Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-05-30
Дугаар 251
Хэргийн индекс 128/2017/0689/З/
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч “П И” ХХК
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол:

“П И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын

хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:       Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                     Л.Атарцэцэг

                                     Г.Банзрагч

                                     П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн “П И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0054 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0199 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нар,

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д-гийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0054 дүгээр шийдвэрээр: 1. Ашигт малтмалын тухай хууль /2006/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн “П И” ХХК-д холбогдох хэсгийг 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлж, 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь шүүхээс тогтоосон 1 /нэг/ сарын хугацаанд захиргааны шинэ акт гаргаагүй тохиолдолд тус хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн “П И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0199 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0054 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн “П И” ХХК-д холбогдох хэсгийг 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, 3 дахь заалтын “1 /нэг/” гэснийг “6 /зургаа/” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

           Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу дээрх саналыг үндэслэн төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтсийн дарга 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрээр “П И” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон. Ашигт малтмалын тухай хуульд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгохоор хуульчилсан. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

4. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрээр “Засаг даргаас “дэмжихгүй” санал ирсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “П И” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан, нэхэмжлэгч нь “...Засаг дарга хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан тохиолдолд захиргаа хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах үүрэгтэй, ...татгалзсан нь хууль бус, ...шийдвэрийг 1 жил 9 сарын дараа гаргасан нь хууль бус” гэж маргажээ.

5. Нэхэмжлэгч “П И” ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сум, Сэлэнгэ аймгийн Баянгол сумдын нутаг “Б” нэртэй газрын 11288.17 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр өргөдөл гаргасан, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж, санал авахаар Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын Засаг дарга нарт 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 6/7063, 6/7064 дугаартай мэдэгдлүүдийг хүргүүлсэн, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1-1655 дугаартай албан бичгээр ирүүлсэн “дэмжихгүй” саналыг 2015 оны 10 дугаар сарын 02, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1/809 дугаартай албан бичгээр ирүүлсэн “дэмжихгүй” саналыг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус тус хүлээн авсан, нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн өргөдлийг нь 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар “хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” шийдвэрээр шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон, уг үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.

6. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4, 19.5, 19.6-д зааснаар төрийн захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэж санал авахаар, уг мэдэгдлийг хүлээн авсан Засаг дарга нь тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөхөөр, Засаг дарга нь зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болохоор, тусгай зөвшөөрөл олгохыг Засаг даргаас дэмжсэн бол төрийн захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахаар зохицуулсан байв.

7. Уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар мөн хуулийн 19 дүгээр зүйлийг бүхэлд нь хүчингүй болсонд тооцож, үүнтэй холбоотойгоор “өргөдөл”-өөр олгох зохицуулалт агуулж байсан зарим зүйл, хэсэг, заалтад өөрчлөлт оруулсан бөгөөд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасны дагуу энэ өдрөөс хойш ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг “өргөдөл”-ийн журмаар шийдвэрлэх эрх зүйн боломжгүй болж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн “сонгон шалгаруулалтын журам”-аар олгох зохицуулалттай болжээ.

8. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргуулахаар шийдвэрлэсэн нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн үзэл баримтлал, зохицуулалтад нийцэхгүй юм. Учир нь шүүхээс захиргааны байгууллагад хандаж шийдвэр гаргахыг даалгах нь ирээдүйд бий болох үр дагавар бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид нийцэхгүй.

9. Иймд, нэхэмжлэгчийн эрх сэргээхийг шаардаж буй эрх нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн зохицуулалтаар хамгаалагдах боломжгүй учир хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0054 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0199 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д заасныг баримтлан нэхэмжлэгч “П И” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн “П И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

 ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