Х.Сонинбаяр Япон Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2017 оны 03 сарын 03 745

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Б.Ундрах нар Япон Улсын  Хууль зүйн яамны харьяа Хууль зүйн судалгааны институтын төлөөлөгчдийг 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Төлөөлөгчдийн тэргүүн, Япон Улсын Хууль зүйн яамны харьяа Хууль зүйн  судалгааны институтын Олон Улсын хамтын ажиллагааны хэлтсийн профессор бөгөөд Засгийн газрын төлөөлөгч, ноён Кей Хирота манай хууль зүйн салбарт ямар асуудал дээр хамтарч ажиллах, туслалцаа дэмжлэг үзүүлэх талаар тандалт хийх зорилгоор ирээд байгаагаа онцлов. Тус институт нь Иргэний хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэх, оюуны өмчийн болон гэр бүлийн маргааныг шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох тал дээр Индонез, Камбож, Непал, Вьетнам улсуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай ажээ.   

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр шүүхээр шийдвэрлэгдэж буй иргэний маргаан жил ирэх тусам өсөж буй талаар дурдаад гэр бүлийн маргааныг дагнан шийдвэрлэх шүүх, мэргэшсэн шүүгчийг бэлтгэх сургах шаардлагатай байгааг онцлов.

Япон Улсын Хууль зүйн яамны харьяа Хууль зүйн судалгааны институтын төлөөлөгчид гэр бүлийн маргааны асуудлаар шүүгчдийг мэргэшүүлэх сургалтад хамруулах болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны програм хангамжийг боловсронгуй болгох талаар хамтран ажиллах боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.