Г.Алтанчимэг, П.Золзаяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Хосбаяр нар Дээд шүүхийн шүүгчээр томилогдлоо

2015 оны 04 сарын 22 2909

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар зарлигаар Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон Гүррагчаагийн Алтанчимэг, Пунцагийн Золзаяа, Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ, Чагдаагийн Хосбаяр нарт баяр хүргэх ёслолын ажиллагаа болов.

Энэ үеэр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг шинээр томилогдсон шүүгчдэд Монгол Улсын шүүхийн дээд байгууллага болох Дээд шүүхийн шүүгч хэмээх төрийн өндөр албан тушаалд томилогдсон явдалд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсч, шударга ёсыг дээдлэн ажиллахыг захив.

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн ажлын албаны дарга, Монгол Улсын гавъяат хуульч М.Дамирансүрэн хуульч болгоны эрхэм хүсэл болсон Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон явдалд нь тэдэнд баяр хүргээд мэдлэг боловсролоо дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлж, иргэдтэй сайхан харилцаж, хамт олноо хүндлэн үлгэр жишээ ажиллахыг хүслээ.

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг Шүүгчдийн холбооны салбар зөвлөлийн тэргүүний хувиар шинэ шүүгчдэд баяр хүргээд шударга ёсны өмнө хариуцлага хүлээж буйгаа ойлгож ажиллахыг захив.

Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон П.Золзаяа, Ч.Хосбаяр нар шинээр томилогдсон шүүгчдээ төлөөлж хэлсэн үгэндээ Дээд шүүхийн өндөр мэдлэг, чадвартай шүүгчдийн дунд орж, тэднээс суралцан хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа онцлоод итгэл дааж, шударга ёсыг дээдлэн  ажиллахаа илэрхийллээ.