МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТУСГАЙ САНАЛ

А.У, Г.О, О.А нарын нэхэмжлэлтэй,

Монголын Хуульчдын холбооны

 

Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал

 

эрхэлсэн хороонд холбогдох захиргааны хэрэгт

 

Хуульчийн эрх зүйн байдлын

 

 тухай хуулийн холбогдох зүйл,

 

заалтыг тайлбарлан хэрэглэх тухай

 

 

 

 

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч П.Соёл-Эрдэнэ, Ц.Цогт нараас, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 911 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 40 дугаар тогтоолтой, захиргааны хэрэгт, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д “шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байгаа хэргийн талаар саналаа бие даан гаргах, хууль хэрэглээний талаар тусгай саналтай бол бичгээр гаргаж хэрэгт хавсаргах”, 22 дугаар зүйлийн 22.6-д “Шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргана. Хяналтын шатны шүүхийн шүүгч тусгай саналаа шүүхийн цахим хуудаст байршуулж, нийтлэх эрхтэй” гэж тус тус заасны дагуу тусгай санал бичив.

Хэргийн үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч А.У, Г.О, О.А  нар нь МУИС-ийн ХЗС-ийг эрх зүй мэргэжлээр, оройгоор төгссөн бөгөөд 2022 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад бүртгүүлэх хүсэлт гаргасан байна.

Хэргийн оролцогчид 120 багц цагтай холбоотой маргаагүй, харин суралцах хугацаатай холбоотойгоор хуулийн сургуульд 4 жилээр суралцаагүй, энэ үндэслэл нь бүртгэхээс татгалзах үндэслэл мөн эсэх талаар маргасан.

Тодруулбал, хариуцагчаас “хууль тогтоогчоос 2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын хуулийг батлахдаа хуульч тусгай зөвшөөрөлтэй мэргэжилтнийг 2.5 жилээр сургах нь хангалтгүй, 4 жилээр сургах ёстой гэж үзсэн, нэхэмжлэгч нарын тухайд оройн ангийн хөтөлбөрийг сонгож, 2.5 жилээр сурсан тул хуульч болох шаардлага хангаагүй, иймд хуульчийн мэргэжлийн шалгалтад оруулах үндэслэлгүй” гэж,

Нэхэмжлэгч нараас “Хуульчийн эрх зүйн байдлын хуульд бүртгэхээс татгалзах үндэслэлийг нэрлэн заасан, түүний дотор 4 жил суралцсан байх шаардлага байхгүй, иймээс бүртгэхээс татгалзах эрхгүй, нөгөө талаар 4 жил гэдэгт өмнөх бакалаврын хугацааг оруулан тооцно, “тасралтгүй 4 жил” гэсэн хуулийн шаардлага байхгүй” гэж тус тус маргаж байна.  

Анхан шатны шүүх ... хариуцагчийн бүртгэхээс татгалзсан үндэслэл нь хуулиар тогтоосон шалгалтад оруулахаас татгалзах үндэслэлд хамаарахгүй, хуульд заагаагүй үндэслэлээр хуульчийн мэргэжлийн шалгалтад оруулахаас татгалзаж шийдвэрлэсэн, хуулийн шаардлагаас илүү шалгуур тогтоосон;

Хоёр дахь мэргэжлээр эрх зүйчээр дахин бакалаврын зэрэг эзэмшихээр суралцаж буй суралцагчид ерөнхий суурь хэсгийн зарим хичээлийн 24 багц цагийг дүйцүүлэн тооцож байгаа бол дүйцүүлэн тооцож буй багц цагийг судлахад зарцуулсан хугацааг мөн адил суралцсан хугацаанд тооцно;

Хуулийн 58.3 дахь заалт нь хууль зүйн сургуулийг Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэхэд тавигдах шаардлага болохоос хуульчийн мэргэжлийн шалгалтад бүртгүүлэхэд иргэнд шууд тавигдах шаардлага биш” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

