“Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй” номыг гардуулан өглөө

2015 оны 06 сарын 05 2642

Улсын Дээд шүүх болон Шүүхийн Ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслөөс хамтран ээлжит иргэний эрх зүйн чиглэлээрх сургалтаа 2015 оны 6 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав.

Сургалтыг удирдан явуулдаг ХБНГУ-ын Бавари мужийн Нюрнберг хотын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгч асан Й.Кают “Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй” номоо сургалтад оролцогчдод 6 дугаар сарын 5-ны өдөр гардуулан өглөө. Шинэхэн номыг гардуулан өгөх ёслолын ажиллагаанд Улсын Дээд шүүхийн шүүгчид, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, шүүгч-багш нар болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Монгол дахь суурин төлөөлөгч Улрикэ Эвилинг, ХБНГУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Кристиан Гласс, ГОУХАН-ын “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн удирдагч Л.Заяа болон албаны бусад хүмүүс оролцов.

Энэ үеэр ноён Й.Кают сүүлийн 2 жил гаруй хугацаанд дээрх сургалтын явцад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх талаар яригдсан зүйлсийг эмхтгэн ном гаргаснаа онцлоод үүнийг сургалтад оролцогчдын хамтын бүтээл гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.  Уг ном нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад гарч буй тодорхой бус бэрхшээлтэй зүйлсийг хэрхэн шийдэх талаар санал дэвшүүлснээрээ онцлог ажээ.

Дашрамд дурдахад ХБНГУ-ын Бавари мужийн Нюрнберг хотын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгч асан Й.Кают Монголын шүүхтэй 21 жил хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ нь түүний манай шүүгчдэд зориулан туурвисан хоёр дахь бүтээл юм байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд маш ач холбогдолтой, ширээний ном нь болно гэж шүүгчид тодорхойлж буй уг бүтээлийг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн санхүүжилтээр нийт 1000 хувь хэвлэсэн аж.