МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ 105, УЛСЫН ДЭЭД ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ 90 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН БАЯРЫН ХУРАЛД УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН ХЭЛСЭН ҮГ

2016 оны 12 сарын 28 594

Эрхэм хүндэт шүүгчид ээ,

Энэ танхимд хүндэт зочноор уригдан ирсэн Монголын шүүхийн ахмадууд аа,

Хатагтай, ноёд оо

Та бүхэнд Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн баярын мэндийг Улсын Дээд шүүхийн нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Монголын шүүх баялаг уламжлалтай, бахархам түүхтэй билээ. Энэ их уламжлал, түүхийн нэгээхэн хэсэг болсон ХХ зуунд хамаарах шүүн таслах ажиллагааны ололт амжилтыг цэгнэж, өнөөдөр бид түүхэн ойгоо тэмдэглэж байгаад баяртай байна.

Монголын, тэр дундаа шүүхийн түүхэнд холбогдох өнгөрсөн 105 жил бол өрнөл ихтэй он жилүүд байжээ. Тухайлбал, өрнийн соёлыг хууль зүйн хэм хэмжээгээр дамжуулан авч нутагшуулах, түүнийг төлөвшүүлэх, Үндсэн хуульт төр-улсын байгууллыг бүтээх, Үндсэн хуульт төрөөс эрх зүйт төрд шилжих зэрэг үзэгдэл-харилцааны явцад шүүх нь шүүн таслах байгуулалтаас шүүх эрх мэдэл болтлоо хөгжсөн байна.

Монголд өрнөсөн энэхүү үйл явдалд дэлхий дахинаа хүний засгаас хуулийн засагт шилжих хувьсгал, үзэл санааны тархалт ч багагүй нөлөөлсөн гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

ХХ зууны эхэнд Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийн төвлөрлийг сааруулсан улс  орон цөөн байсан бол харин ХХI зуунд төрийн эрх мэдлийг сааруулж, түүнийг Үндсэн хуулиараа баталгаажуулаагүй улс цөөхөн үлджээ. Энэхүү үзэгдэл нь төрийн эрх мэдлийн уг сурвалж нь хүний эрхээр тодорхойлогдох ёстой гэж үзэж, тайлбарлах хандлага түгээмэл болсонтой холбоотой юм.

1215 оны Английн эрх чөлөөний их харти, 1222 оны Унгарын Алтан булла, 1357 оны Францын Гуравдугаар сарын их хууль нь одоогийн төрийн эрх мэдэл хуваарилалт, ялангуяа орчин цагийн шударга шүүхийг бүтээх, төлөвшүүлэх, цаашлаад шүүх эрх мэдлийг хүлээн зөвшөөрөх хандлагад түүхэн ач холбогдол бүхий чухал нөлөө үзүүлсэн тухай эх сурвалжуудад цөөнгүй тэмдэглэгджээ.

Аль ч улс орны шүүхийн хувьд ХХ зуун түүхэн зуун болж бичигдэх нь нэгэнт тодорхой болжээ. Өнгөрсөн зуун жилд шүүх нь төрийн  эрх мэдлийн нэг хэсэг нь болоод зогсохгүй шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг сахин хангах хууль зүйн арга механизм бүрэлдэж, шүүгч төрийн хуулийг давж түмний хууль болсон Үндсэн хуулийг хэрэглэх эрхийг эдлэх хүртлээ шударга ёсны баталгаа болж хувьсан өөрчлөгджээ.

Монголын шүүхийн түүхэнд засаг захиргааны байгууллага зарга шийдэж байсныг зөвтгөхгүй ч өнөө цагийн хөгжлийн үндэс суурь нь болсон гэдгийг мартаж болохгүй юм.

1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Богд хаант Монгол Улсын Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэх яам нь өнөөдөр бидний ойг нь тэмдэглэн буй орчин цагийн Монголын шүүхийн шав нь байсныг тэмдэглэн хэлье.

