МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТУСГАЙ САНАЛ

2023 оны 03 сарын 20 өдөр                      Дугаар 01                           Улаанбаатар хот




“М а” ХХК-ийн гомдолтой, Шударга

өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын

улсын ахлах байцаагч С.Г-т холбогдох

захиргааны хэрэгт Өрсөлдөөний

 тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг

тайлбарлан хэрэглэх

тухай

 

 Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Г.Банзрагч би “М а” ХХК -ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г-т холбогдох, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002278 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагатай захиргааны/зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0849 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2023/0009 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хянуулахаар гаргасан хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан “... хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэсэн заалтыг тайлбарлан хэрэглэх талаар санал гаргасан боловч шүүх бүрэлдэхүүний олонхи дэмжээгүй тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д “шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байгаа хэргийн талаар саналаа бие даан гаргах, хууль хэрэглээний талаар тусгай саналтай бол бичгээр гаргаж хэрэгт хавсаргах”, 22 дугаар зүйлийн 22.6-д “Шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргана. Хяналтын шатны шүүхийн шүүгч тусгай саналаа шүүхийн цахим хуудаст байршуулж, нийтлэх эрхтэй.” гэж тус тус заасны дагуу тусгай санал бичив.

 Хэргийн үйл баримтын талаар:

Монгол Улсын хэмжээнд “М б м” ХХК, “М ц” ХХК нь цементийн үйлдвэрлэл явуулдаг ба нийт үйлдвэрлэсэн цементийн 20 орчим хувийг гэрээт борлуулагчид жижиглэн худалдааны зах дээр худалддаг.

2022.06.11-ний өдрөөс 2022.06.26-ны өдрийг хүртэлх хугацаанд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас дээрх хоёр үйлдвэрийн гэрээт борлуулагч нийт 15 аж ахуй эрхлэгчид холбогдуулан цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулсан байж болзошгүй, хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр хяналт шалгалт явуулж, зөрчлийг тогтоон нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг зөрчиж, “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-ийн дагуу 20,000,000 төгрөгийн торгууль/шийтгэл оногдуулсан.

 Гомдол гаргагч “М а” ХХК  нь барилгын материалын 44 захад худалдаа эрхэлдэг, “Мбм” ХХК-ийн гэрээт борлуулагч юм. Нийлүүлэлт хэвийн байх үед 1 тонн цементийг 330,000 төгрөгөөр худалддаг байтал хомсдол үүссэн нөхцөл байдлыг болон өөрийн цементийн нөөцтэй байгаа давуу байдлаа ашиглан 2022.06.11-ний өдрөөс 2022.06.13-ны өдрүүдэд 1 тонн цементийг 320,000-340,000 төгрөгөөр, 2022.06.21-ний өдрөөс 2022.06.26-ны өдрүүдэд 1 тонн цементийг 450,000 төгрөг болгон үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн худалдсан нь хууль бус гэж буруутгагддаг.


 Иймд“М а” ХХК  уг актыг эс зөвшөөрч “... Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зөрчлийг шалгахдаа компанийн дансыг бус, иргэн Ж.М-гийн банкны дансны хуулгыг үндэслэн үндэслэлгүйгээр үнэ нэмсэн гэж дүгнэсэн нь шударга ёсны зарчмыг алдагдуулсан, ... хэрэв ингэж үзэж байгаа бол хэн, ямар хэмжээгээр хохирсныг тогтоох ёстой, хэт өндөр үнэ гэдгийг хэн,хэрхэн тогтоосон нь тодорхойгүй.


 Харин ч Өрсөлдөөний тухай хуулиар төрийн захиргааны байгууллага бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахад, эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглодог...Ардчилсан нийгэмд шударга, чөлөөт зах зээлийн зарчим үйлчилж, худалдан авагч хэнээс, ямар барааг, хэдэн төгрөгөөр худалдан авахаа өөрөө сонгох эрхтэй. Тухайн үед өөр бусад олон иргэд цементийг бүр ч илүү үнээр зарж байсныг ч шалган тогтоож, харьцуулан шийдвэрлэх нь шударга ёсонд нийцнэ... Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү...” гэж маргасан.


