломжгүй гэвэл нэгэнт чулуутай юм чинь актын энэ хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор дараагаар нь шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ нь бидний зүгээс анхны нэхэмжлэлийн шаардлагаа солиогүй, харин өмнөх дээрээ “дараагаар нь” гэж зөвхөн үргэлжлүүлэн нэмсэн.

8. Анхан шатны шүүхээс чулуутай, чулуунд татвар ногдохгүй, хариуцагч захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тодруулах үүргээ биелүүлээгүй гэдгийг тогтоож 6 сарын дотор дахин акт гаргахыг даалгасан шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, анхан шүүх яг 23 хувь нь хангалттай бус байна, үүн дээр маргаан байна гэж үзэн, үүнийг тогтоох ажлаа хариуцагч хийгээгүй байна үүнийгээ хий, харин нэмэгдүүлсэн шаардлага болох илт хууль бус болох дээр ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхисон шийдвэр гаргасан.

9. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь бүрэн хянаагүй: бид нэхэмжлэлийн шаардлагаа солиогүй бөгөөд зөвхөн нэмэгдүүлсэн байдаг. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зөвхөн сүүлийн хэсэгт дүгнэлт хийж, чулуутай эсэх, чулуунд агаарын бохирдлын төлбөр ногдох эсэх, нэхэмжлэгчийн тооцсон 23 хувийн чулууг нотлогдож байгаа эсэх зэрэг болох нэхэмжлэлийн шаардлагын анхны хэсэгт дүгнэлт хийсэнгүй. Зөвхөн нэмэгдүүлсэн хэсэг болох илт хууль бус болохыг тоггоолгох хэсэгт дүгнэлтийг өгсөн байдаг. Нэгэнт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, туүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж заасан байх нэхэмжлэгч болон хариуцагч хоёул анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт гомдол гаргасан учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан, дүгнэлт өгөх ёстой байсан юм. Бүхэлд нь хянаж буйгаа ч хуралдаан даргалагч хурлын үеэр илэрхийлсэн байдаг.

10. Нотлох баримтад үндэслэсэн эсэхэд дүгнэлт өгөөгүй, Татварын албаны байцаагчдын зүгээс чулууг тогтоох ямар ч ажил хийгээгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан. Энэ үүргийнхээ хүрээнд, зүй нь татварын алба нь тухайн газар очиж, нөхцөл байдлыг нүдээр харан, олборлох явцтай танилцан, чулууны гарцыг хянан, холбогдох баримт материалтай танилцан, хариуцсан хүмүүстэй ярилцаж, тэмдэглэл үйлдэх зэргээр ажлын зураг авалтыг бүхий л хэлбэрээр хийгээд, эрчим хүчний нүүрс болон коксжих нүүрсийг хэрхэн олборлож байна, овоолго нь хаана байна, юуных болох тодруулах, мөн баяжуулах үйлдвэрээр тухайн гарсан чулууг тайландаа хэрхэн тусгасан зэрэг бодит амьдрал дээр хэрхэн явагдаж байгааг тодруулсаны дараа татварын актаа үйлдэх ёстой байсан.

11. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна” гэж заасан байдаг бөгөөд энэ үүргийнхээ хүрээнд хийсэн ямар ч ажил байдаггүй болно. Хавтаст хэргээс үзэхэд татварын албаны зүгээс татварын 210022543 тоот акт, нэхэмжлэлийн хариу тайлбар, хяналт шалгалтын зөвлөмж гэсэн өөрсдийн дотооддоо үйлдсэн баримт л байхаас бус зөрчлийг нотолсон, нөхцөл байдлыг тогтоосон ямар ч үйл баримт, нотолгоог хавтас хэрэгт гаргаж өгөөгүй байдаг. Ийнхүү баримтаар нотлох ажиллагааг хариуцагч тал нь хяналт шалгалтынхаа үеэр огт хийгээгүй байдаг. Төр нь иргэн хуулийг этгээдийн буруутай үйлдлийг гарцаагүйгээр, баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хэрэв нотолж чадахгүй бол хариуцлага тооцож, буруутгах үндэслэлгүй. Нотлох үүрэг гагцхүү хуулиараа төр буюу захиргааны байгууллага болох татварын байгууллагад л дээр дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 болон 24.5 дахь хэсэгт зааснаар байна. Хэрэг үүссэнээс хойш 6 сарын дотор нийт хавтас хэрэгт 419 хуудас баримт, 3 хавтас уулын ажлын тайлан, дуу, дүрс бүхий 1 бичлэг, цугларсан байдаг бөгөөд үүний 99 хувийг нь манай талаас болоод шүүхийн зүгээс бүрдүүлсэн байдаг. Ийнхүү чулуутай болоод хэдий хэмжээний чулуу байгаа гэдэг нь дээр дурдсан ЭБМЗ-ийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбарууд, баяжуулах үйлдвэрийн мэдээ, уулын ажлын тайлан зэрэг маш олон баримтуудаар нотлогдоод байхад нэг ширхэг ч нотлох баримт байхгүй, чулуу байдаг, чулуунд татвар төлөхгүй гэдгийг илэрхийлдэг хэрнээ, үүрэгт ажил болох чулууны хэмжээг нягтлах ажлаа хийлгүйгээр, шууд түүнийг тогтоох боломжгүй гэсэн тайлбарыг хийж, танайх чулуунд агаарын бохирдлын төлбөр төлөх ёстой гэсэн хууль бус үйлдэл хийхийг шаардаж байгаа хариуцагчийг энэ үйлдлийг хууль ёсны байна гэж дүгнэж байгааг анхаарахыг хүсч байна.

12. Хариуцагчийн “...танайх буруу тайлан гаргасан нь актыг өөрчлөх үндэслэлгүй” /хх 147 хуудас/, мөн “...нэхэмжлэгч одоо л бидэнд ялгасан тайланг өгсөн. Тэгэхээр бид тухайн үед чулуутай байсаныг шалгах боломжгүй” /хх 148 хуудас/, мөн “...бид чулуутай, чулуугүй гэдэг дээр маргадаггүй... /хх 150 хуудас/ гэсэн тайлбаруудыг анхааран үзвэл “Чулуутай юм байна, одоо л мэдлээ, гэхдээ тэр үед уулын ажлын тайлангаа буруу хийсэн нь танай буруу, нэгэнт акт гарсан учраас заавал төлөх ёстой” гэж дүгнэж болох бөгөөд уулын ажлын тайланг эрх бүхий этгээдүүд (Ашигт малтмалын газар, МХЕГ) буруу өгсөн байна гэсэн дүгнэлтийг өгөөгүй бөгөөд татварыг зөвхөн татварын тайлангаар ногдуулах бөгөөд харин уулын ажлын тайлан болох тусгай хэрэгцээний тайлангаар ногдуулах ёсгүй юм.

13. Хууль буруу хэрэглэж тайлбарласан, давж заалдах шатны шүүх өөрийн магадлалаараа хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэдгийг “нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...ордоос олборлосон олборлолтын 77 хувь нь нүүрс бол 23 хувь нь чулуу тул цэвэр нүүрсэнд ногдох агаарын бохирдлын төлбөрийг төлнө” хэмээн тайлбарласан бөгөөд Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “дор дурдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага агаарын бохирдлын төлбөр төлөгч байна, 4.1.1 “түүхий нүүрс олборлогч”, 5 дугаар зүйлийн 5.1-д олборлосон түүхий нүүрс, үйлдвэрлэсэн болон импортолсон органик уусгагч, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл, агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах хаягдалд агаарын бохирдлын төлбөр /цаашид “төлбөр” гэх/ ногдуулна” гэж тус тус заасан байх тул хариуцагч нар “М” ХХК-ийг хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэж үзэхгүй” /магадлалын хуудас 7/ гэж дүгнэсэн.

14. Дээрх хуульд “олборлосон түүхий нүүрс” гэж маш тодорхой заасан байхад баримтанд тулгуурлалгүйгээр, олборлох явцад чулуу байдаг эсэх, мөн чулуунд агаарын бохирдлын төлбөр төлөх ёстой эсэх дээр үнэлэлт өгөлгүйгээр шууд “танайх 77 хувийг зөвшөөрч буй юм байна” иймээс актын энэ хэсэг нь хууль ёсны үйлдэл байна гэж дүгнэж буй давж заалдах шатны шүүхийн магадлалын энэ хэсэг нь хууль хэрэглээний маш том алдаатай гэж үзэж байна. Үлдсэн 23 хувийг нь яах ёстой болж байна. Чулуутай гэдгийг мэддэг, хуулиараа чулуунд татвар төлөхгүй гэдгийг хариуцагч  шууд  илэрхийлсэн,  тогтоох  ажлаа хийгээгүй,  хийх  ёстой  байхад  түүнд  агаарын бохирдол төлөхийг актаараа шаардаж буй үйлдэл нь яагаад хууль ёсны байна гэж.

