“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангажээ

2018 оны 09 сарын 20 1284

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч “Монголиан коппер корпорейшн” ХХК  Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар гэсэн гурван байгууллагад холбогдуулан нийт 13 нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх уг хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд нийт 13 нэхэмжлэлийн шаардлагаас 9-ийг нь хангаж, 2 шийдвэртэй холбоотой шаардлагыг хэсэгчлэн хангаж, 2-ыг нь хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нийт 13 нэхэмжлэлийн шаардлагаас 5-ыг нь хангаж, 1 шийдвэртэй холбоотой шаардлагыг хэсэгчлэн хангаж, 7-г нь хангахгүй орхиж шийдвэрлэсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нийт 13 нэхэмжлэлийн шаардлагаас 6-г нь хангаж, 2 шийдвэртэй холбоотой шаардлагыг хэсэгчлэн хангаж, 5-ыг нь хангахгүй орхиж шийдвэрлэв. Дээд шүүх хэргийг ийнхүү шийдвэрлэхдээ Монгол Улсын Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль болон дээрх тогтоолыг зөрчиж,  зарим шийдвэрүүдийг гаргасан байна гэж дүгнэжээ.