“С.У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн УХТЭ201901005/0301 дугаартай Тендерийн үнэлгээнийн хороонд холбогдох захиргааны хэрэг

Шүүгчийн нэр П.Соёл-Эрдэнэ
Шийдвэрийн огноо 2022.05.23
Шийдвэрийн дугаар 001/ХТ2022/0031
Хэргийн индекс 128/2019/0879/З
Маргааны төрөл Тендер
Хуулийн зүйл, заалт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.1
Шийдвэрлэсэн байдал

Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2021.12.15, дугаар: 0872
Анхан шатны шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2022.03.09, дугаар: 175
Давж заалдах шатны шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 05 сарын 23 өдөр
Дугаар: 001/ХТ2022/0031
Улаанбаатар хот


СУХХК-ийн нэхэмжлэлтэй,

УХТЭ, ТҮХ-ндхолбогдох

захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:                          М.Батсуурь

            Танхимын тэргүүн:                         Ч.Тунгалаг

            Шүүгчид:                                         Д.Мөнхтуяа                                  

                                                                  Х.Батсүрэн

            Илтгэгч шүүгч:                               П.Соёл-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга:                 Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12дугаар сарын 15-ны өдрийн 872дугаар шийдвэр,

  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03дугаар сарын 09-ний өдрийн 175дугаар магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 209дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, гуравдагч этгээд Ө.Б, түүний өмгөөлөгч Н.О нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Тендерийн Үнэлгээний хороо нь хууль бус тендер шалгаруулалт явуулсан буруутай болохыг тогтоолгох, 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн УХТЭ/201901005/03 дугаар дүгнэлтийн Бусад 5 компанийг үнэлэх шатанд оруулахаар тус тус шийдвэрлэв гэсэн хэсгийг, 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн2 дугаар дүгнэлтийн 20 ба 22 дугаар багцад техникийн шаардлагад нийцэж, харьцуулах хамгийн бага үнийн саналтай нь “ЧТ” ХХК байна, “СУ” ХХК-ийн үнийн санал төсөвт өртөг, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас давсан гэсэн хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох,тендерийн 20 ба 22 дугаар багцад чанар ба үнэлгээний харьцуулалтыг зохих журмын дагуу хийгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,20 ба 22 дугаар багцад байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн10 дугаар, 349,530,500 төгрөгийн, “Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгслийн тендер-ийн гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус байсан болохыг тогтоолгох;

2.Хэргийн нөхцөл байдал:Улсын хоёрдугаар төв эмнэлгээс 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгсэл худалдан авах нээлттэй тендерийг зарлаж,“СУ” ХХК  уг тендерийн шалгаруулалтад оролцсон байна. Үнэлгээний хорооноос“ЧТ” ХХК-ийг “20, 22 дугаар багцад хамгийн сайн үнэлэгдсэн тендер” гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгож, “СУ ХХК-ийг...20, 22 дугаар багцад ирүүлсэн үнийн санал төсөвт өртөг, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас давсан” гэж үзэж шалгаруулаагүй байна.

 3.2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...“ЧТ” ХХК-иас санал болгосон эмчилгээний СТО фронтлине чиглүүлэгч, комплекс чиглүүлэгч нь техникийн тодорхойлолтод дүйцэх хэрэгсэл санал болгоогүй, эмчилгээний СТО үндсэн чиглүүлэгч техникийн тодорхойлолтод дүйцэх хэрэгсэл санал болгоогүй, Pilot8 Progress титмийн чиглүүлэгч нь 22-р багцын 2, 3, 4-р хэсгийн техникийн тодорхойлолтод дүйцэхгүй байна. Захиалагч байгууллагын захиалсан баллоны энгийн 1,25 мм, өндөр даралтын баллоны 6 мм хэмжээстэй тэлэгч баллоныг “ЧТ” ХХК санал болгоогүй байна. SO218 кодтой судас оёгч angioseal Exoseal гэсэн нэршлээр “ЧТ” ХХК, (Perciose prodlide судас оёх үйлдэлтэй), “СУ” ХХК-иас Angioseal (судасны ханыг хоёр талаас хавчиж боох үйлдэлтэй) санал болгосон. Техникийн тодорхойлолтоос харахад “СУ” ХХК-иас Angioseal санал болгосон хэрэгсэл техникийн тодорхойлолтод дүйж байна” гэж дүгнэжээ.

