Улсын Дээд шүүхээр хянан хэлэлцсэн эрүү, иргэний хэрэг өсчээ

2019 оны 01 сарын 11 3253

Улсын Дээд шүүх 2018 онд эрүү, иргэн, захиргааны нийт 3764 хэрэг хүлээн авч, шүүх хуралдаанаар 3017 хэрэг хянан шийдвэрлэжээ. Хянан шийдвэрлэсэн хэргийн 64 хувь нь иргэний, 19 хувь нь эрүүгийн, 17 хувь нь захиргааны хэрэг байна.

Эрүүгийн шүүн таслах ажиллагааны талаар

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим нийт 861 хэрэг хүлээн авч, 573 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 190 хэргийг шүүгчийн захирамжаар буцааж, 91 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ.

Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 68 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 8 хэрэг хэлэлцсэн байна. Эрүүгийн хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн хэргээс нэг шүүгчид 193 хэрэг ногджээ.

Хяналтын журмаар шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 573 хэргийн 46.4 хувь буюу 266 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, 26.5 хувь буюу 152 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 27 хувь буюу 155 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгожээ.

Хүчингүй болгосон 155 хэргийн 49 хувь буюу 76 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 6.4 хувь буюу 10 хэргийг хэрэгсэхгүй болгож, 44.5 хувь буюу 69 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгожээ.

Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 80.4 хувь буюу 461 хэргийг ялтан, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлоор, 1.4 хувь буюу 8 хэргийг иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн гомдлоор, 16 хувь буюу 92 хэргийг улсын яллагчийн эсэргүүцлээр, 2.1 хувь буюу 12 хэргийг прокурорын дүгнэлтээр хэлэлцсэн байна.

Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 573 хэргийг гэмт хэргийн төрлөөр авч үзвэл хүнийг алах гэмт хэрэг 87, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 69,  хулгайлах гэмт хэрэг  67, залилах гэмт хэрэг  58, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг  56, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг  50,  хүчиндэх гэмт хэрэг 49, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг 21 байна. Мөн хөрөнгө завших гэмт хэрэг 11, дээрэмдэх гэмт хэрэг  8, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг 8, хахууль авах гэмт хэрэг  8, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг 5, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 5, мал хулгайлах гэмт хэрэг 2, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 2, хахууль өгөх гэмт хэрэг 1,  бусад төрлийн гэмт хэрэг  66 байгаа аж.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 19 хэргийн 57.9 хувь буюу 11 хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож, 10.5 хувь буюу 2 хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолд өөрчлөлт оруулж, 31.6 хувь буюу 6 хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол, шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 15.8 хувь буюу 3 хэргийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн дүгнэлтээр, 5.3 хувь буюу 1 хэргийг хоёр шүүгчийн тусгай санал гаргасан үндэслэлээр,  5.3 хувь буюу 1 хэргийг Улсын ерөнхий прокурорын эсэргүүцлээр, 73.6 буюу 14 хэргийг ялтан, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлоор хэлэлцжээ.

Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан эрүүгийн хэрэг 395-аар буюу 84.8 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 231-аар буюу 67.5 хувиар өсчээ.

Иргэний шүүн таслах ажлын талаар

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим нийт 2163 хэрэг хүлээн авч, 1932 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 55 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар хэлэлцэж, 74 хэргийг хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзаж, 13 хэргийн харьяаллыг тогтоосон байна.

Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 98 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 20 хэрэг хэлэлцжээ. Иргэний хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 2150 хэргээс нэг шүүгчид 307 хэрэг ногдож байна.

Хяналтын журмаар хэлэлцэгдсэн иргэний 1932 хэргийн 56.7 хувь буюу 1096 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 10.8 хувь буюу 208 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, 18.5 хувь буюу 357 хэргийн шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, 10.6 хувь буюу 206 хэргийн магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчилж, 3.4 хувь буюу 65 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 31.5 хувь буюу 607 нь нэхэмжлэгчийн, 67.1 хувь буюу 1297 нь хариуцагчийн, 1.2 хувь буюу 23 нь  гуравдагч этгээдийн, 0.2 хувь буюу 5 нь прокурорын гомдлоор хянан хэлэлцэгджээ.

Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 1932 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Иргэний хуулиар 1216, Хөдөлмөрийн тухай хуулиар 455, Гэр бүлийн тухай хуулиар 60, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 158, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 23, бусад хуулиар 20 хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан иргэний хэрэг 172-аар буюу 8.6  хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 228-аар буюу 13.4 хувиар тус тус өсчээ.

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт  оруулсан зарим өөрчлөлт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27.1.5, 73.3 дахь заалтууд Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлыг Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт өргөн мэдүүлж, дүгнэлт гаргуулан, улмаар УИХ дээрх хуулийн заалтуудыг хүчингүй болгосон байна.   

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим 2018 онд улс төрийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай 7 этгээдээс гаргасан давхардсан тоогоор нийт 12 хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан шаардлагыг хангасан 3 намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон байна. Түүнчлэн намын дүрэм, мөрийн хөтөлбөр, даргын өөрчлөлтөө бүртгүүлэх тухай давхардсан тоогоор 14 хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэжээ.

Захиргааны шүүн таслах ажлын талаар

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим нийт 740 хэрэг хүлээн авч, 512 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар, 63 хэргийг хуралдаанд оролцуулахгүйгээр, гомдлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргасан 27 хэргийг, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 31 хүсэлтийг шийдвэрлэж, анхан шатны журмаар ирүүлсэн 2 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон, 83 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ.

Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 65  өдөр хуралдаж, өдөрт дунджаар 8 хэрэг хэлэлцсэн байна. Захиргааны хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 644 хэргээс нэг шүүгчид 92 хэрэг ногдож байна.

Хяналтын шатны журмаар хэлэлцэгдсэн 512 хэргийн 66 хувь буюу 338 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 10.6 хувь буюу 54 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 23.4 хувь буюу 120 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгожээ.  Шийдвэр, магадлалыг хүчингүй болгосон 120 хэргийн 27.5 хувь буюу 33 хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцааж, 21.7 хувь буюу 26 хэргийн нэхэмжлэлийг болон хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл нэхэмжлэлийг хангаж, 50.8 хувь буюу 61 хэргийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөлт оруулсан байна. 

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 31 хэргийн хүсэлтийг хангаагүй, 1 хэргийн оролцогч хүсэлтээсээ татгалзжээ.

Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн нийт 512 хэргийн 21.1 хувь буюу 108 хэргийг нэхэмжлэгчийн, 25.8 хувь буюу 132 хэргийг хариуцагчийн, 7.4 хувь буюу 38 хэргийг гуравдагч этгээдийн, 29.5 хувь буюу 151 хэргийг хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, 15 хувь буюу 77 хэргийг хэргийн оролцогчдын өмгөөлөгчийн, 1.2 хувь буюу 6 хэргийг гомдол гаргагчийн гомдлоор хянан хэлэлцжээ.

Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 512 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл төрийн албаны маргаан 147,  газрын маргаан 111, ашигт малтмалын маргаан  67, татварын маргаан 36, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан 33, төрийн болон орон нутгийн өмчийн тухай маргаан 10, Шүүхийн Ёс зүйн хорооны магадлалтай 8, сонгуулийн маргаан 6,  бусад маргаан 94 байна.

Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан захиргааны хэрэг 24-өөр буюу 3.1 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 31-ээр буюу 5.7 хувиар буурчээ.

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим Захиргааны ерөнхий хуулийн 3.1.4, 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3, 112.9 дэх заалтууд Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлыг Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт өргөн мэдүүлж, дүгнэлт гаргуулан улмаар УИХ дээрх хуулийн заалтуудыг хүчингүй болгосон байна.