Б.Х-ийн нэхэмжлэлтэй, “Э” ХК-д  холбогдох

Шүүгчийн нэр Н.Батзориг
Шийдвэрийн огноо 2024.03.14
Шийдвэрийн дугаар 001/ХТ2024/00045
Хэргийн индекс 001/2024/00215
Маргааны төрөл Хөдөлмөр
Хуулийн зүйл, заалт БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох  тухай 1 дүгээр зүйл
Шийдвэрлэсэн байдал

Магадлалыг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхисон

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2023.10.10, дугаар: 182/ШШ2023/02839
Анхан шатны шүүх Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2023.12.13, дугаар: 210/МА2023/02150
Давж заалдах шатны шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 03 сарын 14 өдөр
Дугаар: 001/ХТ2024/00045
Улаанбаатар хот


Б.Х-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/02839 дүгээр шийдвэртэй,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2023/02150 дугаар магадлалтай,

 

Б.Х-гийн нэхэмжлэлтэй,

“Э” ХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэх, үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын шагналт цалин нийт 18,776,472 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Б.Х- “Э” ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэх, үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын шагналт цалин нийт 18,776,472 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/02839 дүгээр шийдвэрээр: Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар “Э” ХК-д холбогдох “Салбарын экспорт, тээвэр зохицуулалтын албаны мэдээллийн технологийн ажилтан”-ы албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийлгүүлэх, үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалин нийт 18,776,472 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Х-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2023/02150 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.10-ны өдрийн 182/ШШ2023/02839 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “Засгийн газарт эрх олгох  тухай 1991.01.04-ний өдрийн хуулийн” гэсний урд “БНМАУ-ын” гэж нэмж оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.10-ны өдрийн 182/ШШ2023/02839 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.12.13-ны өдрийн 210/МА2023/02150 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3, 172.2.3-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн.

Анхан шатны шүүхээс 13 дахь сарын цалин хөлс, үр дүнгийн урамшууллыг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож буй талаар огт үндэслээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ажлаас халсан үйл баримт, тушаалыг буруутгах үндэслэл тогтоогдоогүй гэсэн атлаа шууд байдлаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож буй нь хуульд нийцэхгүй юм. Шүүх шаардах эрхийн үндэслэл тус бүрийг хэлэлцэх, нэхэмжлэл тус бүрээр нь эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

13 дахь сарын цалин хөлс, урамшуулал цалинг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байсан тул олгох үндэслэлгүй гэхээс өөрөөр хууль зүйн үндэслэлийн хувьд олгохгүй байх зохицуулалт, хамтын гэрээ, цалин хөлсний журам зэрэг байгууллагын дүрэм, журмын хүрээнд үндэслээгүй болно. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн тайлбарыг иш татан шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй болно.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ үр дүнгийн урамшуулал болон 13 дахь сарын цалин нь бие даасан шаардлага байсаар атал ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийх нэхэмжлэлийн шаардлагын үр дагавар мэтээр тайлбарласан.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан цалин хөлсний бүрдэл нь нэхэмжлэлийн шаардлагын ажилгүй байсан хугацааны цалин хөлс биш юм. Үр дүнгийн урамшуулал 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулал 5,000,000 төгрөг нь бие даасан шаардлага бөгөөд ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үр дагавар биш юм. Ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үр дагавар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан үндэслэл хамаардаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасан шүүхийн харьяаллын маргааны үндэслэлд хамаардаг. Харин шагналт цалин, урамшуулал нь тусдаа бие даасан нэхэмжлэлийн шаардлага бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасан цалин хөлсний маргаан бөгөөд мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан маргаанд хамаардаг. Иймд үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалинг бие даасан шаардлага гэж үзэх үндэслэлтэй.

4.2. Нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй.