 Хариуцагч гомдлыг эс зөвшөөрч “... Тус компани Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг зөрчиж, “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн”тул Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй...” гэнэ.


Анхан шатны шүүх хариуцагч “хэрэглэгчийг хохироох хууль бус худалдааны арга хэрэглэсэн” гэх зөрчлийг бүрэн тогтоогоогүй шийтгэл үндэслэлгүй” гэж дүгнэн маргаан бүхий актыг хүчингүй болгож, гомдлыг хангасан. Давж заалдах шатны шүүх“анхан шатны шүүхийндүгнэлт үндэслэлтэй”гэж үзжээ.

Хууль зүйн ач холбогдолтой фактыг нэгтгэвэл:

Хариуцагч маргаан бүхий актын үндэслэлээ тайлбарлахдаа:

-       цемент нь “орлуулах боломжгүй бараа” бөгөөд

-       хэрэглэгчид зөвхөн гэрээт борлуулагчдаас авах боломжтой байхад

-       (“М а” ХХК ) зах зээлийн хомсдол үүссэнийг далимдуулж, цементийн нөөцтэй байгаа давуу байдлаа ашиглан,

-бодит зардал өсөөгүй байхад үнийг үндэслэлгүй нэмсэн нь“хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэдэгт хамаарна гэдэг.

Эдгээр үйл баримт нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалтын  ... хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэх үндэслэлийг хэрэглэх урьдчилсан нөхцөл болох уу гэдэгт тайлбар хийх шаардлагатай байна.

 Хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрхэн тайлбарлан хэрэглэх талаар:

 Өрсөлдөөний тухай хуулийн дээрх зүйл, заалтыг тайлбарлахаас өмнө уг хуулийн зорилго,  системчлэлийг авч үзье.


 Хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар “энэ хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” Өөрөөр хэлбэл, өрсөлдөөний байгууллагын чиг үүрэг нь аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүнээ[1] зах зээлд борлуулахад нь тэгш өрсөлдөх боломжийг хангах буюу шударгаар аж ахуй эрхлэх эрхийг хамгаалахад чиглэгдэж байх бөгөөд үүний үр дүнд хэрэглэгчийн эрх мөн давхар хамгаалагдах юм.


Энэхүү хуулийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хууль тогтоогчоос зах зээлд давуу эрхтэй оролцдог “зүй ёсны монополь байдалтай” болон “давамгай байдалтай” аж ахуй эрхлэгчид тавигдах шаардлага, хүлээх үүрэг хариуцлагыг ялгамжтай байдлаар тусгайлан зохицуулж өгсөн байна. Хуулийн системчлэлийг үзвэл, тусгайгаас ерөнхий байдлаар зохицуулсан, тухайлбал 5 дугаар зүйлээр ямар аж ахуй эрхлэгчийг “зүй ёсны монополь байдалтай” болон “давамгай байдалтай” гэж үзэхийг, 6 дугаар зүйлээр “зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч”-ийн үйл ажиллагаанд ямар зохицуулалт хийхийг, 7 дугаар зүйлээр “давамгай байдалтай аж ахуй эрхлэгч”-д хориглох үйл ажиллагааг тоочин зааж, 8-10 дугаар зүйлээр уг аж ахуйн нэгжийн нэгдэн нийлэх процесс, хуулийн этгээдийн удирдлагад тавигдах шаардлага, хуваах тусгаарлах үндэслэл зэргийг зохицуулсан бол 11, 12 дугаар зүйлээр нийт аж ахуй эрхлэгчийн хувьд хориглох үйл ажиллагааг мөн жагсаан заажээ.


 Ингэснээр төрөөс буюу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зах зээлийн харилцаанд оролцож буй аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд тавих хяналт, зохицуулалтын хүрээг зааглаж өгсөн нь хуулийн системчлэлээс тодорхой харагдана.