Давж заалдах шатны шүүхээс “анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн” гэж үзэж, шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрхэн тайлбарлан хэрэглэх талаар:

Нэг. Хуулийн системчлэлийн талаар

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй” гэж заасан.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийн дээрх заалтыг тухайн хуулийн бусад зүйл заалтаас нь салгаж, “хуульд заасан татгалзах үндэслэлд байхгүй” гэх үндэслэлээр хариуцагчийг хууль зөрчсөн гэж үзсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай гэж үзлээ. Учир нь ийнхүү тайлбарлан хэрэглэснээр  хуулийн зүйл, заалтууд хоорондоо харилцан уялдаатай, нэгдмэл, бүхэллэг байх хуулийн системчлэлийн ерөнхий зарчмыг үгүйсгэснээс гадна хууль тогтоогчийн хүсэл зоригоос эсрэг тайлбар хийсэн байна.

   Тодруулбал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд заасан “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургууль” гэсэн зохицуулалт нь уг хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т “хуульчийн мэргэжлийн боловсролыг эзэмшиж, хуульчаар бэлтгэгдэж байгаа оюутан төгсөхдөө 120 багц цагийг хангасан байх ба оюутны суралцах хугацаа дөрвөн жилээс багагүй байна” гэсэнтэй шууд уялдаатай гэж үзнэ.

Иймд хуульч болох хүнд тавигдах шаардлагад дээрх хоёр зүйлд заасан урьдчилсан нөхцөл аль аль нь хангагдсан байна гэж ойлгохоор байна.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-ыг “иргэнд шууд тавигдах шаардлага биш” гэсэн дүгнэлт хийсэн нь уг хуулийн зорилго, системчлэлтэй зөрчилдсөн тайлбар хийжээ.

Хоёр. Хуулийн зорилго буюу “хууль тогтоогчийн хүсэл зориг”-ийн талаар

Улсын Их Хурлаас 2012 оны Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлахдаа хуульчийн мэргэжлийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хуульчаар ажиллах шалгуурыг тодорхой болгож, хариуцлагажуулах, хуульчийн тусгай зөвшөөрөл олгох харилцааг нарийвчлан зохицуулахдаа “их дээд ангид 2.5 жил суралцаад, шүүгч, прокурор, өмгөөлөгч болж болдог” тогтоолцоог өөрчлөх зорилготой байсан нь уг хуулийн үзэл баримтлал, байнгын хорооны хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Тодруулбал, “... эмч, хуульч хоёрыг хүн өөрийнхөө хүсэл зоригийн эсрэг сонгодог, өндөр хариуцлагатай, Монголдоо танхимаар 7-8 жил сурч байж хуульч болох ёстой, дээд боловсролын хуулиас өөрөөр стандарт тогтооно” гэх зэргээр тэмдэглэснээс үзэхэд, хууль тогтоогчийн хүсэл зориг хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т хуульч болох хүн наад зах нь 4 жил сурсан байх ёстой гэсэн шаардлагад тусгагджээ.

Хяналтын шатны шүүх бүрэлдэхүүний олонхи “... хуулийн 58 дугаар зүйлийн зохицуулалт нь бүхэлдээ огт хэрэгжээгүй, хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш Хууль зүйн сургуулиудад тодорхой нөхцөл шаардлага тавьж, Хуульчдын холбооноос магадлан итгэмжлээгүй байх тул энэ тохиолдолд нэхэмжлэгч нарын ... хуульд заасан шалгуур, нөхцөл шаардлагыг хангасан хөтөлбөрөөр суралцаж, эрх зүйч мэргэжил, бакалавр зэрэг авсан дипломыг бусдаас “ялгаатай” гэж шүүхээс дүгнэх боломжгүй, хуулийн сургуулийг магадлан итгэмжлээгүй атлаа нэхэмжлэгч нарт ийм шаардлага тавьсан нь энэ тохиолдолд үндэслэлгүй...” гэж дүгнэсэн байна.