Б.Х- нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө авсан, чөлөөтэй байсан талаарх нотлох баримтуудыг үнэлээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт “Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж, 60 дугаар зүйлийн 60.1.12-т “Хувийн чөлөөтэй байгаа хугацаанд” ажлын байрыг хэвээр хадгалахаар заасан. Гэрч Э.Батжаргалын мэдүүлгээр Б.Х- нь хувийн чөлөө авсан нь тогтоогдсон. Гэвч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Б.Х- нь 2022.12.05-ны өдрөөс ар гэрийн гачигдлын улмаас захиргааны чөлөө авсан гэх боловч энэ байдал нь нотлогдоогүй байна” гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 80.5 дахь хэсэгт заасан хугацааны өмнө мэдэгдэл өгсөн эсэхийг бодитоор үнэлээгүй. “Э” ХК 2023.04.10-ны өдрийн байдлаар бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт хийгдээгүй. Энэ талаар зохигч маргадаггүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нотлох баримт болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 80.5 дахь хэсэгт заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогч мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар цуцлахад 30 хоногийн өмнө мэдэгдэл өгөхөөр заасан. Иймд дээрх мэдэгдлийг өгөөгүй талаар үйл баримтыг нотлох баримтаар үнэлээгүй байна.

            13 дахь сарын шагналт цалин, үр дүнгийн урамшуулал олгосон “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.12.20-ны өдрийн А/752, А/753 дугаар тушаалын үндэслэх хэсэг болон хавсралтыг үнэлээгүй. Тус тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн ажилтнуудад үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалин олгосон байдаг. Ингэж олгохдоо 2022 онд ажилласан хугацаанаас нь хамаарч олгосон байна. Тушаалын хавсралтаас дөнгөж ажилд ороод 20 хоног болоогүй ажилтан, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтнуудад олгожээ.

            “Э” ХК-ийн 2018 оны хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1-д “Жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг нийт ажилтанд тухайн жилд ажилласан хугацааг харгалзан 4-6 сарын компанийн дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож дараа жилийн 1 дүгээр улиралд олгоно” гэж заасан. “Э” ХХК-ийн ажилтанд цалин хөлс олгох журмын 3 дугаар зүйлийн 3.15-д “Компанийн тухайн жилийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан гүйцэтгэх захирлын тушаалаар ажилтнуудад 13 дахь сарын цалин, үр дүнгийн урамшуулал олгож болно” гэж заасан байна.

            Б.Х-г ажлаас халснаас хойш 5 хоногийн дараа үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалин хөлс олгохоор Бүрэн эрхт төлөөлөгчийн тушаал гарсан. Тус тушаалыг Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээ, цалин хөлс олгох журмыг тус тус баримталсан байна. 2022.01.1-ний өдрөөс 2022.12.08-ны өдөр хүртэл хөдөлмөрийн гэрээний дагуу хариуцагч байгууллагад ажиллаж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байсан ба БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль болон Засгийн газрын тогтоолыг тус тус баримталж чөлөөлсөнд нэхэмжлэгч буруугүй болно. Иймд тус тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль, хамтын гэрээ, цалин хөлсний журмыг баримталж гарсан бөгөөд ажилласан хугацаанд ногдуулсан байх тул ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас тусдаа бие даасан шаардлага байх тул хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул олгох хууль зүйн үндэслэлтэй юм.

            4.3. Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн.

            Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, Засгийн газарт эрх олгох тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

            Засгийн газарт эрх олгох тухай хуульд Үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох гэж заасан бөгөөд Хөдөлмөрийн сахилгын тусгайлсан дүрэм тогтоох эрхийг олгожээ. Өөрөөр хэлбэл, бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоох хүрээнд томилох эрхийг олгосон байна.

            Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1-д “Компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалыг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад” гэжээ. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат нь 2022.12.09-ний өдрийн А/737 дугаар тушаалаар бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан.

            Бүрэн эрхт төлөөлөгч нь 2022.11.02-ны өдрийн А/683 дугаар тушаалаар хөдөлмөрийн сахилгын тусгай дүрмийг анхлан тогтоожээ. Үүнээс өмнө сахилгын тусгайлсан дүрэм тогтоогоогүй байна. Б.Х-г ажлаас чөлөөлөх тушаалын нэгдүгээрт “Засгийн газраас “Э” ХК-д Онцгой дэглэм тогтоосонтой холбоотой бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож шинэчлэх арга хэмжээнд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан” гэжээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт эрх олгох тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь 1991 онд батлагдсан бөгөөд 1992 оны Үндсэн хуульд нийцүүлэн гаргасан хууль биш. 1992 онд Үндсэн хуулийг баталснаар нийтлэг зохицуулалт бүхий хуулиуд хүчин төгөлдөр бусад тооцогдсон бөгөөд БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг шүүх хэрэглэж байгаа нь Монгол Улсын иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг хязгаарлаж буй нь хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд харш болно.

            Засгийн газарт эрх олгох хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хууль болох БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийн (1992.01.16) 5 дугаар зүйлийн 5.4 “Хууль тогтоомжийг Монгол улсын Үндсэн хуульд нийцүүлэн бүрэн шинэчлэх ажлыг 1996 онд багтаан хийж дуусгана” гэж заасан.

            Монгол Улсын Их хурлын 2023 оны 08 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн в/ 1991 онд батлагдсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг судлан үзэж, саналаа УИХ-д танилцуулахаар баталжээ.

            2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-т “Шударга бус үйлдлийг хориглох” гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн хууль тогтоомж нь Монгол улсын Үндсэн хууль энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.” 2.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомжийн эрэмбийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэхээр заасан байна.

            а. Хөдөлмөрийн тухай хууль

            б. Монгол улсын бусад хууль

            в. Захиргааны хэм хэмжээний акт

            г. Салбар, салбар дундын хамтын хэлэлцээр

            д. Хамтын гэрээ

            е. Хөдөлмөрийн гэрээ

            ё. Аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ гэжээ.

            Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн хуулийг шүүх хэрэглэхгүй”, 3.2 дахь хэсэгт “Тухайн асуудлаар дотоодын хууль тогтоомж гаргах шаардлагатай гэж олон улсын гэрээнд зааснаас бусад тохиолдолд иргэний эрх зүйн харилцаанд Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ”, 3.3 дахь хэсэгт “Монголын Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ.” гэж заасныг баримтлахаар зохицуулсантай зөрчилдөж байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, буруу тайлбарлан хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн явдлыг хууль хэрэглээний алдаанд хамааруулахаар заасан. Шүүхийн шийдвэр нь зөвхөн хуульд үндэслэгдсэн байдаг.

            Шүүх нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа тодорхойлох шаардлагатай юм. Нөгөө талаар талууд мэтгэлцээний явцад маргааны зүйлээс холдож эрх зүйн маргаантай харилцаа үүсэх болсон шалтгаан, эсхүл эрх зүйн харилцаанд гарсан зөрчлийн улмаас үүссэн үр дагаврыг голчлон тайлбарлаж, маргааны зүйлээ тодорхойлж чадахгүй байх явдал цөөнгүй гардаг. Шүүх талуудын тайлбараас маргааны зүйлд хамаарах хэсгийг тодотгох, мэтгэлцээнийг зөв голдирлоор явуулахад чиглүүлэх үүрэгтэй. Маргааны зүйл нь хариуцлагагүй хандсан гэх зүйл баримт байх бөгөөд “Элгэн” ХХК-тай холбоотойгоор хариуцлагагүй хандсан гэж талууд маргасан нь шүүх хуралдааны тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.10-ны өдрийн 182/ШШ2023/02839 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.12.13-ны өдрийн 210/МА2023/02150 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.02.15-ны өдрийн 001/ШХТ2024/00228 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

 

ХЯНАВАЛ:

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

7. Нэхэмжлэгч Б.Х- хариуцагч “Э” ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...Тус компанийн гүйцэтгэх захирлын 2022.12.08-ны өдрийн Б/1436 дугаар тушаалаар Б.Х-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуульд үндэслээгүй. Б.Х-гийн өвөө нь 2022.12.05-ны өдөр нас барсан тул салбарын дарга н.Батжаргалд мэдэгдэж захиргааны чөлөө авсан байхад ажлаас чөлөөлсөн. “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.12.20-ны А/752, А/753 дугаар тушаалаар 2022 оны жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг олгохдоо тухайн жилд ажилласан хугацааг харгалзан олгосон. Б.Х- нь ажлаас чөлөөлөгдсөн хэдий ч үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалин авах ёстой. Иймээс  үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалинд нийт 18,776,472 төгрөг гаргуулна” гэж тайлбарласан,

Хариуцагч “Э” ХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “Э” ХК-д 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилж улмаар Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь компанийн газар, хэлтэс (хүний нөөц, төсөв санхүү, бүтэц зохион байгуулалттай г.м)-ийн үйл ажиллагаатай танилцаж Нийгмийн судалгаа, хөгжлийг төвийг татан буулгасан. Б.Х- Салбарын Экспорт, тээвэр зохицуулалтын албаны мэдээллийн технологийн ажилтнаар томилогдсон хэдий ч Нийгмийн судалгаа, хөгжлийн төвд зураглаачаар ажиллаж байсан тул ажлаас чөлөөлөгдсөн. Б.Х- нь ар гэрийн гачигдлын улмаас захиргааны чөлөө авсан нь нотлогдоогүй. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022.12.20-ны өдрийн А/752, А/753 дугаар тушаалаар үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын шагналт цалин олгохоор шийдвэрлэх үед Нийгмийн судалгаа, хөгжлийн төв нь татан буугдсан байсан ба тус төв нь жилийн ажлын тайлан төлөвлөгөөг албажуулж ирүүлээгүй. Иймээс  Б.Х-д үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалин олгох үндэслэлгүй” гэж татгалзсан байна.

 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “Э” ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилж, ... шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг даалгасан ... үүргийн хүрээнд 2022.12.08-ны өдрийн А/735 тоот тушаалаар Нийгмийн судалгаа, хөгжлийн төвийг татан буулгасан, ... талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь Засгийн газарт эрх олгох тухай 1991.01.04-ний өдрийн хуулиар зохицуулагдсан харилцаа байх ба бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газрын 385 тоот тогтоолд заасан эрхийн хүрээнд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь тус хуульд нийцсэн,...нэхэмжлэгч нь томилогдсон ажлын байрнаас өөр зураглаачийн ажил үүрэг гүйцэтгэж байсан, ажиллаж байсан төвийг татан буулгаснаар мэдээлэл технологийн ажилтнаар эгүүлэн томилох үндэслэлгүй, чөлөө авсан нь тогтоогдохгүй байна... ” гэсэн дүгнэлт хийсэн.

 

9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг зөв гэж үзэн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан ба магадлалд “... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуульд нийцсэн, ... энэ тохиолдолд ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлэх зохицуулалт хамаарахгүй, ... чөлөө авсан үйл баримт тогтоогдоогүй тул ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй,  онцгой дэглэм тогтоосноос хойш Б.Х- 1 сар, 18 хоног ажилласан, түүнд жилийн үр дүнгийн урамшуулал болон шагналт цалин олгох ёстой байсан гэж дүгнэхгүй, ...  харин шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн БНМАУ-ын гэснийг орхигдуулсан алдааг залруулах боломжтой...” гэжээ.

 

10. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ адил дүгнэлт хийж ижил шийдвэр гаргасан боловч хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хянах нь зүйтэй гэж үзэж, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэв.

 

11. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Х- нь хариуцагч “Э” ХК-д 2022.02.21-ний өдрөөс Салбарын экспорт тээвэр зохицуулалтын албанд мэдээллийн технологийн ажилтнаар 3 сарын туршилтын хугацаагаар томилогдож, улмаар 2022.06.27-ны өдрийн Б/695 дугаар тушаалаар дээрх ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус компанийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022.12.08-ны өдрийн Б/1436 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн ба уг тушаалд БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай (1991 он) хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Монгол Улсын Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгосон байна.

13. Улс орны эдийн засгийн байдлыг тогтворжуулах шаардлагатай шуурхай арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлж байх, болзошгүй сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай /1991 он/ хуулийг баталжээ.

14. Уг хуулийн 1 дүгээр зүйлд “Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай” гэж заасан.

15. Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор дээрх хуулийн 1, 2 дугаар зүйлд заасныг үндэслэн “Э” ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, онцгой дэглэмийн хугацаанд Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилжээ. 

16.  “Э” ХК-ийн Дотоод аудитын албаны 2021.11.17-ны өдрийн 09 тоот дүгнэлт хэрэгт авагдсан бөгөөд уг дүгнэлтээр “... тус компанийн дүрэмд заасан үндсэн үйл ажиллагаатай холбоогүй Нийгмийн судалгаа, хөгжлийн төвийг байгуулсан, ...  уг нэгжийг татан буулгах шаардлагатай... Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан удирдлага, зохион байгуулалтын бүтцийг мөрдөж ажиллахыг гүйцэтгэх захиралд зөвлөмж болгосон...”  байхаас гадна Б.Х- хариуцагч “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.06.27-ны өдрийн Б/695 дугаар тушаалаар томилогдсон Салбарын экспорт, тээвэр зохицуулалтын албанд мэдээллийн технологийн ажилтнаар биш Нийгмийн судалгаа, хөгжлийн төвд зураглаачаар ажиллаж байсан үйл баримт тогтоогджээ.

17. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн 2022.12.08-ны өдрийн А/735 дугаар тушаалаар компанийн бүтцийн нэгжээс Нийгмийн судалгаа, хөгжлийн төвийг татан буулгасан тул тус төвд зураглаачаар ажиллаж байсан Б.Х-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг  цуцалсан нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолд заасан “компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж чөлөөлөх”  эрхийн хүрээнд гарсан, хууль зөрчөөгүй байна.

18. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэр нь Засгийн газарт эрх олгох тухай (1991 он) хууль, Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолд заасны дагуу  “Э” ХК-д онцгой дэглэм тогтоож, тус компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож шинэчлэх шаардлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хамаарч байх тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх,  хувийн чөлөөтэй байх хугацаанд ажлын байрыг хэвээр хадгалах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалт хамаарахгүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй. 

19. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Засгийн газарт эрх олгох тухай (1991 он) хууль Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх талаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан, уг хууль өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж  байгаа тул “...шүүх Үндсэн хуулийг зөрчсөн хуулийг хэрэглэсэн,...хууль тогтоомжийн эрэмбийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэнэ ...” гэсэн  агуулгатай (Тодорхойлох хэсгийн 4.3) нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.

20. 2022 оны үр дүнгийн урамшуулал 16,276,472 төгрөг, 13 дахь сарын шагналт цалин 2,000,000 төгрөг, нийт 18,776,472 төгрөг гаргуулах шаардлагын талаар;

20.1. “Э” ХК-ийн ажилтанд цалин хөлс тооцож олгох журмын 3.15-д “Компанийн тухайн жилийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан гүйцэтгэх захирлын тушаалаар ажилтнуудад 13 дахь сарын цалин, үр дүнгийн урамшуулал олгож болно” гэж заажээ.

Компанийн тухайн жилийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан ажилтанд үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын шагналт цалинг олгох эсэхийг ажил олгогч өөрөө шийдэх эрхтэй гэж зохицуулсан байх тул ажлаас халагдсан ажилтанд 13 дахь сарын цалин, үр дүнгийн урамшууллыг ажил олгогч нөхөн олгох үүрэгтэй байсан гэж дүгнэх боломжгүй.

20.2. “Э” ХК-ийн Захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээний 3.3.1-д “Жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг нийт ажилтанд тухайн ажилд ажилласан хугацааг харгалзан 4-6 (дөрвөөс зургаан) сарын компанийн дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож дараа жилийн I улиралд олгоно” гэж заасан боловч Ажилтны ажил дүгнэх, шагнал, урамшуулал олгох журмын 3.1-д зааснаар ажлын төлөвлөгөөний биелэлт, компанийн удирдах ажилтан болон нэгжийн удирдлага, шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлт, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хэрэгжилт, идэвхи санаачилга, шинэ санал санаачилга, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн бүтээмж, сахилга, хариуцлага, нэгжийн удирдлагын тайлан, санал зэрэг баримт байхгүй, шүүх ажил олгогчийн өмнөөс эдгээр санал дүгнэлтийг хийх боломжгүй тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй.

20.3. Дээр дурдсанаар, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022.12.20-ны өдрийн А/752 дугаар тушаалаар ажилтнуудад жилийн үр дүнгийн урамшуулал, 2022.12.20-ны өдрийн А/753 дугаар тушаалаар ажилтнуудад шагналт цалин олгосныг үндэслэн нэхэмжлэгч Б.Х-д урамшуулал, 13 дахь сарын цалинг олгох байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. 

Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.12.20-ны өдрийн А/752, А/753 дугаар тушаалын хавсралтыг үнэлээгүй” гэх гомдлыг хангахгүй.

 20.4. Хоёр шатны шүүхээс 13 дахь сарын шагналт цалин, үр дүнгийн урамшуулал нийт  18,776,472 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй боловч хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй орхигдуулсныг дээрх байдлаар залруулж байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2023/02150 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М-ын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Х нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАЯРМАА

 

  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

 

     ШҮҮГЧИД                                      Н.БАТЗОРИГ

 

                                                           Н.БАТЧИМЭГ 

 

                                                               Х.ЭРДЭНЭСУВД