Шүүгчдийн бүсчилсэн уулзалт-ярилцлагыг амжилттай зохион байгуулав

2015 оны 06 сарын 17 2044

Улсын Дээд шүүхээс 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 6 дугаар сарын 16-ны өдрүүдэд анхан болон давж заалдах шатны нийт 78 шүүхийн 400 гаруй Ерөнхий шүүгч, шүүгч нарт “Шүүн таслах ажиллагаа, хууль хэрэглэх, тайлбарлах, шүүхээс гаргах шийдвэрийн талаарх практик” сэдэвт Уулзалт-ярилцлагыг амжилттай зохион байгууллаа.

 

Уулзалт-ярилцлагыг зүүн, говийн, төвийн, хангайн, баруун гэсэн нийт 5 бүсэд хуваан зохион байгуулсан бөгөөд 78 шүүхийн 400 гаруй Ерөнхий шүүгч, шүүгчид оролцжээ.

Уулзалт-ярилцлагыг Улсын Дээд шүүхийн Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимын шүүгчид удирдан явуулсан бөгөөд Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилт ба шүүн таслах ажиллагаа, шинээр боловсруулагдаж буй Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай, Захиргааны ерөнхий хууль зэрэг материаллаг болон процессийн хуулиудын үзэл баримтлал, Дээд шүүхээс шүүн таслах ажиллагааны талаар баримталж буй бодлого, үйл ажиллагаа, шүүн таслах ажиллагааны практик, түүнд оршиж буй нийтлэг алдаа зөрчил, цаашид анхаарах зарим асуудлын талаар харилцан санал солилцжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид уулзалт-ярилцлагын үр дүнг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлсэн бөгөөд Дээд шүүхийн шүүгчид ийнхүү орон нутагт ирж, шүүхийн практик болон бусад асуудлаар харилцан ярилцсан нь их үр өгөөжтэй болсныг онцолсон байна.

Тухайлбал, шүүгч хууль хэрэглэх, түүнийг тайлбарлах, шүүгч, шүүхээс захирамж, шийдвэр, магадлал, тогтоол гаргах, түүний үндэслэлт байдал, процессийн хуулийг хэрэгжүүлэх зэрэг асуудлаар уг уулзалт-ярилцлагыг тогтмолжуулах хүсэлтийг дээрх 5 бүсийн 400 гаруй шүүгч илэрхийлжээ.

Түүнчлэн шүүн таслах ажиллагаанд шууд хамаарахгүй боловч шүүхийн захиргааны шинжтэй зарим асуудлын талаар санал, хүсэлтээ гаргасан байна.

Энэ удаагийн уулзалт-ярилцлагын үеэр анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс гаргасан санал, хүсэлтэд үндэслэн уулзалт-ярилцлагын чиглэл, сэдвийг сонгон 2016 онд үргэлжлүүлэн зохион байгуулахаар болжээ.