Эмгэнэл

2017 оны 04 сарын 19 363

Дашдоржийн ДЭМБЭРЭЛЦЭРЭН

(1952-2017)

Монгол Улсын Дээд шүүхийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын Гавьяат хуульч Дашдоржийн Дэмбэрэлцэрэн 2017 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр нас нөгчиж хууль тогтоох болон шүүх эрх зүйн салбарт хүнд гарз тохиолоо.

Д.Дэмбэрэлцэрэн 1952 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд мэндэлж, 1960-1968 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын найман жилийн сургууль, 1968-1970 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн дунд сургууль, 1970-1976 онд ОХУ-ын Эрхүүгийн Улсын их сургуульд суралцан эрх зүйч мэргэжил эзэмшжээ.

Тэрээр 1976-1977 онд Монгол Улсын Дээд шүүхийн зааварлагч, 1977-1978 онд Улаанбаатар хотын Шүүхийн гишүүн, 1978-1981 онд Улаанбаатар хотын Шүүхийн орлогч дарга, 1981-1990 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн референт, Тасгийн дарга, Хэлтсийн орлогч дарга, Хэлтсийн дарга, 1990-1993 онд Монгол Улсын Дээд шүүхийн дарга, 1993-1999 онд Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, 1993-1996 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, 1999 онд Монгол Улсын Дээд шүүхийн гишүүн, 1999-2000 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 1998 оноос “СИТИ” их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, 1998-1999 онд Шүүгчдийн холбооны тэргүүнээр тус тус ажиллаж байв.

Д.Дэмбэрэлцэрэн нь Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газар, Улсын Их Хурлын гишүүнээр ажиллах хугацаандаа хуулийн олон төслийг боловсруулах, Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засгийн хүрээнд хийгдэж байсан өөрчлөлт, шинэчлэлтийн эрх зүйн үндсийг боловсронгуй болгох, хуульчлан тогтооход хувь нэмэр оруулсны дээр Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийн анхны хувилбаруудыг боловсруулахад идэвхтэй оролцжээ.

Тэрээр Монгол Улсын Дээд шүүхийн дарга, Ерөнхий шүүгчээр ажиллах хугацаандаа улс орны хэмжээнд хийгдэж байгаа өөрчлөлт, шинэчлэлтийн хүрээнд шүүхийг шинэчлэх, эрх зүйт төрийн тогтолцоонд шүүхийн эзлэх байр суурийг Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, бусад хууль тогтоомжид тусгаж баталгаажуулах ажлыг гардан удирдаж, шүүхийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, шүүхийг шүүх эрх мэдэл болгон хувьсан өөрчлөгдөхөд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм. Д.Дэмбэрэлцэрэн нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндэс болсон Шүүхийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулж, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулахад оролцсон.

Түүнчлэн шинэ тутам гарсан хуулиудыг нэг мөр ойлгох, зөв хэрэглэхтэй холбогдуулан хуулийг тайлбарласан тогтоолын төслүүдийг Улсын Дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлэн баталсан нь өнөөдөр ч хүчин төгөлдөр мөрдөгдөж, шүүн таслах ажлын удирдамж, чиглэл болсоор байна.

Д.Дэмбэрэлцэрэн нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллахдаа шүүхийг улс төржин хийрхэх явдлаас сэргийлж, үйл ажиллагааг нь хараат бусаар явуулах, шинэ нөхцөл байдалд нийцүүлэн ажиллах боломжоор хангаж, чадавхийг нь дээшлүүлэх, шүүхийн үндсэн тогтолцоог хадгалж, мэдлэг, туршлагатай, чадварлаг шүүгчдийг тогтвортой ажиллуулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан, түүхэн гавьяа байгуулсан. Үүний заримаас дурдахад, Шүүх байгуулах, тэдгээрийн байршил, харьяалал, шүүгчийн орон тоог тогтоох тухай асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлсэн бөгөөд шүүхийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй шүүхийн Тамгын газрыг байгуулах, түүний дүрмийг батлах, бүтэц, орон тоог тогтоох, Шүүхийн судалгааны төв болон Шүүгчийн сахилгын хороог байгуулах тухай асуудлыг шийдвэрлэж байсан. Түүнчлэн хараат бус шүүхийн тулгуур багана болсон сумын шүүгчээс эхлээд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг хүртэл бүх шатны шүүгчийг сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэх, өргөн мэдүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлүүлж байжээ.

Тэрээр Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүгч, ажилтнуудын ажиллах нөхцөл, баталгааг сайжруулах зорилгоор шүүхүүдийг өөрийн байртай болгож, автомашин, материал, техникийн хангамжийг сайжруулахад тодорхой ахиц гаргасан бөгөөд шүүгчийн цалин хангамжийг зохих түвшинд тогтоолгох, зэрэг дэв бий болгон олгох, шүүгчийг албаны өмсгөлтэй болгох, туслах шүүгч ажиллуулах зэрэг асуудлыг Улсын Их Хуралд тавьж шийдвэрлүүлсэн болно.

Д.Дэмбэрэлцэрэн нь Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн санаачилга гарган ажиллаж, зохих үр дүнд хүрчээ. Тухайлбал ОХУ, Польш, Унгар, Румын зэрэг улсын Дээд шүүхтэй харилцаагаа сэргээн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах, АНУ, БНСУ, БНХАУ, Тайланд зэрэг улсын шүүхтэй ажил хэргийн харилцаа тогтоох, Ази, Номхон далайн орнуудын Дээд шүүхүүдийн хамтын ажиллагааны хүрээнд идэвхтэй гишүүн нь болсон байна.

Тэрээр сайн боловсруулсан хууль, шударга шүүх байж шүүх, ард түмний холбоо ойртож нягтрах ёстой гэдэг зарчим барьдаг, эрх зүйн онол, практикийн хувьд маргаантай асуудлыг мэргэжлийн өндөр түвшинд задлан шинжилж, дүгнэлт хийн шийдвэрлэдэг, шүүн таслах ажил болон удирдан зохион байгуулах ажлын дадлага, туршлагатай, эрх зүйн баримт бичиг, хуулийн төсөл боловсруулах арга барилыг эзэмшиж, мэргэшсэн төрийн түшээ байлаа.

Д.Дэмбэрэлцэрэнгийн хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж “Шүүхийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг, “Прокурорын хүндэт тэмдэг”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”, “Үндсэн хуулийн цэцийн хүндэт тэмдэг”, Хөдөлмөрийн хүндэт медаль, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнаж, “Шүүгчийн тэргүүн түшээ” зэрэг дэв олгосны дээр 2013 онд Монгол Улсын Гавьяат хуульч цол хүртээжээ.

Талийгаачийн төлөв даруу, шударга, зарчимч, хөдөлмөрч зан чанар, мэргэжлийн өндөр ур чадвар, шүүх эрх мэдлийг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

Ц.ЭЛБЭГДОРЖ, М.ЭНХБОЛД, Ж.ЭРДЭНЭБАТ, Ц.ЗОРИГ, Н.ЖАНЦАН,
Ш.РАДНААСЭД, С.БЯМБАЦОГТ, Я.СОДБААТАР, Д.ТОГТОХСҮРЭН,
С.ЧИНЗОРИГ, Н.ЛҮНДЭНДОРЖ, Ш.СОЛОНГО, А.ИШДОРЖ, Г.ГАНБОЛД