15. Иймд чулуунд агаарын бохирдлын төлбөр төлөхгүй түүнд татвар төлөх нь хууль бус учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 дахь хэсэгт “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” гэж үзэх үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл. байгалийн чулуунд агаарын бохирдлын төлбөр хууль бусаар ногдуулаад үүнийгээ татварын байцаагчийн актаар төлүүлэхээр тогтоогоод буй байцаагчдын үйлдэл нь өөрөө хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсанд орж буй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 дахь заалтын дагуу илт хууль бус байна.

16. Хэрэв шүүхээс шинжээчийн дүгнэлтээр гаргасан нийт олборлолтын 23 хувь, эсвэл манай баяжуулах үйлдвэрийн мэдээгээр дараалсан он жилүүдэд гарсан 22,3 хувийн чулууний мэдээг үндэслэж хасч өгвөл бидний зүгээс шүүх асуудлыг шудрагаар шийдлээ гэж үзээд үлдсэн хэсгийг төлөхөд бэлэн байгаа болно.

17. Нөгөө талаас, хэрэв шүүхийн хэмжээнд тогтоох боломжгүй, дахин нягтлах шаардлагатай гэж үзээд хариуцагчаар актын энэ хэсэгт дахин шинэ акт гаргуулан чулууг толгоолгох ажлыг нь хийлгүүлэхээр татварын байцаагч нарт даалгах эсвэл актын энэ хэсгийг /нэгэнт чулуунд агаарын бохирдлын төлбөр ногдуулчихаад түүнийгээ бусдаар төлүүлэхээр хууль бусаар шаардаж буй тул/ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоосон тогтоолыг гаргаж өгнө үү. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан, шүүх хуралдааны үеэр хуулийн дагуу үнэлчихсэн дээр дурдсан бүхий л үйл баримтуудыг нэг бүрээр нь анхааралтай судлан шийдвэр гаргахыг хичээнгүйлэн хүсч байна гэжээ.

18. Хариуцагч Э.Б, Т.З нар гомдолдоо: ... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь ...тогтоох хэсгийн 1-т “...татварын улсын байцаагч Э.Б, Т.З нарын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 210022543 дугаар актын 3.1, 3.2, 3.3 дахь хэсгийн 493,272,157.8 төгрөгийн торгууль, 729,431,673.2 төгрөгийн алданги, нийт 1,222,703,831 төгрөгийн төлбөрийг хэлтрүүлж” гэсэн нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Энэ хуулийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн хүн гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж заасныг дараах байдлаар зөрчсөн гэж үзэж байна.

19. Тухайлбал, Татварын улсын байцаагчийн 210022543 дугаар актын 3.3 дахь хэсэгт агаарын бохирдлын төлбөр 978,013,597.2 төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 438,406,093.4 төгрөг, нийт 1,416,419,690.6 төгрөгийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй зөрчилд 80,259,670.1 төгрөгийн торгууль, 42,771,411.9 төгрөгийн алданги ногдуулснаас 2015 оны 07 дугаар сарын 20-ны дотор төлбөл зохих 183,712,040.0 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 20-ны дотор төлбөл зохих 81,416,286.4 төгрөг, нийт 265,128,326.42 төгрөгийн агаарын бохирдлын телбөр, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны дотор төлбөл зохих 438,406,093.4 төгрөгийн ашигт малтмалын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй зөрчилд ногдуулсан 64,014,629.68 төгрөгийн торгууль, 34,256,898.96 төгрөгийн алданги, нийт 98,271,528.63 төгрөгийн төлбөрийг дээрх хуулийн үйлчлэлд хамааруулж хэлтрүүлсэн нь үндэслэлгүй байгаа тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0193 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1-т заасан “...210022543 дугаар актын 3.1, 3.2, 3.3 дахь хэсгийн 493,272,157.8 төгрөгийн торгууль, 729,431,673.2 төгрөгийн алданги, нийт 1,222,703,831 төгрөгийн төлбөрийг хэлтрүүлж” гэснийг 429,257,528.17 төгрөгийн торгууль, 695,174,774.24 төгрөгийн алданги, нийт 1,124,432,302.42 төгрөгийн төлбөрийг хэлтрүүлж” гэж өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            20. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