 Мөн Өрсөлдөөний тухай хуулийн дээрх зүйл, заалтаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүний “үнэ”-д тавих хяналт, авч хэрэгжүүлэх арга хэмжээг тухайлан заасныг тодорхой харж болно. Тодруулбал, зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн хувьд хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар “бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох”[2], 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн хувьд “бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох”-ыг хориглосон байх тул тухайн аж ахуй эрхлэгч уг хууль бус (ноёлох) үйл ажиллагаа явуулсан эсэхийг хянах, мөн 7.1.1, 7.1.3, 7.1.4, 7.1.6-д заасан хууль бус үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар үнийг хэт өсгөсөн, эсхүл бууруулсан эсэхийг шалгах эрхтэй байна.

Харин бусад ердийн аж ахуй эрхлэгчийн[3] бараа бүтээгдэхүүний “үнэ”-ийн тухайд хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасанчлан аж ахуй эрхлэгч нар “үнийг хэлцэн тогтоосон” эсэх, мөн 11.1.4-т заасан нөхцөлд үнийг урьдчилан тохиролцох байдлаар картель байгуулсан эсэхийг шалгах боломжтой байна. Өөрөөр хэлбэл, монополь болон давуу байдалтай аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүний үнэд төрөөс шууд хяналт тавих боломжтой бол энэ ангилалд хамаарахгүй бусад аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүний үнэ ямар байхыг төрөөс хянах, тогтоох боломжгүй байна. 


 Ийнхүү хууль тогтоогч аж ахуй эрхлэгчийн ялгамжтай байдлыг нь харгалзан  бараа бүтээгдэхүүний үнэд тавих төрийн хяналтын арга, хэлбэрийг тодорхой зүйл, заалтаар тусгайлан зохицуулсан байх тул уг хуулийн 12.1.10-т заасан “... хууль бусаар хохироох худалдааны арга” гэдэгт аж ахуй эрхлэгч барааны үнээ нэмсэн үйлдэл хамаарах эсэх нь  эргэлзээтэй.


 Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйл буюу “нэр томьёоны тодорхойлолт” хэсэгт дээрх заалтын талаар тайлбар байхгүйтул аутентик тайлбар хийх боломжгүй. Иймд хууль тайлбарлах бусад аргаар холбогдох заалтыг тайлбарлах шаардлагатай гэж үзэв.


 Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэсэн зохицуулалт нь хэд хэдэн тайлбар шаардсан ойлголтыг агуулж байна. Үүнд:

-       “худалдааны арга”

-       “хууль ёсны ашиг сонирхолд харшлах худалдааны арга”

-       “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга” гэсэн хууль зүйн тодорхой бус ойлголт байна.


        “Худалдааны арга” гэх ойлголтын үг зүйн болон эдийн засгийн утгыг тайлбарлавал, “худалдаа” гэдэг нь бараа бүтээгдэхүүнийг харилцан өгч авалцах буюу солилцох үйл ажиллагааг хэлнэ, явцуу утгаараа худалдагч, худалдан авагч талуудын хоорондын гэрээ хэлэлцээр ч гэж болно.”[4] Иймд “худалдааны арга” гэдгийг “бараа бүтээгдэхүүний солилцоо хийх бүхий л хэлбэр, хэрэгсэл, арга зам” гэж тайлбарлаж болохоор байна. Тухайлбал, худалдагч, худалдан авагчийн харилцах хэлбэрээр нь шууд болон шууд бус (зуучлагчаар дамжуулах), арилжааны хэлбэрээр нь мөнгөн болон бартерын, шинж чанараар нь бөөний болон жижиглэнгийн, нутаг дэвсгэрээр нь гадаад (үүнийг дотор нь импортын, экспортын) болон дотоод, арга хэрэгслээр нь дуудлага худалдаа, биржийн худалдаа, онлайн худалдаа гэх мэт олон шалгуураар ангилж болно.


 Худалдааны аргад бараа бүтээгдэхүүний үнэ орох уу? гэсэн асуулт үүснэ. Худалдаа нь бараа бүтээгдэхүүний солилцоо бөгөөд солилцооны хэмжүүр нь үнэ тул үнийг тогтоох арга нь худалдааны аргад хамаарч болох юм. Өөрөөр хэлбэл, худалдааны нөхцөл болох “үнэ” дангаараа бус, харин үнийг тогтоож буй арга нь (хэлэлцээний хэлбэр, зар сурталчилгаа, бүтээгдэхүүний маркетингаар дамжуулж гэх мэт) хамаарах боломжтой. 


Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан “худалдааны арга” гэх ойлголт нь үг зүйн дүрмийн дагуу уг заалт дахь текстийн өмнөх тодотгол хэсэгтэй холбогдож байна. Эндээс “хууль ёсны ашиг сонирхолд харшлах худалдааны арга” болон “хэрэглэгчийг хохироох хууль бус худалдааны арга” гэсэн хоёр ойлголт үүсэж байх тул эдгээрийг тайлбарлах шаардлагатай.


“Хууль ёсны ашиг сонирхол” гэдэг нь хууль зүйн утгаараа “тодорхой этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг” тул уг заалт дахь ойлголтыг хуулийн зорилго, системчлэл буюу логикоор тайлбарлавал “Өрсөлдөөний тухай хуулиар хамгаалагдаж буй этгээдийн эрх ашиг” гэж ойлгож болно.   Үүнд юуны түрүүнд зах зээлийн харилцаанд оролцож байгаа болон оролцох боломжтой аж ахуй эрхлэгчид хамаарах бөгөөд тэдний хуулиар хамгаалагдах ашиг сонирхол нь “шударгаар өрсөлдөх буюу шударга бус өрсөлдөөнөөс хамгаалагдах” явдал юм.


 Шударга бус өрсөлдөөн гэдэг нь өрсөлдөөний нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн журам, хэм хэмжээг зөрчих явдал. Эдийн засагт шударга бус өрсөлдөөн нь тухайн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд зохиомол хомсдол бий болгох, үндэслэлгүйгээр хэт их үнэ тогтоох,[5] хоорондоо хуйвалдаж зах зээлийг хуваан эзэмших, бусад өрсөлдөгч зах зээлд нэвтрэхэд саад учруулах, тендерийн хууль тогтоомжийг зориуд гажуудуулж бусдад давуу эрх олгох зэрэг хэлбэрээр илэрдэг.   

  Эдгээр шударга бус үйл ажиллагааг өрсөлдөөнийг хориглохтой холбоотой хуулиудаар зохицуулна.[6]


 Иймд “хууль ёсны ашиг сонирхолд харшлах худалдааны арга” гэх ойлголтын агуулгыг хуулийн зорилго болон логикоор нь авч үзвэл “өрсөлдөөнд харш худалдааны арга” гэж тайлбарлах боломжтой байна. Өөрөөр хэлбэл, Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжоор хориглогдсон, мөн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн “шударга өрсөлдөөнд харш үйл ажиллагаа” хамаарна.

 

Тэгвэл “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга” гэдгийг юу гэж ойлгох, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан уг нөхцөлийг дангаар нь хэрэглэх боломжтой юу? гэсэн удаах асуулт үүсэж байна.


  Уг заалт дахь “хууль ёсны ашиг сонирхолд харшлах худалдааны арга” болон “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга” гэх хоёр ойлголт нь “болон” гэсэн холбоосоор холбогдож байна. Үг зүйн хувьд “болон” гэдэг холбоос нь өгүүлбэрийн гишүүдийг холбохоос гадна салгах үүрэгтэй.

  

Иймд хуулийн бичвэрт БОЛОН холбоосыг- “А болон Б” гэдэг нь А, Б гэсэн өгөгдөл зэрэг биелэх эсхүл аль нэг нь биелсэн байхад хангалттай (БОЛОН=БА+ЭСХҮЛ).[7]  

  Харин “Хууль тогтоомжийг боловсруулах аргачлал[8]-д зааснаар“болон” нь нэг бол, үгүй бол, аль нэг нь гэсэн утгаар өгүүлбэрийн гишүүдийг зэрэгцүүлэн холбоно гэжээ. Иймээс хуулийн 12.1.10 дахь заалтын “... хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга...” гэсэн нөхцөлийг дангаар нь хэрэглэх боломжтой гэж ойлгогдохоор байна.