Тус яам шүүн таслах, эрх зүйн баримт бичгийн төсөл зохиох үндсэн үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ захиргааны чиг үүргийг давхар гүйцэтгэж байсан нь тэмдэглэгдэн үлджээ.

1820-1913 он хүртэлх 93 жилийн хугацаанд шийдвэрлэсэн 400 гаруй хэргийн шийдвэрийг эмхтгэн, хавтсыг нь улаан цууямбуугаар өнгөлсөн “Улаан хацарт” хэмээх жишиг-хэвлэмэл хууль энэ он жилүүдэд түүхэн үүрэг гүйцэтгэж байсан нь Монголчуудын эрх зүйн уламжлал, хууль цаазыг бүтээх, хэрэглэх арга ухаан баялаг болохыг төвөггүй илтгэнэ. 1911-1917 онд энэ мэтчилэн хууль цаазын шинжтэй 63 эрх зүйн баримт бичиг батлагдаж, хэрэглэгдэж байжээ. Богд хаант Монгол улсын үеийн шүүн таслах ажиллагааг товч хураангуйлбал хүний засаг дахь шүүх таслах байгуулал гэж нэрийдэхэд хүргэнэ.

1921-1924 онд шүүн таслах ажлыг ардын төрд шилжүүлэх үйл явц эрчимтэй өрнөсөн нь 1921 оны 3 дугаар сарын 24-ны өдөр Ардын намын төв хороо, Түр засгийн газрын хамтарсан хурлаас Түр засгийн газрын харъяа 3 яамыг байгуулж, тэдгээрийн нэг Дотоод яаманд өөрийн бүтэцдээ шүүх таслах хэлтэс байгуулахыг, цэргийн яаманд цэргийн хэргийг шүүх таслах газар байгуулахыг үүрэг болгосон байдгаас тодорхой харагддаг.

1921 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Хүрээний хуучин Засгийн газрыг татан буулгаж засгийн дээд эрхийг Ардын засгийн газарт шилжүүлж, Шүүх яамыг байгуулжээ. Шүүх яам нь шүүхийн бие даасан систем бүрэлдэх хүртэл бараг 6 жил  шүүхийн төв байгууллага болохын зэрэгцээ шүүн таслах дээд байгууллагын үүрэг гүйцэтгэсэн түүхтэй.

1926 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын 15 дугаар хурал, Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн 21 дүгээр хурлаас "БНМАУ-ын аливаа шүүн таслах газруудыг байгуулах тухай дүрэм"-ийг баталжээ.

        Энэхүү дүрэм нь Монголын төрт ёсны түүхэнд анх удаа "шүүхийн нэгдсэн тогтолцоо" үүсч буй болох нөхцлийг бүрдүүлжээ. Дүрэм ёсоор 1926 онд 5 аймаг, 3 хот, 71 хошуунд шүүх таслах газрыг байгуулж, улмаар Засгийн газрын 1926 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаар хурлаас шүүх таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай дүрэм батлагдаж, БНМАУ-ын Дээд шүүх таслах газрыг байгуулжээ.

1930-1940 онд шүүхийн нэгдсэн тогтолцоонд хамааралгүй "онцгой бүрэн эрхт комисс", "тусгай комисс" зэрэг шүүхийн бус байгууллагууд шүүхтэй зэрэгцэн ажиллаж, ихэнх тохиолдолд шүүхийн үүргийг гүйцэтгэж байсан юм. Тэр үед шүүгчийн хараат бус байдал хамгийн ихээр алдагдаж Дээд шүүхийн дарга асан 4, Цэргийн коллегийн дарга асан 3 хүн уг комиссын шийдвэрээр хэлмэгдэж цаазлуулан шийтгүүлсэн гашуун түүхийг ч Монголын шүүх амссаныг бид мартах учиргүй.

