Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ

2021 оны 01 сарын 22 1382

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Номтойбаяр нарын 7 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн талаар дараахь өөрчлөлтийг орууллаа.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, мөн газрын дэд дарга, “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Шижиржаргал, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Баттөгс нар нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаан, Хөдөлмөр Эрхлэлтийн Үндэсний Зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхдээ албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр нэр бүхий 8 иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөг олгож, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Харин шүүгдэгч Н.Номтойбаярын хувьд Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс нарын үйлдсэн дээрх гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутай болох нь тогтоогдоогүй, харин Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргын хувьд “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд зохих хяналтыг тавиагүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан нь Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэв.  

Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн албаны дарга Н.Ууганбаяр, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын ахлах мэргэжилтэн Д.Батмөнх, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын ахлах мэргэжилтэн М.Нямдэмбэрэл нарын хувьд   шүүгдэгч Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс нарын үйлдсэн гэмт хэрэгт санаатай нэгдэж хамтран оролцсон үйл баримт тогтоогдоогүй, харин үүрэгт ажилдаа хайнга хандаж, “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн хуралдааны хуурамч тэмдэглэлд мэдсээр байж гарын үсэг зурсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн байна.

Иймээс шүүгдэгч Н.Номтойбаяр, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл нарт холбогдох Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийг мөн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилж, Н.Номтойбаярт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасаж, 1 жил хорих ял, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 1 жил хасаж, 5 сая төгрөгөөр торгох ял оногдуулав. 

Шүүгдэгч Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс нарт холбогдох Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал нарт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасаж, 2 жил хорих ял, Н.Баттөгсөд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасаж, 6 сая төгрөгөөр торгох ял тус тус  оногдуулж шийдвэрлэлээ.