Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Дамдины Ганзоригийг томиллоо

2020 оны 06 сарын 02 2167

-Д.ГАНЗОРИГ: ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ АЛДАА ДУТАГДАЛД ХУУЛИЙН ХҮРЭЭНД ХАРИУЦЛАГА ТООЦНО -

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны зургадугаар сарын 2-ны өдөр 77 дугаар зарлиг гаргаж, Улсын Дээд шүүхийн санал болгосноор Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Дамдины Ганзоригийг томиллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Улсын Дээд шүүхэд ирж, тус шүүхийн нийт шүүгч, ажилтнуудад уншиж сонордууллаа.

Зарлиг уншиж сонордуулсны дараа Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Тунгалаг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригт шүүхийн тамгыг гардуулав. Ч.Тунгалаг энэ үеэр хамт олноо төлөөлж хэлсэн үгэндээ Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчдийн дэмжлэгийг хүлээж, Ерөнхий шүүгчийн өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албан тушаалд томилогдсонд нь Д.Ганзоригт баяр хүргээд шүүхийн нэр хүндийг өндөрт өргөж, шударга, зарчимтай ажиллана гэдэгт итгэж байна гээд цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг хамт олондоо хандаж хэлсэн үгэндээ итгэл хүлээлгэж, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн өндөр хариуцлагатай албан тушаалд нэр дэвшүүлсэн явдалд баярласнаа илэрхийлээд шүүх, шүүгчийн хараат бус байдлыг үндсэн агуулга, зарчмаар нь хэрэгжүүлэх, шударга ёсыг тогтоох, шүүхийн дотоодод шударга, ардчилсан байдлыг хангахаас ажлаа эхэлнэ гэв. Мөн “Цаашдаа шүүн таслах ажиллагаанд гарч байгаа алдаа дутагдалд хуулийн хүрээнд хариуцлага тооцох зарчмаар ажиллана.  Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн нэр хүндтэй, хариуцлагатай албыг шударга, зарчимтай, хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд хаших болно” хэмээлээ.