            21. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Б, Т.З нар “М” ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийж татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 210022543 дугаар актаар “3.1. ... агаарын бохирдлын төлбөрийг ... дутуу тайлагнасан, 3.2. ... үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах ... нийт 4 ширхэг барилгад албан татвар ногдуулаагүй, 3.3. ...албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй, 3.4. ...оршин суугч бус этгээдээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээний... төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан” гэх зөрчлүүд тогтоон, “М” ХХК-д нийт 5,716,267,382.2 төгрөгийн төлбөр ногдуулахаар шийдвэрлэсэн, “М” ХХК-иас Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан, тус зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаар тогтоолоор маргаан бүхий захиргааны актын Тогтоох хэсгийн 3.4-т заасан зөрчилд холбогдох “...3,112,208,334.0 төгрөгийн төлбөрийг хасч”, актын тогтоох хэсгийн 3.1, 3.2, 3.3-т заасан зөрчил, түүнд ногдуулсан 2,604,059,048.2 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

            22. Нэхэмжлэгч “М” ХХК-иас “... агаарын бохирдлын төлбөрийг 2011-2013 онд дутуу тайлагнасан гэсэн нь үндэслэлгүй, ... агаар бохирдуулсны төлбөрийн хэмжээг тогтоохдоо нүүрстэй хамт гарч ирдэг чулууны хэмжээг хасалгүй чулуутай нь хамт тооцож тогтоосон нь агаарын бохирдлын төлбөрийг түүхий нүүрсэнд ногдуулахаар заасан хуулийг зөрчсөн илт хууль бус, ...  2011-2015 онд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулаагүй гэснийг /хүлээн зөвшөөрөхгүй/, ... манай компанийн нэр дээр бүртгэгдээгүй, ашиглалтад ороогүй байгаа үл хөдлөх хөрөнгөнд татвар ногдуулсан, ... Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар татварын хүү, торгууль, алданги хамрагдахаар байхад татварын актын 3.3-т агаарын бохирдлын төлбөр, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хугацаа хожимдуулж төлсөний алданги ногдуулсан нь ... хууль бус” гэж, хариуцагч нараас: ... Ашигт малтмалын газарт нэхэмжлэгч компаниас гаргаж өгсөн 2011, 2012, 2013 оны уулын ажлын тайлан, агаарын бохирдлын төлбөрийн тайланд дурдсан нүүрсний хэмжээг үндэслэн акт тогтоосон, тайланд тусгасан олборлосон нүүрсний хэмжээгээр агаарын бохирдлын төлбөр төлөх ёстой, ... дутуу ногдуулж төлсөн байсан, актаар төлбөр ногдуулсан нь хууль зөрчөөгүй, ... үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч үндсэн хөрөнгөөр бүртгэсэн эсэхээс хамаарахгүй үл хөдлөх хөрөнгөд татвар ногдуулж төлөх ёстой, ... нэхэмжлэгч нь ... /актаар тогтоосон/ зөрчлийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнаагүй ба өдий хүртэл өөрийн буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь өршөөлд хамруулах үндэслэл болохгүй” гэх зэргээр тус тус маргажээ.

  • ... нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын тухайд:

            23. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий актын Тогтоох хэсгийн 3.1-д заасан “... агаарын бохирдлын төлбөрийг ... дутуу тайлагнасан” гэх зөрчилд дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын хэсэгт хяналтын журмаар гомдол гаргажээ.

24. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “... түүхийн нүүрс олборлогч /ахуйн нэгж агаарын бохирдлын төлбөр төлөгч байна/”, 5 дугаар зүйлийн 5.1-д “олборлосон түүхий нүүрс ... /–нд/ агаарын бохирдлын төлбөр ногдуулна”, 6 дугаар зүйлийн 6.1.1-д “... /агаарын бохирдлын төлбөр ногдуулахдаа/ түүхий нүүрсийг олборлоход килограммаар /тооцно/”, 7 дугаар зүйлийн 7.1-д “нүүрсний килограмм тутамд 1-2 төгрөгийн хязгаарт багтаан Засгийн газар тогтооно” гэж тус тус заасан, хэргийн оролцогчдоос “нэхэмжлэгч нь агаарын бохирдлын төлбөр төлөгч мөн эсэх”, “олборлосон түүхийн нүүрсэнд агаарын бохирдлын төлбөр ногдох эсэх” талаар болон түүхий нүүрсний килограмм тутамд ногдуулсан төлбөрийн хувь хэмжээний талаар маргаагүй,  нэхэмжлэгчээс “... 2011-2013 онуудад нийт олборлосон нүүрсний 23 хувь нь чулуу байсан, ... чулуунд агаарын бохирдлын төлбөр төлөх үндэслэлгүй байхад төлбөр тогтоосон нь илт хууль бус” гэж маргасан, давж заалдах шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. 

25. Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “... /татвар төлөгч нь/ татвар ногдох зүйл, татвараа /өөрөө/ үнэн зөв тодорхойлох”-оор заасан, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, “олборлосон нүүрс”-ний хэмжээгээ нэхэмжлэгч “М” ХХК нь өөрөө тодорхойлж, 2011, 2012, 2013 онуудын уулын ажлын тайлан, агаарын бохирдлын төлбөрийн тайланд тусгасан,  татварын хяналт шалгалтын хүрээнд “М” ХХК-ийн 2011-2013 онуудад тус бүр олборлосон нүүрсний хэмжээг тодорхойлохдоо өөрийнх нь “олборлосон” гэж тайлагнасан хэмжээг үндэслэн “төлсөн” болон “төлвөл зохих” татварын хэмжээг тогтоож, гарсан зөрүү хэмжээнд актаар төлбөр тогтоосон нь нэхэмжлэгч “М” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэлгүй, маргаан бүхий захиргааны актыг холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” гэж үзэхгүй, захиргааны акт илт хууль бус байх шинжийг агуулаагүй талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

26. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д “… /татварын улсын байцаагч нь/ татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх”-ээр заасан байх тул татварын улсын байцаагч нар “... газар дээр нь очиж овоолгод үздэг хийн, чулууний хувь хэмжээг тогтоогоогүй” гэж буруутгах боломжгүй, түүнчлэн, Татварын ерөнхий хуулиар татварын хяналт шалгалт хийх татварын улсын байцаагчийн үйл ажиллагааг нарийвчлан журамласан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмын зохицуулалтыг шүүх тухайн тохиолдолд хэрэглэхгүй юм.

27. Анхан шатны шүүх уг асуудлаар буруу дүгнэлт хийсэн, татварын улсын байцаагчийн эрх хэмжээг тодорхойлсон Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасныг тайлбарлан хэрэглээгүй, мөн хуулийн 29.1.8-д заасан “татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийх, татвар хураахдаа Монгол Улсын татварын болон бусад хууль тогтоомжийг чанд дагаж мөрдөх” гэснийг маргааны үйл баримтад холбогдуулан буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

28. Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... татварын алба нь тухайн газар очиж, нөхцөл байдлыг нүдээр харан, олборлох явцтай танилцан, чулууны гарцыг хянан, холбогдох баримт материалтай танилцан, хариуцсан хүмүүстэй ярилцаж, тэмдэглэл үйлдэх зэргээр ... тодруулсаны дараа татварын актаа үйлдэх ёстой байсан, ...хариуцагчийн зүгээс чулууг тогтоох ямар ажиллагаа хийгээгүй...нь Захиргааны ерөнхий хуулийн 24..., 25 дугаар зүйл... –д заасан журмыг зөрчсөн, ... Агаарын бохирдлын тухай хуулиар нүүрсэнд төлбөр ногдуулах ёстой болохоос түүнтэй хамтад нь олборлогдож буй чулуунд агаарын бохирдлын төлбөр ногдуулах хуульгүй тул актын энэ хэсгийг илт хууль бус болох ёстой, ... давж заалдах шатны шүүх ... хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”  гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