Энэхүү тусгай саналаар нэхэмжлэгч нарын эрх зүйч мэргэжил, бакалаврын дипломыг үгүйсгээгүй, хууль зүйн их, дээд сургуулийн орой, эчнээ ангийг төгсөгчид нь тухайн мэргэжлээр ажиллах эрх нь нээлттэй. Гагцхүү хууль тогтоогчоос “хуульч”-аар ажиллах хүнд тавигдах шаардлага, тухайлбал суралцах хугацаанд нь тусгайлан өндөр шаардлага тогтоожээ. 

Хяналтын шатны шүүхийн дээрх дүгнэлтээр “эрх зүйчээр 2-3 жил сурсан хүн хуульч болох боломжтой” гэсэн үр дагаварт хүргэж байгаа нь хууль тогтоогчийн хүсэл зоригийн эсрэг агуулгатай байна. Одоогийн байдлаар Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургууль байхгүй байгаа нь, тус холбооны чиг үүрэг тодорхой шалтгааны улмаас хэрэгжээгүй байгаа нь хуулийн дээрх шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан хугацаанд Боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн их, дээд сургуулийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасан шаардлагыг хангасанд тооцно” гэж, 4.4-т “Энэ хуулийн 4.1-д заасан хугацаанаас өмнө Боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн их, дээд сургуульд элсэж, төгссөн иргэнийг Хуульчдын холбооноос тогтоосон магадлан итгэмжлэлийн шаардлага хангасан сургууль төгссөнд тооцно” хэмээн хууль тогтоогчоос шинэ хууль батлагдсантай холбоотойгоор хууль батлагдаж, хэрэгжиж эхлэхээс өмнөх хууль зүйн их, дээд сургууль болон төгсөгчдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй үүднээс шилжилтийн зохицуулалт хийсэн.

Хариуцагч дээрх хуульд заасан хугацаанд буюу 2016 оны 04 дүгээр сарын 15-н хүртэл хууль зүйн их, дээд сургуулийн орой, эчнээ ангийг төгссөн эрх зүйчдийг хуульчийн шалгалтанд бүртгэж оруулж байсан, харин үүнээс хойш өнөөдрийг хүртэл бүртгэхээс татгалзаж байгаа нь хуулийн шаардлагын дагуу байна. 

Иймээс хариуцагчийн татгалзсан шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчмыг зөрчсөн, зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй, үндэслэлгүй гэж дүгнэх боломжгүй юм.

Түүнчлэн шүүхүүд “дүйцүүлэн тооцож буй багц цагийг судлахад зарцуулсан хугацааг мөн адил суралцсан хугацаанд тооцно”, “өдрийн болон орой эчнээ ангийн ямар нэг байдлаар ялгамжтай байхаар заагаагүй байх тул нэхэмжлэгч нарт эрх зүйч мэргэжил, бакалаврын зэрэг олгосон Хууль зүйн сургуулийн эрх зүйн бакалаврын хөтөлбөрийг шаардлага хангахгүй гэж шүүх дүгнэх боломжгүй” гэх хяналтын шатны шүүхийн дүгнэлт нь мөн л хуулийн зорилгод нийцэхгүйгээс гадна маргаан бүхий тохиолдолд хамааралгүй тайлбар байна. 

Дээр дурдсанчлан нэхэмжлэгч нар болон бусад хууль зүйн их, дээд сургуулийн орой, эчнээ ангийг төгссөн иргэдийн “эрх зүйч” мэргэжил, дипломыг үгүйсгээгүй, харин хуульч болохын тулд “хуульчаар бэлтгэгдэж байгаа оюутан төгсөхдөө 120 багц цагийг хангасан байхаас гадна дөрвөн жилээс багагүй хугацаанд тухайн мэргэжлээр суралцсан байх” хуулийн шаардлагыг нэхэмжлэгч нарын тухайд хангасан эсэх нь уг маргааны гол үйл баримт юм.

Боловсролын тухай хуулийн дагуу эрх зүйч мэргэжлийг магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн их, дээд сургуульд (өдөр, орой, эчнээ хэлбэрээр) суралцаж, 120-оос доошгүй багц цагийг хангасан тохиолдолд “бакалавр” зэрэг авах боломжтой, харин Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд “хуульч” болох эрх зүйч нарт өөр шаардлага тавьсан гэж үзэхээр байна. Бусад улс орны хувьд ч ийнхүү ялгаатай (өндөр) шалгуур тавьдаг байна.  

Гурав. “Нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй” тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1, 3.1.3-т зааснаар захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдийн эрх хамгаалагдаж, зөрчигдсөн эрх нь сэргэж байх учиртай. Энэ хэргийн тухайд захиргааны байгууллагаас хууль зөрчсөн шийдвэр гаргаагүй, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Учир нь, нэхэмжлэгч нарын тухайд хуулийн нарийн мэргэжлийн хичээлийг 4 жил судалж үзээгүй тул хуульч болох шаардлагыг хангаагүй, иймээс хуульчийн шалгалтад орохыг шаардах эрхгүй.

МУИС нь эрх зүй бакалаврын “өдөр, орой, эчнээ” гэсэн тус тусдаа, хоорондоо ялгаатай сургалтын хөтөлбөртөй байна. Өдрийн хөтөлбөр нь 150 цагийн багтаамжтай, 5 жилээр сурдаг, төгсөхдөө улсын шалгалт өгдөг бол хоёрдогч бакалаврын элсэгчдэд зориулсан орой, эчнээ хөтөлбөр 120 цагийн багтаамжтай, 2.5 жилээр сурдаг, төгсөхдөө улсын шалгалт өгдөггүй байна.

Нэхэмжлэгч нарын тухайд өмнө нь эзэмшсэн бакалаврын дипломыг үндэслэн оройн ангид элссэн, Монгол Улсын Их сургуулийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт оюутан элсүүлэх журам, түүнээс үүсэх үр дагаврыг судалж мэдсэний үндсэн дээр тус оройн ангийг сонгон суралцсан болох нь хяналтын шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.У-ын “... багш нараасаа албан бусаар асуухад Монголд дүрэм журам өөрчлөгдчихдөг, удахгүй та нар шалгалт өгч болдог болох байх гэсэн мэдээллийг өгдөг байсан, ... нэхэмжлэлийн шаардлагаа хуульчийн гэрчилгээ авна гэх байдлаар гаргаагүй, өөрийн хүчээ сорьж үзэхээр шалгалтанд орох хүсэлттэй байсан...” гэж тайлбарласнаар тогтоогдож байгаа.

2012 оны Хуульчийн эрх зүйн байдлын хуулийн үзэл баримтлал, байнгын хорооны хуралдаан, түүгээр хэлэлцсэн асуудал нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд хууль зүйн сургуулийн их дээдийн буюу орой, эчнээ ангийг төгсвөл хуульч болох боломжгүй гэдгийг тухайн чиглэлээр сурч, ажиллаж байгаа хүн бүр мэдэж байгаа, ийм ч учир 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл энэ талаар ямар нэгэн маргаан мэтгэлцээн үүсэж байгаагүй байна.  

Иймд, шүүхийн “нэхэмжлэгч нарын хуульчийн мэргэжлийн шалгалтад орох эрхийг хууль бусаар хязгаарласан” гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хуульч мэргэжил эзэмшихийн тулд тухайн мэргэжлээр наад зах нь 4 жил суралцсан байх шаардлагатай гэж үзэж, цаашид энэ төрлийн маргаанд хуулийн өрсөлдөх тайлбар байлгах үүднээс энэхүү тусгай саналыг бичив.

    

 

                           ШҮҮГЧ                                 П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                           ШҮҮГЧ                                 Ц.ЦОГТ