Эрүүгийн хэргийн танхим 648 хэрэг хүлээн авчээ

2015 оны 01 сарын 10 2013

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим 2014 онд 648 хэрэг хүлээн авч, эрүүгийн 478, цагаатгалын 6 буюу нийт 484 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, эрүүгийн 91, цагаатгалын 2 хэргийг  хянан буцааж, Ерөнхий шүүгчийн ажлын албанд 55 хэргийг шилжүүлсэн байна.

Мөн онд Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 70 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 6.9 хэрэг хэлэлцжээ.

Хяналтын журмаар хэлэлцэгдсэн эрүүгийн 484 хэргийн 57 хувь буюу 276 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, 22.3 хувь буюу 108 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 20.6 хувь буюу 100 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгосон байна. Хүчингүй болгосон 100 тогтоол, магадлалтай хэргээс 55 хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт, 14 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 18 хэргийг хэрэгсэхгүй болгож, 13 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгожээ.

Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн  87.3 хувь буюу 423 нь ялтан, өмгөөлөгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгчийн гомдлоор, 0.6 хувь буюу 3 нь иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн гомдлоор, 3.7хувь буюу 18 нь улсын яллагчийн эсэргүүцлээр, 8.2 хувь буюу 40 нь прокурорын дүгнэлтээр хэлэлцэгдсэн байна.

Эрүүгийн хэргийн танхимаас мөн 2014 онд 2013, 2014 онд шийдвэрлэсэн хэргүүдийн жишиг тогтоолуудыг багтаасан “Дээд шүүхийн тогтоолын эмхтгэл” номыг хэвлэлтэд бэлэн болгосон нь шүүхийн практикт томоохон үйл явдал байлаа.