Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-05-28
Дугаар 247
Хэргийн индекс 128/2017/0594/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Б.Б
Хариуцагч Монгол Улсын Засгийн газар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Б.Б-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:                   Х.Батсүрэн,

Шүүгчид:                                Л.Атарцэцэг,

                                               Д.Мөнхтуяа,

                                               П.Соёл-Эрдэнэ,                             

Илтгэгч шүүгч:                     Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:       Г.Гантогтох.

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 217 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/0980 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0173 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Б.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, өмгөөлөгч З.С, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, өмгөөлөгч Д.Я нар.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/0980 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 217 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Б-ыг урьд эрхэлж байсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 5.737.981.8 /таван сая долоон зуун гучин долоон мянга есөн зуун наян нэгэн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0173 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/0980 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1” гэснийг хасч, уг заалтад “Төрийн албаны тухай хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4, 351.3, 40 дүгээр зүйлийн 40.1, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг”, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6” гэж тус тус нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/0980 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0173 дугаар магадлалыг зөвшөөрөхгүй байгаа тул эдгээр шийдвэрүүдийг хянуулахаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухай: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэр гаргах ёстой байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатанд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралд хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг хэрэгт нотлох баримтаар аваагүй нь хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл хэмээн маргасан боловч давж заалдах шатны шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолгүй хэмээн дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.3, 121.3.4 дэх хэсэгт заасан үндэслэл болох анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байхад хуулийн тус зүйл, заалтыг зөрчсөн нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй буюу 121.1.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй байхад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй үндэслэл болсон байна.

5. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

6. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар нэхэмжлэгч нь удаа дараа албан тушаалын үүрэг хангалтгүй биелүүлж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгааг анхан шатны шүүх авч үзээгүй байна. Тухайлбал, 2017 оны төгсөгчдөөс авсан улсын шалгалтын сэдэв задарсан нь ноцтой зөрчил бөгөөд үүний улмаас нийтийн эрх ашиг хөндөгдөхөд хүрсэн. Энэ нь сайдын тушаалаар Төрийн нарийн бичгийн даргад энэхүү ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангахаар үүрэг олгосон байсан ч энэ үүргээ хангалттай биелүүлж, яамны аппаратыг удирдан зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж чадаагүй.

7. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 7-д “Төрийн нарийн бичгийн дарга нь яамны аппаратын гүйцэтгэх ажлыг зохион байгуулан удирдаж, сайд үйл ажиллагаагаа шуурхай явуулахад шууд туслах үндсэн чиг үүрэгтэй. Төрийн нарийн бичгийн дарга нь Монгол Улсын сайдаас өгсөн үүрэг даалгаврыг хууль тогтоомж, засгийн газрын бодлого шийдвэрт нийцүүлэн биелүүлнэ” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь сайдын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл байдал олгоогүйгээр барахгүй сайдаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байснаас үүдэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд асуудлууд шийдвэрлэгдэхгүй хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Эдгээр нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүдийг нотлох баримтууд хэрэгт авагдсан, нэхэмжлэгч нь яамны сайд, дэд сайд, бусад нэгжийн газрын даргууд зэрэг хамтран ажиллагч нартайгаа зөрчилдөөнтэй, мэргэшлийн ур чадвар нь тухайн албандаа тэнцэхээргүй дутмаг, хангалтгүй байсан нь харагдаж байна. Гэтэл анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг буруу үнэлсэн буюу анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн байна” гэжээ.         

ХЯНАВАЛ:

8. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

9. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 217 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 7, 8 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3-т заасныг баримтлан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Б-ыг “яамны аппаратын гүйцэтгэх ажлыг мэргэшлийн үндсэн дээр зохион байгуулан удирдаж чадаагүй, салбарын бодлого зохицуулалтын асуудлаар эрхэлсэн сайддаа мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч туслах үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн” гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

10. Нэхэмжлэгч Б.Б нь дээрх, “Ажлаас чөлөөлөх тухай” Засгийн газрын 2017 оны 217 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...төрийн жинхэнэ албан хаагч намайг хуульд заасан ямар үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн нь тодорхойгүй, хуулийн зүйл, заалтыг тодорхой зааж шийдвэр гаргаагүй” гэж маргасан.

11. Хариуцагчаас “нэхэмжлэгч Б.Б-ыг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, тэрээр тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, тухайлбал яамны аппаратын гүйцэтгэх ажлыг мэргэжлийн үндсэн дээр зохион байгуулан удирдаж чадаагүй, ерөнхий боловсролын сургуулийг 2017 онд төгсөгчдөөс авсан улсын шалгалтын тест задарсан, үүнд яамны зүгээс улсын шалгалттай холбогдуулан бодлогын болон хэрэгжилтийн нэгдсэн арга хэмжээ авч ажиллаагүй, мөн салбарын бодлого зохицуулалтын талаар эрхэлсэн сайддаа мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч туслах үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, энэ талаар УИХ дээр дэлгэрэнгүй хэлэлцэгдсэн, мөн аудитын тайланд ч тусгагдсан” гэж тайлбарлажээ.

