Эвлэрүүлэн зуучлалын төсөл бодитой үр дүн үзүүлсэн гэж дүгнэлээ

2015 оны 06 сарын 23 2327

Улсын Дээд шүүх, Японы Олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА”  байгууллага 2010 оноос эхлэн хэрэгжүүлсэн "Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төслийн хоёрдугаар шатны үйл ажиллагаанд үнэлгээ өгөх санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр болов.  

Санамж бичигт Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, ЖАЙКА-гийн Эвлэрүүлэн зуучлах төслийн үнэлгээний багийн ахлагч Исои Миха, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганбаатар, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын дарга Б.Доржсэмбэд нар гарын үсэг зурлаа. Түүнчлэн ёслолын ажиллагаанд Улсын Дээд шүүхийн шүүгч асан, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг, Японы Олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллагын “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төслийн ахлах зөвлөх Ока Хидео болон албаны бусад хүмүүс байлцав.

Манай улсад таван жилийн турш хэрэгжсэн "Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төслийн хоёрдугаар шат 2012 оны 12 дугаар сараас эхэлсэн бөгөөд энэ оны 12 дугаар сард дуусах юм. Үүнтэй холбоотойгоор Япон дахь ЖАЙКА-гийн төвөөс үнэлгээний баг томилогдон ажиллажээ.

Уг үнэлгээний багийн ахлагч Исои Миха төслийн үр дүнг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлсэн бөгөөд дээрх төслийг олон оронд хэрэгжүүлснээс Монгол шиг ийм бодитой сайн үр дүн үзүүлсэн улс байхгүйг онцолсон юм.

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр энэхүү төслийг хэрэгжүүлсэн ажлын хэсгийнхэнд талархаж буйгаа илэрхийлээд эвлэрүүлэн зуучлалын үр дүн нь харагдахуйц байгааг тэмдэглэлээ. Мөн Улсын Дээд шүүх цаашид ч та бүхэнтэй идэвх чармайлттай хамтран ажиллана гэж мэдэгдсэн юм.  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан төслийн ач холбогдлыг өндрөөр үнэлээд иргэний хэргийн анхан шатны 33 шүүхэд орон тооны 43 эвлэрүүлэн зуучлагч ажиллаж, зөвхөн энэ оны эхний хагас жилийн байдлаар 3169 өргөдөлд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай явуулсныг дурдлаа. Түүнчлэн энэ ажиллагааны үр дүнд шүүхийн ачаалал 3,7 хувиар буурсныг онцолсон юм.

Мөн энэ үеэр Улсын Дээд шүүхийн шүүгч асан, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг Улсын Дээд шүүхийн шүүгчид, их дээд сургуулийн багш судлаачдын хамтын бүтээл болох “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн онол, арга зүйн тайлбар” номыг оролцогчдод гардуулан өглөө.