МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТУСГАЙ САНАЛ

2016 оны 4 дүгээр сарын 25 -ны өдөр                                                                  Улаанбаатар хот


“Батлан хамгаалахад туслах  нийгэмлэг” ТББ-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Д.Мөнхтуяа би “Батлан хамгаалахад туслах нийгэмлэг” ТББ-ын нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн хороонд холбогдох Төрийн өмчийн хорооны 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 323 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүх (хуучин нэрээр)-ийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 74 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 136 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хариуцагч Төрийн өмчийн хорооны эрх залгамжлагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхимын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар санал гаргасан боловч шүүх бүрэлдэхүүний олонхийн саналаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д “шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргах ба цөөнх болсон шүүгч тусгай саналаа ... шүүхийн шийдвэрт хавсаргана” гэж заасны дагуу тусгай санал бичив.

Маргааны үйл баримтын талаар:

Төрийн өмчийн хорооны 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 323 дугаар тогтоолоор “...Техник, спортын төв”-ийн ... хөрөнгийг төрийн өмчид хүлээн авч, бүртгэх...”-ээр шийдвэрлэсэн, “Батлан хамгаалахад туслах нийгэмлэг” төрийн бус байгууллагаас “... уг барилга байгууламж нь ... /манай/ төрийн бус байгууллагын өмчлөлийн эд хөрөнгө болно. ... Төрийн өмчийн хороо ... төрийн бус байгууллагын хөрөнгийг төрийн өмчид шилжүүлэх шийдвэр гаргасан нь ... хууль бус ...” гэсэн үндэслэлээр Төрийн өмчийн хорооны уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан, хариуцагч Төрийн өмчийн хороо “... /уг барилга нь/ төрийн өмч..., ... Төрийн өмчийн хороо төрийн бус байгууллагын өмчийг хууль бусаар төрийн өмчид бүртгэж аваагүй, ... хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүх (хуучин нэрээр)-ийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, 74 дүгээр шийдвэрээр “... уг барилгыг БНАГУ-аас ... 1980 онд Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлд бэлэглэсэн ... нь тогтоогдсон, ... уг барилга нь анхнаасаа төрийн өөрийн өмчид байгаагүй байна”, “... олон нийтийн байгууллагын эд хөрөнгийг ... төрийн өөрийн өмчид бүртгэх үндэслэлгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 136 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж, хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Хариуцагч Төрийн өмчийн хорооны эрх залгамжлагч Сангийн яамнаас “... маргаан бүхий барилга нь ... улсын төсвийн хөрөнгөөр баригдсан, ... барилгын цэргийн анги барьж, ашиглалтад оруулсан ... баримтууд ... /архиваас олдлоо/. ... Энэ нь “маргаан бүхий /барилга нь/... анхнаасаа төрийн өмч байгаагүй байна” гэсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх ... шинэ нөхцөл байдлыг үүсгэж байна” гэх үндэслэлээр дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр (магадлал, тогтоол)-ийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргаж, 140 хуудас материалыг нотлох баримтаар хүсэлтэд хавсарган ирүүлсэн байна.

Хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалт болон түүнийг хэрхэн тайлбарлаж хэрэглэх талаар:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1-д “...шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл” хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болохоор заасан, уг хуулийн зохицуулалтаас үзвэл, “хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэх” дээрх тохиолдол нь “нотлох баримт илэрсэн байх” хууль зүйн факттай шууд холбогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэсэн бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон хэргийг хянан шийдвэрлэсний дараа “нотлох баримт илрэх” ойлголтыг захиргааны хэргийн хувьд иргэний хэргээс ялгаатай авч үзэх ёстой.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1-д заасан “... мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан” нөхцөл нь иргэний хэргийн хувьд тухайн нотлох баримт нь зөвхөн хэргийн оролцогч буюу “...зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч”-д хамаарах бол захиргааны хэргийн хувьд хэргийн оролцогчоос гадна “... шүүх”-д хамаарах зохицуулалт юм.

Иймд, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь “хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэх” зохицуулалтын “...шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт” нь юуны өмнө захиргааны хэргийн шүүх тухайн үед цуглуулаагүй, хэргийг хянан хэлэлцэж, шийдвэр гаргахад шүүхэд хэлэлцэгдээгүй, үнэлэгдээгүй байх хууль зүйн агуулгатай байна.

Хариуцагч Төрийн өмчийн хорооны эрх залгамжлагч Сангийн яамнаас хүсэлтдээ хавсарган ирүүлсэн нотлох баримтууд нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүх (хуучин нэрээр)-ийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 74 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 136 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн “Батлан хамгаалахад туслах нийгэмлэг” ТББ-ын нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн хороонд холбогдох Төрийн өмчийн хорооны 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 323 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, хэргийг захиргааны хэргийн шүүхэд хянан хэлэлцэхэд үнэлэгдээгүй баримтууд байх тул эдгээр нь “шинэ нөхцөл байдал үүссэн” гэх үндэслэл болохоор байна.

Нотлох баримтыг “мэдэх боломж”-ийн тухайд, хэргийн оролцогчид тухайн үед өөрт нь хадгалагдаж байсан нотлох баримтын хувьд шүүхээс “мэдсэн” эсхүл “мэдэх боломжтой байсан” гэж үзэх үндэслэлтэй, харин өөрт нь байгаагүй буюу архивд хадгалагдаж байсан баримтын хувьд хэргийн оролцогч уг нотлох баримтыг “мэдэх боломжтой байсан” гэж шууд дүгнэх боломжгүй юм.

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.4-т “шүүх хуралдаанаар шинээр илэрсэн нөхцөл байдлыг баталж байгаа шинэ нотлох баримтыг үндэслэн шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоох, уг нөхцөл байдал нь шийдвэрийг гаргахад хэрхэн нөлөөлсөн, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянан шийдвэрлэх хууль ёсны үндэслэл байгаа эсэхийг шийдвэрлэх”-ээр заасан байх тул шүүх хуралдаанаар хүсэлтийг хэлэлцэж, хүсэлтийг хангах эсхүл хангахгүй орхих шийдвэр гаргахдаа эдгээр нөхцөл байдлыг зайлшгүй дүгнэх шаардлагатай байв.

Гэтэл хяналтын шатны шүүхээс зөвхөн “... эдгээр баримтуудыг хариуцагч Төрийн өмчийн хороо тухайн үед мэдэх боломжтой байсан”, “... баримтыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах хуулийн шаардлагыг хангаагүй” гэж үзсэн нь учир дутагдалтай, захиргааны хэргийн шүүхийн “нотлох баримт цуглуулах” үүргийн агуулгыг алдагдуулж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны “нотлох баримтаа зохигч өөрөө цуглуулах” зарчимд үндэслэсэн буруу дүгнэлт гэж миний хувьд үзлээ.

Мөн, “...Техник, спортын төв”-ийн ... хөрөнгийг төрийн өмчид хүлээн авч, бүртгэх...”-ээр шийдвэрлэсэн Төрийн өмчийн хорооны 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 323 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай уг захиргааны хэрэг нь хэлбэр талаасаа захиргааны актад холбогдох боловч маргааны агуулга нь “Техник, спортын төвийн хөрөнгийн өмчлөгч нь хэн болох” талаарх өмчийн эрхийн маргаан байна.

Аливаа хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан биш тул захиргааны хэргийн шүүх хөрөнгийн өмчлөгч хэн болохыг тогтоохгүй, харин захиргааны актын улмаас өмчлөх эрхийн маргаан гарсан тохиолдолд шүүх уг захиргааны актыг “процессийн хувьд” хянаж, маргалдагч талуудыг хэн нь өмчлөх эрхтэй эсэхээ иргэний шүүхээр шийдвэрлүүлэх боломжоор хангах ёстой.

Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх “...Техник, спортын төв”-ийн ... хөрөнгийг төрийн өмчид хүлээн авч, бүртгэх...”-ээр шийдвэрлэсэн Төрийн өмчийн хорооны 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 323 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэлийг хянахдаа уг хөрөнгийн өмчлөгчийг тогтоосон агуулгатай дүгнэлтүүд нэгэнт хийсэн тул хариуцагчаас “... шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх шинэ нотлох баримт” гэж маргаан бүхий барилгын өмчлөх эрхийн холбогдолтой баримтуудыг шүүхэд гаргасан, тухайн үед шүүхэд хэлэлцэгдээгүй эдгээр нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон “...уг барилга нь анхнаасаа төрийн өөрийн өмчид байгаагүй байна” гэх захиргааны хэргийн шүүхийн дүгнэлт үнэн зөв эсэхэд эргэлзэх үндэслэл болж байна.

Нэгэнт “Техник, спортын төв”-ийн хөрөнгө хэний өмч болох талаарх талуудын маргаан дуусаагүй, өмчлөгчийг эцэслэн тогтоосон иргэний шүүхийн шийдвэр гараагүй тохиолдолд өмчлөх эрхийн талаарх талуудын “эргэлзээ”-г үгүйсгэх боломжгүй, захиргааны хэргийн шүүх “өмчлөх эрх” түүнтэй холбоотой үйл баримт, маргааныг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлж, хөрөнгийн өмчлөгчийг тогтоолгох боломжийг маргалдагч талуудад олгох нь зүйтэй юм.

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д “шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг тийнхүү хянах үндэслэл байгааг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор” хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргахаар заасан, хариуцагч (эрх залгамжлагч) Сангийн яамнаас 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтдээ хавсарган ирүүлсэн 1977-1980 онд хамаарах архивын баримтууд нь Үндэсний төв архивын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хооронд огноотой “хуулбар үнэн” тэмдэг дарагдсан байх тул “...мэдсэнээс хойш 30 хоног” гэх дээрх хуулийн шаардлагад нийцээгүй гэж шууд дүгнэх боломжгүй байв.

Шүүгчийн зүгээс хүсэлтийг хэлэлцэх явцад дээрх үндэслэлүүдийг тайлбарлаж, хариуцагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй талаар шүүх бүрэлдэхүүнд санал гаргасан боловч олонхийн дэмжлэг аваагүй тул цаашид шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлтийг хэлэлцэхэд захиргааны хэргийн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэхэд ач холбогдолтой гэх үүднээс энэхүү тусгай саналыг бичив.


 

                                                          ШҮҮГЧ                         Д.МӨНХТУЯА