Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-03-12
Дугаар 111
Хэргийн индекс 119/2017/0011/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Д.Э
Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол:

Д.Э-ын нэхэмжлэлтэй,

Орхон аймгийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай  

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Шүүгч Ч.Тунгалаг, 

Шүүгчид:                   Г.Банзрагч,

                                  Д.Мөнхтуяа,

                                  П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:         Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох.

Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/211 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”,

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 119/ШШ2017/0029 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0850 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Ж.С, өмгөөлөгч М.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 119/ШШ2017/0029 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг тус тус баримтлан Д.Э-ын “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/211 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0850 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон, Д.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/211 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1 дэх хэсэгт “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасны дагуу эрхийн гэрчилгээ эзэмшигч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багаас аюулгүй байдлыг хангуулах зорилгоор удаа дараа шаардлага тавьсан боловч зөрчлөө арилгаагүй.

4. 2016 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдээс ирүүлсэн “маргаан бүхий газарт барилгын суурийн нүх ямар ч харуул хамгаалалтгүйгээс иргэдийн эрүүл, аюулгүй байдал алдагдаж байгааг хянан шалгаж өгөх”-ийг хүссэн албан бичгийг үндэслэн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 14-04-020/06 дугаартай дүгнэлт гарсан. Дүгнэлтээр барилгын суурийн нүх ухсан боловч харуул хамгаалалтгүйгээс хашаанд байсан 2 жижиг байшин шатаж, хашаа нь алга болсноор тухайн газар орчин ахуйн хог хаягдлаар бохирдож газрын шинж чанар нь доройтсон, эзэмшил газраа зориулалтын дагуу 2013 оноос хойш ашиглаагүй, зөрчилтэй холбогдуулан багаас аюулгүй байдлыг хангуулах зорилгоор удаа дараа шаардлага тавьсан боловч зөрчлөө арилгаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн.

5. Шалгалт хийх гэж байгаа талаар мэдэгдэх гэсэн боловч Д.Э-ын утас нь холбогдохгүй хаягтаа байхгүй байсан учир хамтран эзэмшигч В.Г руу Мэргэжлийн хяналтын байцаагч залгахад би очих боломжгүй, Д.Э-тай нөхөн сэргээх талаар ярьж байгаа. Д.Э-т энэ талаар хэлээрэй гэхэд за гэсэн. Дүгнэлтээ ирж авна уу хэмээн ахин залгахад хүйтний улиралд угаасаа зөрчил арилгах боломжгүй, тийм учраас би очиж авахгүй. Д.Э-т бас л хэлээрэй гэхэд за гэсэн байдаг.

6. Газар эзэмшүүлэх гэрээний 3.10-д заасны дагуу газар эзэмших гэрээний биелэлтийг дүгнүүлэх талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч мэдэгдлийг хүлээж аваагүй гэх үндэслэлээр гэрээний 3.8-д заасан “газар эзэмшүүлэгчээс газрын эзэмшил, ашиглалттай холбогдуулан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх”, 6.3-д заасан “газар эзэмшигч энэхүү гэрээний биелэлтийг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор гэрээг дүгнүүлж тооцоо нийлнэ” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн нь 2013-2016 оны хооронд буюу 4 жилийн хугацаанд гэрээг нэг ч удаа дүгнүүлж байгаагүй үйлдлээр тодорхойлогдоно.

7. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө”, Газар эзэмшүүлэх гэрээний 2.3-д зааснаар газрын төлбөрийн хэмжээ 60.000 төгрөг байх ба газрын төлбөрт улирал бүр 15.000 төгрөг төлөхөөр, 2.4-д зааснаар улирал бүрийн эхний сарын 25-ны дотор шилжүүлэхээр, 3.5-д зааснаар газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөхөөр тус тус зохицуулсан. Гэтэл хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад нэхэмжлэгч Д.Э газрын төлбөрөө удаа дараа хугацаа хэтрүүлэн төлж байсан. Үүнд:

8. 2014 оны болон 2015 оны нэгдүгээр улирлын газрын төлбөрийг 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хугацаа хэтрүүлж төлсөн; 2016 оны нэгдүгээр улирлын газрын төлбөрийг 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хугацаа хэтрүүлж төлсөн; 2017 оны нэгдүгээр улирлын газрын төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр буюу Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/211 дугаар газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай захирамж гарснаар 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас нэхэмжлэгч Д.Э-т гэрчилгээгээ хураалгах тухай мэдэгдэл хүргүүлсний дараа газрын төлбөрийг төлсөн.

9. Нэгэнт аймгийн Засаг даргын захирамж гарч газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болсон байсан тул 2017 оны газрын төлбөрийг тушаасан гэж үзэх үндэслэлгүй юм. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай.

10. Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/91 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Э-т маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн. Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.6 дахь хэсэгт “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гэж заасан хуулийн зохицуулалттай.

11. Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.10-д “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж заасан.

