Ш.Даваадуламд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болов

2018 оны 10 сарын 19 1301

Улсын Дээд шүүхийн Тамгын газрын  Эрх зүйн онол, арга зүйн асуудал хариуцсан референт Ш.Даваадулам гавьяаныхаа амралтад гарч буйтай холбогдуулан хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр боллоо.

Энэ үеэр Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв хийсэн бүтээсэн зүйлтэй, хэлэх үгтэй, түүндээ тохирсон гавьяатай ахмад ажилтандаа хүндлэл үзүүлж байгааг онцлоод “Ш.Даваадулам 1982 онд Сүхбаатар аймгийн шүүхэд гишүүн бөгөөд арбитрчаар ажлын гараагаа эхэлж, 1978 оноос хойш батлагдсан  дөрвөн ч удаагийн Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд оролцож, шүүгчдийг давтан сургах, хууль хэрэглээний асуудлаар суурь судалгаа хийх тал дээр гавьяа байгуулж хүлээн зөвшөөрөгдсөн хүн” гэж тэмдэглэсэн юм.

Ш.Даваадулам хамт олондоо хандаж үг хэлэхдээ 1976 онд Дээд шүүхийн нэр дээр хойд хөрш рүү хуулийн мэргэжил  эзэмшихээр явснаас хойш энэ байгууллагатай амьдралаа холбосон талаараа өгүүлээд 1982 онд Краснадор хотын Кубаны их сургуулийн хуулийн ангийг төгсөөд Сүхбаатар аймгийн шүүхэд дөрвөн жил ажиллахад үстэй дээлтэй, эсгий гуталтай, эрчүүд нь хөлдсөн уурын зуухаа гэсгээн  ажилладаг байсан нь тэсвэр хатуужил суулгасан талаар дурсан ярив.  Мөн  1986 онд Улсын Дээд шүүхийн Арбитрын коллегид ирсэн, 22 жил шүүхийн сургалт, судалгааны чиглэлд ажилласнаа онцоллоо. Тэрээр залуучуудад хандан Дээд шүүх хэмээх өндөр босготой байгууллагын нэр хүндийг хайрлан хамгаалж явахыг захиад нийт хамт олондоо эрүүл энх, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн юм.

Ёслолын үйл ажиллагааны үеэр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн ажлын албаны дарга, Монгол Улсын гавьяат хуульч М.Дамирансүрэн Ш.Даваадуламыг энэ олон жилийн турш өөрийн ажлаа нэр хүндтэй сайн хашиж ирсэн хэмээгээд урт насалж удаан жаргахыг хүслээ.  

Түүнчлэн Улсын Дээд шүүхийн Архивын ажил хариуцсан ахлах мэргэжилтэн  Ж.Тэгшдэлгэр олон жил хамтран ажилласан найзынхаа ажил амьдралд, үр хүүхдэд нь сайн сайхныг хүсэн ерөөв.