4.Нэхэмжлэгч “СУ” ХХК-иас “Үнэлгээний хороо гишүүдийн ирц хүрэхгүйгээр хуралдсан, “ЧТ” ХХК-ийн тендерт санал болгосон эмнэлгийн хэрэгслүүд нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэхгүй, тоо хэмжээндээ хүрэхгүй байхад үнэлэх шатанд оролцуулж, хууль бус тендер шалгаруулалт явуулсан, тендер хянан үзэх шатанд хасч, үнэлгээнд оруулахгүй байсан” гэж, хариуцагчаас “Тендер 2019 онд хэрэгжиж, биелэгдчихсэн, бараа нийлүүлээд дууссан, “СУ” ХХК нь үнийн төсөвт өртөг, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас давсан тул шалгаруулаагүй, хууль журмын дагуу бүх үйл ажиллагааг явуулсан” гэж тус тус маргажээ.

5.Анхан шатны шүүх: “...2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хуралд Үнэлгээний хорооны 11 гишүүний 8 гишүүн оролцсон тул хуралдааныг хүчин төгөлдөр гэж тооцох үндэслэлтэй, Үнэлгээний хороо тендерийг хянан үзэж тендерийг үнэлэх шатанд 5 компанийг оруулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, харин 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэлд 5 компанийн тендерийг хэрхэн шийдвэрлэсэн талаар болон гишүүдийн олонх дэмжсэн эсэх, гаргасан шийдвэр бүрэн тусгаагүй байхад нэхэмжлэгчийг “шаардлага хангаагүй тендер ирүүлсэн, гуравдагч этгээдийг хамгийн сайн тендер ирүүлсэн” гэж үзэх үндэслэлгүй. “СУ” ХХК-ийн үнийн санал бүхэлдээ төсөвт өртөг, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас нийлүүлэх барааны үнэ давсан эсэх асуудлыг Үнэлгээний хорооны гишүүд олонхийн саналаар шийдвэрлэсэн үнэлгээний шийдвэр, дүгнэлт байхгүй тул хууль бус. “ЧТ” ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан гэрээний дагуу тендерийн нийлүүлэлт хийгдэн хэрэгжсэн, гэрээгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн ямар нэгэн шийдвэр гаргаагүй, түүнд хандаагүй, нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй” гэсэн үндэслэлээр “СУ ХХК-ийн нэхэмжлэлийн  шаардлагын зарим хэсгийг хангаж, Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2 дугаартай дүгнэлтээр Тендерийн 20 ба 22 дугаар багцад чанар ба үнэлгээний харьцуулалтыг зохих журмын дагуу хийгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг, мөн дүгнэлтийн 20 ба 22 дугаар багцад техникийн шаардлагад нийцэж, харьцуулах хамгийн бага үнийн саналтай нь ЧТ ХХК байна, СУ ХХК-ийн үнийн санал төсөвт өртөг, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас давсан байна гэсэн хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, үлдсэн шаардлага болох Тендерийн Үнэлгээний хороо нь хууль бус тендер шалгаруулалт явуулсан буруутай болохыг, Үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн УХТЭ/201901005/03 дугаартай дүгнэлтийн Бусад 5 компанийг үнэлэх шатанд оруулахаар тус тус шийдвэрлэв гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, захиалагчийн ЧТ ХХК-тай 20 ба 22 дугаар багцад байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10 дугаартай 349,530,500 төгрөгийн өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгслийн тендерийн гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

