Улсын Дээд шүүхийн баг тамирчид тэргүүллээ

2019 оны 10 сарын 08 525

Улсын Дээд шүүхийн баг тамирчид энэ сарын 4-5-ны өдрүүдэд  Дорноговь аймгийн Сайншанд суманд зохион байгуулагдсан “Монголын шүүхийн шилжин явах цомын төлөөх хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн-2019”-т тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртлээ. 

Тэмцээнд Улсын Дээд шүүх, Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хамтарсан баг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх,  Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Төв, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын зэрэг нийт 12 шүүхийн 200 гаруй тамирчид оролцож, хурд хүчээ сорин өрсөлджээ.

Улсын Дээд шүүх анх санаачилж, Монголын шүүхүүдийн дунд 2018 оноос эхлэн зохион байгуулагдаж буй уг тэмцээнд А.Эрдэнэт ахлагчтай Улсын Дээд шүүхийн баг тамирчид 2 дахь удаагаа тэргүүлж, хошой аварга боллоо. Тэмцээний хоёрдугаар байрыг Х.Гантулга ахлагчтай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хамтарсан баг, гуравдугаар байрыг И.Амартөгс ахлагчтай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг эзэлсэн байна. Мөн тэмцээний “Шилдэг довтлогч”-оор Улсын Дээд шүүхийн Тамгын газрын бичиг хүргэгч Ц.Билгүүн шалгарчээ.