Т.Уранцэцэг Эрүүгийн хэргийн, Х.Сонинбаяр Иргэний хэргийн танхимын тэргүүнээр томилогдлоо

2015 оны 03 сарын 25 2105

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр зарлигаар Тогтохын Уранцэцэгийг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр, Хээмчигийн Сонинбаярыг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүнээр тус тус томилсон байна.

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр ажиллаж байсан, Монгол Улсын гавъяат хуульч С.Нямжав өндөр насны тэтгэвэртээ гарсан бол Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрахын бүрэн эрхийн хугацаа дуусаад байсан юм.

Т.Уранцэцэг ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн анги,  Удирдлагын хөгжлийн институтийг тус тус төгссөн. Хуульч, төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалтын менежер, хууль зүйн ухааны доктор. Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Тэргүүн түшээ” зэрэг дэвтэй.

1981-1982 онд Сүхбаатарын районы шүүхийн шүүгч, 1982-1983 онд Улсын Дээд шүүхэд зааварлагч, 1983-1988 онд Хотын шүүхийн гишүүн, 1988-1990 онд Ажилчны районы шүүхийн дарга, 1990-1993 онд Улсын Дээд шүүхийн гишүүн, 1993-2000 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч, 2000-2006 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч, 2006-2011 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч, 2011 оноос Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

Х.Сонинбаяр ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн ангийг  төгссөн. Хуульч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Дэд түшээ” зэрэг дэвтэй.

1986-1991 онд Налайх дүүргийн шүүхэд шүүгч, Ерөнхий шүүгч, 1991-1993 онд Улаанбаатар хотын хууль зүйн газарт хот дүүргийн шүүх хариуцсан зааварлагч, 1993-2012 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд шүүгч, 2012 оноос Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байна.