6.Давж заалдах шатны шүүх: “...Үнэлгээний хорооны 11 гишүүний 8 гишүүн оролцсон гэх дүгнэлт үндэслэлтэй, 5 компани гэдэгт нэхэмжлэгч “СУ” ХХК, “ЧТ” ХХК, “Тимусфарм” ХХК, “Медмонгол” ХХК, “Азифарм” ХХК-иудыг үнэлэх шатанд оруулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчим алдагдах ба нэхэмжлэгчийн ашиг сонирхол байхгүй, эсрэгээрээ сөрөг үр дагавартай. “СУ” ХХК-ийн гаргасан үнийн санал нь хэдийгээр сонгон шалгаруулалтын дээд үнэд хүрээгүй боловч бусад өрсөлдөгч нараас хамгийн бага үнийн санал ирүүлээгүй нь шинжээчийн дүгнэлт, тендерийн баримт бичиг, хэргийн оролцогч нарын тайлбараар нотлогдож байгаа тул гэрээ байгуулах эрх олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Маргаан бүхий гэрээ хууль бус шийдвэрт үндэслэн гарсан нөхцөл байдал тогтоогдож байх боловч уг гэрээг хожим хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй. Гэрээ нэгэнт дуусгавар болсон хэрэгжсэн, нэхэмжлэгчид сэргэх эрх ашиг байхгүй. Захиргааны гэрээг хүчингүй болгох шийдвэрийг шүүх гаргаж болох ба харин хууль бус байсан болохыг тогтоох боломжгүй” гэсэн үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээжээ.

7.Нэхэмжлэгч “СУ” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг,давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, 123.2.2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. Үүнд:

7.1.”ЧТ” ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны дүгнэлт нь хууль бус гэж  хоёр шатны шүүх дүгнэсэн хэрнээ тус компанитай байгуулсан гэрээг хууль ёсны гэж үзээд байгаа нь ойлгомжгүй. Үнэлгээний хорооны дүгнэлт буруу байхад гэрээ яагаад зөв байдаг юм.

7.2.“ЧТ” ХХК нь хуулийн шаардлагыг хангахгүй, тендерт санал болгосон эмнэлгийн хэрэгслүүд нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэхгүй тоо хэмжээндээ хүрэхгүй зэрэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад шүүх шинжээчийн дүгнэлтэд эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр тендерийн үнэлгээнд оруулсан захиалагчийн шийдвэрийг зөвтгөсөнд гомдолтой байна. 

7.3.Хуралд Ц.Ганзориг оролцоогүй учир даргагүй хурал болсон, гишүүн Б.Баярхүү, Н.Мөнгөнзагас, Н.Нямсүрэн нар оролцоогүй, Д.Энхцэцэг 2019 оны 09 дугаар сарын 14-ний өдөр үнэлгээний хорооны гишүүнээр томилогдоогүй байсан.

7.4.Гуравдагч этгээдийг хянан үзэх шатанд хасагдах байсан. Техникийн тодорхойлолтод заасан барааг нийлүүлээгүй.

7.5.Дутуу бараа санал болгож, бага үнэтэй болж харагдаж байгааг хямд үнэ гэж үзэхгүй.

7.6.Нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол сэргэх боломжтой.

7.7.“Электрон техник” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргээс өөр шийдсэн гэжээ. 

8.Нэхэмжлэгч “СУ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Болд-Эрдэнэ, өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ нар хяналтын журмаар гомдол гаргасан гомдлыг 2021 оны 04дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 05дугаар сарын 09-ний өдрийн 209дүгээр тогтоолоор гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

9.Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааны үйл баримтын талаар зөв дүгнэсэн боловч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

10.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ”, 27 дугаар зүйлийн 27.3-т “тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж тус тус заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, Улсын хоёрдугаар төв эмнэлэг болон Үнэлгээний хороо нь 2019 оны “Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” тендерийг зохион байгуулахдаа 20, 22 дугаар багцад техникийн тодорхойлолтод заасан эмнэлгийн хэрэгсэл санал болгоогүй “ЧТ” ХХК-ийг тендерийг хянан үзэх шатнаас хасалгүйгээр, Үнэлгээний шатанд оруулж, хуулийн дээрх заалтыг зөрчсөн, иймээс нэхэмжлэгчийн “тендерт хянан үзэх шатанд гуравдагч этгээд хасагдах байсан, техникийн тодорхойлолтод заасан барааг нийлүүлээгүй” гэх гомдол хууль зүйн үндэслэлтэй.

11.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж заасан тул шаардлагад нийцсэн тендерийг үнэлгээний шатанд оруулах зарчимтай, энэ тохиолдолд гуравдагч этгээд “ЧТ” ХХК нь техникийн тодорхойлолтод заасан эмнэлгийн хэрэгсэл санал болгоогүй тул үнэлгээний шатанд оруулахгүй, татгалзах байсан байна.

12.Гэтэл анхан шатны шүүхээс “...тус өдрийн хурлаар тендерийг хянан үзэж шийдвэр гаргасан” гэсэн дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, хуулийг буруу тайлбарласан, Үнэлгээний хорооны техникийн тодорхойлолт болон тендерт оролцогчоос нийлүүлэх бараа харилцан тохирч байгаа талаар дүгнэлт байхгүй, өөр бараа нийлүүлсэн байхад ямар үндэслэлээр “шаардлагад нийцсэн” гэж үзсэн үндэслэл тодорхойгүй байх тул Үнэлгээний хороог хууль, журмын дагуу техникийн тодорхойлолтыг хянан үзсэн гэж үзэхгүй.

13.Иймд, Үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 3 дугаар дүгнэлтийн “Бусад 5 компанийг үнэлэх шатанд оруулахаар шийдвэрлэв” гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийг шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

14.Түүнчлэн, Үнэлгээний хороо нь “СУ” ХХК-ийн үнийн санал төсөвт өртөг, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас давсан” гэсэн дүгнэлтийг гаргахдаа тодорхой үндэслэл заагаагүй, тодруулгаар техникийн тодорхойлолтыг өөрчилсөн гэх боловч өөрчилсөнүндэслэл тодорхойгүй, энэ талаар тендерт оролцогчид хэрхэн мэдэгдсэн болохоо тодорхой тайлбарлаагүй, гуравдагч этгээдийн санал болгосон эмийн хэрэгсэл “техникийн тодорхойлолтод заасан тоо, хэмжээнд хүрээгүй учраас үнэ бага болж бодогдсон” гэх үндэслэлд тайлбар хийгээгүй, холбогдох баримтыг гаргаж, тодорхой няцаалт хийгээгүй тул шүүхээс нэхэмжлэгчийн ирүүлсэн тендер шаардлагад нийцсэн эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

15.Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгчийн хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчим алдагдах, эсрэгээрээ сөрөг үр дагавартай” гэсэн дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь буруу болжээ.

16.Тодруулбал, нэхэмжлэгчээс “2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 3 дугаар дүгнэлтийн холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа “... захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэхгүй, тоо хэмжээндээ хүрэхгүй байхад үнэлэх шатанд оруулж, хууль бус тендер шалгаруулалт явуулсан ...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байсан, энэ талаар магадлалын үндэслэх хэсгийн 2.6-д заасан, тухайн асуудлаар хэргийн оролцогчид гомдол гаргаагүй байна.

17.Өөрөөр хэлбэл, Үнэлгээний хорооноос 5 компанийг үнэлэх шатанд оруулахаар шийдсэн хэсэгт нэхэмжлэгчийн маргаж байгаа шаардлага, нэхэмжлэлийн үндэслэл тодорхой байсан буюу өөрийг нь тэнцүүлсэн хэсэгтэй маргаагүй, харин тендерийн баримт бичигт заасан шаардлага хангаагүй этгээдийг үнэлгээнд оруулсан гэх агуулгаар маргасан байхад давж заалдах шатны шүүх энэ үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгөөгүй атлаа “... үнэлэх шатанд оруулахаар шийдсэн 5 компани гэдэгт нэхэмжлэгчийг оруулахаар шийдсэн, уг шийдвэрийг хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилго алдагдах ...” гэх өөр үндэслэлээр дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг буруу тодорхойлжээ.

18.Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн маргаагүй асуудлаар, хэргийн нөхцөл байдлыг буруу тодорхойлж, маргаж буй үндэслэлийг буруу тодорхойлсон.

19.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т ““тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг ойлгоно” гэж зааснаас үзэхэд тендер шалгаруулалтын үйл ажиллагаанаас гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр болон тендерийн гэрээг салгаж ойлгох хууль зүйн үндэслэлгүй байна.

20.Анхан болон давж заалдах шатны шүүхүүд тендер шалгаруулалт хууль бус болохыг зөв тогтоосон атлаа түүнийг үндэслэн байгуулсан гэрээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байна. Тодруулбал, нэхэмжлэлийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох тендер шалгаруулалт хууль бус бол түүнийг дагаж гарсан эрхийн актууд, тодруулбал тендерийн гэрээ хууль бус байх зарчимтай.

21.Анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн ямар нэг шийдвэр гаргаагүй, түүнд халдаагүй тул гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэсэн дүгнэлт  буруу бөгөөд тендерт оролцож байгаа этгээдийн хувьд гэрээ байгуулж, бараагаа нийлүүлэх нь түүний гол хүсэл зориг бөгөөд тендерийн гэрээтэй холбогдуулан нэхэмжлэгч маргах эрхтэй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, түүнд хандаагүй гэж үзэхгүй.

22.Давж заалдах шатны шүүхийн “...гэрээ хууль бус шийдвэрийг үндэслэн гарсан нөхцөл байдал тогтоогдсон боловч уг гэрээг хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй, гэрээ нэгэнт дуусгавар болсон, хэрэгжсэн байх тул нэхэмжлэлд сэргэх эрх ашиг байхгүй” гэсэн дүгнэлтийн тухайд:

23.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан, тухайн тохиолдолд маргаан бүхий гэрээ нь захиргааны акт буюу тендер шалгаруулсан шийдвэрийг үндэслэн байгуулагдсан, тухайн захиргааны актаас салгаж үл болох шийдвэр байх тул маргаан бүхий гэрээг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

24.Мөн энэ тохиолдолд, нэхэмжлэгч хуулийн этгээд нь эм эмнэлгийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж импортлох, ханган нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг, цаашид эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт оролцох эрхтэй учир Үнэлгээний хорооны шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянуулж, буруу эсхүл зөв болохыг тогтоолгосноор дараагийн тендер шалгаруулалтын үйл ажиллагаа алдаагүй, зөв хэрэгжих, нөхцөл бүрдэх боломжтой гэж тайлбарлаж байгаа тохиолдолд нэхэмжлэгчид сэргэх ашиг сонирхол байна гэж үзлээ.

25.Дээрх үндэслэлүүдээр, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12дугаар сарын 15-ны өдрийн 872дугаар шийдвэр,Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03дугаар сарын 09-ний өдрийн 175дугаар магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг баримтлан “СУ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн УХТЭ/201901005/03 дугаар дүгнэлтийн Бусад 5 компанийг үнэлэх шатанд оруулахаар тус тус шийдвэрлэв гэсэн хэсгийг, 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2 дугаар дүгнэлтийн 20 ба 22 дугаар багцад техникийн шаардлагад нийцэж, харьцуулах хамгийн бага үнийн саналтай нь “ЧТ” ХХК байна, “СУ” ХХК-ийн үнийн санал төсөвт өртөг, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас давсан гэсэн хэсгийг, Захиалагчийн ЧТ ХХК-тай байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10 дугаар Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгслийн тендерийн гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, Тендерийн 20 ба 22 дугаар багцад чанар ба үнэлгээний харьцуулалтыг зохих журмын дагуу хийгээгүй Үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосугай” гэж өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээж,нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         М.БАТСУУРЬ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                                           Д.МӨНХТУЯА

                                                                        Х.БАТСҮРЭН

      П.СОЁЛ-ЭРДЭНЭ