Б.Г-т холбогдох эрүүгийн хэрэг

Шүүгчийн нэр Д.Эрдэнэбалсүрэн
Шийдвэрийн огноо 2022.07.06
Шийдвэрийн дугаар 126
Хэргийн индекс 2103000470114
Маргааны төрөл
Хуулийн зүйл, заалт 27.10.2.4
Шийдвэрлэсэн байдал

Тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгосон

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2022.03.04, дугаар: 281
Анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2022.05.10, дугаар: 501
Давж заалдах шатны шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 07 сарын 06 өдөр
Дугаар: 126
Улаанбаатар хот


Б.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөр, иргэний хариуцагч Г.Г-н өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, иргэний нэхэмжлэгч Ч.Э-н өмгөөлөгч Б.Батгэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 281 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 501 дүгээр магадлалтай,Б.Г-тхолбогдох 2103000470114дугаартайхэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөрийн гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 06дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын худалдааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт Б-ны Г-, /РД:***/.

 

Б.Г- нь “Howo” загварын *** УБЗ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, энэ дүрмийн 24.1.Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна”, мөн дүрмийн 3.4.Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэнбайдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс бусдын эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж,

Б.Г- нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсаны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо төрөөс нэхэмжлэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дөчин тавдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тусгаж шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.Г-т холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Анхан шатны шүүх Б.Г-ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасан боловч уг ослын улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хүнд хохирол учраагүй, хүний амь нас хохироогүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаагүй гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоол гаргасан байхад давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасан хуулийн шаардлагыг биелүүлээгүй гэж үзэн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Б.Г-ийн үйлдлийг эрүүгийн хэрэг биш гэж үзэж байхад давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэг мөн гэж үзэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээp зүйлд заасан үндэслэл бий болсон тул хяналтын шатны шүүх хэргийн хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнд заавал хүндэвтэр гэмтэл учруулж байж энэ гэмт хэргийн шинжийг хангах талаар хууль тогтоогч хуульчилсан. Үндсэн бүрэлдэхүүнийг хангаагүй байхад гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болно. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хувьд хууль тогтоогчийн үзэл санаа хүний амь насыг хамгаалах талыг баримталсан гэж ойлгогдож байна.

Иймд цагаатгах тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Мөн шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч Ч.Э-н өмгөөлөгч Б.Батгэрэл хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлгүй, харин давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь заалтад “бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан бол” гэж хүндрүүлсэн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байхаар тусгасан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд иргэний хариуцагч Г.Г-н өмгөөлөгч Б.Чулуунгэрэл хэлсэн саналдаа “Гомдолтой танилцсан. Хурлуудад биечлэн оролцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнийг анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэн, цагаатгах тогтоол гаргаж шийдвэрлэсэн. Хэргийг гэмт хэргийн шинжийнх нь хүрээнд шийдвэрлэх ёстой. Учирсан хор уршгийг иргэний журмаар нэхэмжлээд явах нь зүйтэй. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Прокурор О.Мөнхбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “...Давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хохирол, хор уршиг, үр дагавар учирсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор тодорхойлсон.

Өөрөөр хэлбэл, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол үндсэн шинжид хамруулж, гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, үр дагаврыг харгалзан хүндрүүлэх, онц хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.

Тухайлбал, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хохирол, хор уршиг, үр дагавар учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол, бусдад их хэмжээний хохирол учруулсан тохиолдол гэмт хэрэгт тооцохоор байна. Мөн гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан согтуурсан, мансуурсан үедээ; тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд; энэ гэмт хэргийг үйлдсэнийг хүндрүүлэх шинжид хамруулжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэг тооцно” гэж заасан бөгөөд Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан хуульчилсан согтуурсан, мансуурсан үедээ; тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд; гэсэн хүндрүүлэх шинжтэй харьцуулан хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэх нь үндэслэлгүй юм.

“Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хохирол, хор уршиг, үр дагавар шаарддаг үндсэн шинжтэй бөгөөд учруулсан хохирол, хор уршгийг харгалзан хүний эрүүл мэндэд хүнд хохирол, бусдад их хэмжээний хохирол учруулсан, хүний амь нас хохирсон үр дагаврыг хүндрүүлэх, онц хүндрүүлэх шинжид тодорхойлсныг дангаараа энэ гэмт хэргийн үндсэн шинжид тусгасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шинжийг хангахгүй, эд хөрөнгөд хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй гэж дүгнэсэн илтэд үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг агуулгаас нь зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, оролцогчдын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Цагаатгагдсан этгээд Б.Г-ийн өмгөөлөгч Б.Баттөрийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүххуралдаанаар хэлэлцэж,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаарзүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Прокуророос Б.Г-ийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Howo” загварын *** УБЗ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөнөөс 2 хүний эрүүл мэндэд хөнгөн,12 хүний эд хөрөнгөдих хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Мөн анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх Б.Г-т холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчүүд болон өөрийнх нь мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийг шийдвэрлэжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Харин давж заалдах шатны шүүх “дээд шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх биелүүлээгүй” гэсэн үндэслэлийг дурдан цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

 

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэснээс гадна мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан.

Хууль тогтоогч 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулинд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийн диспозитив  шинжийг “Автотээврийн  хэрэгслийн жолооч  хөдөлгөөний

аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол ...” хэмээн тодорхойлсон байна. Энэхүү томъёололын бичвэр болон агуулгыг дүгнэж үзэхэд тухайн төрлийн хэм хэмжээнүүдийг зөрчсөн эрх зүйн зөрчлүүдээс эрүүгийн эрх зүйн арга хэрэгслээр хамгаалбал зохих харилцааг хүний эрүүл мэнд, тодруулбал, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийн шинжээр босго тогтоон хоёрдмол утгагүйгээр тодорхойлжээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тодорхойлж тусгаагүй байх тул тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг хангаагүй, уг хамгаалагдсан харилцаанд үл хамаарах хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг Зөрчлийн тухай хууль, мөн гэм хорыг арилгахдаа Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэх нь тодорхой үйлдэл, эс үйлдэхүйн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй байх хууль ёсны болон гэм буруугүйд тооцох эрүүгийн эрх зүйн нийтлэг зарчим, түүнчлэн Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.  

 

Иймд магадлалыг хүчингүй болгож,цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Баттөрийн “Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Түүнчлэн иргэний нэхэмжлэгч, хариуцагч нар гэм хорын хохиролтой холбоотой асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 501 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 281 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Баттөрийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

 

ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

 

                                                                        Ч.ХОСБАЯР

 

                                                                        Б.ЦОГТ

 

                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН