Н.Энхбаярын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв

2016 оны 11 сарын 28 1780

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвд тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2016  оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцлээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон юм.  

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хяналтын шатны шүүхээс “Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн "Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай" 75 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”, “нэхэмжлэгчийг 2016 оны ээлжит сонгуульд МАХН-аас 75 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах”, “Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвөөс хуулийн дагуу ялгүй гэсэн тодорхойлолт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хэвээр үлдээж, “...“Н.Энхбаярын ялгүй болох хугацаа дуусаагүй байна” гэсэн Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 15/1071 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвийн 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 000230 дугаар "Тодорхойлолт"-ыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.