БНМАУ-ын 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиудаар шүүх, шүүн таслах ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлсон байдаг хэдий ч шүүх төрийн эрх мэдэл хуваарилалтын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавих, тэдгээрийн харилцан тэнцвэрийг хангах, бие даан, хараат бусаар хууль хэрэглэх арга, хэлбэр тогтож хэвшээгүй буюу шүүх эрх мэдлийн жинхэнэ төрх хараахан бүрдэж, төлөвшөөгүй байлаа. Гэхдээ Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1949 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 9 дүгээр зарлигаар батлагдсан "БНМАУ-ын Шүүхийн зохион байгуулалтын тухай", Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1978 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 302 дугаар зарлигаар батлагдсан "БНМАУ-ын Шүүхийн байгууламжийн тухай" хуулиуд нь шүүн таслах ажиллагаа аливаа дүрэм, заавраар бус зөвхөн хуулийн дагуу явагдах болсноороо ач холбогдолтой болсон төдийгүй Монголын шүүхийн шинэтгэлийн өнөөдрийн индэрт хүрэх анхны алхмууд байсныг орхигдуулж болохгүй.

1992 оноос хойш Монголын шүүх нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч цор ганц субъект байж, хууль тогтоомжийг хэрэглэх хэлбэрээр парламентад тавих хийсвэр хяналтыг хэрэгжүүлж, Үндсэн хуульд нийцээгүй хууль тогтоогчийн шийдвэрийг хэрэглэхгүйн зэрэгцээ түүний үндсэн хуулийн зөрчлийг арилгуулах санал гаргах эрхтэй байхаар, гүйцэтгэх эрх мэдэлд дагнасан шүүхийн тогтолцоогоор дамжуулан захиргааны шийдвэрийн хууль бус үр дагавраас иргэн, хуулийн этгээдийн эрхийг хамгаалах баталгаа нь болж хуульчлагдсанаар урьд нь эдэлж байгаагүй өөрийн жинхэнэ эрхээ Үндсэн хуулиар баталгаажуулж, Монголд төдийгүй дэлхийн түвшинд шүүх эрх мэдлийн шалгуурыг хангах болсон юм.

Ардчилал, зах зээлийн харилцаанд шилжин байнгын ажиллагаатай парламенттай болсон сүүлийн 20 гаруй жилд Монгол Улсын хууль зүйн салбарт олон шинэ хууль тогтоомж  батлагдан мөрдөгдөж ирсэн. Эрх зүйн харилцааны зохицуулалт боловсронгуй болохын хамт шүүхийн зохион байгуулалт, материаллаг бааз бэхжин,  түүний үйл ажиллагаанд ахиц дэвшил гарсан, одоо ч гарч байгааг дурдах нь зүйтэй. Монгол Улсын 4 дэх удаагийн Үндсэн хуулийн агуулга, үзэл баримтлалд нийцүүлэн 1993 онд “Шүүхийн тухай” хуулийг, мөн 1998 онд УИХ-аас баталсан “ Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд Шүүхийн тухай хуулийг 2002 онд шинэчлэн баталж, мөрдөж байлаа. Гэвч нийгмийн харилцааны хурдацтай өөрчлөлт, эрэлт, хэрэгцээ, шүүх эрх мэдлийн салбарт хуримтлагдсан, тулгамдсан олон асуудалд тэдгээр хуулиуд тодорхой шийдэлд хүрэхэд хязгаарлагдмал байсныг нуух юун.

Энэ байдлыг даван туулах арга зам бол шүүхэд шинэтгэл хийх зорилт байсан юм. Шинэтгэлийг өнөөдөр яриад  маргааш нь хийх боломжгүй. Тодорхой цаг хугацаа шаарддаг чимхлүүр, нүсэр ажил. Бусад орны  туршлага,  дотоод, гадаадын олон судалгаа, материалыг судалж, харьцуулан өөрсдийн алдаа оноог тунгаан, мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсч, хуулийн салбарынхны дунд хэлэлцүүлэг явуулж,  эрдэмтэн судлаачид болон  иргэний байр суурь, саналыг өргөн сонсож байж сая шинэтгэл хийх нөхцөл бүрддэг учиртай. Бид ч тийм замыг тууллаа.