12. Д.Э маргаан бүхий газрыг эзэмшиж байгаад нэхэмжлэгч “Эрдэнэт Оргил” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Эрдэнэт Оргил” ХХК-ийн захирал В.Г-ыг хамтран эзэмшигчээр оруулахаар 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 987 дугаартай шүүгчийн захирамж гарч, маргаан бүхий газрын хамтран эзэмшигчээр бүртгэгдсэн газар эзэмших эрхийн гэрчилгээ нотлох баримтаар авагдсан байгаа. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад нэхэмжлэгч Д.Э өөрөөс үл хамаарах шалтгаанаар буюу иргэн В.Г гэрээний үүргээ биелүүлээгүйгээс зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй хэмээн тайлбарлаж давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэж шийдвэр гаргасан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

13. Иргэн Д.Э, В.Г нарын хоорондын маргаан нь төр, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа биш бөгөөд иргэд хоорондын буюу газар эзэмшигч нарын хооронд үүссэн маргаан болно. Д.Э үндсэн газар эзэмшигч бөгөөд В.Г-ыг 2013 онд шүүгчийн захирамжийг үндэслэж нэмэлтээр бүртгэсэн тул харилцан адил үүрэгтэй. Д.Э, В.Г нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ хүртэл байгаа. Гэтэл газар эзэмшигч нар хоорондоо маргаж газар дээр үйл ажиллагаа явуулаагүй нь улсын дээд шүүхийн тайлбарт тусгасан газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсан гэж үзэх үндэслэлгүй.

14. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 сарын 05-ны өдрийн 221/МА2017/0850 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

15. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

16. Нэхэмжлэгч Д.Э нь түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/211 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий захиргааны акт хуульд нийцээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

17. Нэхэмжлэгч анх Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 258 дугаар захирамжаар Баян-Өндөр сумын Зэст багийн нутагт байршилтай 375 м.кв газрын эзэмших эрхийг дуудлага худалдааны ялагч Ч.Бурмаагаас шилжүүлэн авчээ. 

18. Орхон аймгийн Засаг дарга нь дээрх, 258 дугаар захирамжийг 2012 оны 348 дугаар захирамжаар хүчингүй болгосонтой холбогдуулан Д.Э нь захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн, хариуцагч Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/91 дүгээр захирамжаар Д.Э-ын эзэмшлийн 375 м.кв газрын байршлыг өөрчлөн, Зэст багийн 1 дүгээр хороолол, 6 дугаар байрны урд мөсөн каток байрлах газарт 600 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

19. Гэтэл хариуцагч Засаг дарга нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/211 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 40.2 дахь заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч Д.Э-т газрын байршил шилжүүлэн эзэмшүүлсэн 2013 оны А/91 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь маргаан  бүхий  А/211  дүгээр  захирамжийн  үндэслэл  болсон  хуулийн  заалтуудтай зөрчилдсөн байна.

20. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрхийг дуусгавар болгох, 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг хуульчилсан байх ба 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” зэрэг тохиолдолд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульчилжээ. 

21. Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актаар газар эзэмшигч Д.Э нь эзэмшиж авсан газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, газар эзэмшүүлэх гэрээний 2.4-т заасан газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх тухай мэдэгдлийн дагуу гэрээгээ дүгнүүлээгүй зөрчил гаргасан гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгасан атлаа түүнд газар олгосон А/91 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь агуулгын зөрчилтэй, хууль бус шийдвэр болсон байна.

22. Түүнчлэн хариуцагчаас захиргааны актын нэг үндэслэлийг газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж буруутгасан, гэвч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.Э нь 2014, 2015 оны төлбөрийг хугацаа хожимдуулж буюу 2015 онд, 2016 оны төлбөрийг мөн оны 3 дугаар сарын 27-ны өдөр, 2017 оны эхний улирлын төлбөрийг мөн оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төлөх зэргээр газрын төлбөрийг бүрэн төлсөн нь тогтоогдсон, харин газар эзэмших гэрээний 3.6-д төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохоор заасан боловч хариуцагчаас энэ талаар арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, газрын төлбөрөө төлөөгүй талаар сануулж, мэдэгдэж байсан нь тогтоогдоогүй байна.

23. Мөн гэрээ дүгнэх асуудал нь газар эзэмших гэрээний 3.10-д “газар эзэмшүүлэх гэрээний биелэлтийг жил бүр дүгнүүлэх”, 4.4-д “газар эзэмших гэрээг жил бүр дүгнэнэ” гэж зааснаар талуудын хэн алиных нь үүрэг байхад гэрээгээ дүгнүүлээгүй зөрчил гаргасан гэж дан ганц нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй, мөн хариуцагчийн “нэхэмжлэгчид гэрээг дүгнүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн” гэх тайлбар мөн нотлогдоогүй байна.

24. Хариуцагчаас захиргааны актын өөр нэг үндэслэлийг нэхэмжлэгч нь эзэмшиж авсан газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзсэн бөгөөд шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар нэхэмжлэгч Д.Э нь А/91 дүгээр захирамжаар олгогдсон 600 м.кв газрыг хашаалж, барилгын суурь ухсан, мөн газар ашиглах асуудлаар газрын хамтран эзэмшигчтэй маргаантай учир шалтгаанаар газраа ашиглах боломжгүй байгаа зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон, нэхэмжлэгчийг хуульд заасны дагуу газраа ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосноор түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

25. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0850 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Ч.ТУНГАЛАГ

                                ШҮҮГЧ                                                                       Б.МӨНХТУЯА