  

  Гэвч хуулийн 12 дугаар зүйлийн нэр нь “Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа” бөгөөд 12.1-д “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:      

 

  12.1.1.өрсөлдөгчийн болон түүний бараа бүтээгдэхүүний нэр хүндийг гутаах, эсхүл өрсөлдөгчөө алдагдалд оруулж болохуйц худал, зөрүүтэй буюу гуйвуулсан мэдээ тараах;

 12.1.2.өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэх;

  12.1.3.өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулах;

  12.1.4.бусдын барааны тэмдэг, шошго, аж ахуй эрхлэгчийн нэр, барааны чанарын баталгааг дур мэдэн хэрэглэх, барааны оноосон нэр, баглаа боодлыг хуулбарлах;

 12.1.5.патент эзэмшигч, зохиогчийн зөвшөөрөлгүйгээр шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэл, худалдааны мэдээлэл, нууцыг худалдах, нийтлэх, бусдад тараах;

  12.1.6.барааны чанарын доголдол, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюултай шинж чанарыг нуун дарагдуулах;

 12.1.7.өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгах;

  12.1.8.тухайн бараа бүтээгдэхүүний борлуулалтад урамшуулал, хямдрал байгаа гэсэн хуурамч мэдээлэл түгээх, эсхүл уг урамшууллыг аль нэг этгээдэд өгөхөөр урьдаас тохиролцож зориуд хуурамчаар зохион байгуулах;

  12.1.9.уралдаант шалгаруулалт, дуудлага худалдаа болон төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцохдоо өрсөлдөгчөө тухайн үйл ажиллагааны бодит нөхцөлөөс төөрөгдүүлэх, тэдэнд дарамт, шахалт үзүүлэх;

   12.1.10.хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж заажээ.

   Дээрх 12.1.1-12.1.9-д заасан үйл ажиллагаа нь бүгд шударга бус буюу бусад өрсөлдөгчийн хууль ёсны ашиг сонирхолд харшилсан шинжтэй үйлдлүүд байна. Иймд хуулийн системчлэл болон логикийн хувьд 12.1.10-т заасан “худалдааны арга” нь ч мөн энэ шинжийг агуулахаар байна. Өөрөөр хэлбэл “хэрэглэгчийг хохироосон хууль бус худалдааны арга” нь угтаа “өрсөлдөөнд харш буюу шударга бус” байх агуулгыг илэрхийлж байна.

  

  Иймд Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалтын агуулгыг “өрсөлдөөнд харш буюу хууль бус аргаар хэрэглэгчийг хохироох арга” гэж хумьж буюу нэгтгэж тайлбарлах боломжтой байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга гэдэг нь угтаа өрсөлдөөнд харш буюу шударга бус өрсөлдөөний арга гэж ойлгоно. Хууль хэрэглэгч тухайн заалтын “... хэрэглэгчийг хохироосон хууль бус худалдааны арга хэрэглэсэн” гэсэн хэсгийг салган хэрэглэсэн ч тухайн хууль бус гэж буй аргын агуулга нь өрсөлдөөнд харш байх шинжийг агуулах нь л чухал юм.


  Үүнээс үзвэл маргаан бүхий тохиолдолд гомдол гаргагч цементийн үнийг нэмэхдээ өрсөлдөөнд харш арга хэрэглэсэн эсэх нь хууль зүйн ач холбогдолтой факт байна. Тухайлбал, Өрсөлдөөний тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагааг явуулсны үр дүнд үнийг нэмсэн (жишээлбэл үнийг үгсэн хэлэлцсэн), зохиомол хомсдол үүсгэсэн, зах зээлийн хуваан эзэмшсэн, хэрэглэгчийг шударга бус аргаар урхидсан, төөрөгдүүлсэн, худалдааны хүчилсэн, түрэмгийлсэн арга хэрэглэсэн, бусад өрсөлдөгчидтэй худалдаа хийхэд нь үндэслэлгүйгээр саад хийсэн гэх зэрэг хууль болон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчин “шударга бус өрсөлдөөний аргыг хэрэглэж үнээ өсгөсөн эсэх”-ийг тогтоох учиртай.

