Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-05-28
Дугаар 241
Хэргийн индекс 109/2017/0043/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Б.Л
Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Б.Л-гийн нэхэмжлэлтэй,

Архангай аймгийн Засаг даргын

Тамгын газрын даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Л.Атарцэцэг

Шүүгчид:                   Х.Батсүрэн

                                    Б.Мөнхтуяа

                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил болох Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгохыг даалгах, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойшхи нийт ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах”

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 109/ШШ2017/0056 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0127 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжил, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Загдаа нар.

Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ундармаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 109/ШШ2017/0056 дугаар шийдвэрээр:  1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.5, дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Л-гээс Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Тушаалыг хүчингүй болгох тухай” Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил болох Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутгаж, зохих бичилтийг хийхийг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

  2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0127 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 109/ШШ2017/0056 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “зарим хэсгийг” гэснийг “бүхэлд нь” гэж, мөн заалтын “эгүүлэн тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “эгүүлэн тогтоосугай” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 35100 /гучин таван мянга нэг зуун/” гэснийг “70200” гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ундармаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ундармаа гомдолдоо: ... нэхэмжлэгч Б.Л нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил болох Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын ажил үүргийг хийж гүйцэтгэж байгаа тул даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгохыг даалгах, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойших нийт ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 109/ШШ2017/0056 дугаар шийдвэрээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Тушаалыг хүчингүй болгох тухай” Б/58 дугаарт тушаалыг хүчингүй болгож, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг суутган дэвтэрт зохих бичилт хийлгэхийг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэсэн, харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Тушаалыг хүчингүй болгох тухай” Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгохдоо: 1. маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 “Захиргааны акт...гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаарх тайлбар, санал гаргах боломж олгоно” гэснийг зөрчсөн гэснийг зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдлийг хүргүүлсэн, мэдэгдлийг    хүргүүлснээс хойш сонсох ажиллагааг хийсэн байдаг. Б.Л нь...өрөөнд орж ярилцаад орхин гарсан байдаг.

5. Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын дагуу жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр Б.Лг 2016 оны 12 сарын 1-ний өдрийн б/90 дугаар тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргыг үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон  нь  Нийтийн  албанд  нийтийн  болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь заалтыг болон Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолын 3.6 дахь заалтуудыг зөрчсөн болох нь Авлигатай тэмцэх газрын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 03/6366 дугаар албан бичгээр нотлогдож байгаа төдийгүй хэрэгт авагдсан нотлох баримтуудаар төрийн жинхэнэ албанд   түр   болон   жинхлэн   томилогдон   ажиллахаар   нэр  дэвшигчийн   хувийн   ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулж, тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар эрх бүхий газраас хариу ирээгүй   байхад томилсон нь нотлогдож байгаа бөгөөд уг үндэслэлээр Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/58 дугаар тушаалыг гаргасан байхад шүүх буруу тайлбарлаж шийдвэрлэсэн байна.

6. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хурал дээр нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн нэг шаардлага болох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн  шаардлагаа  тодруулахад  нэхэмжлэгч  Б.Л Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж, цалин хөлсийг нь авч байгаа учраас Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын  Хяналт  шинжилгээ,  үнэлгээ,  дотоод  аудитын хэлтсийн даргаар томилуулах гэж тодруулан хэлэхэд шүүгч нэхэмжлэгчид... Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгосноор Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эргээд ажиллах боломжтой болж таны эрх сэргэх боломжтой байна гэж хэлж нэхэмжлэгч талд үйлчилж, шүүхээс гарах шийдвэрээ урьдчилан хэлсэнтэй нэгэн адил нөхцөл байдал бий болгосон. Энэ үндэслэлээр шүүгчийг татгалзах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Тухайн өдрийн шүүх хурлын бичлэгээс дээрх нөхцөл байдал бодитоор харагдах   бөгөөд  Б/58 дугаартай тушаалыг хүчингүй болгосноор Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод  аудитын  хэлтсийн  даргын  үүргийг түр  орлон   гүйцэтгэгчээр  эргээд  ажиллаж боломжтой  болж таны     эрх сэргэх боломжтой байна гэж хэлж байсан нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болон бичигдсэн байна. Шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах боловч өөрийн санаа бодол болон гаргах шийдвэрийн талаар урьдчилан ямар нэгэн байдлаар мэдэгдэхгүй байх учиртай. Энэ байдлаас үзэхэд шүүх нэхэмжлэгч талд илүү үйлчилж нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

7. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Б.Л-гийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тодорхойгүй энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй, харин давж заалдах шатны шүүхээс “...маргаан бүхий актын улмаас төрийн жинхэнэ албанд зохих журмын дагуу томилогдон ажиллаж цалин хөлс авах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн...” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай төдийгүй Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 21 дүгээр зүйлүүдийг зөрчиж байна. Учир нь Б.Л нь төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа болохоос төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдон ажиллаагүй, тэгээд ч маргаан бүхий актаар түүнийг түр томилсон шийдвэрийг хүчингүй болгосон асуудалтай холбоотой үүдэн гарсан маргаан бөгөөд уг актын талаар хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх учиртай. Мөн түүнчлэн Б.Лг түр томилсон 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 6/90 дугаар тушаалыг гаргахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.6 дахь заалт зөрчигдсөн байдаг. Давж заалдах шатны шүүхийн зүгээс Авилгатай тэмцэх газрын 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 05/188 дугаар албан бичгийг шүүхээс хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосноор уг хуульд заасан мэдүүлэг гаргах, мэдүүлгийг хянах ажиллагаа дууссан гэж үзсэнийг зөвшөөрөх боломжгүй юм. Шүүх тухайн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож байгаа болохоос биш Авилгатай тэмцэх газраас Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт Б.Л нь ашиг сонирхлын зөрчилгүй байна гэсэн хариу өгч байгаа үйлдэл, үйл ажиллагаа биш юм. Нөгөө талаас нь харахад шүүхээс 05/188 дугаартай албан бичгийг хүчингүй болгосноор мэдүүлэг гаргах, мэдүүлгийг хянах ажиллагаа хийгдэж дууссан гэж үзвэл цаг хугацааны хувьд мөн л Б.Л нь төрийн жинхэнэ албан хаагчин үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Б/90 дугаар тушаалыг гарсанаас хойш хийгдэж хуулиа зөрчсөн болох нь нотлогдож байна.

8. Дээрх үндэслэл тайлбаруудаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааны үйл баримт, нотолгоонд үнэлэлт, дүгнэлт өгөхдөө Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 23.6 дахь заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэлээ гэж үзэж энэхүү гомдлоо гаргаж байна.

9. Иймд, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 109/ШШ2017/0056 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0127 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            10. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

11. Нийтийн  албанд  нийтийн  болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “... албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор ... /эрх бүхий/ байгууллага, албан тушаалтанд өгөх...”-өөр, 23.5-д “... нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх”-ээр тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч Б.Л нь нийтийн албанд томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ уг албан тушаалд томилох эрх бүхий этгээдэд гаргаж өгөх, томилох эрх бүхий албан тушаалтан буюу хариуцагч Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга мэдүүлгийг хүлээн авч, Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх хуулийн зохицуулалттай байна.

12. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Б.Л нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд томилогдохоор анх нэр дэвших үедээ хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад өгсөн, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2187 дугаар албан бичгээр Б.Л-гийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст хүргүүлсэн, энэ нь дээр дурдсан Нийтийн  албанд  нийтийн  болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.5-д тус тус заасантай нийцжээ.   

13. Гэтэл хариуцагчаас  “...Б.Л-г Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргыг үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо ... Нийтийн  албанд  нийтийн  болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь заалт ...- ыг зөрчсөн, ...  ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар эрх бүхий газраас хариу ирээгүй   байхад томилсон нь /хууль бус/” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Лг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргыг үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 сарын 1-ний өдрийн б/90 дүгээр тушаалыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар шүүхүүд зөв дүгнэлт хийсэн байна.

14. Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалд томилогдсон этгээд нь томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ гаргаж өгөхөөр хуульд тусгайлан заасан байхад  “... Авлигатай тэмцэх газраас хариу ирүүлсэний дараа томилох байсан” гэх агуулгатай үндэслэлээр нэхэмжлэгч Б.Л-г Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргыг үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаалаа хүчингүй болгосон нь хууль бус, энэ үндэслэлээр, маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Тушаалыг хүчингүй болгох тухай” Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр зөв байна.

15. Маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Тушаалыг хүчингүй болгох тухай” Б/58 дугаар тушаал дээрх байдлаар хууль бус болох нь тогтоогдож, хүчингүй болсноор  Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 сарын 1-ний өдрийн б/90 дүгээр тушаалын үйлчлэл эргэн сэргэх хууль зүйн үр дагавар үүсэх талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч, энэ үндэслэлээр нэхэмжлэгч Б.Лг урьд эрхэлж байсан “Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргыг үүргийг түр орлон гүйцэтгэгч”-ийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу, давж заалдах шатны шүүх уг алдааг залруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... ...-ыг олгох”-оор заасантай нийцжээ.

16. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ” гэж заасан, нэхэмжлэгч Б.Л нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж, төрөөс цалин хөлс авч, “ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж” байсан, талууд энэ үйл баримттай маргаагүй байх тул уг маргаанд төрийн албан тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэж шүүх дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй.

17. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ундармаагийн “... шүүх Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 23.6 дахь заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн”, “... давж заалдах шатны шүүхээс “...маргаан бүхий актын улмаас төрийн жинхэнэ албанд зохих журмын дагуу томилогдон ажиллаж цалин хөлс авах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн...” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай төдийгүй Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 21 дүгээр зүйлүүдийг зөрчсөн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0127 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Л.АТАРЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА