Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-04-16
Дугаар 167
Хэргийн индекс 128/2017/0851/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч "Т.." ХХК
Хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын яам
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

“Т..” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                М.Батсуурь

Шүүгчид:                   Г.Банзрагч

                                    Б.Мөнхтуяа

                                    Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг,

Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 6-1/5738 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0946 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0135 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа, Б.Оюунбилэг, Б.Очир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ариунаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр, Б.Сугармаа нар.

Нэхэмжлэгч “Т..” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Очирын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0946 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 5 дугаар зүйлийн 5.1.11, 55 дугаар зүйлийн 55.3, 55.3.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т..” ХХК-ийн гаргасан “Сангийн яамны Төрийн  нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 6-1/5738 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

  2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0135 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0946 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Очир гомдолдоо: ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

4. Хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11 дэх хэсэгт “ажил” гэж барилга байгууламжийн ажил, барилгын тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил, түүнчлэн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах бараа нийлүүлэлтийг. Бараа нийлүүлэлтийн үнэ нь ажлын үнээс их байвал тухайн гэрээг “барааны гэрээ” гэж тооцно гэж ажил, барааны ялгааг гаргаж тодорхойлсон байдаг.

5. Энэ тодорхойлолт нь анхнаасаа тендер зарлахдаа аль төрлийн тендер байхыг тодорхойлохын тулд хуульчилсан үр дагавар нь өөр өөр тул заалт болохоос тендер шалгарсаны дараа оролцогчдын үнийн саналыг харж байгаад ямар тендер байсныг тодорхойлно гэсэн ойлголт биш юм.

6. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тендерийн бичиг баримт нь “Ажил” гэж зарлагдаж, бүрдүүлэх бичиг баримт мөн “Ажил”-аар тодорхойлогдсон. Тендерт оролцогч “Т..” ХХК нь тендерийн бичиг баримтын дагуу бичиг баримтын бүрдэл хангаж, хянагдан тендерт шалгарсан. Тендерт оролцогч “Т..” ХХК-ийн Ажлын нийт үнийн 63,2 хувь нь ажлын үнэ, барааны үнэ 36,8 хувь байдаг. Хариуцагч Сангийн яам энэ талаар хянахдаа барааны тендер гэж дүгнэж тендерийг үндэслэлгүйгээр хүчингүй болгосныг шүүхүүд дэмжиж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэт нэг талыг барьж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Маргаан бүхий тендер нь “Ажил” гэсэн тендер гэдгийг хүлээн зөвшөөрсөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын албан бичиг хэргийн 249 дүгээр талд байна.

7. Өөрөөр хэлбэл, уг тендер нь “Ажил” гэж ТӨБЗГ болон Сангийн яамаар батлагдсаны дараа захиалагч олон нийтэд мэдээлсэн гэдэг нь нотлогддог. Энэ үйл баримтанд хэн ч маргаагүй. Сангийн яам “Ажил” биш гэж маргаагүй, харин ч баталж өгсөн байна. Төрийн байгууллагыг иргэдэд, талуудад эрх тэгш боломжийг Төрийн нэгэн бодлогын дор олгох үүднээс даган мөрдөх, хэн аль нь үйл ажиллагаандаа баримтлах журмыг нэг мөр батлаж гаргадаг.

8. Маргаан бүхий тендер 2017 оны 8 дугаар сарын 9-ны өдөр зарлагдсан. Энэ цаг хугацаанд Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 264 дүгээр тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам”-ыг баримтлах үүрэгтэй. Уг тендерийг нийтэд зарлах хүртэлх ажиллагаа энэ журмын дагуу явагдсан байна. Тиймээс 2013 оны 11 сарын 22-ны өдрийн “Бүртгэл хөтлөх журам”-ын 1.2, 3.7-д заасны дагуу бүртгэгдэж, 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Цахим хуудаст худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүнг зарлан мэдээлэх журам”-ын 5.3, 5.6, 6.1-д тус тус заасны дагуу Захиалагч зөвшөөрөгдсөн төлөвлөгөөнд тусгагдсан тендер шалгаруулалтыг зарлан мэдээлэхээр тогтоосон өдөр тендерийн урилгыг цахим хуудас руу илгээсэн байна.

