Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Хөхийсүрэнгийн Батсүрэнг томиллоо

2019 оны 05 сарын 09 2123

-Х.БАТСҮРЭН: ШУДАРГА ЁСЫГ ТОГТООХОД ЧИГЧ, ТУУШТАЙ, ЗАРЧИМЧ, ХАРИУЦЛАГАТАЙГААР ХАМТРАН АЖИЛЛАНА-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны тавдугаар сарын 9-ний өдөр  74 дүгээр зарлиг гаргаж, Улсын Дээд шүүхийн санал болгосноор Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Хөхийсүрэнгийн Батсүрэнг томилжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын Дээд шүүхэд ирж, тус шүүхийн нийт шүүгч, ажилтнуудад уншиж сонордууллаа.

Зарлиг уншиж сонордуулсны дараа Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Х.Сонинбаяр Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэнд Дээд шүүхийн тамгыг гардуулав. Х.Сонинбаяр энэ үеэр хамт олноо төлөөлж хэлсэн үгэндээ Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албан тушаалд томилогдсонд нь Х.Батсүрэнд баяр хүргээд шүүгчдийнхээ итгэлийг хүлээсэн таныг шүүхийн нэр хүндийг өндөрт өргөн ажиллана гэдэгт итгэж байна гээд цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн хамт олондоо хандаж хэлсэн үгэндээ  юун түрүүнд итгэл хүлээлгэж, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулахаар дэмжиж санал болгосонд баярласнаа илэрхийлээд “Монгол Улсын шүүхийн замнал баялаг уламжлалтай, бахархам түүхтэй. Энэ их уламжлал, түүхийн нэгээхэн хэсэг болсон ХХ зууны төгсгөл, ХХI зууны эхэнд бид ажиллаж, амьдарч байна. Монгол Улсын, тэр дундаа шүүхийн түүхэнд холбогдох өнгөрсөн цаг хугацаа нь өрнөл ихтэй он жилүүд байлаа. Тухайлбал, шударга ёсны талаарх өрнийн соёлыг хууль зүйн хэм хэмжээгээр дамжуулан авч нутагшуулах, түүнийг төлөвшүүлэх, Үндсэн хуульт төр-улсын байгууллыг бүтээх, Үндсэн хуульт төрөөс эрх зүйт төрд шилжих зэрэг үзэгдэл-харилцааны явцад шүүх нь шүүн таслах байгуулалтаас шүүх эрх мэдэл болтлоо хөгжсөн байна. Монголд өрнөсөн энэхүү үйл явдалд дэлхий дахинаа хүний засгаас хуулийн засагт шилжих хувьсгал, үзэл санааны тархалт ч багагүй нөлөөлснийг үгүйсгэхгүй биз ээ.

ХХ зууны эхэнд Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийн төвлөрлийг сааруулсан улс  орон цөөн байсан бол харин ХХI зуунд төрийн эрх мэдлийг сааруулж, түүнийг Үндсэн хуулиараа баталгаажуулаагүй улс цөөхөн үлджээ. Энэхүү үзэгдэл нь төрийн эрх мэдлийн уг сурвалж нь хүний эрхээр тодорхойлогдох ёстой гэж үзэж, тайлбарлах хандлага түгээмэл болсонтой ч холбоотой юм.

Өнгөрсөн зуунд шүүх нь төрийн  эрх мэдлийн нэг хэсэг нь болоод зогсохгүй шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг сахин хангах хууль зүйн арга механизм бүрэлдэж, шүүх, шүүгч нь Үндсэн хуулийн дагуу шударга ёсны баталгаа болж хувьсан өөрчлөгджээ. Ийм учир шалтгааны үүднээс бид шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бататган бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлсэн шүүн таслах ажиллагааг эрхлэх, төрт ёс, шүүхийн замнал, ахмад-дунд-залуу үеийн нандин холбоонд түшиглэн шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны илэрхийлэл болсон шүүн таслах ажиллагаан дахь хүн төрөлхтний соёл иргэншлийн ололт, амжилтыг хүндэтгэн харилцан хүлээн зөвшөөрөх,  эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулахад шударга ёсны баталгаа болж,  манлайлан оролцох үүрэгтэй билээ.

Эцэст нь та бүхнийхээ надад дайлгаж, хүлээлгэсэн өндөр итгэлийг шамдан ажиллаж, хичээн хэрэгжүүлэхэд анхаарч, шударга ёсыг тогтооход чигч, тууштай, зарчимч, хариуцлагатайгаар хамтран ажиллахыг хүсье. Шүүхийн дэнс үргэлжид та биднийг ивээж байх болтугай” хэмээв.