Улсын Дээд шүүхийн төлөөлөгчид Испанийн Вант Улсад айлчлал хийж байна

2016 оны 10 сарын 05 2341

Монгол Улсын Дээд шүүх, Испанийн Вант Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нарын хооронд 2015 онд хийсэн хэлэлцээрийн дагуу Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь тэргүүтэй төлөөлөгчид тус улсын Мадрид, Барселон хотуудад 2016 оны 10 дугаар сарын 03-07-ны өдрүүдэд Монголын шүүхийн шүүгч, ажилтан нарт зориулсан 2 дугаар ээлжийн туршлага судлах уулзалт ярилцлагад хамрагдаж байна.

Айлчлалын хөтөлбөрийн дагуу 2016 оны 10 дугаар сарын 04 өдөр Испанийн Вант Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ноён Д.Ангел Жуанес Песес төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тэрээр Испани Улсын Дээд шүүх Монгол Улсын Дээд шүүхтэй бүхий л талаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан туршлага судлах, түүнчлэн шүүгчдийг сургах, давтан сургах талаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.

Төлөөлөгчид Испанийн Вант Улсын Дээд шүүхийн холбогдох албан тушаалтнуудтай Монголын шүүхийн шүүгчдийг шүүн таслах ажиллагааны тодорхой чиглэлүүдээр мэргэшүүлэн сургах талаар уулзалт, яриа хэлэлцээр хийхийн зэрэгцээ Испанийн Вант Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Барселон хот дахь шүүхийн сургуулиар зочилж үйл ажиллагаатай нь танилцах, шүүгчдийн мэргэжил, мэргэшил, туршлага судлах чиглэлээр сургалтад хамрагдах юм.

Дашрамд дурдахад Улсын Дээд шүүх болон Испанийн Вант Улсын Дээд шүүх хамтран зохион байгуулж буй уг сургалтад 2016 оны 1 дүгээр сард Улсын Дээд шүүхийн шүүгч, ажилтан 6 хүн хамрагдсан бөгөөд 2017 оны 1 дүгээр улиралд зохион байгуулагдах 3 дугаар ээлжийн сургалт-туршлага судлах ажиллагааны бэлтгэл хангагдаад байна.