Н.Т-ын нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэг

Шүүгчийн нэр М.Батсуурь
Шийдвэрийн огноо 2021.10.04
Шийдвэрийн дугаар 001/ХТ2021/0129
Хэргийн индекс 128/2020/0570/З
Маргааны төрөл Төрийн алба
Хуулийн зүйл, заалт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.2, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10
Шийдвэрлэсэн байдал

Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2020.12.21, дугаар: 202
Анхан шатны шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2021.06.02, дугаар: 288
Давж заалдах шатны шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 10 сарын 04 өдөр
Дугаар: 001/ХТ2021/0129
Улаанбаатар хот


Н.Т-ын нэхэмжлэлтэй,

Гаалийн ерөнхий газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

 

Даргалагч, шүүгч:                              Ц.Цогт             

Танхимын тэргүүн, шүүгч:                 Ч.Тунгалаг   

         Шүүгчид:                                             Х.Батсүрэн

                                                          П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                                    М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21ий өдрийн 128/ШШ2020/0802 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02ы өдрийн 288 дугаар магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 138 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б-ыг оролцуулан хянан хэлэлцэв.


ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.  Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийнБ/159 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай;

Хэргийн нөхцөл байдал:

2.  Гаалийн ерөнхий газрын даргын2020 оны Б/159 дүгээр тушаалаар Гаалийн ерөнхий газрын харъяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Н.Т-ыг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн албан тушаалаас нь чөлөөлж, мөн өдрөөс Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон байна.

3.  Нэхэмжлэгчээс “... цалин, албан тушаал бууруулахгүйгээр Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон хэдий ч  удирдлагын зүгээс төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд сэлгэн ажиллуулахдаа түүнтэй тохиролцсон байх, өөрийнх нь зөвшөөрлийг авах хуулийн заалтыг зөрчсөнөөс гадна захиргааны актын мэдэгдэх, сонсох ажиллагааг хийхгүйгээр ... өөр албан тушаалд шилжүүлэн томилсон нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, …Төрийн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн бол ажлаас чөлөөлж томилох биш өөр албан тушаалд сэлгэн ажиллуулах тухай шийдвэр гаргах ёстой байсан ...гэж;

 

4.  Хариуцагчаас “... 2020 оны Б/159 дүгээр тушаал нь гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулах, шилжүүлэх бус, албан тушаалд шууд томилох тушаалтул ... Гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулах журмыг баримтлах шаардлагагүй... Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн эрх зүйн байдал дордсон бол бид саналыг авна. Гэтэл тушаал ямар ч сөрөг үр дагавар байхгүй ... нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй. Н.Т нь төрийн тусгай албан хаагч юм. Тусгай алба гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна...” гэж маргажээ.


Анхан шатны шүүхийн шийдвэр:

5.  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн44.2, Гаалийн тухай хуулийн 271дүгээр зүйлийн 2711.1.10-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Т-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

6.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0802дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

7.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т-гаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-дзаасан үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч;

8.  Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.2-т Гаалийн улсын байцаагч нь төрийн тусгай албан тушаалд хамаарна” гэж зааснаар гаалийн байгууллагын чиг үүрэг нь бусад байгууллагаас онцлогтой тушаал, шийдвэр нь шуурхай зарчимд үндэслэн боловсон хүчний бодлого хэрэгждэг бөгөөд Монгол Улсын хилийн боомтоор коронавирусын халдвар орж ирэх өндөр магадлалтай тул хилийн боомтыг хүн хүчээр хангах зайлшгүй бодит шаардлага бий болсон, түүнчлэн гаалийн улсын байцаагч нь авлигын хэрэгт холбогдох эрсдэлтэй (Н.Т-ыг авлигын хэрэгт холбогдолтой гэж үзээгүй) тул Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан “Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг чиг үүрэг, 57 дугаар зүйлд зааснаар цалин хөлс, албан тушаалын зэрэглэл бууруулалгүйгээр Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 2711.1.10-т “гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, ...өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах...гэж заасныг баримтланнэхэмжлэгчН.Т-ыг Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаас Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд дүгнэснээрТөрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн44.2, Захиргааны ерөнхийхуульд заасан сонсох ажиллагаа”хийх шаардлага байхгүй.

9.  Учир нь, гаалийн байгууллагын тогтолцоог Гаалийн тухай хуулийн 267 дугаар зүйлийн 2671.1-д “Гаалийн байгууллагын тогтолцоо нь гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний харьяа гаалийн газар, хорооноос бүрдэх бөгөөд гаалийн газар нь алба, салбартай...”, 2671.2-т Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гаалийн хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн” гэж тус тус заасан нь гаалийн байгууллага нэгдсэн тогтолцоотойг, өөрөөр хэлбэл босоо удирдлагатай байгууллага гэж хууль тогтоогч нар хуульчилсан. ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан,Эрх зүйн боловсрол академийн хамтарсанЗахиргааны ерөнхий хуулийн тайлбарт “...Харин төрийн албан хаагчийг тухайн байгууллага дотроо шилжүүлэн ажиллуулах шийдвэр нь захиргааны акт биш. Учир ньэнд үндсэн харилцаа өөрчлөгддөггүй...” гэж тайлбарласан байдаг.

10.  Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” (Тайлбар: Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно); 44.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч Н.Т-ыг гаалийн албанд 28 жил тасралтгүй ажиллаж жил бүрийн үр дүнгийн гэрээний биелэлтийг маш сайн буюу “А“ үнэлгээтэй дүгнэгдэж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзсэнээс бус зөвшөөрөлгүйгээр гаалийн албаны системээс өөр систем рүү шилжүүлээгүй, Б/159 дүгээр тушаалын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, тийм ч учраас тэрээр өнөөдрийг хүртэл Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гаалийн улсын байцаагчийг систем дотроо шилжүүлэн ажиллуулах тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан хуулийн заалтыг зөрчөөгүй тул анхан, давахын шүүхүүд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2зааснаар хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэжүзэж байна.

11.  Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/159 дүгээр тушаал нь хуулиар өөрт олгогдсон бүрэн эрх, байгууллагын боловсон хүчний бодлогын хүрээнд гарсан тул гаалийн улсын ахлах байцаагч Н.Т-ын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

12.  Иймд гаалийн байгууллагын онцлог, боловсон хүчний бодлого, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хэвээр үлдээж, Н.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ.

ХЯНАВАЛ:

 

13.   Шүүхүүд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

14.   Нэхэмжлэгч Н.Т-ыг Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Албан тушаалд томилох тухай” Б/159 дүгээр тушаалаар Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаас чөлөөлж, Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар томилохдоо Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төрийн албаны тухай хуулийн 37, 57 дугаар зүйлийн 57.2.3, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 гэсэн нийтлэг заалтын зэрэгцээ Гаалийн тухай хуулийн 271дүгээр зүйлийн 2711зүйлийн 2711.1-д “Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 2711.1.10-т “гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, төр засгийн шагналд тодорхойлох”, мөн хуулийн 273 дугаар зүйлийн 273.2-т “Гаалийн улсын байцаагч нь төрийн тусгай албан тушаалд хамаарна”, 274 дүгээр зүйлийн 274.2-т “гаалийн улсын байцаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргээс гадна дараах үүрэг хүлээнэ” гэсэн заалтуудыг үндэслэсэн; хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/159 дүгээр тушаал нь гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулах бус албан тушаалд шууд томилох тушаал тул ... “Гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулах журам”-ыг баримтлах шаардлагагүй ...” гэж тайлбарласан байх боловч тухайн харилцаанд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийг тайлбарлаж хэрэглэсэн шүүхүүдийн дүгнэлт, шийдэл зөв юм.

15.   Учир нь, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно”, 26.4-т “Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журмыг энэ хуульд нийцүүлэн Засгийн газрын саналыг харгалзан төрийн албаны төв байгууллага батална. Албан тушаалд шатлан дэвшүүлж томилоход энэ журмыг баримтална” гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийг сонгон шалгаруулж томилох журмаас үзэхэд төрийн албанд анх томилогдож буй болон төрийн албан хаагчийг шатлан дэвшүүлж буй тохиолдолд төрийн албан хаагчийг томилохтой холбоотой эрх зүйн зохицуулалт үйлчлэх бөгөөд нэгэнт төрийн албанд томилогдон тангараг өргөж, Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Н.Т-ыг албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэв өөрчлөхгүйгээр Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллуулахад дээрх зүйл хамаарахгүй, харин төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулах талаар заасан нарийвчилсан зохицуулалт хэрэглэгдэх учиртай.