9. Дээрх үндэслэлээр Захиалагчийн “Ажил” гэж тодорхойлсон тендер нь эрх бүхий байгууллагуудаар хүлээн зөвшөөрөгдсөн, батлагдсан гэдэг нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, захиалагчийг “буруу тендер зарласан” гэсэн дүгнэлт хийх баримт байхгүй байхад хэт нэг талыг барьж шийдсэн тул хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гэж үзэхгүй байна.

10. Манай компанийн хувьд маш их хөдөлмөр, хөрөнгө хүч гаргаж, энэ тендерт оролцсон, үүнийхээ үр дүнг тендерт шалгарсан байхад бидний нөхцөл байдал, үнэлгээний задаргаа, бизнесийн эрсдлийг үнэлж үзэлгүйгээр “захиалагчийг тендер буруу зарласан” гэж дүгнэж хүчингүй болгож манай компанийн эрх ашгийг шууд зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

11. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т заасан үндэслэл тодорхойлогдсон байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Уг хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай байсан нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байхад анхан шатны шүүхийн энэ алдааг залруулсангүй.

12. Энэ тендерийн хувьд нийт үнэ нь ажил ба тоног төхөөрөмжийн үнээс бүрдэх бөгөөд гол ажил нь тоног төхөөрөмж суурилуулах, тохируулга хийх, холбогдох төнөг төхөөрөмжийг нийлүүлэх, ажиллагаанд оруулах, явцын хяналт тавих, засварлах талаарх сургалт явуулах зэрэг цогц ажиллагаа юм. Эрдэнэт үйлдвэрийн үйлдэрлэлийн онцлогоос хамааран тендерээр шалгарсан гүйцэтгэгчийн нийлүүлсэн тоног төхөөрөмжийг угсраад болчихдог ажил биш байсан. Бид нийлүүлж буй тоног төхөөрөмжийг суурилуулан угсарч, үйлдвэрлэлд ашиглахын тулд мэргэжлийн хүмүүс программчлах, тохируулга хийх зэрэг нарийн ажиллагаатай бөгөөд дээрх ажиллагаанд захиалагчийн ажилтнуудыг сургах, туршлагажуулах ажил мөн орж байна.

13. Тендерийн бичиг баримтын 2,3 дугаар хуудсанд авагдсан тендерийн үнийн санал бүхий хүснэгтийн 1 дүгээр мөрөнд бичигдсэн 2,019,770,000 төгрөгийн үнийн дүн бол тоног төхөөрөмжийн үнэ болоод түүийг суурилуулах ажил, ашиглалтанд оруулахтай холбоотой хийгдэх удирдлагын блок хийх, сургалт явуулах гэсэн үндсэн том 2 ажлын үнийг нэмж бичсэн дүн юм. Гэтэл анхан шатны шүүх энэ үнийн ялгаа заагийг харгалзан үзэлгүй шууд бүхлээр нь “барааны үнэ” байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Удирдлагын блок гэдэг нь бараа биш ба программ хангамжийн өөрчлөлтийг нийцүүлэх, Эрдэнэт үйлдвэрийн тээрмүүдийн зөөлөн залгалтын технологийн үйл ажиллагааны дагуу программ хангамж боловсруулах ажил юм. Түүнчлэн сургалтын хэсэгт Siemens компаний программ зохиогч мэргэжилтнүүдтэй хамтран технологийн үйл ажиллагаатай танилцан программ хангамж боловсруулах түүнийг Эрдэнэт үйлдвэрийн мэргэжилтнүүдэд сургах, программ хангамжийн тест хийх, тестийн дараа үеийн засвар хийх гэсэн шат дараалал бүхий цогц ажил болно. Шүүхээс дээрх ажлуудын талаар асууж тодруулсан зүйл байхгүй, ажлын үнийн задаргааг хэрэгт аваагүй байдаг. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасныг зөрчиж байх ба улмаар шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

14. Харин бидний хийж гүйцэтгэх ажлын үнэ нь нийлүүлэх тоног төхөөрөмжийн үнээс өндөр буюу ажлын үнэ 63.2 хувь буюу 1,276,320,000 төгрөг тоног төхөөрөмжийн үнэ нь нийт тендерийн үнийн дүнгийн 36.8 хувийг буюу 743,450,000 төгрөг юм.

15. Гэтэл давж заалдах шатны шүүх “... энэхүү тендер нь ажил гүйцэтгэх бус харин барааны тендерт хамаарахаар байна”, “нэхэмжлэгчийн санал болгосон тендерийн үнээс үзэхэд бараа нийлүүлэлтийн үнэ нь давамгайлсан ...” зэргээр дүгнэсэн нь хэрэгт байгаа тендерийн үнийн задаргаа бүхий баримтууд болон нэхэмжпэгчийн төлөөлөгчийн тайлбарыг үл хэрэгсэн, ямар ч баримтанд тулгуурлаагүй, тайлбар, үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3-т заасныг зөрчиж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй байна.

16. Шүүх хурлууд дээр хариуцагч тал нь шийдвэрээ хамгаалахын тулд “бараа”-ны тендер нь “үйлдвэрлэгч гэрээт борлуулагчийн зөвшөөрөл байдаг давуу талтай гэж” ярьдаг. “Ажлын” тендерийн давуу тал гэж бас бид ярьж болно л доо. Ажил гүйцэтгэлдээ өгч байгаа баталгаа, мэргэжилтнүүдийн ур чадвартай байдал гээд давуу тал олон байна. Гэвч энэ бол давуу тал биш юм. Үйлдвэрлэгч гэрээт борлуулагчийн зөвшөөрөл зэрэг нь Бараа худалдах, худалдан авах, нийлүүлэх гэрээ хэлцэл бүрт байдаг стандарт нөхцөл юм. Тендер бүрийн онцлогт тохирсон стандартуудыг давуу тал гэж ойлгож тайлбарлаж яавч болохгүй юм.

17. Шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйл 123.2.1-д заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлийн тухайд:

18. Яагаад энэ тендер хүчингүй болов. Нэг оролцогчийн гомдлоор тендер шалгаруулалтыг хянасан байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг ажлын 5 өдрийн дотор гаргана”, 55.2-т “гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ” гэж гомдлын үндэслэл болон баримтлах хугацааг тодорхой зааж өгсөн байна. Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7-д “энэ хуульд заасны дагуу тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх” гэж Сангийн яамны эрх хэмжээг зааж өгсөн ба энэ нь гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүргээ хуульд заасан гомдлын дагуу хэрэгжүүлэхийг хуульчилсан байна.

19. Харин хэргийн материалд авагдсан “Орконтех” ХХК-ийн гаргасан гомдлыг харахад. өөрийг нь татгалзсан байгаатай санал нийлэхгүй гэж гомдсон, нэгэнт өөрийг нь татгалзсан тул бусад оролцогчдыг ч гэсэн татгалзуулах агуулга бүхий гомдол байдаг. Гол анхаарах асуудал бол 6-1/5738 тоот Гомдол хянан үзсэн тухай албан бичигт “... 55.1-д заасны дагуу гаргасан гомдлыг хуулийн 55.2-т заасны дагуу ирүүлсэн баримт, материалд үндэслэн хянан үзлээ” гэсэн байгаагаас үзэхэд гаргасан гомдолтойгоо холбоотой баримт материал хавсарган хүргүүлсэн юм байна. Энэ баримт материалд үндэслэн хянан шийдвэрлэсэн байна гэж ойлгогдохоор байна.

20. Гэтэл үнэн хэрэгтээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бол зөвхөн “Орконтех” ХХК-ийн гомдол, түүнийг бүртгэсэн бүртгэл, Сангийн яамны гомдол шийдвэрлэх журам зэргийг шүүхэд ирүүлсэн байдаг. Хуульд зааснаар гомдол гаргагч нь гомдлын үндэслэл бүхий нотлох баримтыг ирүүлэхийг шаардсан байдаг.

21. Өөрөөр хэлбэл, уг хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-ийн дагуу гаргасан гомдлын дагуу хянасан эсэх дээр шүүхээс дүгнэлт хийх боломжгүй, үндэслэсэн баримт материал нь ч хэрэгт авагдаагүй байхад Сангийн яам зөв шийджээ гэж яаж дүгнээд байгаа нь ойлгомжгүй. Эндээс дүгнэхэд, Сангийн яам нь гомдлын хүрээнд асуудлыг шийдвэрлэх байтал эрх мэдлээ хэтрүүлж, тендерийн жишиг баримт бичгийг буруу сонгосон гэсэн үндэслэл гаргаж, хуульд зааснаас өөр үндэслэлээр тендерийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-ийг зөрчсөн байна. Энэхүү захиргааны актыг анхан шатны шүүх үндэслэлгүйгээр зөвтгөж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр баталсан нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйл 118.3, 118.4 дэх заалтыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл байна.

22. Захиргааны хэргийн шүүх маргаан бүхий захиргааны актыг хуулийн дагуу гарсан эсэхийг хянах үндсэн чиг үүрэгтэй. Энэ чиг үүргээ хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй,

23. Энэ тендер шалгаруулалт явуулах болсон шалтгаан нөхцөл болоод ажлын цар хэмжээг тодорхойлсон, чухам яагаад “ажлын” тендер зарлах болсонтой холбоотой баримт материал хавтаст хэрэгт байхгүй.

24. “Эрдэнэт үйлдвэр” ХХК бол захиалагч, захиалагч байгууллага өөрт хийгдэх гэж байгаа ажлын баримжаа хүрээг тодорхойлохгүй бол өөр хэн тодорхойлохын бэ? Сангийн яам энэ үйлдвэрт юу хэрэгтэй байгааг тодорхойлох уу. Үгүй гэдгээ хэлсэн. Захиалагч өөрт хэрэгтэй байгаа зүйлээ үйлдвэрлэлийн онцлогтойгоо уялдуулан тендерээ зарласан, бид хуульд заасан бичиг баримтыг бүрдүүлэн, хууль ёсны дагуу оролцсон, хамгийн боломжит үнээр хамгийн чанартай бараагаар мэргэжлийн өндөр түвшинд тухайн ажлыг гүйцэтгэхээр зорьсон, шалгаруулалт ч шударга болсон, бид ч урам зоригтой байсан. Гэтэл ингээд “ажил гүйцэтгэх тендер биш” байсан гэдгийг нотлох баримтгүйгээр тендер шалгаруулалтыг хүчингүй болгож байгаад үнэхээр урам хугарч, шударга зүйл байдагт итгэхэд хэцүү болгож байна. Захиалагчийн хувьд “дээд” байгууллага буюу өмчийн эзнийхээ шийдвэрийг үгүйсгээд маргаад байх хэцүү, тийм ч болоод “Сангийн яамны шийдвэрийг хүндэтгэн үзэж байна” гэсэн тайлбарыг “Сангийн яамны шийдвэрийг захиалагч хүлээн зөвшөөрсөн” гэж өрөөсгөл дүгнэсэн.

25. Бид маш шударгаар өрсөлдсөн, бид үнэхээр гомдолтой байна. Бид энэ тендерт оролцохын тулд дэлхийд тэргүүлэх чанарын үзүүлэлттэй, захиалагчийн шаардлагад нийцсэн Siemens компанитай харилцаа тогтоож, хамгийн боломжит үнийн саналыг ажил хэргийн нэр хүндээрээ олж авсан.

26. Дээр дурдсан үндэслэлээр Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

27. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

28. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас “Баяжуулах үйлдвэрийн Нунтаглах баяжуулах хэсгийн МШЦ 1А, 1-8 тээрмүүдийн зөөлөн залгах цахилгаан тоног төхөөрөмжийг солих” ИБХ2017/БҮ1.5.4 дугаартай нээлттэй тендер шалгаруулалт зарласан, тендерт “МЗЭ” ХХК, “Т..” ХХК, “Бодит чадал” ХХК, “Оркон тех” ХХК-иуд материалаа ирүүлсэн, Үнэлгээний хорооноос “Т..” ХХК, “Бодит чадал” ХХК, “Оркон тех” ХХК-иудыг “эрх бүхий оролцогч” гэж үзэн үнэлээд, “Т..” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “шаардлагад нийцсэн”, “хамгийн бага харьцуулах үнэ ирүүлсэн” тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах зөвлөмжийг захиалгачид хүргүүлэхээр шийдвэрлэсэн, “Оркон тех” ХХК-иас Сангийн яаманд гомдол гаргасан, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 6-1/5738 дугаар “Гомдол хянан үзсэн тухай” албан бичгээр “... тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож.../шийдвэрлэсэн/, ... тендер шалгаруулалтыг хууль журамд нийцүүлэн дахин зохион байгуулах”-ыг захиалагчид мэдэгджээ.

29. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “...тендерт оролцогч нь ... захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, ... эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг ... төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ... гаргах”-аар, 55.2-т “... төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ... гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх...”-ээр, 55.3-т “...төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ... гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл ... /шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх, тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах, зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах/ шийдвэр гаргах”-аар тус тус заасан, маргаан бүхий захиргааны акт хуулийн эдгээр заалтуудыг зөрчөөгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

30. Тодруулбал, тендерт оролцогч “Оркон тех” ХХК-иас “.../Үнэлгээний хорооны/ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй” гэх агуулгаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яаманд гомдол гаргасныг хянан үзэж, “... /гомдол гаргагч/ “Оркон тех” ХХК нь ... /шаардлага/ хангаагүй, ... “Т..” нь ... /шаардлага/ хангаагүй, ... тендер шалгаруулалт нь хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11-д заасны дагуу барааны тендер шалгаруулалт байхад захиалагч ... ажил гүйцэтгэх ... тендер шалгаруулалтыг зохион байгуулсан ... /нь хууль зөрчсөн/”  гэх үндэслэлээр уг тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож,  тендер шалгаруулалтыг хууль журамд нийцүүлэн дахин зохион байгуулахыг “шаардаж” шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан журамд нийцсэн, өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр гэж үзнэ.

31. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.5-д зааснаар “... /төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь/ захиалагч худалдан авах ажиллагаанд зохих журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт /тавих/” бүрэн эрхтэй байх тул хариуцагч зөвхөн “гомдолд дурдсан үндэслэлээр” тендер шалгаруулалтыг хянах эрхтэй гэж шүүх дүгнэх боломжгүй, энэ үндэслэлээр  “... /хариуцагч/ гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүргээ хуульд заасан гомдлын дагуу хэрэгжүүлэхийг хуульчилсан”, “...Сангийн яам нь гомдлын хүрээнд асуудлыг шийдвэрлэх байтал эрх мэдлээ хэтрүүлж, тендерийн жишиг баримт бичгийг буруу сонгосон гэсэн үндэслэл гаргаж, хуульд зааснаас өөр үндэслэлээр тендерийг хүчингүй болгосон ... / нь хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-ийг зөрчсөн байхад шүүх анхаараагүй/” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээж авах боломжгүй.

32. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.10-т “...ажлын үнэ нь барааны үнээс их байвал тухайн гэрээг “ажлын гэрээ” гэж тооцох”-оор, 5.1.11-д “...бараа нийлүүлэлтийн үнэ нь ажлын үнээс их байвал тухайн гэрээг “барааны гэрээ” гэж тооцох”-оор тус тус хуульчилсан, тухайн тохиолдолд, хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч “Т..” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг, тендерт өгөх үнийн санал, түүнд тусгагдсан “тоног төхөөрөмж худалдан авах” болон “/уг/ тоног төхөөрөмжийг сольж суурилуулах ажил, цалин хөлс, бусад зардал”-д төсөвлөгдсөн үнийн задаргааг үндэслэн, анхан шатны шүүхээс “Баяжуулах үйлдвэрийн Нунтаглах баяжуулах хэсгийн МШЦ 1А, 1-8 тээрмүүдийн зөөлөн залгах цахилгаан тоног төхөөрөмжийг солих” ИБХ2017/БҮ1.5.4 дугаартай нээлттэй тендер шалгаруулалтаар худалдан авахаар зарласан “бараа, ажил үйлчилгээ”-ний  бараа нийлүүлэлтийн үнэ нь ажлын үнээс “...2,008,970,000 төгрөгөөр их” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

33. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “... хэргийн оролцогч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл ...-ийн ... үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх.../үүрэгтэй/”, 32.8-д “... хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж тус тус заасан, нэхэмжлэгчээс “... 63,2 хувь нь ажлын үнэ, барааны үнэ 36,8 хувь байдаг, ... тендерийн үнийн саналын хүснэгт... –д бичигдсэн 2,019,770,000 төгрөгийн үнийн дүн бол тоног төхөөрөмжийн үнэ болоод түүнийг суурилуулах ажил, ашиглалтанд оруулахтай холбоотой хийгдэх удирдлагын блок хийх, сургалт явуулах гэсэн үндсэн том 2 ажлын үнийг нэмж бичсэн дүн юм” гэх боловч хэрэгт дээр дурдсан нотлох баримтуудаас өөр, шүүхийн уг дүгнэлтийг үгүйсэхүйц буюу “...бараа нийлүүлэлтийн үнэ нь ажлын үнээс их” байгаа талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч талаас өөрийн маргаж буй дээрх үндэслэлийг нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж ирүүлээгүй байх тул хяналтын шатны шүүхээс энэ үндэслэлээр, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй, түүнчлэн, “... шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй ... /тул/ шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх гомдлыг хангах боломжгүй.

34. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлд худалдан авах ажиллагааг төлөвлөхтэй холбоотой тусгай журмыг тогтоосон, уг журмаар “... /захиалагч/ төсвийн ерөнхийлөн захирагч ... худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний төслийг ... төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх”-ээр, “... төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь ... худалдан авах бараа, ажил, үйлчилгээний нэгдсэн төлөвлөгөөг баталж, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх”-ээр тус тус заасны дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2017 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөний жагсаалтад “Баяжуулах үйлдвэрийн Нунтаглах баяжуулах хэсгийн МШЦ 1А, 1-8 тээрмүүдийн зөөлөн залгах цахилгаан тоног төхөөрөмжийг солих” ИБХ2017/БҮ1.5.4 дугаартай тендер нь төлөвлөгдөж, төрийн худалдан авах ажиллагааны цахим системд “ажил” гэж зарлагдсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны А-5/3582 дугаар албан бичгээр тогтоогдож байх боловч, энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тусгайлан, ялгамжтай тодорхойлсон “бараа худалдан авах”, “ажил худалдан авах” зохицуулалтыг тухайн тохиолдолд хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй, хууль зөрчиж “буруу” зарлагдсан тендер, тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож, тендерийг хуульд нийцүүлэн дахин зарлахаар шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр хуульд нийцжээ.

35. Эдгээр үндэслэлээр, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйл 118.3, 118.4 дэх заалтыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0946 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0135 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Т..” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА