Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрлөө

2018 оны 10 сарын 25 400

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27.1.5, 73.3 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлаар дүгнэлт гаргуулахаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт өргөн мэдүүлсэн юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Улсын Дээд шүүхээс ирүүлсэн дээрх хүсэлтийг хянан хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтад “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн  хуулийн  Нэгдүгээр зүйлийн 2  дахь хэсгийн “… шударга ёс, … тэгш байдал … нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “… эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах … эрхтэй. …” гэж заасныг зөрчсөн байна гэж дүгнэжээ. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. …” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн байна гэж үзжээ.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтад “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй.” гэж заасныг зөрчөөгүй байна гэж дүгнэжээ. Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтын “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” гэснийг; мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсгийн “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. …” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хэлэлцээд уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөв.