Улсын Дээд шүүх 2123 хэрэг хүлээн авчээ

2019 оны 07 сарын 19 273

Улсын Дээд шүүх 2019 оны эхний хагас жилийн байдлаар эрүү, иргэн, захиргааны нийт 2123  хэрэг хүлээн авч, шүүх хуралдаанаар 1540 хэрэг хянан шийдвэрлэжээ. Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийн 63.9 хувь нь иргэний, 21.4 хувь нь эрүүгийн, 14.7 хувь нь захиргааны хэрэг байна.

Эрүүгийн шүүн таслах ажиллагааны талаар

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим нийт 497 хэрэг хүлээн авч, 330 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 38 хэргийг шүүгчийн захирамжаар буцааж, 80 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ.   

Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан нийт 34 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 10 хэрэг хэлэлцэж, нэг шүүгчид дунджаар 104  хэрэг ногдож байна.

Хяналтын журмаар шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 330 хэргийн 39.4 хувь буюу 130 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, 36 хувь буюу 119 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 24.6 хувь буюу 81 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгожээ.

Хүчингүй болгосон 81 хэргийн 7.4 хувь буюу 6 хэргийг прокурорт, 42 хувь буюу 34 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 13.6 хувь буюу 11 хэргийг хэрэгсэхгүй болгож (үүнээс 6.2 хувь буюу 5 нь цагаатгалын хэрэг), 37 хувь буюу 30 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгосон байна.  

2019 оны эхний хагас жилийн байдлаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн төрөл садан болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссуудаар дамжуулан 61 өргөдөл, хүсэлтийг хүлээн авч нийтдээ 26 цагаатгалын үнэмлэх олгосноос 11 үнэмлэх шинээр, 15 үнэмлэх нөхөн олгожээ. Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн цагаатгалын 5 хүнд холбогдох 5 хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 78.5 хувь буюу 259 хэргийг ялтан, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлоор, 0.6 хувь буюу 2 хэргийг иргэний хариуцагчийн гомдлоор, 10.6 хувь буюу 35 хэргийг улсын яллагчийн эсэргүүцлээр, 10.3 хувь буюу 34 хэргийг прокурорын дүгнэлтээр хэлэлцжээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 15 хэргийн 46.6 хувь буюу 7 хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож, 20 хувь буюу 3 хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолд өөрчлөлт оруулж, 33.4 хувь буюу 5 хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол, шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 20 хувь буюу 3 хэргийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн дүгнэлтээр, 13.3 хувь буюу 2 хэргийг Улсын ерөнхий прокурорын эсэргүүцлээр, 6.7 хувь буюу 1 хэргийг прокурорын дүгнэлтээр, 60 хувь буюу 9 хэргийг ялтан, хохирогчийн өмгөөлөгчийн гомдлоор хэлэлцжээ.  Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан эрүүгийн хэрэг 35-аар буюу  7.6 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 49-өөр буюу 17.4 хувиар, нэг шүүгчид ногдох ажлын ачаалал өсчээ. 

Иргэний шүүн таслах ажиллагааны талаар

Иргэний хэргийн танхим нийт 1262 хэрэг хүлээн авч, 984 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 35 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар хэлэлцэж, 43 хэргийг хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзаж, 8 хэргийн харьяаллыг тогтоосон байна.

Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 53 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 19 хэрэг хэлэлцжээ.  Иргэний хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 1089 хэргээс нэг шүүгчид 155 хэрэг ногдож байна. Хяналтын журмаар хэлэлцэгдсэн иргэний 984 хэргийн 63.3 хувь буюу 623 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 9.3 хувь буюу 92 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, 14.3 хувь буюу 141 хэргийн шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, 9.9 хувь буюу 97 хэргийн магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчилж, 3.2 хувь буюу 31 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 31.2 хувь буюу 307 нь нэхэмжлэгчийн, 67.3 хувь буюу 663 нь хариуцагчийн, 1.3 хувь буюу 13 нь гуравдагч этгээдийн, 0.1 хувь буюу 1 нь прокурорын гомдлоор хянан хэлэлцэгдсэн байна.

Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 984 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Иргэний хуулиар 669, Хөдөлмөрийн тухай хуулиар 217, Гэр бүлийн тухай хуулиар 29, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 51, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 5, бусад хуулиар 13 хэргийг хянан шийдвэрлэжээ.

Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан иргэний хэрэг 58-аар буюу 4.1 хувиар өсч, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 59-өөр буюу 5.7 хувиар буурч, нэг шүүгчид ногдох хэрэг 12-оор буюу 7.2 хувиар тус тус буурсан байна. 

Захиргааны шүүн таслах ажиллагааны талаар

Захиргааны хэргийн танхим нийт 364 хэрэг хүлээн авч,  226 хэргийг хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар, 31 хэргийг хуралдаанд оруулахгүйгээр, гомдлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргасан 11 хэргийг, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 9 хүсэлтийг шийдвэрлэж, 51 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанаас хариу өгчээ.

Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 29 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 8 хэрэг хэлэлцжээ. Захиргааны хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 302 хэргээс нэг шүүгчид 43.1 хэрэг тус тус ногдож байна.

Хяналтын шатны журмаар хэлэлцэгдсэн 226 хэргийн 67.3 хувь буюу 152 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 10.2 хувь буюу 23 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 22.5 хувь буюу 51 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгожээ.

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлттэй 9 хэргийн 8 хэрэгт хүсэлтийг хангахгүй орхиж, 1 хэргийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхэд ирсэн хэргийн шийдвэрлэсэн нийт 226 хэргийн 58 хэргийг нэхэмжлэгчийн, 29 хэргийг хариуцагчийн, 14 хэргийг гуравдагч этгээдийн, 82 хэргийг хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, 37 хэргийг хэргийн оролцогчдын өмгөөлөгчийн, 6 хэргийг гомдол гаргагчийн гомдлоор хянан хэлэлцэгджээ.

Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 226 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл газрын маргаан 57, төрийн албаны маргаан 46, ашигт малтмалын маргаан 16, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан 14, татварын маргаан 12, төрийн болон орон нутгийн өмчийн тухай маргаан 10, шүүхийн ёс зүйн хорооны магадлалтай 7, мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолтой 3,  гаалийн маргаан 3, сонгуулийн маргаан 1, бусад маргаан 57 байна.