Мэндчилгээ

2014 оны 12 сарын 31 1947

Монголын шүүхийн нийт шүүгч, ажилтан, үе үеийн ахмадууд Та бүхэндээ Монгол Улсын Дээд шүүхийн нэрийн өмнөөс болон хувиасаа шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье.

        Улиран одож буй 2014 онд бид шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, бодит ажил хэрэг болоход анхаарлаа хандуулсан чухал жил боллоо.

       Ялангуяа шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, түүн дотроо шүүгчийн эдийн засгийн баталгааг нэмэгдүүлэх, процессийн болон материаллаг тулгуур хуулиудыг шүүхийн тухай багц хуульд нийцүүлэх, шүүхийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох, тэдгээрийн хэрэгжилтийг хангахад чиглэн ажилласан онцлогтой жил байлаа.

       Ирэх онд бид шүүн таслах ажиллагааны талаарх Үндсэн хуулийн үзэл баримтлал, иргэд, нийгмийн хэрэгцээ шаардлага, дэлхийн жишиг, монголын туршлагыг харгалзан нэн хариуцлагатай, ажил хэрэгчээр уламжлал, шинэчлэлийг хослуулан шүүхийн шинэчлэлийг шинэ шатанд гарган зохион байгуулах, нийгмийн бодитой эрэлтэд тулгуурлан Шүүхийн тухай багц хуульд нийцүүлэн тус тусын процессийн болон материаллаг хуулийг боловсронгуй болгох, боловсруулахад оролцох зэргээр түүхэн үүргийг хүлээж байна.

       Тиймээс бид өмнөө тавьсан зорилтоо амжилттайгаар гүйцэлдүүлэхэд Та бүхнийг идэвхи санаачлага, итгэл зүтгэл, үр бүтээл гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна.

       Эрхэм хүндэт шүүгч, ажилтнуудаа, ирж буй 2015 ондоо Төрт ёс, түмэн олон, төөршгүй мэргэдийн итгэл хүндлэлийг хүлээж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

 

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЗОРИГ

2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр