“Шүүх ба хүний эрх” уралдаанд шалгарсан сэтгүүлчдэд шагнал гардуулав

2015 оны 04 сарын 24 2623

Улсын Дээд шүүхийн Тамгын газраас зохион байгуулсан “Шүүх ба хүний эрх” сэдэвт уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр болов.

Ёслолын ажиллагаанд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, шүүгч Б.Ундрах, Б.Батцэрэн, Тамгын газрын дарга  Ж.Наранпүрэв нар оролцлоо.

Шүүхээс хүний эрхийг хамгаалж буй үйл ажиллагааг сурталчлах, шүүхийн талаар бодит ойлголтыг олон нийтэд төлөвшүүлэх зорилготой уг уралдаанд удирдамжид заасан цаг хугацааны болон бусад шаардлагыг хангасан 20 орчим  бүтээл ирсэн байна.

Эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гаргах хэлбэрээр хүний зөрчигдсөн эрхийг шүүх хамгаалсан тохиолдлоос иргэд, хуулийн этгээдэд сургамжтай тохиолдлыг тод томруун дүрслэн харуулах, шүүх хүний эрхийг нөхөн сэргээхэд ямар нөлөө үзүүлдэг талаар тодорхой сэдвийг хөндөх нь бүтээлд тавигдах агуулгын гол шаардлага байсан юм. Түүнчлэн сэтгүүлзүйн бичлэгийн шаардлагыг хангасан байх, үнэн зөв, бодит мэдээллийг тусгах,  хуулийн үг хэллэг, шүүхийн процесс үйл ажиллагааны талаарх үг хэллэгийг зөв томъёолон хэрэглэсэн байх зэрэг шалгуурууд тавигджээ.

Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн, шүүгчид, Тамгын газрын даргын оролцоотой багийн үнэлгээгээр уралдааны телевиз, радиогийн төрөлд сэтгүүлч Ц.Сүхбаатарын “Тод журам” нэвтрүүлэг тэргүүлж, сэтгүүлч П.Энхмаагийн “Гэрэлтэй хаалганы сүүдэргүй цонх” нэвтрүүлэг дэд байр, сэтгүүлч Ц.Алтанцэцэгийн “Эрх зүйн хөтөч” нэвтрүүлэг гуравдугаар байрыг тус тус эзэлсэн байна.

Харин сонин, сайтын төрөлд сэтгүүлч Э.Болорхажидын “Н.Очирбат: Хоёр хүүхдээ насан туршид нь өр ширтэй үлдээхээс аврагдсан” нийтлэл тэргүүлж, хуульч, өмгөөлөгч Р.Нямцэрэнгийн “Шүүхийн шинэчлэл ба шударга ёсны нэхэл” нийтлэл дэд байр, сэтгүүлч Г.Цолмонгийн “Шударга үнэний дэнсийг атгагч” нийтлэл гуравдугаар байрт тус тус шалгарчээ.

Уралдаанд шалгарсан зарим бүтээлийг удахгүй сайтдаа байршуулах болно.