 

 Хэрэгт авагдсан баримт болон хариуцагчийн тайлбараар Ковидын улмаас хил хаагдаж БНХАУ-аас импортолдог цементийн уутны нийлүүлэлт тасалдсан, үйлдвэрлэгч “М б м” ХХК-ийн нийлүүлэлт хагас вагоноор тасалдсанаас болж барилгын материалын 44 захад цементийн нийлүүлэлт багассан нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл, цементийн нийлүүлэлт буурахад гомдол гаргагчийн буруу байхгүй буюу түүнийг “зохиомол хомсдол үүсгэсэн” гэх үндэслэл тогтоогдоогүй, үүнийг ч хариуцагч хүлээн зөвшөөрдөг. Мөн гомдол гаргагчийг бусадтай (үйлдвэрлэгчтэй юм уу бусад гэрээт борлуулагч нартай) “үнийг хэлцэн тогтоосон” гэж буруутгаагүй, ийм үйл баримт тогтоогдоогүй, маргаан бүхий акт ч Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-ийг үндэслээгүй байдаг.  

  

 Харин гомдол гаргагчийг буруутгахдаа “цемент нь орлуулах боломжгүй бараа бөгөөдхэрэглэгчид зөвхөн цөөн тооны гэрээт борлуулагчдаас авах боломжтой, өөрөөр хэлбэл сонголт хязгаарлагдмал нөхцөлд зах зээлийн хомсдол үүссэнийг далимдуулж, цементийн нөөцтэй байгаа давуу байдлаа ашиглан, бодит зардал өсөөгүй байхад үнийг үндэслэлгүй нэмсэн нь хэрэглэгчийг хохироосон хууль бус худалдааны аргад хамаарна” гэж тайлбарладаг.


 Зах зээлд “орлуулах боломжгүй” олон тооны өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн бий. Жишээ нь хүнсний барааны ихэнх нь орлуулах боломжгүй, (гурилыг будаагаар, алимыг гадилаар, төмсийг луувангаар орлуулахгүй). Үйлдвэрлэгч биш манай орны хувьд импортоор оруулж байгаа ихэнх бараа нь орлуулах боломжгүй бүтээгдэхүүн байдаг. Манай худалдааны зах зээлийн онцлог нь орлуулах боломжтой, боломжгүй олон тооны бараа бүтээгдэхүүнийг тодорхой тооны зуучлагч (ченж) юм уу жижиглэнгийн худалдаачид үйлдвэрлэгч/нийлүүлэгч/ ченжээс нь худалдан авч хүнсний (махны, ногооны, жимсний гэх мэт), барааны, барилгын, валютын зэрэг зах дээр хэрэглэгчдэд борлуулж, дундаас нь ашиг хүртдэг шууд бус худалдааны хэлбэр нэлээд түгээмэл байдаг.


Эдгээр худалдаа эрхлэгчдийн тоо тухайн зах зээлдээ харилцан адилгүй бөгөөд тэдний борлуулж буй бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг төрөөс шууд хянах, зохицуулах, “хэт их” гэх үндэслэлээр хориглох ямар ч боломжгүй, энэ нь ч Өрсөлдөөний тухай хуулийн зорилгод ч хамаарахгүй юм.[9]

 

Хэрэв хэдхэн тооны худалдаачид орлуулах боломжгүй бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байгаа давуу байдлаа ашиглан шударга бус аргаар үнийг тогтоож байна гэж үзэж байгаа бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хуульд заасан журмын дагуу (Өр.тХ-ийн 5.3) тухайн аж ахуй эрхлэгчийг “монополь” эсвэл “давамгай байдалтай” болохыг нь тогтоох ёстой бөгөөд ийнхүү үзсэн тохиолдолд төрийн шууд хяналт хэрэгжинэ. Үүнээс бусад тохиолдолд дээр дурдсанчлан (жижиг) худалдаачид “үнийг хэлцэн тогтоосон” эсэх (Өр.тХ-ийн §11.1.1), эсхүл хууль, хэм хэмжээгээр хориглосон буюу өрсөлдөөнд харш бусад аргыг хэрэглэж үнийг тогтоосон эсэхийг л хянах боломжтой. 

 

Маргаан бүхий тохиолдлын хувьд гомдол гаргагчийг цементийн жижиглэнгийн худалдааны зах зээлд “давамгай байдалтай” гэж үзээгүй, мөн  “бүтээгдэхүүний үнийг бусадтай хэлцэн тогтоосон” гэж буруутгаагүй. Энэ тохиолдолд зөвхөн “бодит зардал өсөөгүй байхад зах зээлийн хомсдолыг далимдуулж үнээ нэмсэн” гэх нөхцөлнь дангаараа Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг хэрэглэх үндэслэл болохгүй юм.

 

Гэтэл хяналтын шатны шүүхээс “... зах зээл дээр чөлөөтэй арилжаалагдаж буй бараа бүтээгдэхүүн нь ердийн тохиолдолд харилцан орлох шинж чанартай буюу хэрэглэгч хаанаас ч очоод авах боломжтой бол чөлөөт зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар уг бараа бүтээгдэхүүний үнэ тогтоно, ийнхүү тогтсон зах зээлийн үнийг төрөөс хянахгүй буюу шударга өрсөлдөөнийг хамгаалах агуулгад хамааруулж үзнэ. Энэ тохиолдолд “цемент” нь өөр бүтээгдэхүүнээр орлуулж үл болох шинжтэй бүтээгдэхүүн бөгөөд тухайн цаг хугацаанд БНХАУ-аас импортоор оруулж ирдэг цементийн уутны нийлүүлэлт тасалдсан, нийлүүлэгч компанийн цемент ачих төлөвлөгөөт гэрээний гүйцэтгэл хангалтгүй, хагас вагоны хангалт багассанаас шалтгаалан барилгын материалын “44” зах дахь цементийн нийлүүлэлт тасалдаж, хомсдол үүссэн үед үйлдвэрлэгчээс гэрээний дагуу нийлүүлсэн цементийг жижиглэнгийн зах зээлд худалдан борлуулах давуу байдлаа ашиглан, бараа бүтээгдэхүүн (цемент)-ийн үнийг үндэслэлгүй нэмэгдүүлсэн нь хэрэглэгчийг хохироох худалдааны арга хэрэглэсэнд тооцогдоно, аж ахуй эрхлэгч дээрх байдлаар өөрөө үнэ тогтоосныг “чөлөөт зах зээл”-ийн зарчмаар үнэ тогтоогдсон гэж үзэхгүй ...” гэж тайлбарлажээ.


Уг дүгнэлтээр бол “зах зээл дэх бараа бүтээгдэхүүний сонголт их, нийлүүлэлт хэвийн тохиолдолд л зах зээлийн шударга үнэ тогтдог, харин бусад хүчин зүйлсээс (жишээлбэл Ковид) хамаарч орлуулах боломжгүй барааны нийлүүлэлт багассан тохиолдолд чөлөөт зах зээлийн зарчмаар үнэ тогтдоггүй тул төр хянах ёстой” гэж ойлгогдож байна.

  Гэтэл бодит амьдралд төгс өрсөлдөөн туйлын утгаараа байх нь тун ховор,[10] зах зээл дэх тодорхой бараа бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлт нь янз бүрийн гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалж (тухайлбал, байгалийн гамшиг, халдварт өвчин, дайн, тулаан зэрэг улс төр, эдийн засгийн хямрал, үйлдвэрлэлийн хэмжээ, менежмент, ложистик, маркетинг гэх мэт) ихсэж, багасаж байдаг. Эдгээр олон хүчин зүйлсийн улмаас зах зээл дэх бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт багасахад худалдагч өөрт байгаа нөөц барааныхаа үнийг нэмэх нь (өөрийнх нь бодит зардал өсөөгүй байсан ч) хууль бус биш, харин ч зах зээлийн зүй тогтлоороо нийлүүлэлт багасаж, эрэлт ихсэхэд үнэ нэмэгддэг зүй тогтолтой.


  Иймд бараа бүтээгдэхүүний үнэ чөлөөт зах зээлийн зарчмаар тогтож буй эсэхийг төр хянахдаа тухайн нөлөөлж буй хүчин зүйлс нь хөндлөнгийн буюу зүй ёсны байна уу, эсхүл аж ахуй эрхлэгчийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой байна уу гэдгийг ялгаж, салгах учиртай бөгөөд үүнд Өрсөлдөөний тухай хуулийн зорилго оршино гэж үзлээ.


    Энэ төрлийн маргаанд хуулийн өрсөлдөх тайлбар байлгах үүднээс энэхүү тусгай саналыг бичив.

    

 

 

ШҮҮГЧ                                    Г.БАНЗРАГЧ



[1] Өр.тХ-ийн §4.1.1."бараа бүтээгдэхүүн" гэж зах зээлд худалдах, солилцох, эргэлтийн өөр нэг хэлбэрт оруулах зориулалттай бүх төрлийн эд юмс, төлбөрийн хэрэгсэл, ажил, үйлчилгээ, шилжүүлж болох эрх зэргийг;

[2] Өр.тХ-ийн §6.4-т зааснаар “Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэд өөрчлөлт оруулах тохиолдолд ШӨХТГ-т өргөдөл гаргана”, 6.7-д зааснаар ШӨХТГ нь зохих журмын дагуу хянан зөвшөөрөл олгох.

[3] Гэхдээ хуулийн 11, 12 дугаар зүйл нь бүх аж ахуй эрхлэгчид хамааралтай тул монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдэд ч мөн адил үйлчилнэ.

[4] Я.Цэвэл, Монгол хэлний товч тайлбар толь, 2021 он, х.1046, Монголын эдийн засгийн дэлгэрэнгүй тайлбар толь, 2021 он, х.791

[5] Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн §6.1.2, 7.1.2, 11.1.1-ээр зохицуулагдана.    

[6] Монголын эдийн засгийн дэлгэрэнгүй тайлбар толь, 2021 он, х.878

[7] Т.Мэндсайхан, Хууль зүйн техник ба холбоос үгийн хэрэглээ, https://legaldata.mn/b/1223

[8] МУ-ын Засгийн газрын 2016 оны 59-р тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан журам.

[9] Жишээ нь 2022.02.14-ний өдрөөс 6 сар хүртэл хугацаанд Монгол Улсын хэмжээнд валютын нийлүүлэлт эрс багасаж, арилжааны банкууд долларын арилжаагаа хязгаарласан. Үүнээс шалтгаалж 1 ам.доллартой тэнцэх төгрөгийн “захын ханш” (Найман шарга гм.) арилжааны банкуудын ханшаас даруй 100 орчим төгрөгөөр нэмэгдсэн байдаг. Ердийн нөхцөлд “захын” ханш нь банкны ханшнаас бага байдаг бөгөөд 1 ам.доллар ойролцоогоор 10 орчим төгрөгийн ханштай байсан. Уг зах зээлийн онцлог нь мөн л “орлуулах боломжгүй бараа”-г (Өр.тХ-ийн §4.1.1-д зааснаар төлбөрийн хэрэгсэл нь бараанд хамаарна) цөөн тооны ченжүүд худалддаг. Ийнхүү “гадны хүчин зүйлийн” улмаас нийлүүлэлт багасаж, эрэлт ихсэж, үнэ нэмэгдсэн байхад ШӨХТГ-аас валютын худалдаачдыг хэт өндөр үнээр зарлаа гэж буруутгах, шийтгэх боломжгүй.   

[10] Монголын эдийн засгийн дэлгэрэнгүй тайлбар толь, 2021 он, х.621-622