Уулзалт-ярилцлагад 190 гаруй шүүгч оролцлоо

2015 оны 06 сарын 10 2486

Улсын Дээд шүүхээс “Шүүн таслах ажиллагаа, хууль хэрэглэх, тайлбарлах, шүүхээс гаргах шийдвэрийн талаарх практик” сэдэвт уулзалт-ярилцлагыг 2015 оны 6 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Уулзалт-ярилцлагад нийслэл болон Төв аймагт байрлах шүүхүүдийн нийт 190 гаруй шүүгч хамрагдав.

Эрүүгийн эрх зүйн сэдвээрх уулзалт-ярилцлагыг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдөр удирдан явуулсан бөгөөд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх, Дүүргийн Эрүүгийн  хэргийн анхан шатны 1, 2, 3, 4 дүгээр шүүхүүд, Сум дундын 23 дугаар шүүхийн нийт 80 шахам шүүгч оролцсон байна. Энэ үеэр 2014, 2015 оны 1 дүгээр улирлын шүүн таслах ажиллагаа, Эрүүгийн хэргийн танхимын шүүн таслах ажиллагааны талаар баримталж буй бодлого, Тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх ба хуулийн шаардлага, шүүхийн тогтоол гаргах үед шийдвэрлэвэл зохих асуудлууд, Процессын хуулийн үзэл баримтлал, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорихтой холбоотой зарим асуудлын талаар, Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн бүрэлдэхүүн, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан хэргийн зүйлчлэл зэрэг  асуудлаар шүүгчид мэдээлэл сонсож, харилцан ярилцжээ.

Захиргааны эрх зүйн сэдвээрх уулзалт-ярилцлагыг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчид удирдан явуулсан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 15, 20 дугаар шүүхүүдийн нийт 40 гаруй шүүгч оролцсон аж. Энэ үеэр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь алдаа зөрчлийн тойм, анхаарах асуудал, Захиргааны хэргийн шүүхээс хууль хэрэглэх, тайлбарлах асуудал, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч байгаа процессын алдаа зөрчил, анхаарах асуудал, шүүх хуралдаан хойшилж байгаа шалтгаан зэрэг сэдвүүдээр мэдээлэл сонсож, харилцан ярилцсан байна.