УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЖ БУЙ ХЭРГИЙН ОРОЛЦОГЧИД, ТЭДГЭЭРИЙН ӨМГӨӨЛӨГЧИД, ТӨЛӨӨЛӨГЧИД БУСАД ИРГЭД, БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭД, АЖ АХУЙН НЭГЖИД УРИАЛАХ НЬ

2020 оны 02 сарын 27 838

   Дэлхийн 42 улсад тархаад буй COVID 19 /шинэ коронавирус/-ын халдварын тохиолдлын тоо цаг тутам нэмэгдэж байна. Халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, Улсын Онцгой комиссоос тухай бүр нь зохих шийдвэр гарч, улс, хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаж, хөл хорио тогтоох, зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах зэрэг олон арга хэмжээ авч, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар болон бусад холбогдох байгууллагаас энэ дагуух боломжит бүх ажиллагааг хэрэгжүүлж, мэдээллээр ханган ажиллаж байна.

   Монгол Улсад өнөөдөр шинэ коронавирусын халдвар албан ёсоор бүртгэгдээгүй ч ДЭМБ-ын эрүүл мэндийн ноцтой байдлын эрсдэлийн үнэлгээгээр манай улсад коронавируст халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл маш өндөр, тархах эрсдэл өндөр гэж үнэлсэн болон бусад нөхцөл байдлыг харгалзан Та бүхэнд хандаж доорхи уриалгыг гаргаж байна. Үүнд:

1. Эрүүл мэндийн яам болон холбогдох бусад байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, зөвлөмжийг ягштал баримтлах, мөрдлөг болгох;

2. Шүүхээр үйлчлүүлэхдээ гар ариутгагч, халдваргүйжүүлэгч, амны хаалтыг тогтмол хэрэглэх;

3. Эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор нэн шаардлагатайгаас бусад тохиолдолд нээлттэй шүүх хуралдаанд сонирхогч этгээдийн хувиар оролцохгүй байх, бусдаар өөрийгөө төлөөлүүлж буй бол шүүх хуралдаанд биечлэн  оролцохгүйгээр хурлын тэмдэглэл, бичлэгтэй танилцаж эрхээ хамгаалуулах;

4. Улс, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан шүүх хуралдаанд онлайн /online/ хэлбэрээр оролцохыг чухалчилах;

5. Шүүхээр үйлчлүүлэхдээ зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд бага насны хүүхэд, ахмад настныг дагуулж явахгүй байх;

6. Шүүхийн төрийн тусгай хамгаалалтын ажилтан болон хуяг, түүнчлэн бусад ажилтны тавьж буй халдвараас урьдчилан сэргийлэх зорилго бүхий хүсэлт, шаардлагад хүндэтгэлтэй хандах;

7. Шүүхийн үйл ажиллагаа, хэрэг хувиарлалт, шүүх хуралдааны зар, тоймыг Улсын дээд шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагааны 51-261698, бичиг хэргийн 51-261544, Эрүүгийн хэргийн танхимын 51-263467, Иргэний хэргийн танхимын 51-261878, Захиргааны хэргийн танхимын 51-261793 дугаар утсаар болон supremecourt.mn вэбсайтас үзэж, биечлэн ирэхээс аль болох татгалзах зэргээр шүүхээр үйлчлүүлж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Шинэ коронавирусын халдвараас хамтдаа сэргийлж, хайртай хүмүүсээ хамгаалъя.

 

 

 

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ

ОРОН ТООНЫ БУС ШТАБ