Үүний үрээр Улсын Их хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилгод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”, Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж, 2010 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр дэмжигдсэн “Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2004 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол улсын шүүхийн менежментийг боловсронгуй болгох үзэл баримтлал”, мөн зөвлөлийн 2009 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын шүүхийн мониторингийн үзэл баримтлал”, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн 2011 оны 39 дүгээр захирамжаар батлагдсан “Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийг шүүхэд хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх үндсэн чиглэл” зэрэг бодлогын баримт бичиг батлагдаж, шүүн таслах ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанар, хүртээмж, үр нөлөөг дээшлүүлэх,  шүүн таслах ажиллагаанд хандах иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, иргэдэд шүүхээс үзүүлэх үйлчилгээг ойлгомжтой, хялбар, хүртээмжтэй болгох, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах зорилтуудыг дэвшүүлж, өнөөдрийн шинэтгэлийн шанг татжээ.

Энэхүү зорилтууд нь хүний эрх, эрх чөлөө, ардчилал, хөрөнгө оруулалт, нийгэм, эдийн засгийн хөгжлийн чухал баталгаа болсон шүүхийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, институтийн  хувьд чадавхийг нь бэхжүүлэх, үйл ажиллагааг нь ил тод, хариуцлагатай болгох нь зөвхөн хуульчдын төдийгүй, Монголын  нийт ард түмний  хүсэн хүлээж  байсан нийгмийн захиалга гэдгийг тэмдэглэн хэлье.

Шүүх эрх мэдлийн хэрэгжилт, төлөвшилтөд хийсэн судалгаа, дүгнэлт, өрсөлдөх чадвартай, шударга, бие даасан шүүхтэй  болох эрх зүйн орчны удиртгал нь тэдгээр харилцаанд хамааралтай хууль тогтоомжийг багцлан нэгтгэж, батлах, хэрэгжүүлэх шаардлага байсан юм. Энэхүү шаардлагад нийцүүлж Шүүхийн тухай багц хууль батлагдсан түүхтэй.

Аливаа шинэтгэлийг хэрэгжүүлэхэд гурван үе шат байдаг гэж ойлгодог. Түүний нэгдүгээрт, олон нийттэй зөвшилцөж тэдний санаа бодлыг тусгах, хоёрдугаарт, хууль батлах, гуравдугаарт, тэдгээр хуулийг хэрэгжүүлэх явцын тухай асуудал юм. Шүүхийн шинэтгэлийг зохион байгуулж амьдралд үр дүнтэй  хэрэгжүүлэх нь цаг хугацаа шаардсан нүсэр ажил. Шүүхийн шинэтгэлд сорилт бэрхшээл гарч байгааг ч үгүйсгэхгүй. Тиймээс шүүхийн шинэтгэлийг амжилттай болсныг илтгэх үзүүлэлт бол нийгэм дэх түүний тусгалыг соргогоор мэдрэх явдал мөн.

Өнөөдөр шүүх эрх мэдлийн шалгуур үзүүлэлтүүдийн цөм нь болсон шүүхээс хууль хэрэглэх, тайлбарлах арга, ажиллагаа, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах явдал Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж, эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн хүрээнд амжилттай шийдвэрлэгдэж байна гэдэгтэй Та бүхэн санал нийлэх байх.

Шүүхийн бие даасан байдлыг хангах асуудлын цөм нь болсон шүүх нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүхээс өөр бүтэц, тогтолцоо шүүн таслах эрхийг эдлэхгүй байх, шүүхийн тогтолцоонд Үндсэн хуулийн бус аргаар өөрчлөлт оруулах боломжгүй зэрэг олон асуудал шинэтгэлийн хүрээнд шийдвэрлэгдсэн юм.

Үүгээр ч зогсохгүй шүүгч шүүхээсээ, тухайн шүүхийн шүүгчдээсээ, шүүх бүрэлдэхүүнээсээ болон адил шатны цаашлаад бусад шатны шүүх, шүүгчдээс хараат бус байх зарчим хангагдаж, төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан, иргэдийн нөлөөнд автахгүй байх эрх зүй, эдийн засаг, материаллаг нөхцөл шинэтгэлийн үрээр хангагдлаа. Энэ бол Монголын шүүхийн сүүлийн 100 жилийн түүхэн дэх хөгжлийн бас нэгэн шинэ гарц, боломж, сорилт гэж үзэж байна.

Эрхэм хүндэт зочид оо,

Өнгөрсөн зуун хүн төрөлхтний түүхэнд байгаагүй технологийн үсрэнгүй хөгжилд хүрч, эдийн засгийн харилцаа нэг улс, бүс, тивээс хальж дэлхийн хэмжээнд тодорхойлогдох болсноор нарийвчилсан харилцааг зохицуулсан хуулийг хэрэглэх мэргэшсэн, дагнасан, төрөлжсөн шүүхүүдийг байгуулах хэрэгцээ, шаардлага ч тулгарав. Монголчууд бид ч энэ сорилтыг туулж байна. Шүүх эрх мэдэл, шүүн таслах ажиллагааны талаарх дэлхийн жишиг-Монголын туршлагын уулзварт бид өнгөрсөн 100 жилээ эргэн нэг харж, цаашдын хандлагаа тодорхойлох нь хамгаас чухал юм. Ийм л учир шалтгааны улмаас бид энэхүү ойгоо өргөн дэлгэр тэмдэглэж, цаашдын зорилтоо тодорхойлох нь зүйтэй.

Бидний ойрын зорилт бол шүүн таслах ажиллагаан дахь хууль хэрэглэх ур чадвараа дагнасан шүүхийн хэв маягт нийцүүлэн тасралтгүй, эрчимтэй, нийгмийн эрэлтэд тулгуурлан хөгжүүлж, шинэ шатанд гаргах явдал юм. Энэ чиглэлд Монголын шүүх баялаг уламжлалтай бөгөөд харин одоо бидэнд дэлхийн жишиг, тэргүүлэх жишээнүүд түүчээ болохыг анхаарах хэрэгтэй.

Түүнчлэн технологийн хөгжил, инновацийн тэргүүлэх туршлагад суурилан Монголын онцлог, шүүх эрх мэдлийн шалгуурыг хангасан цахим хэлбэрээр шүүн таслах ажиллагааг эрхлэх явдал мөн гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Энэ чиглэлд шүүхийн ерөнхий зөвлөлөөс төлөвлөж, зохиосон ажлын эхлэл зохих үр дүнгээ өгч байгаад сэтгэл хангалуун байна. Түүгээр зогсохгүй шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, ялангуяа шүүх, шүүгчдийн эдийн засгийн хараат бус байдлыг хангах чиглэлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн хийсэн ажлыг өндрөөр үнэлэх хэрэгтэй.

Эрхэм хүндэт шүүгчид ээ,

Энд уригдан ирсэн зочид оо,

Өнөөдөр энд цугласан Та нөхдийг ажихад Монголын шүүхийн бүрэлдэхүүн үнэхээр өргөжсөн байхын зэрэгцээ ахмадаа түших сайхан залуучууд төрөн гарч, уламжлал-шинэчлэл хамтдаа байгаад хувьдаа талархалтай байна. Бидний туулж ирсэн түүхэн замнал, хөгжлийн сорилт, гарц, шийдлүүд Та бидний түүхэн ойдоо барьж буй нэгээхэн өргөл юм.

Энэхүү өргөлийг Монголын шүүхийн хөгжил-шинэтгэлд хэзээд шударга ёсыг эрхэмлэн бүтээлч, зарчимч хандлагаар ажиллаж ирсэн нийт ахмадууд, шүүгч, ажилтан Та бүхний ажилд амжилт хүсч, номын абшиг дэлгэр, ухааны ур төгс байхын ерөөлийг өргөн өндөрлүүлж, өнөөдрийн ёслол-хүндэтгэлийн ажиллагаа нээснийг мэдэгдье.