Нэр дэвшигч сонгуулийн зардлын дансыг урьдчилж төрийн аудитын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй

2021 оны 11 сарын 10 780

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.10, 22.11 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хураангуйг бэлтгэн олон нийтэд хүргэх ажлыг хэрэгжүүлж эхэллээ.

Нэр дэвшигч сонгуулийн зардлын дансыг урьдчилж төрийн аудитын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй

Б.МӨНХЦЭЛМЭГИЙН ГОМДОЛТОЙ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАЛААР

(Шүүхийн шийдвэрийн хураангуй)

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Б.Мөнхцэлмэгийн гомдолтой Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Сэлэнгэд холбогдох хэргийн шийдвэрийн талаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.10, 22.11 дэх хэсэгт заасны дагуу хураангуй мэдээллийг олон нийтэд хүргэж байна.

Хэргийн нөхцөл байдал: 

Монгол Улсын Их Хурлын сонгууль (2020)-ийн 29 дүгээр тойрогт “Зөв хүн электорат эвсэл”-ээс нэр дэвшсэн Б.Мөнхцэлмэг нь сонгуулийн зардлын нэг данс нээлгэсэн, ийнхүү данс нээлгэсэн талаараа аудитын байгууллагад мэдэгдэж бүртгүүлээгүй, харин сонгуулийн дараа сонгуулийн ажлын зардлын тайлан гаргаж, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр “Акпар аудит” ХХК-аар уг тайланд хөндлөнгийн аудит хийлгэн, дүгнэлт гаргуулж, Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байна.

Татварын улсын байцаагчаас Монгол Улсын Ерөнхий аудиторын албан бичгийг үндэслэн Б.Мөнхцэлмэгт зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0173606 дугаар шийтгэлийн хуудсаар “... сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Үндэсний аудитын газарт бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй” гэсэн үндэслэлээр 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

Уг шийтгэлийн хуудсыг Б.Мөнхцэлмэг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж, “... Би хөндлөнгийн аудит хийлгэн эцсийн тайлангаа аудитын газарт өгсөн байсан ...” гэх үндэслэлээр маргажээ.

Холбогдох хуулийн зохицуулалт:

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна”,

51 дүгээр зүйлийн 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй”,

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” гэж тус тус заасан байна.

Улсын дээд шүүхийн шийдвэрийн агуулга:

Улсын Их Хурлын сонгуульд оролцож буй нэр дэвшигчид 1) сонгуулийн зардлын гагцхүү нэг данс нээлгэх, 2) тухайн дансыг эрх бүхий байгууллагад мэдэгдэн урьдчилж бүртгүүлэх, 3) тухайн бүртгүүлсэн зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах гэсэн өөр өөр төрлийн үүргийг хуулиар оногдуулжээ.

Энэхүү үүрэг зөрчигдөхөөс сэргийлж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” гэж заахдаа мөн л тусдаа үйлдлээр зөрчилд тооцогдохоор нарийвчлан зохицуулсан байна.

Тодруулбал, сонгуулийн зардлын дансыг эрх бүхий байгууллагад урьдчилан бүртгүүлэх үүрэг нь сонгууль дууссаны дараа зарцуулалт (хандив, зардлын дээд хэмжээ, зориулалт)-ыг тайлагнаснаар биелэгдсэнд тооцогдохгүй байна. Энэ нь сонгуулийн явцад зарцуулалтыг хэрхэн хэрэгжүүлж буйд зэрэгцэн, явцын хяналт тавих агуулгатай, сонгууль дууссаны дараа зарцуулалтыг тайлагнах үүргээс тусдаа, бие даасан эрх зүйн үр дагавартай үйлдэл бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх” үүргээ биелүүлээгүй тохиолдлыг бие даасан зөрчил болохоор  хууль тогтоогч журамласан.

Иймд, Б.Мөнхцэлмэгийн “... нэр дэвшихдээ сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг төрийн аудитын дээд байгууллагад бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй ...” нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан зөрчил мөн, энэ үндэслэлээр Б.Мөнхцэлмэгийг 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр хяналтын шатны шүүхээс Б.Мөнхцэлмэгийн “... шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Санамж:

Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолын дэлгэрэнгүйтэй дараах https://shuukh.mn/single_case/ линкээр танилцана уу.

 

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим