Иргэний эрх зүйн сургалт зохион байгуулж байна

2018 оны 04 сарын 25 771

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим Шүүхийн Ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төсөлтэй хамтран иргэний эрх зүйн чиглэлээрх уламжлалт сургалтаа 2018 оны 4 дүгээр сарын 17-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтыг ХБНГУ-ын Бавари мужийн Нюрнберг хотын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгч асан Ё.Кают удирдан явуулж байгаа бөгөөд иргэний эрх зүйн шүүгч-багш нар болон Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчид нийт 24 хүн хамрагдаж байгаа аж.

"Бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний эрх зүй ба Иргэний хуулийн хэрэглээ” сэдвийн хүрээнд явагдаж байгаа тус сургалтын үеэр эд хөрөнгө хөлслөх гэрээ, санхүүгийн түрээс лизинг, түрээсийн гэрээ зэрэг асуудлуудыг хөндөн ярилцах юм. Ром Германы эх газрын эрх зүй дээр суурилсан манай иргэний эрх зүйн тухайд энэхүү уламжлалт сургалт ихээхэн ач холбогдолтой юм. Сургалтын төгсгөлд 2018 онд Иргэний эрх зүйн сургалтын гарын авлагын төслийг эцэслэн боловсруулж шүүгч нарт явуулах ажээ.