16.   Мөн Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-т “гаалийн улсын байцаагчийг гаалийн газар, хороодод 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно” гэж заасан боловч энэхүү заалтыг төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, ялангуяа баталгааг тусгайлан зааж, 2017 онд баталсан Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно” гэж; Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын Гурвын 3.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн мэдлэг, ур чадварыг үр өгөөжтэй ашиглах, дадлага, туршлагыг нь бусдад эзэмшүүлэх, бусдын туршлагаас суралцуулах, ажил сайжруулах болон ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор өөр албан тушаалд сэлгэн ажиллуулна”, 3.6-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу өөрийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр шийдвэрлэнэ. Төрийн жинхэнэ албан хаагчтай сэлгэн ажиллуулах талаар зөвшөөрсөн баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна” гэж зааснаас тусад нь тайлбарлан хэрэглэх боломжгүй юм.

17.   Иймээс “... цалин хөлс, албан тушаалын зэрэглэл бууруулалгүйгээр ... нэхэмжлэгч Н.Т-ыг Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаас Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон, ... Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, Захиргааны ерөнхий хуульд заасан “сонсох ажиллагаа” хийх шаардлага байхгүй ...” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үгүйсгэгдэж байна.

18.   Өөрөөр хэлбэл, сэлгэн ажиллуулах талаар төрийн албан хаагчтай урьдчилан тохиролцож өөрийнх нь зөвшөөрлийг авах, ингэхдээ  зөвшөөрсөн баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулах талаар хууль тогтоогч болон хэм хэмжээний актад нарийвчлан журамласан байхад энэ шаардлагыг хангаагүй маргаан бүхий тушаалыг хуульд нийцсэн гэж үзэхгүй, энэ талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэжээ.

19. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд “... Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.2-т “Гаалийн улсын байцаагч нь төрийн тусгай албан тушаалд хамаарна” гэж зааснаар гаалийн байгууллагын чиг үүрэг нь бусад байгууллагаас онцлогтой тушаал, шийдвэр нь шуурхай зарчимд үндэслэн боловсон хүчний бодлого хэрэгждэг бөгөөд Монгол Улсын хилийн боомтоор коронавирусын халдвар орж ирэх өндөр магадлалтай тул хилийн боомтыг хүн хүчээр хангах зайлшгүй бодит шаардлага бий болсон, түүнчлэн гаалийн улсын байцаагч нь авлигын хэрэгт холбогдох эрсдэлтэй ...” гэж тайлбарлаж байгаа ч тухайн тохиолдолд төрийн албан хаагчийг төрийн нэг байгууллагаас төрийн өөр байгууллагад ажиллуулахаар шилжүүлээгүй буюу Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан “шилжүүлэн ажиллуулах” харилцаа бий болоогүй тул мөн зүйлийг тодруулсан хууль тогтоогчийн (аутентик) тайлбарыг “сэлгэн ажиллуулах” талаар зохицуулсан өөр (44 дүгээр зүйлийн 44.2) зүйлд хамааруулан хэрэглэхгүй, гомдлын энэ үндэслэл мөн няцаагдана.

20.   Мөн, хэдий сэлгэн ажиллуулах зорилготой захиргааны байгууллагаас гарч буй шийдвэр нь тухайн төрийн байгууллагад ажилладаг төрийн албан хаагчид хамаатай шинжээр дотогшоо чиглэсэн мэт боловч төрийн албан хаагчаар ажиллаж буй иргэний хувьд эрх зүйн болон бусад нөхцөл байдалд шууд нөлөөлж буй захиргааны шийдвэр нь (газар зүйн хувьд өөр өөр байршилд орших байгууллагын нэг нэгжээс нөгөөд ажиллуулахаар шийдвэрлэсэн) энэ тохиолдолд гадагш чиглэсэн шинжтэй, эрх зүйн үр дагавар шууд учруулсан захиргааны акт мөн учир “... Харин төрийн албан хаагчийг тухайн байгууллага дотроо шилжүүлэн ажиллуулах шийдвэр нь захиргааны акт биш. Учир нь энд үндсэн харилцаа өөрчлөгддөггүй...” гэх гомдлоор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах боломжгүй.

 

21. Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.


        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0802 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 288 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Ц.ЦОГТ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                                Ч.ТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                                                  Х.БАТСҮРЭН

                   П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                           М.БАТСУУРЬ