            29. Нэхэмжлэгч, хариуцагч нараас маргаан бүхий актын Тогтоох хэсгийн 3.2-т заасан “...үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах ...барилгад албан татвар ногдуулаагүй” гэх зөрчилд холбогдуулан анхан болон давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт, шийдэлд хяналтын журмаар гомдол гаргаагүй байх тул маргаан хяналтын шатны шүүх шийдвэр, магадлалын энэ хэсэгт холбогдуулан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

  • ... хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын тухайд:

30. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь ... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Энэ хуулийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн хүн гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж тус тус заасныг маргааны үйл баримттай холбогдуулан авч үзвэл,  “М” ХХК-ийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх хугацаанд үйлдсэн “татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлсийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах, ... багасгаж тусгах”, “татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй” “захиргааны зөрчил”-д ногдуулах шийтгэл буюу хүү, торгууль, алданги нь уг хуулийн үйлчлэлд хамаарна, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийсэн боловч, маргаан бүхий актаар тогтоосон 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны зөрчилд хамаарах захиргааны шийтгэлийг мөн хуулийн үйлчлэлд хамааруулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, энэ талаарх хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.

31. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны актаар “М” ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийсэн, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан, тус зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаар тогтоолоор дээрх хугацаанд хамаарах маргаан бүхий актаар тогтоосон “... 494,210,763,10 төгрөгийн торгууль, 730,011,308,70 төгрөгийн алданги”-ийг төлүүлэхээр тогтоосон, нэхэмжлэгч “М” ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд гаргасан зөрчилд актаар ногдуулсан захиргааны шийтгэл болох торгууль, алданги нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдаж, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойшхи хугацааны зөрчилд холбогдох торгууль, алдангийг өршөөн хэлтрүүлэх үндэслэлгүй юм. 

32. Давж заалдах шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий захиргааны актаар тогтоосон нийт торгууль, алдангийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх хугацаанд хамаарах хэсэг нь өршөөгдөх талаар зөв дүгнэлт хийсэн боловч, тооцоолол хийсэн аргачлал, дүгнэлтгүйгээр “... 493,272,157.8 төгрөгийн торгууль, 729,431,673.2   төгрөгийн алданги, нийт 1,222,703,831 төгрөгийн төлбөр”-ийг шууд өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн нь буруу байна.

33. Нэхэмжлэгч, хариуцагч нараас “... өршөөлд хамрагдах хуулийн хугацааны талаар маргахгүй”, “... өршөөлд хамруулсан төлбөрийн дүнд зөрүү байгаа” талаар хяналтын шатны шүүх хуралдаанд хэн аль нь мэдүүлж байх тул, энэ тохиолдолд, хяналтын шатны шүүхээс тооцоолол хийж, өршөөлд хамрагдах дүнг эцэслэн тодорхойлох боломжгүй байна.

34. Энэ үндэслэлээр, хариуцагч нараас хяналтын шатны шүүхэд гаргасан “... нийт 1,222,703,831 төгрөгийн төлбөрийг хэлтрүүлж гэснийг ... нийт 1,124,432,302.42 төгрөгийн төлбөрийг хэлтрүүлж гэж өөрчлүүлэх” гомдлыг хангах боломжгүй, маргаан бүхий актаар тогтоосон торгууль, алдангийн нийт дүнгээс Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдах хугацааны торгууль, алдангийг хассан өөрчлөлтийг давж заалдах шатны шүүхийн магадлалд оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0193 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... актын 3.1, 3.2, 3.3 дахь хэсгийн 493.272.157,8 төгрөгийн торгууль, 729.431.673,2 төгрөгийн алданги, нийт 1.222.703.831 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж, үлдэх “хариуцагч нарын 2016 оны 210022543 дугаар актын 3.1 дэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, 3.2 дахь хэсгийн 32.577.976,4 төгрөгийн нөхөн татвар, 938.605,2 төгрөгийн торгууль, 579.635,2 төгрөгийн алдангийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “... актын 3.1, 3.2, 3.3 дахь хэсгээр тогтоосон 494,210,763,10 төгрөгийн торгууль, 730,011,308,7 төгрөгийн алданги, нийт 1,224,222,072 төгрөгийн төлбөрийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах хэсгийг өршөөн хэлтрүүлж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нар тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Л.АТАРЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА