МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТУСГАЙ САНАЛ

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын шүүгч Д.Цолмон би “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Х ” ХХК-д холбогдох даатгалын хураамжид төлсөн 434,142,645 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/00384 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 781 дүгээр магадлалтай иргэний хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүх бүрэлдэхүүний олонхын саналаар шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэхийг дэмжээгүй тул маргааны үйл баримтад хамаарах хуулийг хэрэглэх ёстой гэсэн үндэслэлээр тусгай санал бичив.

 

  1. Маргааны үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “Х ” санд холбогдуулан 2018.02.18-ны өдрөөс 2019.03.31-ний өдрийг хүртэлх хугацаанд “М ” ХХК-ийн хадгаламжаас даатгалын хураамжид төлсөн 434,142,645.79 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргахдаа “М ” ХХК нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасан хадгаламжийн даатгалд хамаарахгүй этгээд гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

 

Хариуцагч “Х ” сан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “М ” ХХК төрийн байгууллага гэх ойлголтод хамаарахгүй учир түүний хадгаламжаас Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д зааснаар даатгалын улирлын хураамж тооцож авах үндэслэлтэй, харин даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөр төлөхгүй” гэсэн тайлбар гаргаж маргасан.

 

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар банкны мөнгөн хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын эрх зүйн үндсийг тогтоож, хадгаламжийн даатгалын сангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахаар 2013.01.10-ны өдөр батлагдаж, мөн өдрөөс мөрдөгдөж эхэлсэн байна.

 

Нэхэмжлэгч нь “М ” ХХК-аас “Г” ХХК-д хадгалуулсан мөнгөн хөрөнгөтэй холбоотойгоор албан журмын даатгалын улирлын хураамжид 2018.02.18-ны өдрөөс 2019.03.31-ний өдрийг хүртэл хугацаанд 434,142,645 төгрөгийг хариуцагч “Х ” ХХК-д төлсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан хадгаламжийн даатгалын хураамж тооцох тайлан, хадгаламжийн даатгалын улирлын хураамжийн тооцоолол, гүйлгээний шийдвэр зэрэг баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

 

  1. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн талаар:

Анхан шатны шүүх “ ...“Х ” ХХК нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд батлагдсан дунд хугацааны төрийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор ... хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр байгуулагдсан онцгой субъект буюу Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасан төрийн байгууллага гэх ойлголтод хамаатуулан үзэх нь хуулийн зорилтод нийцнэ..,” гэж дүгнэн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан “Х ” сангаас 367,839,434.63 төгрөг гаргуулан “Г” ХХК-д олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 66,303,211.16 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Түүнчлэн “Улирлын хураамжийг тооцох хадгаламжийн дундаж дүнд төрийн байгууллагын хадгаламжийг хамаатуулахгүй байхаар тогтоосон Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2018.02.08-ны өдрийн хууль нь 2018.03.16-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон тул “Г” ХХК нь хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2019.03.31-ний өдрийг хүртэлх хугацаанд “М ” ХХК-ийн хадгаламжаас төлсөн улирлын хураамжийг буцаан шаардах эрхтэй” гэж дүгнэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүх “... “М ” ХХК-аас нэхэмжлэгч банкинд хадгалуулсан хадгаламжийн болон харилцах дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасан төрийн байгууллагын хадгаламжид хамаарна гэх нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. ...”М ” ХХК-ийн хуулийн этгээдийн хэлбэрийг ашгийн төлөө зорилго бүхий хязгаарлагдмал хариуцлагатай компани буюу /банк/ гэсэн статусаар улсын бүртгэлд бүртгэсэн болох нь хэргийн 114 дүгээр талд авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байна. Түүнчлэн, М ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар тус банкны зорилгыг үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх гэж, мөн хуулийн 8.1 дэх хэсэгт үйл ажиллагаа эрхлэх банк байх талаар тодорхой заасан. “М ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Монгол Улсын Засгийн газар бүртгэгдсэн байгаа нь уг банкийг мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасан төрийн байгууллага гэж дүгнэх үндэслэл болохгүй. Тодруулбал, “М ” ХХК нь хуулийн дээрх заалтын 7.2.1-д заасан банк гэсэн төрөлд хамаарна. Иймд “Г” ХХК нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасан журмын дагуу хадгаламжийн даатгалын хураамж төлснийг үндэслэлгүйгээр төлбөр төлсөн гэж үзэхгүй...” гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

3. Хууль хэрэглээний тухайд:

Маргааны зүйлийн үндэслэл болж буй “М ” ХХК-ийн эрх зүйн байдлыг шүүх хоёр өөрөөр буюу “...төрийн байгууллага” гэж анхан шатны шүүх, “..ашгийн төлөө компани буюу банк” гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн байна. Иймээс дээрх хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг хэрхэн дүгнэхээс хамаарч Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасан байгууллага мөн эсэх, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт зааснаар хадгаламжийн даатгалын хураамж төлөх үүрэг тодорхой болно. М ны эрх зүйн байдлын тухай хууль 2011 онд анх батлагдсан байх бөгөөд энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Х  нь энэ хуулийн 8.1-д заасан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилго бүхий энэ хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд байна.” гэж тодорхойлсон, харин 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар шинэчилсэн найруулга хийгдэж, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэн байна. Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Х  нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой, энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагааг эрхлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө хуулийн этгээд байна” гэж, мөн зүйлийн 5.2-т “Х ийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэрийг Засгийн газар гаргана.” гэсэн байна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Х ны хувь нийлүүлсэн хөрөнгө нь хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний хэмжээг хувьцаа эзэмшигч тогтооно.”гэж, 7 дугаар зүйлд “...банк нь үйл ажиллагаандаа компанийн сайн засаглалын ашигтай ажиллах, үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, хараат бус байх, ил тод байх, хариуцлагатай байх, шийдвэр нь хамтын удирдлагад үндэслэсэн байх, хараат бус хөндлөнгийн хяналттай байх бөгөөд зарчмыг энэ хууль, түүнд нийцүүлэн баталсан дүрэм, журамд тусган хэрэгжүүлнэ.” гэсэн зохицуулалт үйлчилж байна. Хуулийн 11 дүгээр зүйлд “Х ны төлбөр тооцооны үйл ажиллагааг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зохицуулах бөгөөд төлбөр тооцооны үйлчилгээний хөлсийг Х  тогтооно” гэжээ. Харин Х  нь иргэдийн мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон байна. Тус банкны эрх барих дээд байгууллагыг хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний чөлөөт цагт төлөөлөн удирдах зөвлөл байна гээд банкны хувьцаа эзэмшигч нь Засгийн газар, Х инд хувь нийлүүлсэн бусад этгээд байна гэж зохицуулсан байх бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуульд зааснаас гадна тусгайлсан эрх, үүрэгтэй байхаар зохицуулсан байна. Мөн Х ны талаар Компанийн тухай хуулийн 62.1-д заасан хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхээс гадна уг хуульд заасан зарим бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2015.10.12-ны өдрийн 407 дугаар тогтоолоор “...бүтээн байгуулалтын лизингийн санхүүжилтийн болон үндэсний экспортын даатгалын үйл ажиллагаа эрхлэх хязгаарлагдмал хариуцлагатай компаниудыг М ны охин компани хэлбэрээр үүсгэн байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэх” гэж, харин  2020.04.29-ний өдрийн 155 дугаар тогтоолоор “...охин компани хэлбэрээр байгуулсан компанийг татан буулгасан” бол 2021.08.18-ны өдрийн 252 дугаар тогтоолоор “...татан буулгахаар шийдвэрлэгдсэн "Д " ХХК, "Д " ХХК-ийн үйл ажиллагааг сэргээсэн тухай тогтоолууд гарч байсан байна. Дээрхээс дүгнэхэд “М ” ХХК-ийг төрийн байгууллага гэж үзэх хууль зүйн боломжгүй гэж үзнэ.

Хадгаламжийн даатгал нь банк, санхүүгийн салбарыг системийн хямралаас тодорхой хэмжээгээр сэргийлэх, жижиг хэмжээний хадгаламж эзэмшигчдийг хамгаалахад чиглэх зорилготой бөгөөд 2013.01.10-ны өдөр батлагдсан “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль” мөн өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэн байна. Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, даатгалын нөхөн төлбөрийг төлөхдөө тухайн банкны хадгаламж эзэмшигч бүрийг хамруулах, банкны тухай хуульд заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий банк хадгаламжийн даатгалд хамрагдах, ил тод, хариуцлагатай байх гэсэн банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын зарчмуудыг дээрх хуулийн 4 дүгээр зүйлээр тодорхойлсон байна.  Харин 8 дугаар зүйлд даатгалын нөхөн төлбөрийн хэмжээний дээд хязгаарыг “Даатгалын тохиолдол бий болоход Х  хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь төгрөг ба валютын нийт 20 сая хүртэл төгрөгийн хадгаламжийг нөхөн төлнө.” гэж тогтоосон ба 17 дугаар зүйлийн 17.1-д “Хадгаламж эзэмшигч даатгалын тохиолдол бий болоход даатгалын нөхөн төлбөр авах эрхтэй.” гэжээ.

Хуулийн 13 дугаар зүйлээр “Хадгаламжийн даатгалын хураамж, түүнийг төлөх” харилцааг зохицуулсан ба 13.1-д “Банк хадгаламжийн даатгалын хураамжийг Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооноос баталсан хадгаламжийн даатгалын хураамжийн журмын дагуу Х д төлнө.” гэсэн байх бөгөөд хураамж нь эхлэлтийн, улирлын, онцгой гэсэн төрөлтэй байх бөгөөд хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Улирлын хураамж нь өмнөх улирлын сар бүрийн эцсийн өдрийн энэ хуулийн 7.1-д зааснаас бусад хадгаламжийн дундаж дүнг энэ хуулийн 14.1-д заасны дагуу тооцсон улирлын хураамжийн хувиар үржүүлсэн дүнтэй тэнцүү хэмжээтэй байна” гэж зохицуулсан.

Хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь заалтад 2018.02.08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан ба үүнийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлээ болгосон байна. Уг өөрчлөлтөөр “Улирлын хураамж нь өмнөх улирлын сар бүрийн эцсийн өдрийн энэ хуулийн 7.1, 7.2.2, 7.2.3-т зааснаас бусад хадгаламжийн дундаж дүнг энэ хуулийн 14.1-д заасны дагуу тооцсон улирлын хураамжийн хувиар үржүүлсэн дүнтэй тэнцүү хэмжээтэй байна.” гэж 7.2.2, 7.2.3-т заасан байгууллагуудыг хамааруулахаар болсон байна.

Нэхэмжлэгч нь “М ” ХХК-аас  “Г” ХХК-д хадгалуулсан мөнгөн хөрөнгөтэй холбоотойгоор албан журмын даатгалын улирлын хураамжид 2018.02.18-ны өдрөөс 2019.03.31-ний өдрийг хүртэл хугацаанд 434,142,645 төгрөгийг хариуцагч “Х ” ХХК-д төлсөн ба Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7.2.2-т заасан “төрийн байгууллага” учраас хуульд өөрчлөлт орсон өдрөөс энэ хураамжийг төлөх үүрэггүй, мөн “банк” биш гэсэн үндэслэл, агуулгаар шаардлагаа тодорхойлсон байна. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлээр даатгалд үл хамаарах нөхцөлийг дараах байдлаар тодорхойлжээ.

7.1. Дараах хадгаламж хадгаламжийн даатгалд хамаарахгүй:

7.1.1. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1-д заасан этгээдийн нэргүй, дугаарласан, эсхүл хуурамч нэрээр нээсэн данс;

7.1.2. нэргүй хадгаламжийн сертификат болон бусад төрлийн нэргүй санхүүгийн хэрэгсэл;

7.1.3. нэрлэсэн үнээр эргэж төлөгдөхгүй хадгаламж

7.2. Дараах этгээдийн хадгаламж хадгаламжийн даатгалд хамаарахгүй:

7.2.1. банк;

7.2.2. төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага;

7.2.3. эрүүл мэндийн, тэтгэврийн болон нийгмийн албан журмын даатгалын сан …,

Харин хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Даатгалын тохиолдол бий болоход энэ хуулийн 7.2-т заасан этгээдэд даатгалын нөхөн төлбөр төлөхгүй” байхаар зохицуулжээ. Дээрх хуулийн зохицуулалтын зорилго, зохицуулалтаас үзэхэд “М ” ХХК-ийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасан “төрийн байгууллага” гэж үзэх үндэслэлгүй, Компанийн тухай хуулийн 2.2, 2.6, 12 дугаар зүйлийн 12.5, 59 дүгээр зүйл, 75 дугаар зүйлд заасан бүтэц бүхий, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасан ашгийн төлөө үндсэн зорилготой, хуулийн этгээд мөн байна. Иймээс “... хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасан төрийн байгууллага гэж дүгнэх үндэслэл болохгүй. ... “Г” ХХК нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасан журмын дагуу хадгаламжийн даатгалын хураамж төлснийг үндэслэлгүйгээр төлбөр төлсөн гэж үзэхгүй. Даатгалын тохиолдол үүссэн үед Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан этгээдүүдэд даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх талаар мөн зүйлийн 7.3 дахь хэсэгт заасан нь уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасан хураамжийн хэмжээг тооцох зохицуулалтыг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, даатгуулагч банкны төлөх албан даатгалын хураамжийн хэмжээг хуулиар нарийвчлан тогтоосон болно. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгал нь Иргэний хуулийн 432 дугаар зүйлийн 432.2 дахь хэсэгт заасан албан журмын даатгалын төрөлд хамаарна, ...даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй этгээдийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан хадгаламж эзэмшигч байхаар тодорхойлсон тул Иргэний хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1 дэх хэсэгт заасан бусад этгээдэд ашигтай даатгалын гэрээний төрөлд хамаарахаар байна. Даатгалын хураамж төлөх үүрэг бүхий даатгуулагчийн хураамж төлөх үүрэг, даатгалын тохиолдол бий болоход нөхөн төлбөр шаардах эрхтэй этгээдийн хүрээг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар ялгавартай зохицуулсан байгааг анхан шатны шүүх анхаараагүй, уг хуулийн зорилготой уялдуулан тайлбарлаагүй нь хууль буруу хэрэглэх үндэс болжээ.” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн хувьд үндэслэлтэй буюу хяналтын шатны шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

 

 

ШҮҮГЧ                        Д.ЦОЛМОН