12. Анхан болон давж заалдах шатны шүүхийн, нэхэмжлэгч Б.Б-ыг “удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

13. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол төрийн албанаас халахаар, 351 дүгээр зүйлийн 351.1.4-д төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргын удирдах албан тушаалд Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлж санал болгон томилохоор, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8-д Яамны төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 351 дүгээр зүйлд заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлөхөөр, мөн Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуульд зааснаас өөр үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөхийг хориглоно гэж тус тус зааж, төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргыг ажилд томилж, чөлөөлөх үндэслэлийг нарийвчлан зохицуулсан байна.

14. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Б-ыг Төрийн албаны зөвлөлөөс санал хүргүүлээгүй байхад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн нь тогтоогдсон байх бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн ХЭГ/1076 тоот албан бичигтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс хүргүүлсэн хариуг Төрийн албаны зөвлөлийн гаргасан санал гэж үзэхгүй талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.  

15. Нэхэмжлэгч Б.Б-ыг буруутгаж буй нэг үндэслэл нь ерөнхий боловсролын сургуулийг 2017 онд төгсөгчдөөс авсан улсын шалгалтын сэдэв задарсан, яамны зүгээс улсын шалгалттай холбогдуулан нэгдсэн арга хэмжээ авч ажиллаагүй зөрчил гаргасан гэж үзсэн, гэвч энэ асуудлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны ажлын хэсгээс хянан шалгаж дүгнэлт гаргасан байна.

16. Боловсролын тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д “Боловсролын үнэлгээний байгууллага бүх шатны боловсролын чанарт үнэлгээ, судалгаа хийх, сургалт зохион байгуулах, дээд боловсролын хөтөлбөрт элсэгчдийн ерөнхий шалгалтыг үндэсний түвшинд хариуцан зохион байгуулах чиг үүрэг бүхий этгээд мөн” гэж зааснаар элсэлтийн ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулах чиг үүргийг Боловсролын үнэлгээний байгууллага хариуцан хэрэгжүүлэхээр заажээ.

17. Дээрх ажлын хэсгийн дүгнэлтэд “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон боловсролын чанарын үнэлгээний журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т “улсын шалгалтын даалгаврыг бага, дунд боловсролын стандартад үндэслэн боловсролын үнэлгээний байгууллага боловсруулж, шалгалтын товын хамт аймаг, нийслэлийн боловсролын газарт хүргүүлнэ” гэж заасны дагуу улсын шалгалтыг зохих түвшинд зохион байгуулж чадаагүй, шалгалтын тест задруулсан зөрчил гаргасан Боловсролын үнэлгээний төвийн захирал, нэгжийн дарга нарт хариуцлага тооцохыг зааж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, дээрх хууль, журамд элсэлтийн ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд хариуцан зохион байгуулах үүргийг Боловсролын үнэлгээний байгууллага хариуцан хэрэгжүүлэхээр заасан байхад тус чиг үүргийг яамны Төрийн нарийн бичгийн даргад хамаатуулах, мөн эрх бүхий этгээдээс тухайн үүргийг Төрийн нарийн бичгийн даргад хариуцуулсан талаарх баримтгүй байхад нэхэмжлэгч Б.Б-ыг яамны нэгжүүдийг мэргэжил арга зүй, удирдлагаар хангаж ажиллаагүй гэж шууд буруутгасан нь хууль бус байна. 

18. Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 7-д “Төрийн нарийн бичгийн дарга нь ...сайд үйл ажиллагаагаа шуурхай явуулахад шууд туслах үндсэн чиг үүрэгтэй, …Монгол Улсын сайдаас өгсөн үүрэг даалгаврыг хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцүүлэн биелүүлнэ” гэж заасан. 

19. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааг шалгасан дээрх ажлын хэсгийн дүгнэлтэд яамны сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын үйл ажиллагаанд доголдолтой нөхцөл байдал үүссэн талаар дүгнэсэн, тухайн үед тус яаманд үүссэн асуудал нь зөвхөн Төрийн нарийн бичгийн даргаас шалтгаалаагүй, үүнтэй уялдаж нэхэмжлэгчийг холбогдох сайддаа мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, туслах үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй талаар шүүхүүд зөв дүгнэлт хийсэн байна.  

20. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн боловч тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн зүйл, заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн нь хуульд нийцсэн байна.

21. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2018/0173 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Х.БАТСҮРЭН

                           ШҮҮГЧ                                                                       Б.МӨНХТУЯА